Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2017/00491

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2017/00491

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: С.Э

Хариуцагч: Ч.Б

 

зээлийн гэрээний үүрэгт 11.759.695 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С, хариуцагч Ч.Б, гэрч Н.Ба, Х.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  Ч.Бтэй Бааар дамжиж танилцсан. 2014 оны 12 сарын 25-нд “Ашигт малтмалын газар”-т лицензийн төлбөр төлөхгүй бол миний лиценз цуцлагдах гээд байна. Лицензийн төлбөр төлөх мөнгө зээлээч гэж над дээр ирсэн. Сарын 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар 7.586.900 төгрөгийг зээлсэн. Бид тухайн өдрөө нотариат орж гэрчлүүлж чадаагүй тул шинэ жил өнгөрсний дараа буюу 2015 оны 01 сарын 15-ны өдөр гэрээгээ нөхөн хийж баталгаажуулсан. Зээлийн гэрээнд хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2015 оны 01 сарын 15-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэл нийт 700 хоногоор хугацаа хэтэрч алдангийн хэмжээ 16.614.800 төгрөг болсон боловч алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрт болохгүй тул 3.793.450 төгрөгийн алданги, 1 сарын хүү 379.345 төгрөг, үндсэн зээл 7.586.900 төгрөг болж байна. Иймд хариуцагч Ч.Бөөс нийт 11.759.695 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ер нь бол  анх Ч.Б нь нэхэмжлэгчийг компанидаа 50 хувийн хувьцаа эзэмшигчээр оруулъя, хамтарч ажиллая гэж ярьсан боловч оруулаагүй. Ярих нь 2014 оны 12 сарын 20-доор ярьсан, 24-нд лицензийн төлбөрөө төлсөн. Лиценз барьцаанд байгаа, тэрийгээ чөлөөлнө 20 сая төгрөг хэрэгтэй гээд байсан. Ямар ч зөвшөөрөлгүй, баримтгүй, би бүтэхгүй юм байна гээд хамтарч ажиллахаас татгалзаад, тэгээд авах мөнгөө зээл болгосон. Компанид 50 хувийн хувь нийлүүлэгчээр орох дүрмийг нотариатч гэрчлэхдээ өөр нэр оруулсан байсан, түүнээс биш биднээс өөр хүн яригдаагүй юм. Үүнийгээ засаад бүртгүүлэх боломж байсан ч Б бүртгүүлээгүй. Болих шалтгаан үүнээс ч болоогүй, дахин дахин мөнгө нэхэх гээд байсан. Авсан мөнгөө шууд өгч чадахгүй байсан. Ашигт малтмалын лицензийн төлбөр нь 6.586.900 төгрөг болсон. 1 сая төгрөг нь ордоо явж үзнэ гэж Ба Б нарыг явахад нь Бат өгсөн мөнгө юм гэв.

 

            Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ГЕ гэдэг компанитай, хайгуулын ашигт малтмалын лиценз эзэмшдэг. С.Э болон түүний багын найз Н.Ба нар намайг 2014 оны 10 сард хөрөнгө оруулалт хийе, хамтарч ажиллая гэсэн юм. Компанийн гишүүнчлэлээр орж хувь эзэмшинэ гэж С.Эын гэрт 12 сард уулзаж Н.Ба протокол хөтөлснөөр компанийн ашгийн 40 хувийг С.Э, 40 хувийг Н.Ба, үлдсэн 20 хувийг Ч.Б миний бие эзэмшихээр тохирч гарын үсэг зурцгаасан. Протоколыг үндэслэн С.Эын ойр дотны найз гэх нотариатч Б.Энхээ дээр очиж эрх шилжүүлэх гэрээ болон, хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулан нотариатаар батлуулан Улсын бүртгэлийн газар оруулж өг гээд С.Э би ажилтай гээд явсан. Би С.Э, Н.Ба нарт бүрэн итгэсэн байтал компанийн дүрэм, бусад материалыг Улсын бүртгэлийн газарт өгтөл огт таньж мэдэхгүй Мягмаржав болон Нямсүрэн нарын нэрийг дүрмэн дээр бичиж компанийн бүрэн эрхийг хариуцна гэсэн байсан. Тухайн үед гарын үсэг зурах үед эдгээр нэрс байхгүй байсан ба энэ үед би хууртсанаа мэдсэн. Улмаар бүртгэлийн газраас гаран С.Э руу утсаар залгаж энэ тухай мэдэгдэхэд нотариатчаар ороод засуулчих гэж хэлсэн бөгөөд буцсан материалуудыг нотариатчид буцаан өгсөн. Хамтарч ажиллах тохиролцооны үндсэн дээр лицензийн ээлжит жилийн төлбөр 6.586.900 төгрөгийг С.Э төлсөн юм. Энэ мөнгөө зээл болгоно гэж 2015 оны 01 дүгээр сарын 15-нд зээлийн гэрээ хийсэн. Би 1 сая төгрөгийг гар дээр аваагүй. Анхнаасаа зээл гээгүй, бусад зардал мөнгийг төлөх боломжгүй. С.Э, Н.Ба нараас болж өөрийн хамтрахаар ярилцаж байсан түншүүдээ алдаж, цаг хугацаа болон сэтгэл санааны хүнд байдалд орсон гэв.

           

            Гэрч Н.Бааас шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би анх Бийг Э дээр авчирч танилцаж байсан. Хамтарч ажиллая, лицензийн төлбөрөө төлье, гишүүнчлэлээ шийдье гэсэн  асуудлуудыг ярьж, намайг тэмдэглэл хөтлө гэж байсан, тэр баримтаа байгаагаар нь авчирсан. Төлбөрийг Э төлсөн. Гишүүнчлэлийн асуудлаа бүртгүүлж чадахгүй байсан. Мөн лиценз нь барьцаанд байгаа, чөлөөлөхөд 20 сая төгрөг хэрэгтэй, геофизикч хэрэгтэй гэж яриад 2015 оны 01 дүгээр сарын 7, 8, 11-нд уулзаж байсан. Тэгээд 12-нд уулзахдаа Э цаашид хамт ажиллах боломжгүй юм байна, больё гэж дуусгасан. Авсан мөнгөө зээл болгоё гээд, Б баярлалаа гээд үлдсэн. Маргааш нь тэд гэрээгээ хийсэн байх, би Өмнөговь явсан гэв.

 

            Гэрч Х.Дээс шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Б нь Ба, Э нар хамтарч ажиллая гэж байна гэхэд нь би дэмжиж байсан. Гэтэл хамтран ажиллахаар боллоо гэж бодтол зээл болсон байна гэж Б хэлж байсан юм гэв.     

 

Шүүх нэхэмжлэл, зээлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдан авах гэрээ, компанийн дүрмийн загвар, бусад бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Ч.Бөөс зээлийн гэрээний үүрэгт 11.759.695 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

            Ч.Б нь ашигт малтмалын хайгуулын лиценз эзэмшдэг “ГЕ” компанитай гэх бөгөөд С.Эыг компанийхаа 50 хувийн хувьцаа эзэмшигчээр оруулж хамтран ажиллахаар ярилцаж байсан нь зохигч, гэрчүүдийн тайлбар, мэдүүлэг, гэрээ, дүрэмд өөрчлөлт оруулахаар бичиж байсан төсөл, лицензийн жилийн төлбөрийг С.Э 2014-12-24-ний өдөр төлсөн байдлуудаар тогтоогдож байна.

 

            Ч.Б С.Э нарыг найз Н.Ба нь зуучилж уулзуулсан байх бөгөөд хамтран ажиллах тухай яриа 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 1 дүгээр сар хүртэл хугацаанд үргэлжилжээ. Энэ явцад Ч.Б, Н.Ба нар ордыг үзэхээр явж байсан, С.Эын зүгээс машин унааг нь гаргаж, мөн энэ ажилд хэрэглүүлэхээр  Н.Бат С.Э 1 сая төгрөг өгснийг талууд болон гэрч Н.Ба нар ярьж байна.

 

            Ч.Б нь компаний 50 хувийн хувьцаа эзэмшигчийн эрх шилжүүлэх гэрээ, дүрмийн өөрчлөлтөө улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй, мөн лиценз барьцаанд байснаас түүнийг чөлөөлөхөд их хэмжээний мөнгө шаардлагатай байсан зэрэг шалтгааны улмаас нэхэмжлэгч хариуцагч нар хамтран ажиллахаар тохиролцсоноо больж 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болгосныг талууд тайлбарлаж, гэрч мэдүүлж байна.

 

            Лицензийн төлбөрт төлсөн С.Эын 6.586.900 төгрөгийг Ч.Б тухайн үед өгөх боломжгүй байсан тул тэд үүнийг зээлийн гэрээний үүрэг болгон сольж, орд руу явах ажилд зарцуулахаар өгсөн 1 сая төгрөгийн хамт 7.586.900 төгрөгийг Ч.Б 45 хоногийн хугацаанд 5 хувийн хүүтэй С.Эод буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги төлөхөөр тохиролцож, 2015 оны 01 сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байна.

 

            Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцож болох, энэ тохиолдолд мөн зүйлийн 236.2-т зааснаар өмнөх үүргийн харилцаа дуусгавар болохоор заасан байх ба талуудын дээрх тохиролцоо үүнд нийцэж байна.

 

            Лицензийн төлбөрт авсан 6.586.900 төгрөгийг Ч.Б С.Эод буцаан төлөх үүрэгтэй, харин орд үзэх ажилд зарцуулахаар өгсөн 1 сая төгрөгийг Ч.Бд өгөөгүй ба юунд зарцуулсан нь тодорхойгүй тул Ч.Бөөр төлүүлэх үндэслэлгүй байна. 6.586.900 төгрөгийн 5 хувийн хүү 329.345 төгрөг, нийт 6.916.245 төгрөгийг Ч.Б 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр С.Эод төлөх ёстой байсан боловч одоо хүртэл төлөөгүй тул гэрээнд заасны дагуу алданги тооцон, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэлгүй авч үзэхэд хариуцагчийн нэхэмжлэгчид төлөх мөнгө 10.374.367 төгрөг болж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ НЬ:

 

  1. Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-ийг баримтлан Ч.Бөөс 10.374.367 төгрөгийг гаргуулж С.Эод олгож, нэхэмжлэгчийн 1.385.328 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 180.940 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 203.110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   С.БУД