Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1138

 

 

                            

 

 

 

хан амарсан уу

      2020        10           28                                     2020/ШЦТ/1138         

 

-                                         

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Г.Баярхүү,

шүүгдэгч Г.Б, Х.Б, өмгөөлөгч А.Ганбат,

шүүгдэгч Г.Г, Э.Б, өмгөөлөгч Г.Сүхээ,

шүүгдэгч Д.Бэ, өмгөөлөгч Н.Баяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Б, Х.Б нарыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Б, Г.Г, Д.Бэ нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902006920242 дугаар 3 хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт оршин суух,

урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1394 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Найман овогт Энхтогтохын Б /РД: /,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Доржийн Бэ /РД: /,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “” ХХК-д ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 32 дугаар гудамж, 33 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 18 дугаар гудамж, 54 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Өндөр эх овогт Ганболдын Г /РД: /,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Уул уурхайн тоног төхөөрөмж, цахилгааны инженерийн 3 дугаар дамжааны оюутан, “”-д ажиллаж байгаа гэх, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Ганбаатарын Б /РД:/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Еншөөбүү овогт Хүрэлчулууны Б /РД: /.

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Э.Б нь 2019 оны 8 дугаар сарын 3, 4-ний өдрийн орчим Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны ард “Монгол кузов” засвар гэсэн бичигтэй гражийн ар хэсэг болон хойд талаасаа үерийн далангийн урд хэсэгт Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.6818 грамм хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч бэлтгэсэн, улмаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 3 дугаар байр, 21 тоотод 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 01 цаг хүртэл тус байранд болон биедээ хадгалсан,

яллагдагч Э.Б, Г.Г, Х.Б, Д.Бэ, Г.Бадам- Очир нар гэмт хэрэг үйлдэх үедээ санаатай нэгдэж буюу бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутгаас Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий нийт гялгар уутны хамтаар 5,840 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, мөн Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт 48-29 УБУ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

яллагдагч Х.Б нь 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс “өвс” гэх нэршилтэй Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн, 2020 оны 7 дугаар сарын 27-ны орой 21 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн үүрч явсан ногоон өнгийн үүргэвчинд цэнхэр өнгийн гялгар уутын хамт нийт 793 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Дахин ийм хэрэг хийхгүй. Гэр бүл, найз нөхдийгөө зовоолоо. Их зүйлийг ухаарч ойлгосон, гэмшиж байна” гэв.

Шүүгдэгч Д.Бэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байгаа. Сонирхоод явчихсан, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. Тэнсэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Миний тээврийн хэрэгсэл, одоо хашаанд байгаа. Хийсэн хэрэгтээ харамсаж байна, дахин хэрэгт холбогдохгүй. Гэм буруугаа их ойлгож байна. Тэнсэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн гэмт хэрэгтээ харамсаж байна, дахин ийм хэрэгт холбогдохгүй. Гэр бүл, найз нөхдөөсөө уучлалт гуйя. Бусдыг зөв зүйлд уриалах болно” гэв.

Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр явна. Маш их харамсаж байгаа. Дахин ийм хэрэгт холбогдохгүй, хорих ялыг багасгаж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 1902006920242 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Нэг. Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 8 дугаар сарын 3, 4-ний өдрийн орчим Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны ард “Монгол кузов засвар” гэсэн бичигтэй гражийн ар хэсгээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.6818 грамм хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч бэлтгэсэн, улмаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 3 дугаар байрны 21 тоотод болон биедээ 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 01 цаг хүртэл хууль бусаар хадгалсан гэмт хэргийн тухайд:

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай: “Э.Бы шээсэнд ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас /илэрсэн/ гэж зааж байгаа нь “КАННАБИС” агууламж бүхий мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэх утгыг заасан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-16, 23-24/,

Шинжээчийн 2019.08.15-ны өдрийн 4499 дүгээр дүгнэлтэд: “...2. Шинжилгээнд ирүүлсэн “Orgiluun” гэсэн бичигтэй хуванцар сав, “1” гэж дугаарласан амсар хэсэг нь цэнхэр хүрээтэй гялгар уут, “2” гэж дугаарласан амсар хэсэг нь цэнхэр хүрээтэй гялгар уут, ногоон өнгөтэй, нунтаг ургамал мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агуулга илэрч байна. 3.4. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно” гэжээ /1 дүгээр хавтас, хх-62-66/,

Шинжээчийн 2019.08.14-ний өдрийн 4498 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн ...Энхтогтох овогтой Б /19 нас, эр/ гэж хаягласан ...шээс тус бүрээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. 3. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно” гэжээ /1 дүгээр хавтас, хх-68-70/,

Шинжээчийн 2019.08.30-ны өдрийн 4758 дугаар дүгнэлтэд: “...2. Шинжилгээнд ирүүлсэн “Хэрэг бүртгэлтийн 190200692 тоот хэргийн мэдүүлэг шалгах ажиллагаагаар хураагдсан өвс ургамал” гэсэн хаягтай ногоон өнгийн ургамалд дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв. Дельта-9-тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-85-86/,

Гэрч Ж.Өнөмандахын: “Би 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн үед үеэл дүү Бтай уулзсан. 19 цагийн үед Б Чингүүнээтэй уулзахаар гарсан. Б, Чингүүн, Сүхбаатар нар манай гэрт ирсэн. Бид нар миний өрөөнд юм яриад сууж байтал Б гялгар ууттай ногоон өнгийн өвс гаргаад ирсэн. Тэрийг саван дээр асгаж ишийг нь түүгээд усны сав цоолоод мөнгөн цаасан дээр өвсөө хийж гал асаагаад сорсон. Сүхбаатар хэрэглээгүй. Чингүүн, Б бид гурав хэрэглэсэн. Манай дүү Б авч ирсэн, хаанаас авсан гэдгийг нь мэдэхгүй байна. Өмнө нь Б нэг удаа авч ирж байсан. Тэр үед нэг удаа хэрэглэж үзсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-40, 41-42/,

Гэрч Ч.Чингүнжавын: “...2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 01 цагийн орчим урьд найз Өнөмандахын гэрт Сүхбаатарын хамт ирсэн. Б хамт гэрт нь байсан. Б, Өнөмандах нар мансууруулах төрлийн ургамал хэрэглэж байсан ундааны савыг доогуур нь цоолоод доор нь бага зэргийн ус хийж байгаад ургамлаа мөнгөлөг цаасаар ороогоод бэлтгэсэн байсан бөгөөд түүнийгээ асаагаад усны савны амсраас утааг нь 2 удаа сороод байж байсан. Хаалга тогшоод цагдаа нар орж ирсэн. Миний хувьд урьд өмнө ийм зүйл хэрэглэж байгаагүй. Өнөмандах, Б нар урьд өмнө хэрэглэж байсан талаараа ярьж байсан. Надтай хамт ирсэн Сүхбаатар огт тухайн зүйлээс хэрэглээгүй. Харин шар айраг уугаад хараад сууж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-44-45, 46-47/,

Шүүгдэгч Э.Бы: “Би 2019 оны 8 дугаар сарын 03 билүү, 04-ний өдөр Хархорин захын ард байрлалтай үерийн усны далангийн урд байх гражуудын дундаас каннабис өвсийг түүж гялгар уутанд аваад, гэрийнхээ цонхны тавцан дээр хатаасан. 2019 оны 8 дугаар сарын 07-ны орой Өнөмандахын гэрт авч очсон. Өнөмандах, түүний найз Чингүүнжав нартай хамт усны хуванцар сав ашиглан хэрэглэсэн нь үнэн. Би урьд өмнө хэрэглэж байгаагүй, дуу клипнээс харж сурсан. Өөрийн түүж бэлтгэсэн каннабис өвснөөс хэн нэгэн хүнд өгсөн зүйл байхгүй. Би өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Мөн өвс түүсэн гэх газраа зааж өгч, мэдүүлгээ шалгуулсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-105-106/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-8-14/, прокурорын “Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоол /1 дүгээр хавтас, хх-26/, шүүгдэгч Э.Бы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-31-34/, мөрдөгчийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /1 дүгээр хавтас, хх-38/,

Хоёр. Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс “өвс” гэх нэршилтэй Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн, 2020 оны 7 дугаар сарын 27-ны 21 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн үүрч явсан ногоон өнгийн үүргэвчинд цэнхэр өнгийн гялгар уутын хамт нийт 793 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн тухайд:

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай: “Х.Бий шээсэнд ТНС-1 зураас эерэг /илэрсэн/ гарсан” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтас, хх-130-131/,

Шинжээчийн 2020.08.05-ны өдрийн 4203 дугаар дүгнэлтэд: “...2. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэсэн дугаартай “Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Хүрэлчулуун Бий цэнхэр өнгийн гялгар ууттай өвс мэт зүйл” гэсэн хаягтай цэнхэр өнгийн гялгар ууттай 702 грамм ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илрэв. 3. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг” гэжээ /3 дугаар хавтас, хх-142-144/,

Шинжээчийн 2020.08.04-ний өдрийн 4206 дугаар дүгнэлтэд: “...2. Шинжилгээнд ирүүлсэн “Хүрэлчулуун овогтой Б РД:ШЮ00220813” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. 3. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг” гэжээ /3 дугаар хавтас, хх-146-148/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Х.Бий ногоон өнгийн үүргэвчийг онгойлгож үзэхэд ...цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийг жинлэхэд 657,5 грамм байгааг хураан авав...” гэжээ /3 дугаар хавтас, хх-132-134/,

прокурорын “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоол /3 дугаар хавтас, хх-129/, мөрдөгчийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /3 дугаар хавтас, хх-140/,

Шүүгдэгч Х.Бий яллагдагчаар өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ганцаараа Төв аймгийн Батсүмбэр сумын төв ороод тариалангийн талбайд очсон. Цэнхэр өнгийн гялгар уутны талаар түүгээд цүнхэндээ хийгээд буцаж хотод ирсэн. 7 дугаар сарын 27-ны өдөр харанхуй болоогүй байхад Хархорин захын ойролцоо явж байгаад эрүүгийн мөрдөгчтэй таараад Хар тамхитай тэмцэх газарт ирсэн...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-153-155/,   

Гурав. Шүүгдэгч Э.Б, Г.Г, Х.Б, Д.Бэ, Г.Б нар бүлэглэн, гэмт хэрэг үйлдэх үедээ санаатай нэгдэж 2019 оны 9 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутгаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 5,840 грамм жин /гялгар уутны хамт/-тэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, мөн Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт 48-29 УБУ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн тухайд:

Гэрч С.Энхмөнхийн: “2019 оны 9 дүгээр сарын 08-ны 21 цагаас хойш сумын төвөөр эргүүл шалгалт хийж явсан. Сумын засмал замаар явж байсан тээврийн хэрэгслүүдэд үзлэг шалгалт хийж байхад ягаан өнгийн 48-29 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хойноос урагш чиглэлтэй явж байхад нь зогсоогоод шалгахад машин дотор 20-25 насны 5 залуу байсан. Машин дотроос хурц үнэр гарч байсан. Жолоочоор багаажийг онгойлгуулж үзэхэд цагаан өнгийн 10 орчим ууттай зүйл байсан. Уутны амыг онгойлгуулж үзэхэд нэг төрлийн ургамал түүсэн байсныг олж тогтоон саатуулж Төв аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-60/,

Гэрч Э.Адьяасүрэнгийн: “2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 14 цагийн үед намайг Батмөнхийн ажил дээр ирэхэд Б байсан. Бтай ярьж байхад Г, Бэ хоёр Гийн машинтай ирээд бид нар Зүүнсалаа явсан. Замаараа Быг аваад сагсны шийд ороод тоглож байхад Б надаас “салхинд гарах уу” гэж асуухаар нь “би мөнгө байхгүй, явахгүй” гэсэн. Б надаас их олон удаа асуугаад байхаар нь “яах гэж байгаа юм” гэхэд “хөдөө явж мансууруулах төрлийн ургамал түүнэ хамт явъя” гээд нилээн үг хаяад шордоод байхаар нь би “за” гэж хэлээд “хувцас өмсөөд гараад ирье” гээд гэр лүүгээ орсон. Гэрт байхад Б залгаад, мессеж бичээд байхаар нь “аав гаргахгүй байна, хамт юманд явна” гэсэн чинь “анд миний данс руу 10.000 төгрөг явуулчих” гэхээр нь “за” гээд явуулаагүй утсаа салгасан. ...Хар тамхины ургамал түүж яваад цагдаад баригдсан гэдгийг нь мэдсэн. ...Тэд нар тэр ургамлаа түүдэг өдрөө бүгд хэрэглэсэн гэж байсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-61-62/,

Шинжээчийн 2019.09.23-ны өдрийн 5069 дүгээр дүгнэлтэд: “...2. Шинжилгээнд ирүүлсэн “Г.Г 2019.09.09” гэж, “Х.Б 2019.09.09” гэж, “Д.Бэ 2019.09.09” гэж, “Г.Б 2019.09.09” гэж хаягласан шээс тус бүрээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. 3. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно. 4. 5. Манай лабораторийн тодорхойлох хүрээнд хамаарахгүй болно” гэжээ /2 дугаар хавтас, хх-83-84/,

Шинжээчийн 2019.09.23-ны өдрийн 5068 дугаар дүгнэлтэд: “...3. Шинжилгээнд ирүүлсэн “Төв аймаг ЦГ №1, №2, №3, №4, №5, №6, №7, №8, №9” гэж хаяглаж авсан ургамал тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. 3. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно” гэжээ /2 дугаар хавтас, хх-91-92/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: “Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 48-29 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн багажны түгжээг онгойлгоход 10 ширхэг гялгар ууттай зүйл байх ба уг ууттай зүйлээс эхүүн, хурц үнэр үнэртэж байв...” гэжээ /2 дугаар хавтас, хх-24-25/,

мөрдөгчийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /2 дугаар хавтас, хх-27/, “Эй жэй жэй эм” ХХК-ийн 2019.09.23-ны өдрийн 09/358 дугаар үнэлгээний “Г.Гийн өмчлөлийн “Toyota prius” 10 маркийн авто машины зах зээлийн бодит үнэ цэнэ нь 2019 оны 9 дүгээр сарын 23-ны байдлаар 2.945.000 төгрөг болно” гэх тайлан /2 дугаар хавтас, хх-66-73/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019.08.30-ны өдрийн 1038 дугаар дүгнэлтэд: “1. Э.Б нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна. 2. Одоо Э.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 4. Э.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Э.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2019 оны 8 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө хэрэг хариуцах чадвартай байсан байна. 6. Э.Б нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. 7. Э.Бд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 8. Э.Бд мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-89-92, 2 дугаар хавтас, хх-131-132/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019.09.24-ний өдрийн 1112 дугаар дүгнэлтэд: “1. Д.Бэ нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. 2. Д.Бэ нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 3. Д.Бэ нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна” гэжээ /2 дугаар хавтас, хх-99-100/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019.09.25-ны өдрийн 1132 дугаар дүгнэлтэд: “1. Г.Б нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. 2. Г.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 3. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Мансуурах донтой болон мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна” гэжээ /2 дугаар хавтас, хх-107-108/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019.09.24-ний өдрийн 1113 дугаар дүгнэлтэд: “1. Х.Б нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. 2. Х.Б үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 3. Х.Б нь мансуурах донтой болон мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ /2 дугаар хавтас, хх-115-116/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019.09.25-ны өдрийн 1130 дугаар дүгнэлтэд: “1. Г.Г нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. 2. Г.Г нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 3. Г.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Мансуурах донтой болон мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна” гэжээ /2 дугаар хавтас, хх-123-124/,

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020.04.20-ны өдрийн 196 дугаар тогтоол /1 дүгээр хавтас, хх-221-224/,

Шүүгдэгч Г.Гийн  оршин суугаа хаягийн тодорхойлолт /2 дугаар хавтас, хх-184/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтас, хх-242/, шүүх хуралдаанд өмгөөлөх талаас гаргаж өгсөн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны тодорхойлолт, шүүгдэгч Д.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /2 дугаар хавтас, хх-205/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /2 дугаар хавтас, хх-207-213/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтас, хх-239/, шүүгдэгч Г.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /2 дугаар хавтас, хх-165/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтас, хх-241/, шүүгдэгч Э.Бы иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-136/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтас, хх-240/, шүүгдэгч Х.Бий ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтас, хх-243/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг,

шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээгээс гаргаж өгсөн шүүгдэгч Г.Гийн хувийн байдалтай холбоотой Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны “Г.Г нь ам бүл 3, ээж, дүү нарын хамт амьдардаг, ажил хийж амьжиргаагаа залгуулдаг, ээж нь ажил хийх чадваргүй асаргаанд байдаг болно” гэх тодорхойлолт, “” ХХК-ийн “Г.Г нь барилгын туслахаар ажиллаж байгаа” гэх тодорхойлолт, 48-29 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг гэрэл зураг зэргийг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

 

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Б нь 2019 оны 8 дугаар сарын 3, 4-ний өдрийн орчим Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны ард “Монгол кузов засвар” гэсэн бичигтэй гражийн ар хэсгээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.6818 грамм хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 3 дугаар байр, 21 тоотод болон биедээ 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 01 цаг хүртэл худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

шүүгдэгч Х.Б нь 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс “өвс” гэх нэршилтэй Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2020 оны 7 дугаар сарын 27-ны орой 21 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүрч явсан ногоон өнгийн үүргэвчинд нийт 793 грамм /гялгар уутны хамт/ жинтэй “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

шүүгдэгч Э.Б, Г.Г, Х.Б, Д.Бэ, Г.Бадам- Очир нар бүлэглэн, гэмт хэрэг үйлдэх үедээ санаатай нэгдэж 2019 оны 9 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутгаас Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий нийт 5,840 грамм /гялгар уутны хамт/ жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, мөн Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт 48-29 УБУ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Э.Бы дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.6818 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан,

шүүгдэгч Х.Бий дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, 793 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан санаатай үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч Э.Б, Х.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,    

шүүгдэгч Э.Б, Г.Г, Х.Б, Д.Бэ, Г.Бадам- Очир нарын бүлэглэн, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэх, хэрэглэж үзэхээр санаатай нэгдэн орон нутаг руу явж дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий нийт гялгар уутны хамт 5,840 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч Э.Б, Г.Г, Х.Б, Д.Бэ, Г.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.   

Мөн шүүгдэгч Э.Б, Х.Б нарын хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан 2 удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг үндэслэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийн шинжийг 2 удаагийн үйлдлээр хангасан гэж дүгнэн нэгтгэн зүйлчилж, нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нар хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Бд 2 жил 4 сар хорих ял, Бд 2 жил 4 сар хорих ял, Бэ, Г, Б тус бүрт 1 жил 6 сар хорих ял оногдуулах саналтай. Б, Б нар үргэлжилсэн үйлдлээр, удаа дараа үйлдсэнийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ “Шүүгдэгч Б, Г нар худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, хадгалсан үйлдэл дээр маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Б 2 үйлдэлтэй эрхэлсэн тодорхой ажилтай, эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан хамгийн бага хугацаагаар ял оногдуулж өгнө үү. Г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай, гэртээ ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг, гэм буруугаа хүлээж байгааг харгалзан тэнсэж өгнө үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат “Шүүгдэгч Б 2 үйлдэлтэй, шүүгдэгч Б 1 үйлдэлтэй. Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ 19 настай байсан, хар тамхины хамааралтай хүмүүс биш, олуулаа дарвиад, өөрийгөө гайхуулах гэсэн сэтгэлээс үүдэлтэй, мөн ар гэрийн байдлыг харгалзан тэнсэж өгнө үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр “Тухайн үедээ хар тамхины бичлэг үзүүлсэн, улмаар сонирхоод Бийг аваад явсан байгааг харгалзан үзнэ үү. Гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа. Уг өвсийг худалдаагүй, тарааж өгөөгүй, сонирхож татаж үзсэн байдаг. Нийгэмшүүлэх зорилгыг харгалзан тэнсэж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэн, урьдчилан төлөвлөж, бүлэглэн, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, хадгалсан, хэрэглэсэн, шүүгдэгч Э.Б, Х.Б тус бүр 2 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Г.Г, Д.Бэ, Г.Б нар 1 удаагийн үйлдлээр тус тус уг гэмт хэргийг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /бодит хохирол шаардахгүй ч, хор уршгийн хувьд их/, шүүгдэгч нарын хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн/-ыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгч нарт хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Х.Б тус бүрийг 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хорих ял,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бэ, Г.Г, Г.Б тус бүрийг 1 /нэг/ жилийн хорих ял тус тус шийтгэж, хорих ялыг дээрх үндэслэлэлээр нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт юм. Хэдийгээр шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа боловч тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн энэхүү гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах боловч шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байх шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.   

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, урьдчилан төлөвлөж, бүлэглэн, мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг түүх  зорилгоор нэг шүүгдэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг ашиглан орон нутагт очиж хууль бусаар бэлтгэсэн, хэрэглэсэн, улмаар тухайн сэтгэцэд нөлөөт бодисыг тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан, шүүгдэгч Э.Б, Х.Б нар үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгч тус бүрийн хувийн байдлуудыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулж, биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.    

Түүнчлэн шүүгдэгч Э.Б, Х.Б нар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт шалгагдаж байхдаа буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хувийн байдлыг тус тус харгалзсан болохыг тэмдэглэж байна.   

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ шүүгдэгч Г.Гийн өмчлөл /2 дугаар хавтас, хх-75/-ийн 48-29 УБУ улсын дугаартай “Toyoтa Prius-10” маркийн тээврийн хэрэгслийг ашигласан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...албадан гаргуулна”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Г.Гийн өмчлөлийн 48-29 УБУ улсын дугаартай “Toyoтa Prius-10” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хэвээр үлдээж, уг тээврийн хэрэгслийг 02265281 дүгээр тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт улсын орлогод оруулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэлээ.    

Шүүгдэгч Э.Бы 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 366 /гурван зуун жаран зургаа/ хоногийг, шүүгдэгч Х.Бий 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 93 /ерэн гурав/ хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. /1 дүгээр хавтас, хх-161-163, 203-205, 231 233, 239-241, 3 дугаар хавтас, хх-104-106, 151, 158/.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх “Orgiluun” гэх бичиглэл бүхий хуванцар сав, “1” гэж дугаарласан амсар хэсэг нь цэнхэр хүрээтэй гялгар уут, “2” гэж дугаарласан амсар хэсэг нь цэнхэр хүрээтэй гялгар уут, 5,1 грамм жинтэй ногоон өнгөтэй нунтаг ургамал мэт зүйл, гялгар уутны хамтаар 5,840 грамм мөн цэнхэр гялгар уутын хамтаар 793 грамм “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Д.Бэ, Г.Г, Г.Б нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.Б, Х.Б, Д.Бэ, Г.Г, Г.Б нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Найман овогт Энхтогтохын Быг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, байр болон биедээ хадгалсан, бусадтай бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, тээврийн хэрэгсэлд хадгалсан,  

шүүгдэгч Еншөөбүү овогт Хүрэлчулууны Б сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, биедээ хадгалсан, бусадтай бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, тээврийн хэрэгсэлд хадгалсан,

шүүгдэгч Боржигон овогт Доржийн Бэ, Өндөр эх овогт Ганболдын Г, Боржигон овогт Ганбаатарын Б нарыг бусадтай бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Х.Б тус бүрийг 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хорих ял,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бэ, Г.Г, Г.Б тус бүрийг 1 /нэг/ жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Х.Б, Д.Бэ, Г.Г, Г.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Бы цагдан хоригдсон 366 /гурван зуун жаран зургаа/ хоногийг, шүүгдэгч Х.Бий цагдан хоригдсон 93 /ерэн гурав/ хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Д.Бэ, Г.Г, Г.Б нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх “Orgiluun” гэх бичиглэл бүхий хуванцар сав, “1” гэж дугаарласан амсар хэсэг нь цэнхэр хүрээтэй гялгар уут, “2” гэж дугаарласан амсар хэсэг нь цэнхэр хүрээтэй гялгар уут, 5,1 грамм ногоон өнгөтэй нунтаг ургамал мэт зүйл, гялгар уутны хамтаар 5,840 грамм, цэнхэр гялгар уутын хамтаар 793 грамм “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Гийн өмчлөлийн 48-29 УБУ улсын дугаартай “Toyoтa Prius-10” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хэвээр үлдээж, уг тээврийн хэрэгслийг 02265281 дүгээр тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт улсын орлогод оруулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Б, Х.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.Бэ, Г.Б, Г.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шүүгдэгч Э.Б, Х.Б, Д.Бэ, Г.Г, Г.Б нарын эдлэх ялыг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б, Х.Б, Д.Бэ, Г.Г, Г.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР