Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/364

 

2020        11          17                                               2020/ШЦТ/364

                                   

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгч Х, Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............ овогт Б, ............... овогт Х нарт холбогдох эрүүгийн 2021003680377 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны  өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, хувиараа барилга засварын ажил эрхэлдэг, ам бүл 3, дүү, дүүгийн хүүхдийн хамт ................................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ............... овогт Б /РД: ..................../.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ......................................тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн шүүхийн 1992 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дорнод аймгийн 8-р хэсгийн ардын шүүхийн 1993 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 124 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж байсан, ............. овогт Х /РД: ................./.

Шүүгдэгч Б нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Бунханы ******* тоотод 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн орой 21 цагийн орчимд согтуугаар хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Хтай зодолдож, улмаар түүний зүүн нүдний дээд зовхи, зүүн чихний дэлбээ, хүзүү, баруун гуянд цохиж, хутгаар зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Х нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Бунханы ******* тоотод 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн орой 21 цагийн орчимд согтуугаар хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Бтай зодолдож, улмаар түүний хэвлий рүү хутгаар 1 удаа хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

            Шүүгдэгч Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

            Х мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...2020 оны 06 дугаар сарын 07-ны орой халамцуу явж байхдаа дээд давхарын хөрш Бтай таарсан юм. Тэгээд бид хоёр тэдний гэр рүү орсон. Орой 21 цагийн үед архиндаа нэлээн согтсон. Тухайн үед Б намайг “Чи ийм гартай шавар зуурч чадах уу” гэх мэтээр доромжлоод байсан. Бид хоёр бие биенийхээ үгийг даахгүй муудалцаж маргасан бөгөөд нэг мэдэхэд Б миний дээр гарчихсан нүүрэнд маань цохиж байсан. Нүүр маань цус болчихсон байсан. Б ногоон өнгийн бариултай заазуур барьчихсан миний баруун гуяыг зүссэн. Тэгэхээр нь би цусаа гоожуулаад доошоо 2 давхарт бууж гэр рүүгээ ороод аяганы шүүгээнд байсан хүрэн өнгийн хутгыг аваад Бн гэрийн хаалгыг тогшиход Б хаалга нээхээр нь хэвлий рүү нь 1 удаа хатгаж дүрсэн...” гэжээ. /хх-ийн 24-26/

            Б мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...2020 оны 06 дугаар сарын 07-ны орой 20 цагийн орчимд би Хэрлэн сумын 1 дүгээр баг Бунханы ******* тоотод өөрийн гэртээ найз Хын хамт нэг шил архи уусан бөгөөд бид хоёр архи ууж байгаад 21 цагийн үед нэлээд согтож муудалцсан юм. Тухайн үед Х гараа гэмтээчихсэн байсан бөгөөд би түүнд “Чи ийм гартай байж шавар зуурч чадах юм уу, ажил хийж чадахгүй байж” гээд агсан тавьчихсан юм. Түүнд Х гомдоод надтай хэрэлдсэн. Сүүлдээ хэрүүл хурцдаад том өрөөнд дээр доороо ороод зодолдсон. Тэр үед би Хын хаана хэдэн удаа цохисноо мэдэхгүй байна. Тэгээд зодолдож байхдаа гал тогооны өрөөний шүүгээн дотроос ногоон бариултай заазуур аваад Хын баруун гуянд нэг удаа хатгаж зүссэн. Тэр үед дүү ******* бид хоёрыг загнаж салгаад Хыг гэрээсээ хөөж гаргасан. Түүнээс хойш 2 минутын дараа манай хаалгыг чанга нүдэхээр нь хаалгаа нээхэд Х маслоны хутга шиг жижигхэн хутгаар миний гэдэс рүү нэг удаа хатгах шиг болсон...” гэжээ. /хх-ийн 19-21/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 443 тоот дүгнэлтэд:                       

1. Хын биед зүүн нүдний дээд зовхи, зүүн чихний дэлбээ, хүзүү, баруун гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 36-37/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 446 тоот дүгнэлтэд:                       

1. Бгийн биед хэвлийд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 39-40/

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16/

Гэрч Ш.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 27-28/

Хын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-49/

Бгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-52/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 35/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54, 68/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар ногоон өнгийн хуванцар бариултай төмөр заазуур 1 ширхгийг шинжлэн судлав.

                       

Шүүгдэгч ..............овогт Б, ............... овогт Х нар нь 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Бунханы ******* тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож, шүүгдэгч Б нь Хын биед зүүн нүдний дээд зовхи, зүүн чихний дэлбээ, хүзүү, баруун гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл, шүүгдэгч Х нь Бгийн хэвлийд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл буюу тус тусын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлсэн Хын “...Бид хоёр бие биенийхээ үгийг даахгүй муудалцаж маргасан бөгөөд нэг мэдэхэд Б миний дээр гарчихсан нүүрэнд маань цохиж байсан. Нүүр маань цус болчихсон байсан. Б ногоон өнгийн бариултай заазуур барьчихсан миний баруун гуяыг зүссэн. Тэгэхээр нь би цусаа гоожуулаад доошоо 2 давхарт бууж гэр рүүгээ ороод аяганы шүүгээнд байсан хүрэн өнгийн хутгыг аваад Бн гэрийн хаалгыг тогшиход Б хаалга нээхээр нь хэвлий рүү нь 1 удаа хатгаж дүрсэн...” гэх, Бгийн “...хэрүүл хурцдаад том өрөөнд дээр доороо ороод зодолдсон. Тэр үед би Хын хаана хэдэн удаа цохисноо мэдэхгүй байна. Тэгээд зодолдож байхдаа гал тогооны өрөөний шүүгээн дотроос ногоон бариултай заазуур аваад Хын баруун гуянд нэг удаа хатгаж зүссэн. Тэр үед дүү ******* бид хоёрыг загнаж салгаад Хыг гэрээсээ хөөж гаргасан. Түүнээс хойш 2 минутын дараа манай хаалгыг чанга нүдэхээр нь хаалгаа нээхэд Х маслоны хутга шиг жижигхэн хутгаар миний гэдэс рүү нэг удаа хатгах шиг болсон...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 443, 06 дугаар сарын 16-ны өдрийн 446 тоот дүгнэлтүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Ш.*******ийн мэдүүлэг, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Б, Х нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Хын үйлдлийн улмаас Бгийн, шүүгдэгч Бгийн үйлдлийн улмаас Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 443 тоот, 06 дугаар сарын 16-ны өдрийн 446 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Х, Б нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х, Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч тус бүрт 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж  дүгнэлээ.  

Мөрдөн шалгах ажиллагаанд Х “...Би хохирогч Бтай уулзаж уучлалт гуйж хоорондоо эвлэрсэн. Би түүний БОЭТ-д хэвтэж эмчилгээ хийлгэсэн  90,000 төгрөгийг төлж барагдуулсан. Надаас өөр мөнгө нэхэмжлээгүй...” гэж, Б “...хэрэг явдал болсны дараа бид хоёр уулзаж уучлалт гуйж хоорондоо эвлэрсэн. Би түүнд 50,000 төгрөг өгсөн. Бид хоёр адилхан нэг нэгнийгээ гэмтээчихсэн учраас хэн хэнээсээ илүү дутуу мөнгө нэхээгүй...” гэж яллагдагч, хохирогчоор тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгч нар нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн хуванцар бариултай заазуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтоож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ............... овогт Б, ............... овогт Х нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б, Х нарт тус бүр 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б, Х нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн хуванцар бариултай заазуур 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Х, Б нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ПАГМА