| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2020/0374/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/370 |
| Огноо | 2020-11-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 2020/ШЦТ/370
2020 11 24 2020/ШЦТ/370
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч С.Алтай
Шүүгдэгч Ба, Бо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............. овогт Ба, ............... овогт Бо нарт холбогдох эрүүгийн 2021005150393 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ..............................тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,................ овогт Ба /РД: ....................../.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эхнэр, хүүхдүүдийн хамт ...........................................тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 241 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, .............. овогт Бо /РД: ........................../.
Шүүгдэгч Ба нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт 2 дугаар баг “Вангийн цагаан уул” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Бо-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Бо нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт 2 дугаар баг “Вангийн цагаан уул” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ба-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ба шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Бо шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Ба мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...Би сумынхаа хүмүүстэй архи уусан байсан бөгөөд сумынхаа Г, Б нарын хамт 2020 оны 08 дугаар сарын 26-ны шөнө 00 цагийн үед юм яриад байж байхад харанхуйд цаанаас 3 хүн ирж яваа харагдсан. Тэгэхээр нь би “хөөе хэн бэ” гэхэд ******* гэж дууддаг манай сумын Бо гэх залуу ирээд хэрүүл өдөөд “чи намайг хэн бэ гэж дууддаг хэн юм” гээд бид нарын ууж байсан халуун савтай цайг авч над руу шидээд миний толгой хэсэгт оносон. ...Тэгсэн Бо намайг заамдаж аваад чирж гулдчаад унаган чамайг ална гэх зэргээр хашгичаад байсан. Тухайн үед хамт явсан ******* гэх залуу бид хоёрыг салгах гээд бараагүй. ...Миний хамарнаас цус гарч гэмтсэн. Мөн зүүн нүдний доод хэсэгт арьс зулгарсан, толгой өвдөж хүзүү хөндүүрлэсэн байсан. ...Надад гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 12/
Бо мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр манай сумын Вангийн цагаан уулын тахилга болсон бөгөөд би шөнө 00 цаг өнгөрөөгөөд ганцаараа явж байсан чинь намайг хочоор минь “Хар *******” гээд дуудсан. Тэгэхээр нь би очиход манай сумын *******, Ба нар байсан ба тэгээд намайг Ба хочоор маань дуудсан байсан бөгөөд би очоод чи яахаараа намайг хочоор минь дууддаг юм гэхэд Ба яадгий гээд бид хоёр барьцалдаж аваад дээр доороо ороод унасан. Тэгээд Ба намайг боогоод толгой хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Мөн хамар хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. ...Миний хамар муруйсан, цээж болон дагзны хэсэг тухайн үед хөндүүрлэж байсан одоо зүгээр. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 14/
Гэрч Т.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Яг юу юу гэж маргалдсаныг санахгүй байна. Тэр хоёр бие биенээ үгээр идээд маргалдаад байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо барьцалдаад заамдалцаад дээр доороо ороод ноцолдоод байсан. Тэнд байсан бид хэд тэр хоёрыг боль бай гэж хэлээд салгах гэж оролдоход үгэнд орохгүй ноцолдоод байсан. Сүүлдээ бид хэд тэр хоёрыг орхисон, дээр доороо ороод газарт хэвтээд ноцолдож байгаад Ба ах босоход Ба ахын зүүн нүдний доод хэсэг нь жоохон язарч цус гарч байсан. Тэгээд тэр хоёр хэрэлдээд зууралдаад байсан. Тэгж байхдаа Бо ах Баийг хавирч унагааж байсан...” гэжээ. /хх-ийн 21-22/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 712 тоот дүгнэлтэд:
1. Бо-ийн биед хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /хх-ийн 30-31/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 676 тоот дүгнэлтэд:
1. Ба-ийн биед хамрын ясны хугарал, зүүн хацрын зүсэгдсэн өнгөц шарх, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хамрын ясны хугарал нь хуучин, зүүн хацрын зүсэгдсэн өнгөц шарх, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал нь шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон хамрын ясны хугарал, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /хх-ийн 34-35/
Гэрч Г.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 23-24/
Гэрч О.О-ын мэдүүлэг /хх-ийн 25-26/
Баийн толгойн компьютер томографийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 36/
Ба-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 45/
Бо-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 46/
Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 47, 53/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51, 57/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч .............. овогт Ба, ...................... овогт Бо нар нь 2020 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутаг “Вангийн цагаан уул” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдож, шүүгдэгч Ба нь Бо-ийн биед хамрын таславчийн муруйлт гэмтэл, шүүгдэгч Бо нь Ба-ийн биед хамрын ясны хугарал, зүүн хацрын зүсэгдсэн өнгөц шарх, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу тус тусын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлсэн Баийн “...Бо гэх залуу ирээд хэрүүл өдөөд “чи намайг хэн бэ гэж дууддаг хэн юм” гээд бид нарын ууж байсан халуун савтай цайг авч над руу шидээд миний толгой хэсэгт оносон. ...Бо намайг заамдаж аваад чирж гулдчаад унаган чамайг ална гэх зэргээр хашгичаад байсан. ...Миний хамарнаас цус гарч гэмтсэн. Мөн зүүн нүдний доод хэсэгт арьс зулгарсан, толгой өвдөж хүзүү хөндүүрлэсэн байсан...” гэх, Г.Болор-Эрдэнийн “...би очиход манай сумын *******, Ба нар байсан ба тэгээд намайг Ба хочоор маань дуудсан бөгөөд би очоод чи яахаараа намайг хочоор минь дууддаг юм гэхэд Ба яадгий гээд бид хоёр барьцалдаж аваад дээр доороо ороод унасан. Тэгээд Ба намайг боогоод толгой хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Мөн хамар хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. ...Миний хамар муруйсан, цээж болон дагзны хэсэг тухайн үед хөндүүрлэж байсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 712, 09 дүгээр сарын 07-ны өдрийн 446 тоот дүгнэлтүүд, гэрч Т.Д, Г.Г, О.О нарын мэдүүлэг, Баийн толгойн компьютер томографийн шинжилгээний дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ба, Бо нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Ба-ийн үйлдлийн улмаас Бо-ийн, шүүгдэгч Бо-ийн үйлдлийн улмаас Ба-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 712 тоот, 09 дүгээр сарын 07-ны өдрийн 676 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Ба, Бо нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ба, Бо нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч тус бүрт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ба, Бо нар нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж яллагдагч, хохирогчоор тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нар нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэдгээрийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ............. овогт Ба, ............ овогт Бо нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ба, Бо нарт тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ба, Бо нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА