Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/368

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн 

Улсын яллагч Б.Төрболд

Шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..................... овогт Мэд холбогдох 2021005840426 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ............................... ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .......................... багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ................ овогт М /РД: .................../.

 

Шүүгдэгч М нь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 29-ний орой 21 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших сумын цэцэрлэгийн хашаан дотор өөрийн эхнэр хохирогч Д.Ц-ийг “хэлэлгүй аймаг явлаа, архи уулаа” гэх шалтгааны улмаас толгой, нүүр, хэвлийн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, газар унагах зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас нэмж ярих зүйлгүй” гэв. 

Хохирогч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ******* сумын багш нартай аймгийн төвд ирж зургаа авхуулахаар болсон. Ингээд 15 цагийн орчимд ******* сумаас гараад Хэрлэн суманд ирээд 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Фокус гэрэл зургийн студи дээр ирээд 18 цагийн орчимд зургаа даруулсан. Улмаар бид нар аймгийн төвд ирсэн юм чинь хоол идье гээд хятад хоолны газар хоолонд орчихоод 20 цагийн үед Хэрлэн сумаас гараад ******* суманд ирсэн. Ирээд 1 дүгээр багт байрлах цэцэрлэгийн хашаа руу алхаад орж байхад нөхөр М өөдөөс гарч ирээд “Хэлэлгүй явлаа чи” гээд миний толгой руу гараараа 2-3 удаа, нуруу руу 1 удаа цохисон. Түүнийг цохих үед би хөл алдаад газар унахдаа зүүн гараа эвгүй болгочихсон. Ингээд бид хоёр хамтдаа гэртээ орсон. Маргааш нь сэрэхэд миний гар хавдаад хөдөлж болохгүй байсан...” гэжээ. /хх-ийн 10-15/

Гэрч Х.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би ээлжтэй байсан ба 20 цагийн орчим гэртээ хоол идчихээд 21 цагийн орчим ажил дээрээ очоод галаа түлчихээд буцаж гараад цэцэрлэгээ тойрч үзчихээд явж байхад ******* аймгаас ирлээ гээд цэцэрлэгийн зүүн хаалган дээр надтай таарсан. Тэгээд байгууллагаа тойрч үзчихээд буцаад өрөөндөө орох гээд явж байхад гэрийнхээ үүдэнд ******* М нар хэрэлдээд зогсож байсан...” гэжээ. /хх-ийн 16-17/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 828 тоот дүгнэлтэд:

1. Д.Ц-ийн биед зүүн шуу ясны зөрөөтэй хугарал, баруун нүдний доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өгзөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх зүүн шуу ясны зөрөөтэй хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 26-27/

 

М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 21 цаг өнгөрөөгөөд сумын төвд байрлах нэгэн айл руу очиж юм өгчихөөд гэр лүүгээ харьсан. Ингээд цэцэрлэгийн хашаагаар ороод ирж байтал манай эхнэр зүүн талаас ирж байгаа харагдсан. Би уурлаад “Чи яагаад хэлэхгүй явсан юм бэ, өөр хүнтэй чатлаад байсан, түүнтэйгээ уулзахаар явлаа” гээд гараараа нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгээд хөлөөрөө түүний бөгсөн тус газарт өшиглөтөл тэр надаас зугтаасан. Ингээд би түүнийг дахин өшиглөөд гараараа цохитол тэрээр газарт унаад гараа эвгүй болгочихсон. Ингээд тэрээр дахин надаас зугтаасан. Тэгтэл цэцэрлэгийн галчаар ажилладаг ******* ирээд бид хоёрыг салгаад хамтдаа манай гэр лүү орсон...” гэжээ. /хх-ийн 32-34/

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 41-44/

Дорнод аймгийн ******* сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 36/

Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 37/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ............ овогт М нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 21 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутагт байрлах  цэцэрлэгийн хашаан дотор хохирогч Д.Ц-ийг “хэлэлгүй аймаг явлаа” гэх шалтгаанаар зодож түүний биед зүүн шуу ясны зөрөөтэй хугарал, баруун нүдний доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өгзөгний цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн ”...гараараа нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгээд хөлөөрөө түүний бөгсөн тус газарт өшиглөтөл тэр надаас зугтаасан. Тэгэхээр нь би түүнийг дахин өшиглөөд гараараа цохитол тэрээр газарт унасан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Д.*******ийн “...“Хэлэлгүй явлаа чи” гээд миний толгой руу гараараа 2-3 удаа, нуруу руу 1 удаа цохисон. Дараа нь татаж унагаад өгзөг болон гэдэс рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Би газраас босоод зугтаах гэж байхад үснээс зулгаагаад олон удаа өшиглөсөн...” гэх, гэрч Х.*******ийн “...байгууллагаа тойрч үзчихээд буцаад өрөөндөө орох гээд явж байхад гэрийнхээ үүдэнд ******* М нар хэрэлдээд зогсож байсан...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 828 тоот дүгнэлт, Мийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч М нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Мийн үйлдлийн улмаас хохирогч Д.Ц-ийн биед зүүн шуу ясны зөрөөтэй хугарал, баруун нүдний доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өгзөгний цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 828 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Мэд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Мийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Мэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Мийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ц-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч М нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .................. овогт Мийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мэд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Мийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ....................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Мэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА