| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/2003/Э |
| Дугаар | 2000 |
| Огноо | 2020-12-04 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2000
2020 12 04 2020/ШЦТ/2000
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Н.Гэрэлмаа,
Шүүгдэгч Б.Снарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Е танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогтой Б-н С-д холбогдох эрүүгийн 2006 00000 2851 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.С нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд буудал 45 дугаар гудамжны 2028 тоотод дүү Золзаяагийн найз Б.Жавхлантөгстэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэнд цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.С-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын үед манай охин дүүгийн утаснаас залгахаар нь юу болсон юм бол гэж бодоод авсан. Манай дүү охин гоо сайхны багш хийдэг болохоор таньдаг эгчийндээ хонон гээд явсан байсан. Тэгсэн би дүүгийн чинь найз залуу байна, чи ирэх үү, би ирэх үү гэсэн. Би очъё чи хаана байгаа юм бэ гэхэд 21 дүгээр хороололд хүрээд ирсэн. Би яваад очсон. Тэр залууг танихгүй учраас хайгаад олоогүй. Нэг залуу зам дээр зогсож байхаар нь дөхөж очоод чи надтай утсаар ярьсан хүн мөн үү гэхэд мөн гэсэн. Тэр залуу уусан байсан. Би манай дүү хаана байна гэхэд би дүүг чинь яаж мэдэх юм ийшээ явсан гэхээр нь чи юу яриад байгаа юм бэ чи намайг ирж дүүгээ ав гэсэн биз дээ гэж хэлсэн. Тэр залуу надад би чамайг зодох гэж дуудсан юм гэж хэлсэн. Би чи машинд суу гэхэд суухгүй заамдаад авахаар нь зөрүүлж заамдтал намайг түлхээд би газар унасан. Би босож ирээд хэд цохисон гэхдээ тэгж аймаар цохиогүй. Тэр үед утас дугараад ээж дүүг асуухаар нь дүү байхгүй байна гэхэд тэгвэл найз залууг нь дагуулаад ир гэхээр нь машиндаа суулгаад явсан. Машинд явж байхдаа би тамхи татчих уу гэхэд нь чи тамхи татдаг хэн бэ гээд хэд цохисон. Гэрт ирээд гэр лүү орохгүй байхаар нь би чирч эхэлсэн. Гэрт орж ирээд чанга дугараад аавын даралт ихэсгэчихээр нь би аяархан ярь гэж хэлээд хамар луу нь өшиглөтөл цус гарчихсан. Би цусаа арч гэтэл цамцаа тайлаад өөрөө арчсан” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Хохирогч Б.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай найз охин Б.Золзаяа надтай хамт амьдарч байгаа бөгөөд гэртээ байхаар ээж, ах нар нь дарамтлаад байдаг болохоор надтай цуг гэртээ очихгүй байгаа ... Золзаяагийн ах Сүхбатруу би Золзаяаг аваад очих уу, эвээр уулзаж яръя, надад харин очих боломж байдаггүй гэж хэлсэн ... машинаасаа бууж ирээд чи хэн бэ, чи муу яасан том юм гэж хэлээд намайг заамдсан, тэгэхээр нь би зөрүүлээд заамдсан чинь газар уначихсан. Тэгээд Сүхбат босож ирээд машиндаа чирж намайг суулгасан ... гэрлүүгээ авч явсан бөгөөд машин дотор явж байх үед Сүхбат миний хавирга, нүүр, амруу хэд хэдэн удаа цохисон бөгөөд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Б.Золзаяагийн гэрт ирсэн. Тэгээд намайг гэртээ оруулж байгаад гэрийнхээ үүдэнд ирээд Сүхбат нь хүүхэд авч явдаг чи хэн бэ гэж хэлээд намайг өшиглөж унагаасан бөгөөд гэртээ оруулсан ... гэрт нь ортол Сүхбат ахин зодож эхэлсэн бөгөөд би газар уначихсан байсан ... газарт хэвтэж байх үед хөлөөрөө миний хамарлуу өшиглөсөн ... миний хамар муруйчихсан байна. Зүүн шанаа зулгарсан, хүзүүний зүүн тал зулгарсан, чих хавдсан, хоёр гарын шуу хэсэгт зулгаралт үүссэн байна” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12712 дугаартай “Б.Жавхлантөгсийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, 2 чихний дэлбээ, зүүн зулай, чамархай, хацрын зөөлөн эдийн гэмтэл, цээж мөчдийн цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Б.С-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “Тухайн өдрөөс хэд хоногийн өмнө манай төрсөн дүү гэрээсээ гараад алга болчихсон байсан юм ... Тэгээд би манай дүү охин хаана байгаа юм би аваад явмаар байна чамтай юм ярихгүй гэхэд тэрийг чинь би яаж мэддэг юм ийшээ яваад өгсөн ш дээ гэсэн ... би босож ирээд хөлрүү нь нэг удаа, гарлуу нь нэг удаа цохисон. Тэр залуу тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба хаана байгааг нь хэлэхгүй болохоор нь би машиндаа суулгаад өөрийн дүү охин Золжаргалын байгаа газар буюу 10 дугаар хороололруу авч очсон замдаа тухайн залуу нь тамхи татъя хөөе гээд дуугүй явахгүй болохоор нь 3-4 удаа нүүр хэсэгт цохисон ... гэрт ирээд гэрлүү оруулаад аав, ээж хоёр тухайн залуугаас асуулт асуусан. Тэгээд тэр залуу манай аав, ээж хоёрын үгэнд орохгүй болохоор нь нүүр хэсэгрүү нь нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С-н зүгээс шинээр гаргаж өгсөн хохирол төлбөрийн талаарх 3 хуудас баримт,
Хувийн байдалтай холбоотойгоор
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28 дугаар хуудас/,
Бүрэн дунд боловсролын үнэмлэх /хх-ийн 32 дугаар хуудас/,
Монгол улсын менежер карьерийн институт мэргэшлийн диплом /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн сертификат /хх-ийн 35 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.С нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд буудал 45 дугаар гудамжны 2028 тоотод хохирогч Б.Ж-тэй хувийн таарамжгүй харьцааны улаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт цохих, өшиглөх, унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, 2 чихний дэлбээ, зүүн зулай, чамархай, хацрын зөөлөн эдийн гэмтэл, цээж мөчдийн цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч Б.Ж нь шүүгдэгч Б.Сүхбатын дүү Б.З-тай үерхдэг бөгөөд Б.Ж-с болж дүү охин Б.Золзаяа нь гэртээ ирэхгүй алга болсон гэж үзэж, мөн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн Б.Ж-г Б.З-н хаа байгаа газрыг хэлж зааж өгсөнгүй гэсэн үл ойлголцсон хувийн шинжтэй харилцааны улмаас дээрх гэмт хэрэг үйлдэгджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч Б.С-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.С-с гаргаж өгсөн хохирлын мөнгө шилжүүлсэн баримт, хохирогч Б.Ж-н гомдол саналгүй, хохирлоо хүлээн авсан талаарх хүсэлт зэргийг үндэслэн шүүгдэгч Б.Сүхбатыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.С нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, уг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч Б.С нь гэм буруу дээр маргаагүй болно.
Шүүгдэгч Б.С-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.С-н Наран булаг БЭХЕ констракшн ХХК-д Хөдөлмөрийн аюулгүй байдлын менежер ажилтай, хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.С-н цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сүхбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М овогтой Б-н С-Г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.С-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.С нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.
5. Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ