Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2022/0502

 

 

 

 

 

 

 

 

           Б.Дын нэхэмжлэлтэй 

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.В

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Д

Хариуцагч Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар

Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Хын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/90 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Газар, газрын хэвлий, уул уурхай, тусгай хамгаалалтын газар нутаг, байгууллагын дотоод сүлжээ, програм хангамж хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 09 дугаартай шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн

Хэргийн индекс: 126/2022/0004

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Д-с Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Хын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/90 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Газар, газрын хэвлий, уул уурхай, тусгай хамгаалалтын газар нутаг, байгууллагын дотоод сүлжээ, програм хангамж хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгуулахаар маргасан байна.

2.Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: 

“...Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 09 дугаартай шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.4, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 27.3, 33 дугаар зүйлийн 33.2.2, 33.3, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Батхуягийн Б.Дын Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Хын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/90 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Газар, газрын хэвлий, уул уурхай, тусгай хамгаалалтын газар нутаг, байгууллагын дотоод сүлжээ программ хангаж хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.В дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1 Б.Д-г ажлаас чөлөөлсөн гол үндэслэл нь: Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар тогтоол байх бөгөөд энэ тогтоолд гомдол гаргахад төрийн албаны зөвлөл 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01/137 тоот албан бичгээр хариу өгсөн. Энэхүү хариунд: “та төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэн албан тушаалд сонгон шалгаруулж томилох тухай, мөн хуулийн 33 дугаар зүйлд заасан төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөх зохицуулалт, төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам”-г тус тус зөрчин төрийн албаны тусгай шалгалтгүйгээр тухайн албан тушаалд томилогдсон байх тул таныг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх үндэслэлгүй байх тул гомдолд дурдсан асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй” гэсэн байдаг. Төрийн албаны зөвлөлийн буруутгаад байгаа шийдвэр нь Хөвсгөл аймгийн БОАЖГазрын даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/31 тоот тушаал юм. Энэ тушаалыг буруутган хууль бус гэж үзсэнд Б.Д Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад тодорхой ажиллагаа хийхгүйгээр “үндэслэлгүй” гэсэн хариу өгсөн нь МУ-ын Их хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаар тогтоолын хавсралтын 5 дугаар зүйлийн 5.1.3-т зохицуулсан үүргээ төрийн албаны зөвлөл биелүүлээгүй эс үйлдэл байхаас гадна Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасанчлан Хөвсгөл аймгийн БОАЖГ даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/31 тоот тушаалыг хүчингүй болгоогүй, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан асуудлыг хянан шийдвэрлэх үед Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 тоот тогтоолоор батлагдсан журмын 1 дүгээр хавсралтад заасан хувийн хэрэгт бүрдүүлсэн мэдээлэл нь дутуу байсан нь төрийн албаны зөвлөлийн хянан шалгалтын дүнд нөлөөлсөн байж болзошгүй байдаг. Тиймээс төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т заасан ёсоор шүүхэд гомдол гаргасан.

3.2 Б.Д нь 2018 онд ХААИС-г байгаль хамгаалал хяналт үнэлгээ мэргэжлээр (20071201) төгсөөд Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т зааснаар 2018 оны 12 дугаар сарын 07-нд аймгийн БОАЖГазарт өөрийн хүсэлтийг өгч улмаар 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/62 тоот тушаалаар мэргэжилтэн Б.Үын жирэмсний амралттай байх үед түүний оронд түр томилогдон, тухайн байгууллагадаа харьяалалтай ажиллаж байгаад 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлөгдсөн.

3.3 Тэрээр Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 86 дугаар тогтоолын дагуу Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг өгч нөөцийн бүртгэлд ТАЗ-ийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны 163 дугаар тогтоолоор орсон. Мөн Төрийн албаны мэргэшүүлэх давтан сургалтанд хамрагдан төрийн байгууллагад ажиллах болзол журмыг хангасан. Тиймээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 буюу тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас уг орон тоог нөхсөнийг буруутгах үндэслэл харагдахгүй байгаа юм. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 заасан төрийн жинхэнэ албан хаагчийн тангарага өргөж баталгаажуулсан.

3.4 Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “Төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх үүргээ хэрэгжүүлсэний төлөө төрөөс цалин хөлс авч ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээд гэсэн байдаг. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 16 тоот “Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам” батлах тухай тогтоолын хавсралтын 2.3-т “Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалд тухайн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас, эсвэл холбогдох бусад төрийн байгууллагуудад ажиллаж байгаа албан хаагчдаас шатлан дэвшүүлнэ” гэжээ. Б.Д нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэхэд өмнөх журмын дагуу мэргэшлийн шалгалт өгч ТЗ-5 зэрэглэлээр нөөцөд бүртгэгдсэнээр БОАЖГазар буюу нутгийн захирагааны байгууллагад ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл Б.Д нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Төрийн албаны зөвлөлийн 14 дүгээр тогтоол гарахаас өмнө хуучин журмаар төрийн албаны шалгалт өгч төрийн жинхэнэ албан хаагч болсон байдаг.

3.5 Тиймээс энэхүү тогтоолыг Б.Д-н хувьд буцааж хэрэглэх үндэслэлгүй юм. Хэрэв тэгэж үзэх аваас өмнө нь 2013 оны журмаар мэргэжлийн шалгалт өгч нөөцөнд байгаа болон ажиллаж байгаа Төрийн жинхэнэ алба хаагчдыг шинэ болзол журмын дагуу дахин мэргэшлийн шалгалт өгүүлэх тухай ойлголт гарч ирэхэд хүрнэ. Б.Дын албан тушаал нь Төрийн жинхэнэ албаны удирдах бус гүйцэтгэх албан тушаал байх ба ахлах мэргэжилтэн бус ТЗ-5 мэргэжилтэн зэрэглэлийн нөөцөд байсан гэдгийг ялгаж салгах учиртай. Тиймээс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн аймгийн БОАЖГазрын даргын Б/31 тоот тушаал Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 буюу ахлах түшмэлийн ангилалд хамаарахаар заалтыг үндэслэсэн нь бодит байдалтай нийцээхгүй байгаа боловч мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалтыг үндэслэсэн нь байгаа нь зөв мэт ойлгогдоно. Үүнийг төрийн албаны зөвлөл шалгалт хийх үедээ нухацтай хянан шийдвэрлээгүйд Б.Д гомдолтой байдаг. Энэхүү Хөвсгөл аймгийн БОАЖГазрын даргын 2019.05.31 өдрийн Б/31 тоот тушаалаас хойш Б.Дын үргэлжүүлэн албан тушаалд нь өөрчлөлт оруулсан 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/09 тоот мөн ажил үүрэгт нь өөрчлөлт оруулах тухай 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 тоот тушаалууд өнөөдөр хүчин төгөлдөр байна. Үүнийг хэрхсэн нь тодорхойгүй, өмнөх Б/31 тоот тушаалтай салшгүй холбоотой эрхийн акт үйлчилсээр ирсэн байгаа. Б.Дыг дэвшүүлэн томилсон албан тушаал сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасанчлан, “эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээллэх, сонгон шалгаруулалтыг явуулах захиалга өгөх” үүрэгтэй. Үүнийг хийгээгүй бурууг Б.Д үүрэх учиргүй. Өөрийн эрх ашгийг дордуулсан байдлаар буюу Монгол улсын Үндсэн хуулийн “иргэн хүн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, өөрийгөө өмгөөлөх” эрх нь хөндөгдөхөд хүрэх тул буруутгах үндэслэлгүй ба эргэлзээтэй зохицуулалт гарсан тохиолдолд Үндсэн хуулийнхаа зорилго болсон “Эх орондоо хүмүүнлэг иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг зорилго болгон” гэсэн зарчмыг барьж нэхэмжлэгчийн шаардлагыг хангах байдлаар иргэнд ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байгаа гэж үзэж байх тул энэхүү гомдлыг гаргав.

3.6 Монгол Улсын Их хурлын 20 дугаар тогтоолын хавсралтын 15 дугаар зүйлийн 15.2 дахь заалтын дагуу Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар тогтоолыг эс зөвшөөрсөн гомдлоор Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд хэрэг үүсгэсэн байхад зөвлөлийн даргын тушаалаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилон ороцуулаагүй нь нотлох баримт дутуу бүрдүүлсэн гэж үзэхээр байна.

3.7  Төрийн албаны зөвлөлийн алдаатай, хууль зөрчсөн эс үйлдэлтэй холбоотой үйл ажиллагаа, гаргасан шийдвэрийн үр дагвараар иргэн хүн хохирох учиргүй гэж дүгнэж байх тул гомдолд дурдсан нөхцөл байдлуудыг хянан үзээд Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 09 тоот шийдвэрийг хүчингүй болгож Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2 заасанчлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангах эсхүл дээрх хуулийн 121 дүгээр 121.3.4 дэх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, 121.3.5 дахь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол, тайлбарыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч Б.Д хариуцагч Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдуулан “Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Хын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/90 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Газар, газрын хэвлий, уул уурхай, тусгай хамгаалалттай газар нутаг, байгууллагын дотоод сүлжээ, програм хангамж хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргажээ.

2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/62 дугаар тушаалаар мэргэжилтэн Б.Үын жирэмсний амралттай байх хугацаанд газар, газрын хэвлий түүний баялгийн ашиглалт нөхөн сэргээлт, ТХГНутаг, байгаль орчны үнэлгээ, аудит, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар мэргэжилтэн Б.Ү ажилдаа эргэн орох болсон гэх үндэслэлээр тухайн албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

2.3. Улмаар 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар Ренчинлхүмбэ сумын байгаль хамгаалагч Б.Б жирэмсний амралтаа авсан гэх үндэслэлээр тухайн тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Д- томилж, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/31 дүгээр тушаалаар уг албан тушаалаас чөлөөлж, Газар, газрын хэвлий түүний хамгаалал, ашиглалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалаттай газар нутаг, байгаль орчны үнэлгээ, хяналт, аудит, судалгаа шинэжилгээ, уул уурхайн асуудал, дотоод хяналт, хариуцсан мэргэжилтнээр дэвшүүлэн томилжээ.

2.4. Хариуцагч 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/09 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалд өөрчлөлт оруулж Байгаль орчны үнэлгээ, аудит, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр томилж, газар, газрын хэвлий, уул уурхай, тусгай хамгаалалттай газар нутаг хариуцсан мэргэжлтний албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаар тушаалуудаар Байгаль орчны үнэлгээ, аудит, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Д-н ажил үүрэгт нэмэлтээр газар, газрын хэвлий, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудлыг нэмэлтээр хариуцуулсан байх бөгөөд үүнтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй байна.

2.5. Төрийн албаны зөвлөл 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтын 1-д “албан хаагчийн нэр: Б.Д, албан тушаалын нэр: Газар, газрын хэвлий түүний хамгаалал, ашиглалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалаттай газар нутаг, байгаль орчны үнэлгээ, хяналт, аудит, судалгаа шинэжилгээ, уул уурхайн асуудал, дотоод хяналт, хариуцсан мэргэжилтэн, албан тушаалд томилсон шийдвэрийн огноо дугаар “Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/31 дүгээр тушаал, хууль зөрчсөн нь тогтоогдсон үндэслэл: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн” гэж тусгагджээ.

2.6. Хариуцагч уг тогтоолыг үндэслэн маргаж буй 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/90 дүгээр тушаалаар Газар, газрын хэвлий түүний хамгаалал, ашиглалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалаттай газар нутаг, байгаль орчны үнэлгээ, хяналт, аудит, судалгаа шинэжилгээ, уул уурхайн асуудал, дотоод хяналт, хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Д-г 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

2.7. Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд түүний үндэслэлээ “төрийн албаны шалгалт орох үед миний хэргийн бүрдэл дутуу байсны улмаас төрийн албаны зөвлөлийн шийдвэр сөрөг гарахад нөлөөлсөн, намайг шатлан дэвшүүлэх журмыг зөрчиж томилсон гэх үйлдэл нь ажил олгогчийн буруу болохоос ажилтны буруу биш, төрийн албанд гурван жил ажилласан тангараг өргөсөн төрийн албан хаагч учраас миний эрх ашиг хөндөгдөж байна” гэж, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ “...Төрийн албаны зөвлөлөөс ирсэн 2021 оны 10 дугаар сарын шалгалтаар нэр бүхий албан хаагчдыг томилсон тушаал буруу гэх үндэслэлээр тухайн албан хаагчдыг ажлаас чөлөөлж хариу ирүүлэх тухай Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаартай тогтоолыг манай байгууллагад ирүүлсний дагуу Б.Д-г чөлөөлсөн” гэж тус тус тайлбарлан маргажээ.

2.8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээд нь зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх бөгөөд ийнхүү хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол өөрөө хуулийн дагуу үүссэн эсэхийг хянах бөгөөд анхан шатны шүүх “нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн боловч Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн дагуу томилогдоогүй, нөөцөд байсан, Төрийн албаны тухай хууль /2017 оны/ дагаж, мөрдөгдөж эхэлснээс хойш төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоог нөхөх хуулийн зохицуулалтыг зөрчиж, тусгай шалгалт өгөөгүй иргэнийг шууд дэвшүүлэн томилсон нь хууль бус” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв байна.

2.9. Учир нь Төрийн албаны тухай хууль /2017 оны/-ийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.2, 27.1.3-т зааснаар төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, уг журмын дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс уг орон тоог нөхөхөөр хуульчилсан бөгөөд ийнхүү нөхөхдөө мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэнээс, тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж зааснаар тусгай шалгалтын дагуу сонгон шалгаруулахаар нөхөхөөр хуульчилсан байна.

2.10. Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, нөөцөд байгаа иргэдээс аль нэг хэлбэрээр нөхөхдөө алин ч байсан тусгай шалгалтын дагуу сонгон шалгаруулалтад орж томилогдох ёстой ба нэхэмжлэгчийн хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/31 дүгээр тушаалаар Газар, газрын хэвлий түүний хамгаалал, ашиглалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалаттай газар нутаг, байгаль орчны үнэлгээ, хяналт, аудит, судалгаа шинэжилгээ, уул уурхайн асуудал, дотоод хяналт, хариуцсан мэргэжилтэн, албан тушаалд жинхлэн томилогдохдоо тусгай шалгалтыг өгөөгүй, үүнтэй нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар маргаагүй.

2.11. Нэгэнт дээрх хуулийг зөрчиж, нэхэмжлэгчийг томилсон хариуцагч Төрийн албаны зөвлөлийн 278 дугаар тогтоолын дагуу маргаж буй тушаалыг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, эсхүл хөндөж болзошгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн албан хаагчийн тангаргийг өргөсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авахааргүй байна.

2.12. Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу сонгон шалгаруулалт явуулах захиалга өгөх үүргийг хариуцагч хийгээгүй бурууг нэхэмжлэгч үүрэх учиргүй” хэмээн дурдсан бөгөөд хариуцагч сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “...Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ” гэж заасны дагуу сонгон шалгаруулалт явуулахыг захиалгыг төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлээгүй нь буруу боловч энэ нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, тусгай шалгалтгүйгээр шууд нэхэмжлэгчийг жинхлэн томилогдох эрхтэй гэж үзэхгүй.

2.13. Мөн анхан шатны шүүхийг нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн буюу Төрийн албаны зөвлөлийн даргын тушаалаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон оролцуулаагүй хэмээн нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдлоо дурдсан ба тухайн хэргийн хариуцагчаар Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар тул Төрийн албаны зөвлөлийн даргын тушаалаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй.

2.14. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

                         ШҮҮГЧ                                                     Д.БААТАРХҮҮ

 

                           ШҮҮГЧ                                                        Э.ЛХАГВАСҮРЭН

 

              ШҮҮГЧ                                                       О.ОЮУНГЭРЭЛ