Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 1177

 

 

                            

 

 

 

хан амарсан уу

      2020        11           11                                     2020/ШЦТ/1177       

 

-                                         

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Б.Чинзориг,

шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Д.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2003004470381 дүгээр хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Барс” зах дээр ачигч ажилтай гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Номгон овогт Дамдинсүрэнгийн А /РД: /.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Д.А нь 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, “Харз” караокены баруун замд “Хьюндай Грейс” маркийн 82-22 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг... ...согтууруулах ундаа... ...хэрэглэсэн... ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч А.Тогоохүүг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Мөнхбаяр, түүний найз бид нар Баянхошууны эцэст архи уусан. Мөнхбаярыг хүргэж өгөх гэж яваад хохирогчийг мөргөсөн. Би өөрөө цагдаа, эмнэлэг дуудсан. Хохирогч машины урдуур гэнэт гүйгээд ирсэн. Гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байна. Архи дарс хэрэглэхгүй, хэрэгт холбогдохгүй гэдгээ амалж байна” гэв.

 

Эрүүгийн 2003004470381 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч А.Тогоохүүгийн: “2020 оны 8 дугаар сарын 26-ны 13 цагийн үед гэрээсээ гараад явж байсан. Тухайн үед би зорчих хэсгийн ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт зам хөндлөн гарсан. Би машин ирж байгааг харалгүй шууд гарсан. Тэгтэл миний зүүн талаас нэг зүйл ирээд мөргөөд газарт унагаасан. Би шоконд ороод юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд Гэмтлийн эмнэлэгт ирчихсэн байсан. Дунд чөмөг хугарсан гээд шууд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Би тухайн үед зам хөндлөн гарахдаа авто машин ойртон ирж байгааг хараагүй. Миний эмчилгээнд жолооч талаас 2.100.000 төгрөгийн хохирол барагдуулсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-20-22, 23-24/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.09.08-ны өдрийн 10029 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.А.Тогоохүү-н биед зүүн дунд чөмөгт ясны дунд хэсгээр бяцарсан зөрөөтэй далд хугарал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, хөмсөг, зүүн хацар, баруун зүүн сарвуу, зүүн шуунд зулгаралт, хүзүү, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-61-63/,

Гэрч Б.Мөнхбаярын: “2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянхошууны эцэс дээр явж байтал 10 гаран жилийн өмнө надтай хамт микронд явдаг байсан, нэрийг нь сайн мэдэхгүй, зүс таньдаг залуутай тааралдсан. Тухайн үед тэр залуу микро автобустай явж байсан. Саяхан 3 хоногийн өмнө А гэдэг нэртэй байсныг мэдсэн. Надтай хамт нэг залуу хамт явж байсан. Машин дотор нэг шил архи байхаар нь бид гурав юм ярьж суунгаа хувааж уугаад дуустал надтай хамт явж байсан залуу “би явлаа” гээд явсан. Машины жолооч Атай би үлдсэн. Би машиныг нь сонирхоод “ямар гоё микро автобустай юм, машиныг чинь үзье” гэсэн. Тэгтэл “Жанцан орчихоод ирье” гээд хөдлөөд явсан. Баруун гар талаас нэг охин машины цаагуур гэнэт гараад ирсэн. А тоормос гишгэсэн боловч нөгөө охин тулаад гэнэт машины цаанаас гарч ирсэн учир машин зогсож амжилгүй нөгөө охиныг мөргөөд газарт унагаасан. А буугаад нөгөө охин дээр очиж байсан. Би тухайн үед шоконд ороод айгаад, шууд яваад өгсөн. Осол болох үед явган зорчигч явган хүний гарц, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан. Осол болох үед жолооч А согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-48-49/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2020.09.08-ны өдрийн 76330 дугаар дүгнэлтэд: “1. Hyundai маркийн Grace загварын 8222УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд урд шил их хэмжээтэй хагарч цөмөрсөн, урд нүүр баруун талдаа хонхойсон зэрэг эвдрэл гэмтэлтэй байгаа. 3. Энэхүү тээврийн хэрэгслийн урд шил их хэмжээтэй хагарч цөмөрсөн, урд нүүр баруун талдаа хонхойсон зэрэг эвдрэл гэмтэлтэй уг зам тээврийн ослын үед үүссэн ба энэхүү зам тээврийн осолд нөлөөлөх эвдрэл гэмтэлгүй болно...” гэжээ /хх-69-73/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2020.10.30-ны өдрийн 178 дугаар магадлагаанд: “1. “Hyundai grace” маркийн 82-22 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох:” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 2. Явган зорчигч А.Тогоохүү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно. а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, 5.8. Замын дагуу үзэгдэлт халхалсан саад, зогсож байгаа тээврийн хэрэгслийн дэргэдүүр зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа эсэхийг магадлан мэдсэн байвал зохино” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэжээ /хх-77-78/,  

Шүүгдэгч Д.Аын яллагдагчаар өгсөн: “2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ээлжийн ажил дээрээ хоноод нэг шил архи уусан. Өглөө 10 цаг өнгөрч байхад гэр лүүгээ явсан. Тухайн үед миний архи гарчихсан байсан. Баянхошууны эцэс дээр явж байгаад 14-15 жилийн өмнө хамт шугаманд явдаг байсан нэг хүнтэй тааралдсан. Тэр хоёр “ганц юм уух уу” гэж асуухаар нь “гэрийнхээ хажууд ирчихсэн юм чинь тэгье” гээд би хавтгай шилтэй нэг шил 100 гр архи уусан. Нөгөө хоёр 0,5 литрийн архи хувааж уусан. Хамт ажилладаг байсан залуу “чи ямар гоё машин авсан юм бэ, хөдөлгөж үзье” гэсэн. Би машинаа бариад Баянхошууны эцсийн буудлаас урагшаа дөнгөж хөдлөөд 100 гаран метр явж байтал зорчих хэсэг дээр нэг машин, хажууд нь явган хүний зам дээр дахиад нэг машин зогсож байсан. Би урд байгаа машинаа гүйцэж түрүүлээд эгнээндээ ороод толиндоо хойшоо хараад буцаад урагшаа харах үед замын хажууд явган хүний зам дээр зогсож байсан нэг эмэгтэй машины урдуур гэнэт гүйгээд гараад ирсэн. Би шууд тоормос гишгэсэн боловч тулаад ирчихсэн байсан учир машин зогсож амжилгүй нөгөө хүнийг мөргөөд газарт унагаасан. Би машинаас бууж ирээд нөгөө хүн дээр очтол газарт хэвтчихсэн зүүн гуя хэсгээ бариад “ёоё” гээд уйлаад байсан. Мөн хамраас нь бага зэрэг цус гарсан байсан. Би шууд 103 болон 102-луу дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-86-89/,

зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-10/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “Д.А гэх хүнийг драйгер багаж ашиглан шалгахад 1,08% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэх тэмдэглэл /хх-12/, жолоодох эрхийн лавлагаа /хх-95/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-96/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-97/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хх-98/, эд хөрөнгө бүртгэлтэй байсныг шилжүүлсэн лавлагаа /хх-99/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-100/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа /хх-101/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-103/, шүүгдэгчийн хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-109/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.А согтуурсан үедээ 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, “Харз” караокены баруун замд “Hyundai Grace” маркийн 82-22 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон улмаар гарцгүй газраар зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа эсэхийг магадлан шалгалгүйгээр замын зорчих хэсэг рүү орсон явган зорчигч хохирогч А.Тогоохүүг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч А.Тогоохүүгийн “...Тухайн үед би машин ирж байгааг харалгүй шууд зам хөндлөн гартал миний зүүн талаас нэг зүйл ирээд мөргөөд унагаасан...” гэх мэдүүлэг /хх-20-22/, шүүх эмнэлгийн 10029 дүгээр “1. А.Тогоохүү-н биед зүүн дунд чөмөгт ясны дунд хэсгээр бяцарсан зөрөөтэй далд хугарал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, хөмсөг, зүүн хацар, баруун зүүн сарвуу, зүүн шуунд зулгаралт, хүзүү, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-61-63/, гэрч Б.Мөнхбаярын “...Бид гурав архи хувааж уусан. Нэг охин машины цаагуур гэнэт гараад ирсэн. Машины жолооч А тоормос гишгэсэн боловч тулаад гэнэт машины цаанаас гарч ирсэн учир машин зогсож амжилгүй нөгөө охиныг мөргөөд унагаасан...” гэх мэдүүлэг /хх-48-49/, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 76330 дугаар “1. Hyundai маркийн Grace загварын 8222УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд урд шил их хэмжээтэй хагарч цөмөрсөн, урд нүүр баруун талдаа хонхойсон зэрэг эвдрэл гэмтэлтэй байгаа...” гэх дүгнэлт /хх-69-73/, шүүгдэгч Д.Аын яллагдагчаар өгсөн “...эмэгтэй хүн гүйгээд гараад ирсэн. Би шууд тоормос гишгэсэн боловч тулаад ирчихсэн байсан учир машин зогсож амжилгүй нөгөө хүнийг мөргөөд унагаасан...” гэх мэдүүлэг /хх-86-89/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-10/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “Д.А гэх хүнийг драйгер багаж ашиглан шалгахад 1,08% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэх тэмдэглэл /хх-12/, мөрдөгчийн магадлагаа /хх-7-78/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Аын согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, явган зорчигчийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч Д.Аыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Тогоохүүгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Надад жолооч талаас 2.100.000 төгрөгийн хохирол барагдуулсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-23-24/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч А нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Бусдад төлөх төлбөргүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Гэм буруугаа ойлгож байгаа. Ялыг хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Д.А “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ (1,08 промилли), хохирогчийн зүй бус үйлдэл буюу замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарсан, замын дагуу үзэгдэлт халхалсан саад, зогсож байгаа тээврийн хэрэгслийн дэргэдүүр зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа эсэхийг магадлан шалгаагүй зам хөндлөн гарснаас гэмт хэрэг үйлдэгдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан, хохиролд 2.100.000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирлыг төлсөн” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэр бүлийн байдал/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, улсын яллагчийн дээрх саналаас эрүүгийн хариуцлагын хэмжээг багасгаж буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэж шийдвэрлэлээ.    

Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналаас “сургуулиа өөрчлөхдөө мэдэгдэх...” үүрэг хүлээлгэх, “мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэснийг тэмдэглэж байна.           

Шүүгдэгч Д.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Аын жолоочийн 437282 дугаар үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч Д.А цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Номгон овогт Дамдинсүрэнгийн Аыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Аыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Д.Ат тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.А тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ат оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Аын жолоочийн 437282 дугаар үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч Д.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР