Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 1120

 

 

                                      

 

 

 

 

Сайхан амарсан уу

      2020       10           21                                       2020/ШЦТ/1120         

 

-                                         

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Н.Энхнаран,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.Эг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008000001257 дугаар хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух,

урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 416 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Аргалант овогт Санжаагийн Э /РД: /.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч С.Э нь 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  хэлтсийн Эрүүлжүүлэх байрны В-1 камерт эрүүлжүүлэгдэж байхдаа тус байранд үүрэг гүйцэтгэж байсан Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Эрүүлжүүлэх байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Б, цагдаагийн ахлах ахлагч Х.Ц нарын “...камерт тамхи татаж болохгүй...” гэсэн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж хууль сахиулагчийг эсэргүүцсэн,

2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  хэлтсийн Эрүүлжүүлэх байрны В-1 камерт эрүүлжүүлэгдэж байхдаа тус байранд үүрэг гүйцэтгэж байсан Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Эрүүлжүүлэх байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Бын албан үүрэгтэй нь холбогдуулж буюу С.Эы биед үзлэг хийх явцад цагдаагийн дэд ахлагч Г.Бын бэлэг эрхтэн рүү хөлөөрөө өшиглөж бие махбодид нь “...зүүн төмсөг, төмсөгний дайврын гэмтлийн дараах үрэвсэл...” бүхий гэмтэл учруулан, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугийн талаар маргаагүй. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Дахин хэрэг хийхгүй” гэв.

 

Эрүүгийн 2008000001257 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Г.Бын: “Би Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Эрүүлжүүлэх байрны цагдаагаар 2019 оны 12 дугаар сард томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 16-17 цагийн үед эрүүлжүүлэх байранд Замын цагдаагаас хэргийн холбогдолтой гэж С.Эг авчирсан. Журмын дагуу биед нь үзлэг хийх гэхэд цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж гутлаа тайлахгүй, үзлэг хийлгэхгүй байсан. Хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаа Х.Цын хамт гутлыг нь тайлж, ганцааранг нь тусдаа хяналтын өрөөнд хийсэн. Э тамхи татахаар нь “боль” гэсэн шаардлага тавихад эсэргүүцсэн. Тамхийг авч хаяад Ц биед нь үзлэг хийж дууссаны дараа Э зүүн хөлөөрөө гэж санаж байна миний бэлэг эрхтэн орчим 1 удаа өшиглөж гэмтээсэн. Дайраад байхаар нь 2 гарыг өчиж саатуулсан. Миний бэлэг эрхтэн хавдаад, өвдөөд байхаар нь түргэн тусламж дуудаж үзүүлсэн, эмчилгээ хийлгэж байгаа. Албан үүргээ гүйцэтгэж байгаад эрүүл мэндээр хохирсон учир гомдолтой байна. Эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно. Надад эмчилгээний зардал 135.400 төгрөгийн баримт байна, өөр баримт байхгүй. Би цаашид биеэ эмчлүүлнэ. С.Эаас 3.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-7, 17/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2020.08.24-ний өдрийн 9633 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Г.Бын биед зүүн төмсөг, төмсөгний дайврын гэмтлийн дараах үрэвсэл гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна” гэжээ /хх-31-32/,

Хохирогч Х.Цын: “...2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 45 минутын үед цагдаагийн дэд ахлагч Г.Бын хамт эрүүлжүүлэх байранд үүрэг гүйцэтгэж байхад Эг “Замын цагдаагийн хэлтэс дээр зөрчил гарган шалгагдаж байгаад шидүүлэхгүй архи уугаад дуудсан цагт ирэхгүй байна” гээд эрүүлжүүлсэн. Цагдаагийн дэд ахлагч Г.Б зөрчил гаргасан гэх Эы биед үзлэг хийж, саатуулах В-1 тоот камерт ганцааранг нь оруулсан. 3 минутын дараа Эг хяналтын камерт хайрцагтай шүдэнз барьсан тамхи асаасан байхаар нь би цагдаагийн дэд ахлагч Бт “В-1 тоот камерт орсон хүн чинь тамхи татаад байна” гэсэн чинь Б Эд “энд тамхи татаж болохгүй, та хаанаас, хэнээс тамхи авсан бэ” гэхэд Э “миний тамхи татах чамд хамаагүй, хуц гөлөг минь” гээд хэрүүл болоод байхаар нь би очоод Эы зүүн гарт байсан шүдэнзийг авсан. Б Эы баруун гарт байсан 1 ширхэг тамхийг авах үед Бын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, бэлэг эрхтэн рүү зүүн хөлөөрөө өшиглөж гэмтэл учруулсан. Би Эд  “камерын өрөөнд тамхи татаж болохгүй” гээд шаардлага тавихад тэрээр “Энд тамхи татахад яадаг юм, та нар мөнгө авах гэж намайг хорьж байгаа” гээд эсэргүүцээд байсан...” гэх мэдүүлэг /хх-13-14/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн: “...15:09:05 цагт саатуулагдсан эрэгтэй хүнийг цагдаагийн албаны дүрэмт хувцастай 2 эрэгтэй цагдаа хувцас солих өрөө рүү авч орох гэхэд эсэргүүцэж сандал дээр суух бөгөөд цагдаа гараараа татаж өрөөнд оруулав. 15:10:54 цагт саатуулах өрөө рүү хийж байгаа байдал харагдаж байв. 15:12:13 цагт саатуулагдсан ганц эрэгтэй хүн саатуулах өрөөнд тамхи асааж байгаа байдал. 15:12:46 цагт цагдаагийн алба хаагч гараас тамхи авах гэж байхад өгөхгүй эсэргүүцэх бөгөөд 2 дахь алба хаагч орж байгаа байдал. 15:12:04 цагт 2 цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэж, хэл амаар доромжилж байгаа байдал. 15:12:15 цагт саатуулагдсан хүн цагдаагийн алба хаагчийг зүүн хөлөөрөө өшиглөж байгаа байдал. 15:13:18 цагт саатуулагдсан хүн цагдаагийн алба хаагчийг эсэргүүцэж байгаа байдал, цагдаагийн алба хаагч мэх, албаны тусгай хэрэгсэл хэрэглэж байгаа байдал. 15:14:27 цагт цагдаагийн алба хаагчид тавьж байгаа байдал...” гэх тэмдэглэл /хх-51-57/,

Гэрч П.Энхбаатарын: “...Э гэгч нь 2020 оны 8 дугаар сарын 18-ны өглөөний 09 цаг 30 минутанд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг, Таван шарын автобусны буудал дээр “” ХХК-ийн 06-08 УНБ улсын дугаартай автобус жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаад тээврийн хэрэгсэл мөргөж, зам тээврийн осол гаргасан. Бичиг баримтыг нь хурааж аваад зөрчлийг шийдэх гэсэн боловч дуудсан цагт ирэхгүй, надад өгсөн 96720323 гэсэн утсаа авахгүй алга болсон. Утсаа авахаараа шал согтуу байсан. 3 хоног түүнийг хайж, гаргасан зөрчилд арга хэмжээ авах гэсэн боловч олдохгүй байсан. 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн үед гэрээс нь олж авахад архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байхаар нь шалгах боломжгүй тул эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-21/,

Шүүгдэгч С.Эы яллагдагчаар өгсөн: “Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-148-149/,

гэрч Э.Чагцалням, Д.Ундрах нарын мэдүүлэг /хх-25, 27/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-89/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-59/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа /хх-65/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-85-87/, “” ХХК-ийн “С.Э нь тус компанид Тээвэрлэлт үйлчилгээний хэлтэст автобусны жолооч ажилтай, сарын үндсэн цалин 675.000 төгрөг болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-109/, хохирогч Г.Б, Х.Ц нарын цагдаагийн үнэмлэхний хуулбар /хх-116, 136/, эрүүлжүүлэх байрны алба хаагчдын ажлын хуваарь /хх-117/, хохирогч Г.Бын хохирлын баримтууд /хх-139-142/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохирол төлсөн тухай “Хаан банк”-ны 2020.10.01-ний өдрийн орлогын мэдүүлгийг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу албан үүрэгтэй нь холбогдуулж үйлдсэн” гэмт хэрэгт шүүгдэгч С.Эг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн бол...” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж...”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл нэг гэмт хэргийн үндсэн шинжийг нөгөө гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болгон шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан зүйлчилсэн нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж шүүх дүгнэлээ.        

Шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Э согтуурсан үедээ 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо,  хэлтсийн Эрүүлжүүлэх байрны “В-1” камерт Эрүүлжүүлэх байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Б, цагдаагийн ахлах ахлагч Х.Ц нарын “...камерт тамхи татаж болохгүй...” гэсэн хууль ёсны шаардлагыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,

хууль сахиулагчийг эсэргүүцэх явцдаа Эрүүлжүүлэх байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Бын бэлэг эрхтэн рүү өшиглөж бие махбодид нь “...зүүн төмсөг, төмсөгний дайврын гэмтлийн дараах үрэвсэл...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Г.Бын “...Эд журмын дагуу биед нь үзлэг хийх гэхэд цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж гутлаа тайлахгүй, үзлэг хийлгэхгүй байсан. Эрүүлжүүлэх байрны өрөөнд тамхи татахаар нь “боль” гэсэн шаардлага тавихад эсэргүүцсэн. Тамхийг авч хаяад үзлэг хийж дууссаны дараа Э ...миний бэлэг эрхтэн орчим 1 удаа өшиглөж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх-7/, шүүх эмнэлгийн 9633 дугаар “1. Г.Бын биед зүүн төмсөг, төмсөгний дайврын гэмтлийн дараах үрэвсэл гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжилгээ /хх-31-32/, хохирогч Х.Цын “...Г.Б С.Эд “энд тамхи татаж болохгүй, та хаанаас, хэнээс тамхи авсан бэ” гэхэд С.Э “миний тамхи татах чамд хамаагүй, хуц гөлөг минь” гээд бөөн хэрүүл болоод байхаар нь би очоод С.Эы зүүн гарт байсан шүдэнзийг авсан. Цагдаагийн дэд ахлагч Г.Б С.Эы баруун гарт байсан 1 ширхэг тамхийг авах үед Цагдаагийн дэд ахлагч Г.Бын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, бэлэг эрхтэн рүү зүүн хөлөөрөө өшиглөж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-13-14/, камерийн бичлэгт үзлэг хийсэн “...2 цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэж, хэл амаар доромжилж байгаа байдал, саатуулагдсан хүн цагдаагийн алба хаагчийг зүүн хөлөөрөө өшиглөж байгаа байдал, саатуулагдсан хүн цагдаагийн алба хаагчийг эсэргүүцэж байгаа байдал...” гэх тэмдэглэл /хх-51-57/, гэрч П.Энхбаатарын “...Э ...архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байхаар нь шалгах боломжгүй тул эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /хх-21/, шүүгдэгч С.Эы яллагдагчаар өгсөн “Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-148-149/, хохирогч Г.Б, Х.Ц нарын цагдаагийн үнэмлэхний хуулбар /хх-116, 136/, эрүүлжүүлэх байрны алба хаагчдын ажлын хуваарь /хх-117/, хохирлын баримтууд /хх-139-142/, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Эы хууль сахиулагч цагдаагийн алба хаагч Г.Б, С.Э нарын тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, Г.Быг өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх тус тус гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч С.Эг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад 135.400 төгрөгийн хохирлын баримт /хх-139-142/ гаргаж өгснийг шүүгдэгч төлсөн болох нь шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн “Хаан банк”-ны орлогын мэдүүлгээр тогтоогдсон тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би цаашид биеэ эмчлүүлнэ. Эаас 3.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлсэн /хх-17/ боловч уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй, цаашид хийлгэх эмчилгээ, эм тарианы зардал гэж нэхэмжилж байгааг харгалзан тодорхой тооцоо гаргах бололцоогүй байна гэж дүгнээд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э нь эрүүлжүүлэх байранд цагдаа хууль сахиулагч Б, Ц нарыг эсэргүүцсэн, хохирогч Бын бэлэг эрхтэн рүү өшиглөж, хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялуудыг нэмж нэгтгэн нийт 3.150.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Б хохирлоо жич нэхэмжлэх эрхтэйг дурдуулах саналтай. 50 настай, ажил эрхэлдэг, үнэн зөв мэдүүлдэг...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Зүйлчлэл, гэм буруу дээр маргаагүй. Хэрэгт авагдсан баримттай хохирлыг төлсөн. Хохирлоо өгье гэхэд уулзахгүй гэсэн. Бусад хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, насны байдлыг харгалзан торгож өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, хууль сахиулагчийн “Эрүүлжүүлэх байрны өрөөнд тамхи татаж болохгүй, боль” гэх зүй ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, эрх, эрх чөлөөнд нь халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /нэг хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, баримтаар тогтоогдсон хохирол 135.400 төгрөг төлөгдсөн, хохирогч “Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, 50 настай/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч С.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт торгох ялын хэмжээг 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоов.  

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс /сарын 675.000 төгрөгийн цалинтай/-ийг үндэслэн шүүгдэгч С.Эг 3.150.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн компакт диск 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Э цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.Эг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Аргалант овогт Санжаагийн Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,  

хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

3. Шүүгдэгч С.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, эдлэх нийт торгох ялын хэмжээг 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоосугай.   

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эг 3.150.000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн компакт диск 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Э цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Хохирогч Г.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР