| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/06120/И |
| Дугаар | 5466 |
| Огноо | 2016-10-20 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 5466
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 6 дугаар хороо Нүхт 23 дугаар гудамж 417 тоотод оршин суух, 1962 онд төрсөн 54 настай, Цахар овогт Намжирванчигийн Чулуунбат /РД:УЖ62041011/
Хариуцагч: Баянгол дүүрэг 23 дугаар хороонд байрлах, Бууч гранд ХХК /РД:2786877/
Цалин 1.200.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Чулуунбат, гэрч Ж.Эрдэнэсайхан, Н.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Чулуунбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Бууч гранд ХХК-ийн харуул хамгаалалтын ажилтнаар 2015 оны 07 дугаар сарын 15-наас 2015 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл буюу он дуустал хамгаалагчаар ажилласан. Энэ хугацаанд Баянгол дүүрэг Өргөө кино театрын ард байрлах Ардчилсан намын байрны хамгаалагчаар ажилласан. Сард 10 гараа гарч 1 гарааны цалин 40.000 төгрөгөөр тохирч ажиллуулсан. 2015 оны 07 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацааны цалин 1.200.000 төгрөгийг харуул хамгаалалтын албаны дарга С.Энхбаатар өгсөн. С.Энхбаатар биднийг хариуцан ажиллаж байсан. Түүнээс цалингаа дансаар болон бэлнээр авдаг байсан. 2015 оны 11, 12 дугаар сарын гарааны цалин 800.000 төгрөгийг өгөөгүй. Компанийн захирал Ц.Батболд гэж хүн байдаг боловч биднийг н.Цогоо, С.Энхбаатар нар хариуцан ажиллаж байсан. С.Энхбаатарыг компанийн захирал гэж ойлгож харьцдаг байсан. Бидний хамгаалагчаар ажиллаж байсан хүмүүсийн хэнтэй нь ч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хамгаалалтын албаны дарга С.Энхбаатар бидэнтэй ярьж тохироод ажиллуулж байсан. Миний цалинг өгнө л гэдэг байсан. Шүүхэд 30 гарааны цалин 1.200.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч 2015 оны 11, 12 дугаар сарын цалин 800.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгийг Бууч гранд ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Бууч гранд ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Чулуунбатын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Н.Чулуунбат нь манай компаниас ямар үндэслэлээр 1.200.000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь ойлгомжгүй. Бууч гранд ХХК болон иргэн Н.Чулуунбат нарын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй болно. Бууч гранд ХХК нь харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд иргэн Н.Чулуунбат нь ажил горилж даргад хандсанаар түүнийг туршилтийн журмаар гараанд гаргасан боловч тэрээр ажлын байранд архидан согтуурч зөрчил гаргасан тул тухайн үед шалгалтаар явсан албаны дарга чиг үүргийнхээ хүрээнд шаардлага тавьж түүнийг ажлын байрнаас явуулсан. Компанийн зүгээс түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан тул зөрчил гаргасан хугацаанаас хойш ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардах боломжгүй байсан. Өөрөө ч дахин манай компанид хандаагүй, хэл чимээгүй алга болсон. Нэхэмжлэгч Н.Чулуунбат нь 30 гарааны ажил үүрэг гүйцэтгэсэн гэх тайлбар нь огт үндэслэлгүй. Манай компани туршилтийн журмаар ажиллуулаад тодорхой болзол шаардлага хангаж байгаа тохиолдолд тухайн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулдаг. Гэтэл Н.Чулуунбат нь туршилтын хугацаанд ажил үүрэг гүйцэтгэж байхдаа зөрчил гаргаж, улмаар өөрөө хэл чимээгүй алга болсон атлаа шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй юм. Нэхэмжлэгчийн шаардах эрх хуульд нийцсэн байх ёстой атал Бууч гранд ХХК-иас үндэлэлгүйгээр 1.200.000 төгрөг гаргуулахаар шаардсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Чулуунбат нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч Бууч гранд ХХК-наас цалин 1.200.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 2015 оны 11, 12 дугаар сарын цалин 800.000 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч Н.Чулуунбат нь хариуцагч Бууч гранд ХХК-ийн харуул хамгаалалтын албанд ажиллаж байх хугацаандаа Баянгол дүүрэг Өргөө кино театрын ард байрлах Ардчилсан намын байрны хамгаалагчаар 2015 оны 07 дугаар сарын 15-наас 2015 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд ээлжинд ажиллаж, сард 10 гараа гарч 400.000 төгрөгийн цалин авдаг байсан болох нь түүний тайлбар, Н.Чулуунбатын Хаан банк дахь 5721304550 дугаартай дансанд С.Энхбаатараас 2015 оны 10 дугаар сард 400.000 төгрөг, 11 дүгээр сард 120.000 төгрөг тус тус шилжүүлсэн дэлгэрэнгүй хуулга, шүүх хуралдаанд оролцсон гэрч Н.Батбаяр, Ж.Эрдэнэсайхан нарын “Н.Чулуунбат нь Өргөө кино театрын ард байрлах Ардчилсан намын байрны хамгаалагчаар ажиллаж сард 10 гараа гарч цалин 400.000 төгрөг авдаг байсан. 11, 12 дугаар саруудад хамт ажилласан. Бид 24 гарч 48 амардаг. Хамт хоол ундаа идэж уудаг байсан. Тэр үед С.Энхбаатар цалинг нь авчирч өгч байсан” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Мөн хамгаалагч нар ажил хүлээлцэхдээ рапортын дэвтэр хөтөлж ажил хүлээлцдэг, тэр дэвтрээр Н.Батбаяр, Н.Чулуунбат нар ажлаа хүлээлцэж гарын үсэг зурсан болох нь дэвтэрт үзлэг хийх үед тогтоогдсон болно.
Хариуцагч нь “Н.Чулуунбаттай хөдөлмөрийн харилцаа үүсээгүй. Туршилтын журмаар гараанд гаргасан боловч зөрчил гаргасан тул ажлын байрнаас явуулсан” гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч нь дээрх хугацаанд ажиллаж түүнд цалин олгогдож байсан үйл явдал баримтаар тогтоогдсон, зөрчил гаргасан гэсэн тайлбар нь бичгийн баримтаар нотлогдоогүй, туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, байгууллагын дотоод журамд хэрхэн тусгагдсан талаар баримтгүй тул тайлбар нь үндэслэлгүй.
Хариуцагч Бууч гранд ХХК нь нэхэмжлэгч Н.Чулуунбаттай Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулах, 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй тул түүний ажилласан хугацааны цалинг төлөх үндэслэлтэй.
Иймд хариуцагч Бууч гранд ХХК-иас цалин 800.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Чулуунбатад олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.300 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч Бууч гранд ХХК-нд шүүх хуралдааны тов мэдэгдэх, компанийн гүйцэтгэх удирдлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хүсэлтээр оролцуулахаар албадан ирүүлэх захирамж гарсан боловч шүүхэд хүрэлцэн ирдэггүй, өөрсдийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг удаа дараа ирүүлсэн, нэхэмжлэгч хариуцагчийг оролцуулахгүй шүүх хуралдааныг хийхийг зөвшөөрсөн тул хариуцагч талыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар хариуцагч Бууч гранд ХХК-иас 800.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Чулуунбатад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.300 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Бууч гранд ХХК-иас 23750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Чулуунбатад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА