Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/365

 

2020        11         17                                              2020/ШЦТ/365                           

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн 

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................ овогт Дд холбогдох 2021000000407 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ....................................тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 213 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 280 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ................... овогт Д /РД: ................/.

 

Шүүгдэгч Д нь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 12-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Чойбалсангийн ******* тоотод хохирогч Х.У-ыг зодож эрүүл мэндэд нь эрүүний ясны баруун талын үений сэртэн, баруун хоншоорын хөндийн ар хананы цөмөрсөн хугарал, духанд шарх, баруун зовхи, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй” гэв. 

Хохирогч Х.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Э, Г нартай архи ууж байгаад Хэрлэн сумын 2 дугаар баг Чойбалсангийн ******* тоотод буюу ******* гэх өвгөний гэрт нь очиж үргэлжлүүлж архи уусан. Ингээд ууж байгаад архиндаа согтоод унтсан байсан. Нэг мэдэхэд өвгөний гэрт газарт унасан дээрээс толгой руу өшиглөөд байсан. Тэрнээс хойш ямар нэгэн зүйл санахгүй байна. ...Одоо мэдэгдэж байгаагаар миний нүдний доод талын яс цөмөрсөн мөн баруун талын эрүүний яс хугарсан, хамрын яс хугарсан байсан...” гэжээ. /хх-ийн 9/

Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед У нь унтаж байсан. Ингээд байж байхад Д нь У-ын хажуугаар хэвтэх үедээ ******* нь босож ирээд Дын толгой руу нь нэг удаа цохисон. Харин тэр үед Д нь У-ыг газарт унагаагаад нүүр рүү нь өшиглөөд байсан. Тэр үед би хорих гээд дийлэхгүй байсан юм...” гэжээ. /хх-ийн 13/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 12029 тоот дүгнэлтэд:

1. Х.У-ын биед эрүү ясны баруун талын үений сэртэн, баруун хоншоорын хөндийн ар ханын цөмөрсөн хугарал, духанд шарх, баруун зовхи, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, шанаанд зулгаралт, зүүн шуунд өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 22-23/

 

Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Хөгшин ахтай архиа хувааж ууж байгаад унтахаар Улсаа ахын хажууд хэвтэх үед Улсаа ах босч ирээд намайг гараараа зүүн нүд орчимд нэг удаа цохисон. Би босч ирээд зөрүүлээд нүүр рүү нь нэг удаа цохиход газарт унасан бөгөөд үргэлжлүүлээд нүүр рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Энэ үед айлын эзэн хөгшин ах салгасан...” гэжээ. /хх-ийн 30-31/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 6-7/

Дын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 32/

Хэрлэн сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 33, 34/

Хохирогчийн бичгээр гаргасан тайлбар /хх-ийн 49/

Хохирлын баримтууд /хх-ийн 50-59/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч............... овогт Д нь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Чойбалсангийн ******* тоотод хохирогч Х.У-ыг зодож эрүүл мэндэд нь эрүүний ясны баруун талын үений сэртэн, баруун хоншоорын хөндийн ар хананы цөмөрсөн хугарал, духанд шарх, баруун зовхи, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн ”...Би босч ирээд зөрүүлээд нүүр рүү нь нэг удаа цохиход газарт унасан бөгөөд үргэлжлүүлээд нүүр рүү нь 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Х.У-ын “...Нэг мэдэхэд өвгөний гэрт газарт унасан дээрээс толгой руу өшиглөөд байсан. Тэрнээс хойш ямар нэгэн зүйл санахгүй байна. ...Одоо мэдэгдэж байгаагаар миний нүдний доод талын яс цөмөрсөн мөн баруун талын эрүүний яс хугарсан, хамрын яс хугарсан байсан...” гэх, гэрч Х.Б-ын “...Ингээд байж байхад Д нь *******ын хажуугаар хэвтэх үедээ ******* нь босож ирээд Дын толгой руу нь нэг удаа цохисон. Харин тэр үед Д нь У-ыг газарт унагаагаад нүүр рүү нь өшиглөөд байсан...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 12029 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Д нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Дын үйлдлийн улмаас хохирогч Х.У-ын биед эрүү ясны баруун талын үений сэртэн, баруун хоншоорын хөндийн ар ханын цөмөрсөн хугарал, духанд шарх, баруун зовхи, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, шанаанд зулгаралт, зүүн шуунд өнгөц шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 12029 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Дд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Дыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Дын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.У-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь 2.267.270 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь хохирогчид 1.350.000 төгрөгийг төлсөн  бөгөөд үлдэгдэл 917.270 төгрөгийг хүлээн зөвшөөрч нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Даас 917.270 төгрөгийг гаргуулж хохирогч Х.*******т олгох нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч .................. овогт Дыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дд 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Дын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Даас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд нөхөн төлөхөө илэрхийлсэн 917.270 /есөн зуун арван долоон мянга хоёр зуун дал/ төгрөгийг гаргуулж хохирогч .................................. тоотод оршин суух, ............ овогт Х.У /РД: ................./-т олгосугай. 

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Х.У-т 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ....................регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА