Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2017/00540

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2017/00540

       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

            Нэхэмжлэгч: Н.А

            Хариуцагч: Б.Б

            худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7.500.000 төгрөг нэхэмжилсэн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Б.Б, гэрч Д.С, нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.               

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 04 сарын 03-ны өдөр **** УБТ улсын дугаартай, Тоёота марк 2 маркийн авто машиныг 7.500.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг Б.Бтай байгуулсан. Худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа мөнгийг нь ойрын хугацаанд өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа тул авто машины үнэ болох 7.500.000 төгрөгийг хариуцагч Б.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч Н.А манай нөхөр юм. Ах М-ийн Дулаан нөмөр констракшн компанид Б, С, А бүгд ажиллаж байсан. М нь Н.А-ын хүргэн ах, С-ын аавынх нь ах ба Б нь С-ын эгчтэй суусан хамаатан садан улс. М, А, С нарын хооронд А-ын автомашиныг худалдан авах талаар яриа болсон байна. Машинаа бол Б руу шилжүүлсэн. Сүүлдээ автомашины үнийг төлөх хүн олдохгүй, эцэст нь гэрээ хийсэн Б-аас автомашины үнэ 7.500.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б.Б миний бие өөрийн Тоёота Чейзэр маркийн тээврийн хэрэгслийг иргэн Д.С-той түүний **** УБТ улсын дугаартай Тоёота гранд марк 2 маркийн тээврийн хэрэгсэлтэй сольсон юм. Д.С нь ажиллаж байсан компанийн ерөнхий захирал Г.М, гүйцэтгэх захирал Н.А нартай энэ **** УБТ улсын дугаартай Тоёота гранд марк 2 маркийн автомашиныг худалдаж авахаар тохиролцсон юм билээ. Тохиролцооны гол нөхцөл нь Д.С тус компанийн үндсэн ажилтан учраас ажил хийсэн цалингаасаа хугацаа заагаагүйгээр барагдуулахаар ярилцаж, ерөнхий захирал Г.М Тоёота гранд марк 2 маркийн тээврийн хэрэгслийн төлбөрийг гүйцэтгэх захирал Н.Ад бүрэн төлж барагдуулахаар харилцан тохирсон гэсэн. Д.С нь Б.Б надтай харилцан тохиролцсоны дагуу Н.Аын нэр дээр байсан **** УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний нэр дээр 2015 оны 04 сарын 03-ны өдөр гэрээ байгуулж шилжүүлсэн. Иргэн Д.С компанидаа сар бүр автомашины үнийг төлсөөр ирсэн гэдэг. Ерөнхий захирал Г.М нь гүйцэтгэх захирал Н.А-д мөнгийг нь өгч байгаагүй юм байна. Миний бие иргэн Н.А-тай ямар нэгэн байдлаар тохиролцоогүй бөгөөд иргэн Д.С-той л автомашинаа сольсон.  Иймд Д.С-ын авсан автомашины үнийг надаас нэхэмжилж буй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гэрч Д.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би М ахын компанид ажиллаж байсан. М ах үнийг төлнө, би цалингаасаа түүнд төлнө гэж тохиролцоод Н.А-ын **** УБТ улсын дугаартай Тоёота гранд марк 2 маркийн автомашиныг би авч унасан. 2014 оны 10 дугаар сарын сүүлчээр байх. Би автомашиныг 6 сар хэртэй унаад Б.Б-ын Тоёота Чейзэр маркийн автомашинтай сольсон. Тэр автомашиныг би барьж байгаад дүүдээ өгсөн. Тоёота гранд марк 2 маркийн автомашины эзэмшлийн нэр Н.А дээр байсан тул бичиг баримтыг шилжүүлэхдээ шууд Н.А-аас Б.Б руу шилжүүлсэн. Би уг нь Мягмардорж ахад 5 сая төгрөгийн ажил хийж өгсөн. Түүнийг өгөх байсан. Үнийг 7.500.000 төгрөгөөр тохирсон. Сүүлд мөнгөө нэхэхэд нь ажил хийж өгье гэж тохирсон боловч холбоо тасарсан. Түүний автомашины үнийг би төлөх ёстой юм гэв.

Шүүх нэхэмжлэл, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Н.А хариуцагч Б.Ба-аас автомашин худалдсаны үнэ 7.500.000 төгрөгийг нэхэмжилж байх ба 2015 оны 04 сарын 03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэлийн үндэслэл болгожээ.

            Хариуцагч Б.Б Н.А-аас автомашин худалдан аваагүй, өөрийн автомашиныг С.С-той автомашинаар сольсон, Н.А надаас автомашины үнэ нэхэмжлэх эрхгүй гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.

Н.А нь өөрийн нэр дээрхи **** УБТ улсын дугаартай Тоёота гранд марк 2 маркийн автомашиныг Б.Б-д худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 04 сарын 03-ны өдөр хийсэн байх ба нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ээр үүсэж байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч буюу Н.А автомашиныг худалдан авагч Б.Б-ын өмчлөлд шилжүүлэх, Б.Б тогтоосон хугацаанд Н.А-д үнийг төлөх үүрэгтэй байна.

Гэтэл гэрээний дагуу Н.А Б.Б-д дээрх автомашиныг шилжүүлээгүйгээс гадна гэрээний 2.3-т төлбөр тооцоо дууссан гэж бичигдсэн байна.

Нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлгүй байна.

Бодит байдал дээр дараахь үйл баримт болжээ. Дулаан нөмөр констракшн компанийн ерөнхий захирал нь Г.М, гүйцэтгэх захирал нь Н.Анар байсан бөгөөд уг компанид Б.Б, Д.С нар ажиллаж байсан, Мягмардорж нь Н.А-ын хүргэн ах бөгөөд Д.С-ын аавын ах, Б.Б нь С-ын эгчтэй суусан хүргэн  болох нь зохигч, гэрчийн тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байна.

2014 оны 10 дугаар сарын сүүлчээр Н.А-н **** УБТ улсын дугаартай Тоёота гранд марк 2 маркийн автомашиныг Д.С 7.500.000 төгрөгөөр худалдаж авах, үнийг хийсэн ажлын хөлснөөсөө Г.Мд суутгуулж төлөх,  Г.М нь цааш Н.Ад мөнгийг өгч байхаар тохиролцжээ. Д.С автомашиныг 6 сар ашигласны дараа өөрийн хүргэн Б.Б-ын Тоёота Чейзэр маркийн автомашинтай сольж арилжсан байна. Д.С Н.А-аас **** УБТ улсын дугаартай Тоёота гранд марк 2 маркийн автомашиныг худалдан авахдаа бичиг баримтыг шилжүүлж аваагүй байсан ба автомашины эзэмшлийг Н.А-ын нэр дээрээс шууд Б.Б-ын нэр рүү шилжүүлсэн гэрээг 2015 оны 04 сарын 03-ны өдөр хийсэн байна. Энэ үйл баримт дээр талууд маргасангүй. Тэгээд ч гэрээнд төлбөр тооцоо дууссан гэж тэмдэглэсэн байх бөгөөд энэ нь Н.А Б.Б-аас мөнгө авахгүйг илэрхийлж байна.

Иймд 2015 оны 04 сарын 03-ны өдрийн автомашин худалдах худалдан авах гэрээний дагуу автомашины үнийг Б.Б-аас нэхэмжилсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ НЬ:

  1. Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийг баримтлан Н.А-ын Б.Б-аас 7.500.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 134.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   С.БУД