Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 1154

 

 

                            

 

 

 

хан амарсан уу

      2020        11           04                                     2020/ШЦТ/1154         

 

-                                         

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                     

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Х.Онолт,

шүүгдэгч Д.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Д.Шийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008000001252 дугаар хэргийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1956 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өндөр насны тэтгэвэрт, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух,

урьд Ардын армийн шүүхийн 1977 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 174 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 191 дүгээр зүйлийн б-д зааснаар 5 жилийн хорих ял шийтгүүлж, 1980 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 1 жил 6 сар 15 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогт Дуламсүрэнгийн Ш /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Д.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 23А байрны 31 тоотод иргэн П.Бийг “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар гар, хэвлий, хөл хэсэгт нь хутгаар зүсэх зэргээр онц харгис хэрцгийгээр зодож, биед нь баруун гарын сарвуу, эрхий хуруу, алга, хэвлий, зүүн хөлийн шарх, цээж аюулхай, хэвлий, баруун зүүн хацар, дээд уруул, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн шанаанд цус хуралт бүхий гэмтэл учруулсан буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 8 дугаар сарын 15-нд найз Бтэй уулзаад архи уусан. Согтсон байсан. Би орой хүүхэд нь манайд ирэхэд хэргийн талаар мэдсэн. Хохирогчид тусалж дэмжиж байсан. Гэм буруугаа ойлгож уучлалт гуйсан, гэмшиж байгаа. Би уг гэмтлийг учруулсан, болсон явдлыг санахгүй байна. 2 сая гаран төгрөгийн хохирол төлсөн. Улсын яллагчийн санал болгосон ялыг зөвшөөрч байна” гэв.

 

Эрүүгийн 2008000001252 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч П.Бийн: “2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 11 цагийн үед ...Ш бид хоёр архи авч уухаар тохироод, дэлгүүрээс 0,5 литрийн архи аваад, 12 цагийн орчимд манай гэрт ороод, авсан архиа өмнө нь хамт ажиллаж байсан үеэ ярьж хувааж уусан. Би тасарчихсан байна лээ, 20 цагийн орчимд ухаан орсон. Ухаан ороход том өрөөний хивс хэсэгхэн газарт цус болчихсон, миний баруун гарын ар талын хэсэг, зүүн шилбэний хэсэг, цээжний хэсэг зэрэг газруудад зүсэгдсэн, нүүрний хэсэгт шалбарсан, хүзүүний хэсэгт улайсан байсан. Би хүүхэд рүүгээ залгаад “хүнд хутгалуулчихсан байна” гэхэд удахгүй хүү Эрдэнэбаатар ирсэн. Түргэн ирээд намайг Гэмтлийн эмнэлэгт хүргэсэн. Би 2014 онд ходоодны хорт хавдар болоод ходоодоо авахуулж байсан. Түүнээс хойш архи уухаараа шингээж чадахгүй, маш амархан согтчихдог болчихсон. Миний биед учирсан гэмтлүүдийг хэн, хэрхэн яаж учруулсан болохыг үнэхээр санахгүй байна. Ш миний биед учруулсан болов уу гэж бодож байна. Ш бид хоёр л манай гэрт архи уусан. Надад сүртэй эмчилгээний зардал гараагүй. Цаашид найздаа ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-17-18/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.08.18-ны өдрийн 9467 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. П.Бийн биед баруун гарын сарвуу, эрхий хуруу, алга, хэвлий, зүүн хөлийн шилбэнд шарх, цээж, аюулхай, хэвлий, баруун зүүн хацар, дээд уруул, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн шанаанд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх “баруун гарын сарвуу, эрхий хуруу, алга, хэвлий, зүүн хөлийн шилбэнд шарх, цээж, аюулхай, хэвлий, баруун зүүн хацар, дээд уруул, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн шанаанд зулгаралт” гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, бусад хүзүүний цус хуралт, зулгаралт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 6. Дээрх гэмтлүүдийг өөрөө өөртөө учруулах боломжгүй” гэжээ /хх-44-45/,

Гэрч Б.Эрдэнэбаатарын: “...Манай аав Б 2020 оны 8 дугаар сарын 15-ны 22 цагийн үед согтуу яриад “чи гэрт хүрээд ир, аав нь цус алдаад үхэхнээ” гэж хэлсэн. ...Би 22 цаг 30 минутанд ирэхэд аав буйдан дээр хэвтэж байсан. Том өрөөний хивс, буйдан цус болсон байсан. Би ааваас юу болсон талаар асуухад “найз Шинээ намайг хутгалсан” гэсэн. “Хаана чинь хутгалсан юм бэ” гэж асуухад баруун хөлийн булчингаа үзүүлэхэд нэг газар нилээн гүнзгий зүссэн, өөх мах нь харагдаад 7-8 см орчим газар зүсэгдсэн, шархнаас нь цус гоожсон байсан. Мөн зүүн гарын эрхий хурууны ар хэсэгт 10 мм орчим газар арьс нь зүсэгдсэн цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-20-21/,

Шүүгдэгч Д.Шийн яллагдагчаар өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ...12 цаг өнгөрч байх үед Б бид хоёр 0,5 литрийн нэг шил архи дэлгүүрээс аваад, Бийн гэрт ороод архиа хувааж уугаад, дахин 0,5 литрийн нэг шил архи хувааж уусан. Уг архийг ууж байхад Б нилээн согтсон. Над руу “би мөнгө их олдог хүн, чи Солонгос улсад очиж ажиллаад мөнгө хураадаг, гэхдээ л би чамаас их мөнгө олдог хүн шүү” гээд дахин дахин яриад, онгироод баахан хорон юм яриад миний уурыг хүргээд байсан. Тэгэхээр нь “чи ер нь яах гээд нэг юмаа олон дахин ярьж баярхаад байгаа юм” гэж хэлээд Бийг заамдсан. Б бас намайг заамдахаар нь би ширээний доод талын тасалгаанд байсан нэг жижиг хутгыг аваад Бийн баруун гар хэсэгт өнгөц зүссэн. Б намайг тавихгүй байхаар нь зүүн хөлнийх нь шилбэ хэсэгт хутгаар бас нэг удаа зүссэн. Тэгэхэд Б намайг боохоо больсон. Б “чи муу гуйлгачин миний эмчилгээний төлбөрийг өгч чадах юм уу” гэхээр нь уур хүрээд Бийн цээж хэсэгт хутгаараа зүссэн. Б миний хутга барьсан гарыг бариад хутгыг авах гэхээр нь би “Б хутгыг булааж аваад намайг зөрүүлээд хутгалчихаж магадгүй” гэж бодоод хутгаа өгөхгүй гэж эсэргүүцэж бид хоёр хэсэг зуур зууралдаж байгаад салсан. Тэгээд би Бийн гэрээс гарч 18 цагийн үед гэртээ очсон. 23 цаг өнгөрч байхад гэрт Бийн хүү Эрдэнэбаатар цагдаагийн хамт ирээд намайг Бийг хутгалсан байна гээд эрүүлжүүлсэн. Санамсаргүй байдлаар дээрх үйл явдал болох явцад надад Бийг алах ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Дээрх үйлдлүүдийг хийж байхдаа би “за хүн алж болохгүй шүү” гэж бодож, Бийн биеийн хэсгүүдэд хутгаар өнгөц зүссэн. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Бийг боолтоо солиулах болгонд би хамт явж, мөнгийг нь өгч байсан. Цустай хивс хэрэглэхгүй гэхээр нь 1.015.000 төгрөгөөр хивс авч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-57-60/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, дуудлагын лавлагааны хуудас /хх-3/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-8/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-10/, шинжээчийн 2020.08.25-ны өдрийн 3588 дугаар дүгнэлт /хх-37-38/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-64/, эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа /хх-63/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-65/, тэтгэврийн дэвтрийн хуулбар /хх-66/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа /хх-68/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-69/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг уншиж,

эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 0,5 литрийн “Хараа” архины шил, 19 см урттай, хар иштэй  хутгыг шүүгдэгчээр таниулж тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Ш согтуурсан үедээ 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 23А байр, 31 тоотод хохирогч П.Бийг таарамжгүй харилцааны улмаас хутгаар зүсэж, биед нь баруун гарын сарвуу, эрхий хуруу, алга, хэвлий, зүүн хөлийн шарх, цээж аюулхай, хэвлий.баруун зүүн хацар, дээд уруул, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн шанаанд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч П.Бийн “...Ш бид хоёр архи хувааж уусан. ...Ухаан ороход гэрийн том өрөөний хивс хэсэгхэн газарт цус болчихсон, миний баруун гарын ар талын хэсэг, зүүн хөлний шилбэний хэсэг, цээжний хэсэг зэрэг газруудад зүсэгдсэн, нүүрний хэсэгт шалбарсан, хүзүүний хэсэгт улайсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-17-18/, шүүх эмнэлгийн 9467 дугаар “1. П.Бийн биед баруун гарын сарвуу, эрхий хуруу, алга, хэвлий, зүүн хөлийн шилбэнд шарх, цээж, аюулхай, хэвлий, баруун зүүн хацар, дээд уруул, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн шанаанд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх “баруун гарын сарвуу, эрхий хуруу, алга, хэвлий, зүүн хөлийн шилбэнд шарх, цээж, аюулхай, хэвлий, баруун зүүн хацар, дээд уруул, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн шанаанд зулгаралт” гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, бусад хүзүүний цус хуралт, зулгаралт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-44-45/, гэрч Б.Эрдэнэбаатарын “...Том өрөөний хивс, буйдан цус болсон байдалтай байсан. Би ааваас юу болсон талаар асуухад “найз Шинээ намайг хутгалсан” гэсэн...” гэх мэдүүлэг /хх-20-21/, шүүгдэгч Д.Шийн яллагдагчаар өгсөн “...Б бид хоёр архи уусан. ...хутга аваад Бийн баруун гар хэсэгт өнгөц зүссэн. ...зүүн хөлнийх нь шилбэ хэсэгт хутгаар бас нэг удаа зүссэн, цээж хэсэгт өнгөц зүссэн...” гэх мэдүүлэг /хх-57-60/, дуудлагын лавлагааны хуудас /хх-3/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-8/, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 0,5 литрийн “Хараа” архины шил, 19 см урттай, хар иштэй хутга зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Шийн хохирогч П.Бийг хувийн таарамжгүй харилцааны улмаас олон удаагийн үйлдлээр хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч П.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Цаашид найздаа ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-17-18/, түүнчлэн хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн төдийгүй тодорхой үнийн дүн бүхий хохирлыг нөхөн төлсөн болохыг тус тус харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ш согтуурсан үедээ хохирогч Бийг хутгаар зүсэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй. Түүнчлэн 64 настай тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй. 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “600.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ таарамжгүй харилцааны улмаас зэвсэг буюу хутга хэрэглэн, олон удаагийн үйлдлээр онц харгис хэрцгийгээр хүний эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, тодорхой хэмжээгээр хохирол төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /64 настай, өндөр насны тэтгэвэрт байдаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Шийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /өндөр насны тэтгэврийн орлоготой/-ийг үндэслэн шүүгдэгч Д.Шийг 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 0,5 литрийн “Хараа” архины шил, 19 см урттай, хар иштэй хутга зэргийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ш цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Дуламсүрэнгийн Шийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Шийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Шийг 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 0,5 литрийн “Хараа” архины шил, 19 см урттай, хар иштэй хутга зэргийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ш цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Шд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР