Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2017/00533

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2017/00533

       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

            Нэхэмжлэгч:  “СП” ХХК

            Хариуцагч: “СМ” ХХК

            ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29.250.000 төгрөг нэхэмжилсэн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн төлөөлөгч Э.Ц нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.               

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

   Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  “СП” ХХК нь 2013 оны 07 сарын 17-ны өдөр “СМ” ХХК-тай Цахилгаан шат нийлүүлж, угсарч суурилуулах ажлын гэрээ байгуулсан. Гэрээний дагуу “СМ” ХХК Сүзүки үйлдвэрийн DIN EN ISO 14001, EN ISO 9001 олон улсын стандартын шаардлага хангасан 4 ширхэг цахилгаан шат нийлүүлэх, “Сп” ХХК нь гэрээний үнэ 151.732 ам.доллар, түүнээс гэрээний 70 хувь буюу 106.212 ам.доллар буюу 169.726.776 төгрөгийг бартераар төлөх, урьдчилгаанд 45.520 ам.доллар төлөхөөр тохиролцсон. Гэвч  “СП” ХХК-ийн хөрөнгө оруулалт болон санхүүжилт хойшлогдсон тул дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан гэрээний дагуу нийлүүлэгдэх 4 ширхэг цахилгаан шатны техникийн үзүүлэлт болон давхар зогсоолын тоо өөрчлөгдөхгүй хэвээр байх ба цахилгаан шат нийлүүлэгдэх хугацааг 2014 оын 04 сарын 20-ны өдөр хүртэл хойшлуулсан. Мөн тухайн нэмэлт гэрээгээр тохиролцсоны дагуу  “СП” ХХК нь 2013 оны 09 сарын 25-ны өдөр 10.000 ам.доллар буюу шилжүүлэх өдрийн ханш болох 1 ам.долларыг 1625 төгрөгөөр тооцож, нийт 16.250.000 төгрөгийг шилжүүлсэн. “СМ” ХХК нь гэрээний дагуу цахилгаан шатны хонгилын хэмжилт авах ёстой хугацаанд буюу 2014 оны 02 сард ирж хэмжилтээ аваагүй тул “СМ” ХХК-г төлөөлж гэрээ байгуулсан Э.Мтой холбогдоход цахилгаан шат захиалсан байгаа ирэхийг нь хүлээж байна хэмээн хэлсэн. Үүнээс хойш удаа дараа Э.Мтой холбогдох гэсэн боловч холбогдож чадаагүй бөгөөд “СМ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ц-тэй холбогдоход цахилгаан шат нийлүүлэх боломжгүй хэмээн хэлсэн. Иймд арга буюу 2014 оны 04 сарын 04-ний өдөр “МТӨ” ХХК-тай цахилгаан шат нийлүүлж, угсарч суурилуулах ажлын гэрээ байгуулсан. Нэгэнт гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас талуудын хооронд байгуулсан гэрээ цуцлагдсан тул “СМ” ХХК-аас урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 16.250.000 төгрөгийг буцаан төлөхөөр болж компанийн захирал Э.Ц 2015 оны 09 сарын 02-ны өдөр өөрийн гараар 2015 оны 09 сарын 07-ны өдөр өгөхөө илэрхийлж, тодорхойлолт бичиж өгсөн. Тодорхойлолтын дагуу тус компанийн зүгээс 3 сая төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд үлдэгдэл 13.250.000 төгрөгийг төлөөгүй бидний үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. Хариуцагч “СМ” ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас 2013 оны 09 сарын 22-ны өдөр болон 2014 оны 04 сарын 04-ний өдрүүдийн ам.долларын ханшны зөрүү нийт 16.000.000 төгрөгийн хохиролыг хүлээгээд байна. Иймд хариуцагч “СМ” ХХК-аас гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл 13.250.000 төгрөг, ам долларын ханшийн зөрүү 16.000.000 төгрөг, нийт 29.250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

   Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “СМ” ХХК нь  “СП” ХХК-тай 2013.07.17-ны өдөр 151.732 ам.долларын гэрээ байгуулж, “СМ” ХХК Сүзүки үйлдвэрийн DIN EN ISO 14001, EN ISO 9001 олон улсын стандартын шаардлага хангасан 4 ширхэг цахилгаан шат нийлүүлэх,  “СП” ХХК нь 53 м.кв талбайтай 2 ширхэг 2 өрөө байрыг 70 хувьд тооцож авах, үлдэгдэл төлбөр болох 45.520 ам.долларын гэрээнд гарын үсэг зурснаар манай компани руу шилжүүлэх байсан.  “СП” ХХК-ийн зүгээс барилга нь баригдаж арай болоогүй байна гэж 2013.09.25-ны өдөр гэрээг баталгаажуулж 10.000 ам.доллар буюу 16.250.000 төгрөгийг шилжүүлж, гэрээний хугацааг 2014.04.20-ны өдөр хүртэл хойшлуулсан. 2014.04.20-нд уулзахад шатаа өөрийн мөнгөөрөө суурилуулчихаад авчих, эсхүл 100 хувь бартераар тооцоог хийе гэсэн. Нэхэмжлэгчийн тавьсан саналд боломжгүй гэсэн хариу өгснөөс 1 сарын дараа  “СП” ХХК нь өөр газартай гэрээ хийхээр болсон тул өгсөн урьдчилгаа мөнгөө авъя гэж хэлсэн. 16.250.000 төгрөгийг авсан нь үнэн болохоор буцааж өгнө гэж баталгаажуулж бичсэн. Тиймээс урьдчилгаа төлбөр болох 16.250.000 төгрөгөөс 3.000.000 төгрөгийг манайх төлсөн тул үлдэгдэл 13.250.000 төгрөгийг өгөх боломжтой. Хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

            Шүүх нэхэмжлэл, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, цахилгаан шат нийлүүлж угсарч суурилуулах ажлын гэрээ, гэрээний нэмэлт, дипозит дансны дэлгэрэнгүй хуулга,  “СП” ХХК-ийн “МТӨ” ХХК-тай хийсэн гэрээ зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл 13.250.000 төгрөг, хохирол гэж ам долларын ханшийн зөрүү 16.000.000 төгрөг, нийт 29.250.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

 

Хариуцагч гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг буцааж төлнө, хохирлыг хариуцахгүй гэж маргаж байна.

 

 “СП” ХХК нь 2013 оны 07 сарын 17-ны өдөр “СМ” ХХК-тай Цахилгаан шат нийлүүлж, угсарч суурилуулах ажлын гэрээ байгуулж,“СМ” ХХК Сүзүки үйлдвэрийн DIN EN ISO 14001, EN ISO 9001 олон улсын стандартын шаардлага хангасан 4 ширхэг цахилгаан шат нийлүүлэх, “Сп” ХХК нь гэрээний үнэ 151.732 ам.доллар, түүнээс гэрээний 70 хувь болох 106.212 ам.доллар буюу 169.726.776 төгрөгийг бартераар төлөх, урьдчилгаанд 45.520 ам.доллар төлөхөөр тохиролцсон байна.

 

 “СП” ХХК-ийн зүгээс хүсэлт гаргаж 2013.09.25-ны өдөр гэрээний хугацааг 2014.04.20-ны өдөр хүртэл сунгаж, гэрээгээ баталгаажуулж энэ өдөр 10.000 ам.доллар буюу 16.250.000 төгрөгийг “СМ” ХХК-д шилжүүлсэн нь нэмэлт гэрээ, мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдож байна.

 

Гэсэн атлаа  “СП” ХХК  “МТӨ” ХХК-тай 2014-04-04-ний өдөр “СМ” ХХК-иар хийлгүүлэхээр тохиролцсон ажлаа хийлгүүлэхээр гэрээ хийж ажлыг гүйцэтгүүлжээ.

 

Хариуцагч нэхэмжлэгчид 3.000.000 төгрөгийг буцаан шилжүүлж, 13.250.000 төгрөгийг буцаан төлөөгүй байна.

 

 “СП” ХХК  “СМ” ХХК-иар тохирсон ажлаа хийлгээгүй нь түүнтэй байгуулсан гэрээг цуцалж буй асуудал бөгөөд түүний цуцлалт Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225, 226 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг хангаагүй байна. Нэхэмжлэгч буюу захиалагч гэрээ цуцалсан шалтгаанаа гүйцэтгэгч буюу хариуцагч үүргээ зөрчсөнтэй холбон тайлбарлаж байна.

            Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж буйгаа хариуцагчид илэрхийсэн байдал байхгүй байна. Гэрээ цуцлахад нөлөөлсөн гэх хариуцагчийн буруутай үйлдэл харагдахгүй байх бөгөөд тэдний байгуулсан гэрээнээс харахад эхэлж захиалагч мөнгийг төлж, дараа нь цахилгаан шат нийлүүлж угсрах ажил хийгдэхээр байна. Нэхэмжлэгч өөрөө эхэлж гүйцэтгэх үүргээ гүйцэтгээгүй байна. Иймд хариуцагчийн буруутай үйлдлээс үүссэн хохирол гэж нэхэмжилсэн ам долларын ханшийн зөрүү 16.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гэрээгээр шилжүүлсэн 13.250.000 төгрөгийг хариуцагчаар нэхэмжлэгчид төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон   

                                                                                                         ТОГТООХ НЬ:

1.Монгол улсын Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1-г баримтлан “СМ” ХХК-аас 13.250.000 төгрөгийг гаргуулж  “СП” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн 16.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 304.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 224.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                     

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                          С. БУД