| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2020/1100/Э |
| Дугаар | 1131 |
| Огноо | 2020-10-27 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Г |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 1131
хан амарсан уу
2020 10 26 2020/ШЦТ/1131
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
улсын яллагч Р.Очирсүрэн,
шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Э.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008000001324 дүгээр хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа гэх, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тайчууд овогт Эрдэнэбаярын Г /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Э.Г нь 2020 оны 8 дугаар сарын 02-ны шөнө 24 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан овооны 2 дугаар гудамж, 24 тоот хашаанд байсан иргэн Ш.Гийн эзэмшлийн 12-90 УБД улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсны улмаас хашааны гаднах шон мөргүүлж 1.980.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Машиныг хохирогчийн зөвшөөрөлгүй унаад гарсан. Хохирлыг хуваан төлж барагдуулсан. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Торгох ялыг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 2008000001324 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Ш.Гийн: “...2020 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн үед Э.Г манай гэрт орж ирээд “тамхи байна уу” гээд надаас 3 ширхгийг аваад гарсан. Гэрийнхээ хаалгыг дотор талаас нь хар уяагаар уяад, машиныхаа түлхүүрийг цонхны тавцан дээр ил тавиад унтаж амарсан. 03-ны өдрийн 8 цагийн үед Г намайг сэрээгээд “ахаа, би таны машиныг унаж байгаад айлын хашаа мөргүүлээд эвдсэн” гэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ, машины түлхүүр хаанаас яаж авсан юм бэ” гэсэн чинь “таныг унтаж байхад гэрийн чинь хаалгыг татсан чинь онгойсон, тэгэхээр нь цонхны тавцан дээр байсан түлхүүрийг аваад, машиныг чинь унаж байгаад хашаа мөргүүлээд эвдсэн” гэсэн. Машины улсын дугаар байхгүй, урд талын хоёр их гэрэл, урд гупер хагарсан байсан. Би “машин барьж чадахгүй байж миний машиныг зөвшөөрөлгүй яах гэж барьсан юм бэ” гээд зогсож байхад урд талын айлын ах миний машины улсын дугаарыг барьчихсан ирсэн. Тэгээд “машинаараа манай хашааны банзыг мөргөөд хугалсан байна, улсын дугаар чинь энэ байна” гээд өгсөн. Г хашааг нь даруйхан засаад өгнө гээд явсан. Би цагдаа дуудах гэсэн чинь “би таны машиныг ажил хийж мөнгө олоод засуулаад өгье, та надад хугацаа өгөөч” гэхээр нь зөвшөөрөөд цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Г “би ажил хийж байна, цалингаа аваагүй” гэх зэрэг үг хэлээд машиныг засуулж өгөхгүй алга болсон. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргаж байна...” гэх мэдүүлэг /хх-10-11/,
“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2020.09.02-ны өдрийн 2447 дугаар хөрөнгийн үнэлгэний тайланд: “Приус-30 маркийн машины урд их гэрэл 2 ширхэг 1.100.000, дохионы гэрэл 2 ширхэг 90.000, урд буфер 1 ширхэг 450.000, зүүн урд дугуй 1 ширхэг 40.000, зүүн урд под крыло 1 ширхэг 60.000, зүүн хаалганы доод хормой 1 ширхэг 90.000, хойд буфер будаг халцарч хонхойсон засах 150.000, нийт хохирлын дүн нь 1.980.000 төгрөгөөр тогтоож байна” гэжээ /хх-25-26/,
Гэрч Д.Баясгалангийн: “...2020 оны 8 дугаар сарын 03-ны өглөө харсан чинь манай хашааны 3 ширхэг банз гаднаасаа дотор тийшээ цөмрөөд хугарсан байсан. Хашааны гадна талд 1290 УБД машины улсын дугаар байсан. Гайхаад гудамжны хойшоо харсан чинь улаан “Приус-30” маркийн машины хажууд “чи яаж байгаа юм бэ” гээд маргалдаад байгаа сонсогдохоор очоод “энэ 1290 УБД улсын дугаар танай машины дугаар мөн үү” гэсэн чинь нэг залуу “би танай хашааг энэ машиныг барьж байгаад мөргүүлсэн, уучлаарай” гэхээр нь “хашааны банзыг засч өгөөд машиныхаа дугаарыг аваарай” гэсэн чинь жижиг залуу “за ахаа, би удахгүй засч өгөөд машины дугаарыг авъя” гэсэн. Тэгээд орой 16 цагийн үед ирээд манай хашааг засч өгөөд машиныхаа дугаарыг авсан...” гэх мэдүүлэг /хх-16/,
Шүүгдэгч Э.Гийн яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг /хх-76-77/,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн Ш.Гийн өргөдөл /хх-2/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-5/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-68/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-21/, хохирлын мөнгө төлсөн тухай мөнгөн шилжүүлгийн баримт /хх-82/, “Тайгын булаг авто” ХХК-ийн “Ш.Гэ нь зээлийн төлбөр тооцоог бүрэн барагдуулсан нь үнэн” гэх тодорхойлолт /хх-85/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-86/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,
шүүхэд шүүгдэгчээс гаргаж өгсөн 350.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогчийн “Э.Гоос 1.980.000 төгрөг авсан нь үнэн болно” гэх гар бичвэрийг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Г нь 2020 оны 8 дугаар сарын 02-ны шөнө 24 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан овооны 2 дугаар гудамж, 24 тоот хашаанд байсан хохирогч Ш.Гийн эзэмшлийн 12-90 УБД улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч яван хашааны гаднах шон мөргүүлж 1.980.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Ш.Гийн “...Г намайг сэрээгээд “би таныг орой унтаж байхад гэрийн чинь хаалгыг татсан чинь онгойсон, тэгэхээр нь цонхны тавцан дээр байсан машины түлхүүрийг чинь аваад, машиныг унаж байгаад хашаа мөргүүлээд эвдсэн” гэсэн...” гэх мэдүүлэг /хх-10-11/, гэрч Д.Баясгалангийн “...хашааны 3 ширхэг банз гаднаасаа дотор тийшээ цөмрөөд хугарсан, 1290 УБД машины улсын дугаар байсан. ...нэг залуу “би танай хашааг энэ машиныг барьж байгаад мөргүүлсэн, уучлаарай” гэхээр нь...” гэх мэдүүлэг /хх-16/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2447 дугаар хөрөнгийн үнэлгээний “Нийт хохирлын дүн нь 1.980.000 төгрөгөөр тогтоож байна” гэх тайлан /хх-25-26/, шүүгдэгч Э.Гийн яллагдагчаар өгсөн “...Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-76-77/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн Ш.Гийн өргөдөл /хх-2/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-5/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Гийн хохирогч Ш.Гийн өмчлөлийн 12-90 УБД улсын дугаартай, “Тоёота Приус-30” маркийн автотээврийн хэрэгслийг түүний зөвшөөрөлгүйгээр авч явсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Гэд 1.980.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогчийн “Э.Г хохирлын 1.980.000 төгрөгийг төлсөн нь үнэн болно” гэх гар бичвэр, хохирлын мөнгө төлсөн тухай мөнгөн шилжүүлгийн баримтууд /хх-82/-ыг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан төлбөл зохих хохирлыг төлсөн гэж дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г хохирогч Гийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй, хохирлыг хөдөлмөрийн хөлсөөрөө төлсөн, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа, ял шийтгэл эдэлж байгаагүйг харгалзан 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч “Зөвшөөрч байна. Торгох ялыг биелүүлэх болно” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /бусдын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан, тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хашаа мөргөж, тээврийн хэрэгслийг гэмтээсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн тээврийн хэрэгсэлд 1.980.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, үнэлгээгээр тогтоогдсон хохирол бүрэн төлөгдсөн, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх/-ийг үндэслэн шүүгдэгч Э.Гийг 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Тайчууд овогт Эрдэнэбаярын Гийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гийг 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР