| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/1057/Э |
| Дугаар | 1117 |
| Огноо | 2020-10-20 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 1117
Сайхан амарсан уу
2020 10 20 2020/ШЦТ/1117
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
улсын яллагч Б.Ундрах,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Цолмонбат,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808035301322 дугаар хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бабшрууд овогт Гээзэнгийн Б /РД: /.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Г.Б нь 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн Тэнгис кино театрын урд талын буудал дээрээс иргэн М.Сыг 73-84 УНТ дугаартай таксигаар авч яваад Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксинаас буухдаа 1.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Huawei Р10” гар утсаа орхиж буусныг мэдсээр байж гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа учраас одоо мэдүүлэг өгөхгүй. Хохирогчийн утсыг өрөндөө өгсөн асуудал байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гар утсыг нь буцааж өгсөн. Цаашид хүмүүст анхааруулж хэлэх болно” гэв.
Эрүүгийн 1808035301322 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч М.Сын: “2018 оны 7 дугаар сарын 24-ний орой 19 цагийн орчим Тэнгис кино театрын урд зам дээр такси барихаар зогсож байхад 73-84 УНТ дугаартай, цэнхэр өнгийн жижиг машины жолоочийн хажуугийн суудалд суугаад “Сонгинохайрхан дүүргийн тийшээ явна” гэж хэлсэн. Явж байгаад “энэ хавьд дэлгүүр байгаа юу, 2 ширхэг пиво уумаар байна” гэж хэлсэн. Хэсэг явж байгаад Зурагтын эцсийн дээшээ өгсдөг зам дагуу дэлгүүрийн гадаа зогссон. Би 10.000 төгрөг жолоочид өгөөд “2 ширхэг пиво аваад ирээч” гэсэн. Би машинд гар утсаа оролдож байсан. Таксины жолооч 2 лааз пиво авч ирээд цаашаа явсан. Гэрийнхээ үүдэнд хүргүүлээд таксины мөнгийг өгөөд, гэртээ ороход гар утас алга байсан. ...2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр миний утас руу үл таних эрэгтэй хүн залгаад “гар утсыг чинь өгөх гэсэн юм” гээд Дүнжингарав худалдааны төвийн автомашины зогсоол дээр нөгөө таксины жолооч миний гар утсыг өгсөн. “Та цагдаад эвтэйхэн тайлбарлаад ойлгуулаад өөрөө олсон гээд хэлчих” гэж гуйсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-14-15/,
“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2018.08.01-ний өдрийн 225 дугаар дүгнэлтэд: “Huawei Р10 гар утас 1.500.000 төгрөг” гэжээ. /хх-26-27/,
Гэрч Ц.Гантулгын: “...Г.Бгээс 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр автомашиныг гуйж аваад орой нь буцааж өгөхөөр уулзаад, найз нь зээлсэн 200.000 төгрөгөө авмаар байна гэхэд машиныхаа голын хайрцагны хажууд байсан хар өнгийн гар утсыг 200.000 төгрөгийнхөө оронд авчих гээд өгсөн. Хоёр хоногийн дараа Б залгаад “нөгөө гар утсаа буцаагаад өгчих, хүний утас байсан юм” гээд буцаагаад аваад явсан” гэх мэдүүлэг /хх-21-22/,
Шүүгдэгч Г.Бгийн яллагдагчаар өгсөн: “Би энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би гэмт хэрэг хийсэн гэж бодохгүй байна. Гар утсыг олоод буцааж өгөх боломж байгаагүй, холбогдох газарт нь мэдэгдэх ёстой гэдгийг мэдээгүй. Уучлалт гуйсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-38-39/,
шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-61/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60/, гэрлэлт бүртгэлтэй лавлагаа /хх-62/, шүүгдэгчийн оргон зайлсантай холбоотой баримтууд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Б нь 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 19 цагийн үед Тэнгис кино театрын орчим 73-84 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хувиараа такси үйлчилгээ эрхэлж байхдаа хохирогч М.Сыг суулган, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүргэж өгөхдөө таксинаас буухдаа 1.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Huawei Р10” гар утсаа орхиж буусныг мэдсээр байж завшсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч М.Сын “...73-84 УНТ дугаартай цэнхэр өнгийн жижиг машинд “Сонгинохайрхан дүүргийн тийшээ явна” гээд суусан. ...Гэртээ ороход гар утас алга байсан. Хэд хоногийн дараа нөгөө жолооч миний алдсан утсыг буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-14-15/, гэрч Ц.Гантулгын “...Бгээс зээлсэн 200.000 төгрөгөө авмаар байна гэхэд машиныхаа голын хайрцагны хажууд байсан хар өнгийн гар утсыг 200.000 төгрөгийнхөө оронд авчих гээд өгсөн...” гэх мэдүүлэг /хх-21-22/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 225 дугаар “Huawei Р10 гар утас 1.500.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-26-27/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Бгийн өөрийнх нь тээврийн хэрэгслээр үйлчлүүлж буухдаа тээврийн хэрэгсэлд нь хохирогч М.Сын орхиж буусан “Huawei Р10” загварын гар утсыг олж аван эзэнд нь өгөлгүйгээр бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.Сд 1.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд гар утсыг биет байдлаар өгсөн болох нь хохирогчийн “...нөгөө таксины жолооч миний алдсан гар утсыг өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-14-15/-ээр тогтоогдсон тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байна гэж дүгнэн бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б нь хохирогч Сын гээгдүүлсэн гар утсыг завшсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, цагдан хоригдсон 17 хоног буюу 136 цагийг эдлэх ялд нь оруулан тооцох саналтай. Бусдад төлөх төлбөргүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан. Утсыг сайн дураараа буцааж өгөөгүй. Ажилгүй, орлогогүй тул торгох ял оногдуулах боломжгүй...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Хохирлыг биет байдлаар буцааж өгсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан үзнэ үү. Мөн шүүгдэгчийн эрүүл мэндийн шалтгаантай буюу хэнгэрэг хагарсан, ходоодны шархтай зэрэг байдлыг харгалзан 450.000 төгрөгөөр торгож өгнө үү. Эрүүл мэндийн шалтгаанаар Японоос ирсэн байгаа тул нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэх боломжгүй...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хувиараа такси үйлчилгээ эрхэлж байхдаа тээврийн хэрэгсэлд нь үйлчлүүлэгчийн орхиж буусан эд хөрөнгийг олж аван завшсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 1.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол биет байдлаар төлөгдсөн, хохирогч “Гомдол саналгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж шүүхээс оргон зайлсан/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Шүүгдэгч Г.Бгийн хэнгэрэг хагарсан, ходоодны шархтай эрүүл мэндийн байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч эрүүл мэндийн хувьд нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэх боломжгүй талаарх эмнэлгийн болоод бусад холбогдох баримтууд хэрэгт авагдаагүй, мөн ажил хөдөлмөр эрхэлдэг, улмаар орлого олдог болох нь нотлогдоогүй, түүнчлэн шүүгдэгч Г.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хэрэг прокуророос шүүхэд шилжиж ирэхэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан атлаа 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын хилээр гарч 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл шүүхээс оргон зайлсан байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй юм.
Шүүгдэгч Г.Бгийн 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 17 /арван долоо/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон нийт 136 цагийг нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацаанаас хасч, эдлэх ялыг 584 цагаар тогтоолоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бабшрууд овогт Гээзэнгийн Бг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Бгийн цагдан хоригдсон 17 /арван долоо/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон нийт 136 цагийг хасаж, нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 584 /таван зуун наян дөрөв/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР