| Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Батчимэг |
| Хэргийн индекс | 121/2019/0007/З |
| Дугаар | 07 |
| Огноо | 2019-03-29 |
| Маргааны төрөл | Бусад, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2019 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 07
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг би Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэн Б.У-н нэхэмжлэлтэй тус сумын Засаг даргад холбогдох “Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 180 дугаарын захирамжид “Б” гэснийг “Н” болгон өөрчлөлт оруулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.У шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний бие нь өөрийн охиныхоо хүүхдийг 2009-09-09-нд төрсний дараа үрчлэн авсан юм. Охин минь ихэр төрж нэг нь 45 хоногтой өвчний улмаас нас барсан. Ингээд ихрийн нэг болох Н нь маш их өвчин ороодог бие муутай хүүхэд байсан юм. Лам хуврагаар явж ирсэн. Нэр нь хүндэдсэн байна гэж 2 ч удаа нэрийг нь сольсон. Ингээд 2012 онд албан ёсоор нэрийг нь Б-г Н болгон өөрчлөн үрчилж авсан. Гэвч Н нэрийг нь солилгүй овог, нэр өөрчлөлтөөр гарсан байна. Одоо уг захирамжийг өөрчлөн Б нэрийг Н болгон үрчлүүлсэн захирамж гаргуулахыг даалгаж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ”...Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтыг үндэслэн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд захирамжийн зарим хэсэгт өөрчлөлт оруулах бүрэн боломжтой гэж үзэж байгаа тул тус нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.У нь “Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 180 дугаартай захирамжийн “Б” гэснийг “Н” болгон өөрчлөхийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргад даалгах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тайлбар, хүсэлтээ тус шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, тус шүүхийн 121/2019/0007/З/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнөөр энэхүү хэргийн оролцогчид уг асуудлаар нэхэмжлэл гаргах, анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 67 дугаар зүйлийн 67.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэн Б.У-н нэхэмжлэлтэй тус сумын Засаг даргад холбогдох “Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 180 дугаартай захирамжийн “Б” гэснийг “Н” болгон өөрчлөхийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 121/2019/0007/З/ дугаарын индэкстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.У-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.У-д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус зааснаар хэргийн оролцогчид нь дээрх асуудлаар дахин нэхэмжлэл гаргах болон энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.