| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1927/Э |
| Дугаар | 1959 |
| Огноо | 2020-11-09 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 1959
2020 11 09 2020/ШЦТ/1959
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ё танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С овогт Г-н Д-д холбогдох эрүүгийн 2006 03502 2635 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Г.Д нь 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Нэршинэ нь ХАС банкны 5003441835 дугаарын данс руу 900.000 төгрөг шилжүүлэх зорилгоор гүйлгээ хийхдээ андуурч ХАС банкны 5003441838 дугаарын Г.Д-гийн эзэмшлийн данс руу шилжүүлснийг өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж завших сэдэлт төрж, шамшигдуулан, захиран зарцуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Д нь 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Нэршинэ нь ХАС банкны 5003441835 дугаарын данс руу 900.000 төгрөг шилжүүлэх зорилгоор гүйлгээ хийхдээ андуурч ХАС банкны 5003441838 дугаарын Г.Д-гийн эзэмшлийн данс руу шилжүүлснийг өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж завших сэдэлт төрж, шамшигдуулан, захиран зарцуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Д-гийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ. Үүнд:
Шүүгдэгч Г.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас/,
Хохирогч М.Н нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ээж Цэрэннямтай утсаар ярьж таны дансанд нийт хэдэн төгрөг байна вэ гэж асуухад Цэрэнням надад хандаж миний дансанд 840.000 төгрөг байна гэж хэлсэн. Би өмнө нь ээж Цэрэннямын дансруу 900.000 төгрөгөө шилжүүлж байсан болохоор тухайн мөнгө ээжийн дансанд ороогүйг мэдээд Сансарын Е-мартын ХАС банкинд очиж дансаа шүүлгэхэд 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өөрийн 5002658777 данснаас үл таних Ганбаатарын Даариймаа гэх хүний 5003441838 данс руу андуурагдаж миний 900.000 төгрөг шилжиж орсныг мэдсэн ... манай ээж Цэрэннямын данс нь ХАС банкны 5003441835 тоот хугацаатай хадгаламжийн данс байдаг болохоор мөнгө нь хугацаанаас өмнө гарах боломжгүй болохоор миний хийсэн мөнгө ээж Цэрэннямын дансанд ороогүй гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 дугаар хуудас/,
Г.Дгийн ХАС банкны дансны хуулга /хх-ийн 23 дугаар хуудас/,
ХААН банкны дансны хуулга /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Г.Д-гийн мөрдөн байцаалтанд өгсөн “ ... миний ХАС банкны 5003441838 тоот данс руу 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 900.000 төгрөг орсон ... би тухайн үед сонгуулийн ажил хийж байсан болохоор тэр ажлын цалин орсон байна гэж бодсон тэгээд өөрийн ХААН банкны 5100277097 тоот дансруу шилжүүлээд улмаар би 2020 оны 07 сарын ихээр хөдөө хамаатны ахындаа очсон тэгэхдээ аваад зарцуулсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Г.Дариймаагийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч Г.Д-н зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд Г.Дариймаа нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэв.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.Д “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч М.Н-н хохирол 900.000 төгрөг хүлээн авсан, гомдол, саналгүй гэсэн хүсэлт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Г.Д-г бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Да нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонсгосон ял болон ялаас чөлөөлөх саналыг хүлээн зөвшөөрчээ.
Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Г.Д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Г.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ялаас чөлөөлсүгэй.
Шүүгдэгч Г.Д хохирол төлбөрөө төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С овогт Г-н Д-г “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Г.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлсүгэй.
3. Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ