Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2018/1624/З |
Дугаар | 221/МА2022/0535 |
Огноо | 2022-08-03 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2022/0535
2022 оны 06 сарын 15 өдөр |
| Дугаар 221/МА2022/0420 | Улаанбаатар хот |
“ВМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, өмгөөлөгч М.М
Нэхэмжлэгч “ВМ” ХХК
Хариуцагч Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Б, Д.О нар
Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Б-н2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123052 дугаар шийтгэлийн хуудас, гаалийн улсын байцаагч Д.О-н2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123053 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 436 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, Д.М,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхжаргал,
Хариуцагч А.Д.Б, А.Д.Онар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2018/1624/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ВМ” ХХК-аас Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Б, Д.Онарт холбогдуулан “Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Б-н2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123052 дугаар шийтгэлийн хуудас, гаалийн улсын байцаагч Д.О-н2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123053 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 436 дугаар шийдвэрээр:
“...Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1, 1.2, Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 249 дүгээр зүйлийн 249.1, 274 дүгээр зүйлийн 274.1.7, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.3-т заасныг тус тус баримтлан “ВМ” ХХК-ийн гаргасан Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Б-н2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123052 дугаар шийтгэлийн хуудас, гаалийн улсын байцаагч Д.О-н2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123053 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, өмгөөлөгч М.М нараас гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1. Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Б-н2018 оны 10 сарын 31-ний өдрийн 0123052 дугаар шийтгэлийн хуудсын тухайд:
Нэхэмжлэгч анх 2018.11.30-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 3 жил 7 сарын хугацаанд сунжран үргэлжилж буй энэхүү маргаантай захиргааны хэргийг хамгийн сүүлд анхан шатны журмаар хянан шийдвэрлэхэд нэхэмжлэгч талаас дээрх 0123052 дугаар шийтгэлийн хуудсыг шинжээчийн дүгнэлттэй уялдуулан хууль бус гэж үзсэн маш тодорхой 8 багц үндэслэл гарган тавьж маргасан.
... Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх зөвхөн хариуцагчийн хэлсэн тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгчээс нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нотолсон маш олон тооны баримтуудыг шүүхэд гарган өгсөн боловч шүүх эдгээрээс нэгийг нь ч үнэлээгүй, үнэлээгүй талаар дурдаагүй, үндэслэх хэсэгтээ зөвхөн маргаан бүхий захиргааны актыг зөв гэж үзлээ гэснээс өөр үнэлэлт дүгнэлт өгөөгүй байгаа нь шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
3.2. Энэ хэргийг өмнө нь давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.19-ний өдрийн 595 дугаар магадлалын ХЯНАВАЛ хэсгийн 0123052 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд гэсэн хэсэгт “...энэ тохиолдолд шүүх гаалийн байгууллагад мэдүүлээгүй барааны үнийн дүн хууль зүйн үндэслэлтэй тогтоогдсон эсэх талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх "2013-2017 оны санхүүгийн тайлан болон төлбөрийн нэхэмжлэх, гадаад шилжүүлгийн даалгавар зэрэг баримтуудаар тогтоогдож байна” гэж дүгнэснээс өөрөөр нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлүүдэд эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасныг зөрчсөн байна.” гэж дүгнэсэн. Гэтэл сүүлд анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн мөн л энэ алдааг давтан гаргаж 0436 дугаар шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “...бараа бүтээгдэхүүнийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй болох нь “ВМ” ХХК-ийн 2013-2017 оны санхүүгийн тайлан болон төлбөрийн нэхэмжлэх, гадаад шилжүүлгийн даалгавар зэрэг баримтуудаар тогтоогдож байна." гэснээс өөр дүгнэлт хийгээгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасныг зөрчсөн байна.
3.3. Гаалийн байцаагч нарын боловсруулсан гэх нөхөн татвар шийтгэлийн 2014 оны тооцооны өглөгийн эхний үлдэгдэл 68,714.28 евро, эцсийн үлдэгдэл 114,046.83 евро² нь "ВМ" ХХК-ийн 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн дансны өглөгийн эхний үлдэгдэл 102,256.3 мянган төгрөг, эцсийн үлдэгдэл 342,146.6 мянган төгрөгтэй огт таардаггүй бөгөөд хариуцагч эхний болон эцсийн үлдэгдлийг хэрхэн яаж гаргасан нь тодорхойгүй байдаг.
Хариуцагчийн хамгийн алдаатай хийсэн зүйл нь нэхэмжлэгч компанийн тухайн ондоо авсан барааны үнэ тухайн ондоо л бүрэн төлөгдөж дуусах ёстой мэтээр буруу ойлгож гаалиар мэдүүлж авсан барааны төлбөрүүд чухам хэзээ хийгдсэн гэдгийг огт шалгаж тогтоогоогүй байж гаалийн үнээ дутуу мэдүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь нэхэмжлэгч нь өөрийн групп компаниасаа барааг урьдчилан зээлээр худалдан аваад бараа борлуулсныхаа дараа төлбөрөө төлдөг байсан ба одоо ч энэ хэлбэрээр явж байгаа тул тухайн барааны төлбөр 1-3 жилийн дараа төлөгдөж, байнга барааны үлдэгдэл төлбөр, өглөгтэй явж ирсэн. Хариуцагч үүнийг харгалзан үзэлгүй алдаа гаргасан.
3.4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.19-ний өдрийн 595 дугаар магадлалын ХЯНАВАЛ хэсгийн 0123052 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд гэсэн хэсэгт “...Зүй нь нэхэмжлэгч “ВМ" ХХК-ийн гаальд мэдүүлээгүй барааны үнийн дүнг тооцож гаргасан аргачлал буюу тухайн жилд барааны үнэд илүү төлсөн мөнгөн дүнг тухайн барааны нийт үнийн дүнд эзлэх хувийг харгалзан тооцож жил жилийн барааны үнийг өөр өөр хувиар нэмэгдүүлэн барааны нэгж үнийг тодорхойлсон нь эрх зүйн ямар хэм хэмжээтэй нийцэж, ямар хууль, дүрэм журмаар зохицуулагддаг эсэх, улсын байцаагчийн тооцсон өглөгийн эхний ба эцсийн үлдэгдэл нэхэмжлэгч “ВМ" ХХК-ийн санхүүгийн тайлангийн дансны өглөгийн эхний болон эцсийн үлдэгдэлтэй тохирч байгаа эсэх, өмнөх жилүүдэд худалдан авсан барааныхаа үнийг шилжүүлсэн байх боломжтой эсэх, өглөгийн эхний үлдэгдлийг тухайн жилд барааны үнэд шилжүүлсэн төлбөрөөс хасч тооцсоноор дутуу мэдүүлсэн барааны гаалийн дүнг тодорхойлох нь холбогдох хуульд нийцэх эсэх талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангах учиртай гээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар дээрх нөхцөл байдлуудыг тогтоож эрх зүйн дүгнэлт хийхэд зайлшгүй тусгай мэдлэг шаардагдахаар байгааг анхан шатны шүүх анхаарвал зохино." гэж дүгнэсэн.
3.5. Энэхүү хэрэг маргаан өмнө нь давж заалдах шатны шүүхээр 2 удаа болон хяналтын шатны шүүхээр 1 удаа хянагдаж, тооцооллын асуудлыг шинжээч томилж тодруулах шаардлагатай гэж үзсэн байдаг бөгөөд давж заалдах, хяналтын шатны дүгнэлтийн дагуу Монголын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг хөндлөнгийн шинжилгээ хийж 2021 оны 05 сарын 24-ний өдрийн Хараат бус шинжээчийн дүгнэлтийг гаргасан байдаг. Уг дүгнэлтэд нэхэмжлэгч “ВМ” ХХК-ийг гаальд импортоор оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнүүдийг үнэн зөв мэдүүлж орж ирсэн, гаалийн улсын байцаагчийн тооцоолол нь нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн холбоотой талуудын өглөгийг эх сурвалжаа болгосон гэх боловч эх сурвалжтайгаа таарахгүй буюу тооцооллын алдаа гарсан гэдгийг дүгнэсэн байдаг.
3.6. 0123052 дугаар шийтгэлийн хуудас нь 2017 оны Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг үндэслэсэн байдаг ба Зөрчлийн тухай хууль нь 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн хууль юм. Хариуцагч нь "ВМ” ХХК-ийн 2013-2017 онуудын хоорондох гаалиар орж ирсэн бараа бүтээгдэхүүний гаалийн мэдүүлэг, бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийхдээ 2017 онд дагаж мөрдөж эхэлсэн буюу батлагдаагүй байсан хуулийг хэрэглэж, үндэслэж шийтгэлийн хуудсыг гаргасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн Дээрх зөрчлийг дүгнэхдээ хуулийг дордуулахааргүй байх тул хуулийг буцаан хэрэглэж шийтгэл ногдуулсан нь зөв гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
3.7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн "Үндэслэх” хэсэгт “.... “ВМ” ХХК нь 2013 онд 38.469,51 ам.доллар буюу 77.145,704 төгрөг, 2014 онд 23.458,81 ам.доллар буюу 55.922,420 төгрөг, 2015 онд 95,331,50 ам.доллар буюу 208,671,877 төгрөг, 2016 онд 81,132,68 ам.доллар буюу 192,594,944 төгрөг, 2017 онд 110,313,69 ам.доллар буюу 305.314,518 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй болох нь “ВМ” ХХК-ийн 2013-2017 оны санхүүгийн тайлан болон төлбөрийн нэхэмжлэх, гадаад шилжүүлгийн даалгавар зэрэг баримтуудаар тогтоогдож байна” /ШШ-ийн 14-р талын 3 дахь догол мөр/ гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч бараа бүтээгдэхүүнийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй болохыг чухам яг яаж тогтоогдож байгаа, яагаад тогтоогдсон гэж үзэж байгаа талаар шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.
Мөн хариуцагч гаалийн улсын байцаагч Д.Б нь дээрх 2013 онд 38.469,51 ам.доллар буюу 77.145,704 төгрөг, 2014 онд 23.458,81 ам.доллар буюу 55.922,420 төгрөг, 2015 онд 95,331,50 ам.доллар буюу 208,671,877 төгрөг, 2016 онд 81,132,68 ам.доллар буюу 192,594,944 төгрөг, 2017 онд 110,313,69 ам.доллар буюу 305.314,518 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй гэдэг тооцооллыг яаж тодорхойлсон нь тодорхойгүй байсан бөгөөд 2019 онд Монгол Улсын Дээд шүүхэд гаргасан хяналтын гомдолдоо яаж тодорхойлсноо товч дурдсан байдаг ба уг хяналтын гомдолд “.... Жишээ болгож 2013 оны бодол дээр тайлбарлая. Бараа худалдан авдаг ХБНГУ-ын компанид өгөх оны эхний өглөг 87789,90 евро, эцсийн үлдэгдэл 68714 евро, 2013 онд гаальд мэдүүлсэн буюу худалдан авсан бараа 162167,59 евро, үүнээс барааны үнэд зориулж төлбөр төлсөн 219713 евро байгаа нь зөрчлийн хэргийн материалд байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч гаалийн улсын байцаагч Д.Б нь төлөгдөөгүй 20,000 еврог төлсөн гэж алдаатай тооцоолол гаргаж зөрчлийн дүнгээ өсгөж тооцсон ба үүнийг анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлаж мэтгэлцсэн боловч шүүх үүнд огт дүгнэлт хийгээгүй, хариуцагч нарын тооцоолол нь үнэн зөв мэтээр шууд дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзэж байна.
3.8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт “.. 5. Хариуцагч нь “ВМ” ХХК-ийн 2013-2017 оны гадаад шилжүүлгийн баримтууд дээр үндэслэн худалдан авсан барааны шууд болон шууд бусаар төлсөн болон төлбөл зохих төлбөрийг Гаалийн байгууллагад мэдүүлээгүй гаалийн үнийг дээрх хуульд заасан хэлцлийн үнийн аргаар тодорхойлсон нь хууль зөрчөөгүй байна.” /ШШ-ийн 14-р тал 5 дахь догол мөр/ гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл толгой компанидаа барааны төлбөрөөс өөр төлбөр шилжүүлбэл тэр нь барааны төлбөрт тооцогдоно, өөр төлбөр шилжүүлж болохгүй гэж ойлгогдохоор дүгнэлт хийсэн байна. ... Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д заасан барааны үнэд Нэмж тооцогдох зардлуудад хамааралгүй төлбөрүүдийг шилжүүлсэн байхад хариуцагч ч, анхан шатны шүүх ч нарийн ялгаж, салгаж тогтоогоогүй гэж үзэж байна.
3.9. Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2013-2017 онуудад оруулж ирж худалдсан бүх барааныхаа үнийг гаальд дутуу буюу багаар мэдүүлсэн гэж үзээд шийтгэл хүлээлгэсэн. Ингэхдээ нийт барааны үнийг 2013 онд 23.7%-аар, 2014 онд 8.5%-аар, 2015 онд 37.5%-аар, 2016 онд 19%-аар, 2017 онд 24.4%-аар тус тус автоматаар нэмэгдүүлж барааны гаальд мэдүүлэх ёстой үнэ гэж гаргаж ирсэн. Гэхдээ тухайн барааны бодит үнийг бараа нэг бүрээр шалгаж тогтоогоогүй байдаг. Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан хэлцлийн үнийн аргыг хэрэглээгүй гэдгийг нотолж байгаа юм. ... Зөвхөн нэг харилцагчид худалдсан 3 төрлийн бараанаас үзэхэд хариуцагч гаалийн байцаагч нар "ВМ" ХХК-ийн барааны үнийг гаальд мэдүүлсэн үнэ төдийгүй худалдан авагчид худалдсан бодит үнээс хэт өндрөөр тогтоож акт тавьсан нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчиж байна.
3.10. Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах Д.О-н2018 оны 10 сарын 31-ний өдрийн 0123053 дугаар шийтгэлийн хуудсын шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн тухайд:
Уг шийтгэлийн хуудас нь 2017 оны Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг үндэслэсэн байдаг ба Зөрчлийн тухай хууль нь 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн хууль юм. Хариуцагч нь "ВМ” ХХК-ийн 2013-2017 онуудын хоорондох гаалиар орж ирсэн бараа бүтээгдэхүүний гаалийн мэдүүлэг, бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийхдээ 2017 онд дагаж мөрдөж эхэлсэн буюу батлагдаагүй байсан хуулийг хэрэглэж, үндэслэж шийтгэлийн хуудсыг гаргасан байдаг.Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн дээрх зөрчлийг дүгнэхдээ хуулийг дордуулахааргүй байх тул хуулийг буцаан хэрэглэж шийтгэл ногдуулсан нь зөв гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-д “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ.” гэж заасан буюу дээрх эрх зүйн ерөнхий зарчим хэрэгжинэ гэдгийг маш тодорхой хуульчилж өгсөн байна. Иймд анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт үндэслэлгүй байна.
3.11. Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдагдсан Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 сарын 22-ны өдрийн А/300 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан Барааг тодорхойлох, Кодлох уялдуулсан системд үндэслэсэн Гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтын 8523.80 дугаарт "Онлайнаар худалдаж авсан буюу татаж авсан программ хангамж” гэсэн нэмэлт нь 2017 оны 12 сарын 22-ны өдөр тухайн жагсаалтад нэмэгдэж орсон бөгөөд уг тушаал нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд 2018 оны 02 сарын 18-ны өдөр бүртгэгдсэн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т "Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ.”, 67.3-т “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй." гэж маш тодорхой заасан байдаг. Мөн худалдан авч өмчлөлдөө шилжүүлэн аваагүй веб сайт ашигласны төлбөрийг бараа импортлон худалдан авсан гэж үзэж хүчин төгөлдөр болоогүй байсан тушаалын хавсралтаар батлагдсан жагсаалтын БТКУС-ын кодыг буцаан хэрэглэх ёсгүй юм.
3.12. Мөн дээрх төлбөрүүд нь программ хангамж худалдан авах зориулалтаар төлөөгүй, ашиглах, түрээслэхтэй холбоотой төлсөн болох нь Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт №1 хавтсын 2-11 талд авагдсан Wuerth IT компанийн тодорхойлолт албан бичиг, Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт №2 хавтсын 1-190 хуудсуудад авагдсан Wuerth IT /хуучин comgroup нэртэй байсан/, Wuerth Phoenix зэрэг компаниудтай байгуулсан гэрээнүүдээр нотлогдоно. Wuerth IT, Wuerth Phoenix зэрэг компаниудтай байгуулсан веб сайтын засвар үйлчилгээний гэрээ, сервер, домэйн хостын гэрээ, сайжруулалт, үйлчилгээний гэрээний дагуу төлбөрийг авч байсан талаарх албан бичиг зэрэг баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгсөн боловч шүүх эдгээрийг үнэлээгүй, яагаад үнэлээгүй нь ойлгомжгүй байна. Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуралдаан дээр шинжлэн судлуулсан боловч анхан шатны шүүх үнэлээгүй, дүгнэлт хийгээгүй байна.
3.13. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын дарга Д.Ж-н удирдамжийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг мөн өдөр хүртэл сунгасан тул маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хугацаа хэтрүүлэн гаргасан гэж үзэх боломжгүй” /ШШ ийн 15-р тал 9 дэх догол мөр/ гэж дүгнэжээ. Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар аливаа зүйлийг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах ёстойг заасан байдаг. Хэрэгт авагдсан БДШГ №1 хавтсын 3-р талд байгаа Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын дарга Д.Ж-ы удирдамжийн хугацаа сунгах хуудаст "удирдамжийг 2018 оны 10 дугаар сарын 31 өдрийн хүртэл сунгав.", 2018.10.19-2018.10.31 ажлын 8 хоног гэж маш тодорхой бичсэн байдаг бөгөөд үгийн шууд утгаараа энэхүү хугацаа нь 2018 оны 10 сарын 30-ны өдөр дуусаж байна. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана: 5.2.6-д "шалгалт эхлэх болон дуусах хугацаа;", ГЕГ-ын даргын 2015 оны 134 дүгээр тушаалаар батлагдсан “Бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам”-ын 7.3. “Гаалийн болон бусад холбогдох хууль тогтоомжид зааснаас гадна гаалийн улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:”, 7.3. 1-д “гаалийн удирдах төв байгууллагын даргын баталсан удирдамжгүйгээр шалгалт хийх;" гэсэн заалтуудыг зөрчсөн байдаг.
3.14. Мөн хариуцагч нар нь 2018.10.31-ний өдөр зөвхөн шийтгэлийн хуудаснуудаа гардуулсан гэдэг нь худал бөгөөд 2018.10.31-ний өдөр "Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоол" гаргаж, зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тэмдэглэл үйлдэж, холбогдогчоос мэдүүлэг авсан байгаа нь зөрчил шалгах хугацаа дууссан өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн болохыг нотолж байгаа бөгөөд шийтгэлийн хуудсуудыг гардуулахдаа хууль ёсны төлөөлөгчөөр Д.Мэнджаргалыг томилж байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчилд холбогдогчийн тус хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т заасан "Холбогдогч дараахь эрхтэй: 2.1. ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх;" эрхийг хангаагүй гэж үзэж байна.
3.15. “ВМ” ХХК-д бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх удирдамж дээр шалгалтыг 2018.10.03-ны өдрөөс 2018.10.19-ний өдрийг дуустал хийнэ гээд Гаалийн ерөнхий газрын дарга Б.А гэж гарын үсэг зурж анх баталсан байдаг. Гэтэл Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын дарга Д.Жаргалсайхан нь Гаалийн ерөнхий газрын даргаас эрх олгосон ямар нэгэн итгэмжлэл, тушаал шийдвэргүйгээр шалгалтын хугацааг 2018.10.31-ний өдрийг хүртэл дур мэдэн сунгасан. Энэ үйлдэл нь Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 134 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам”-ын 3.3-т “Шаардлагатай тохиолдолд шалгалтын удирдамжийн хугацааг гаалийн удирдах төв байгууллагын дарга, эсхүл гаалийн удирдах төв байгууллагын даргын эрх олгосноор бүрдүүлэлтийн дараах шалгалтын асуудал хариуцсан нэгжийн дарга сунгана." гэж заасныг ноцтой зөрчсөн.
3.16. “Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам"-ын 3.6-д “Бүрдүүлэлтийн дараах шалгалтад хамрагдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбоо тогтоож урьдчилан мэдэгдэнэ.”, 3.7-д “Шалгалтыг эхлэхдээ уулзалт зохион байгуулж, энэ журмын 1 дүгээр хавсралтын дагуу уулзалтын тэмдэглэл хөтөлж, шалгалтад хамрагдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал эсхүл түүнийг төлөөлөх албан тушаалтанд шалгалт хийх удирдамжийг гардуулж гарын үсэг зуруулан баталгаажуулах бөгөөд шалгалтад хамрагдах этгээдийн эрх, танилцуулна." гэж тус тус заасны дагуу хариуцагч гаалийн байцаагч Д.Б, үүргийг Д.О нар нь шалгалтыг эхлэхдээ уулзалт зохион байгуулж, уулзалтын тэмдэглэл хөтөлж, "ВМ” ХХК-ийн захиралд эрх үүргийг нь тайлбарлан удирдамж гардуулан өгөх ёстой байтал "ВМ" ХХК-ийг төлөөлөх эрхгүй ажилтан Д.М-г гаалийн байран дээр дуудаж удирдамжийг өгсөн ба эрх үүргийг нь тайлбарлаж өгөөгүй байдаг. ...
3.17. Хариуцагч нар шалгалтыг хийхдээ "ВМ” ХХК-ийн байранд хийх бүрэн боломжтой байсан ч тус компанийн байранд нэг ч удаа очоогүй, барааг борлуулах үнэ каталоги зэргийг асууж тодруулаагүй байдаг. Үүгээрээ хариуцагч нар нь "Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам"-ын 3.8-д "Шалгалтыг тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын байранд хийх, боломжгүй тохиолдолд Гаалийн байгууллагын байранд хийж болно." гэж заасныг зөрчсөн. Мөн "ВМ” ХХК-ийн 2013-2017 онуудын бүх санхүүгийн баримт бичгүүдийг шалгахдаа нэг бүрчлэн шалгаагүй, баримт бүртэй тулгалт хийгээгүй, тооцоо нийлээгүй, нэмэлт тайлбар, баримт материал гаргах боломж олгоогүй байдаг.
...Дээрх бүх зөрчлүүдийн талаар шинжээчийн дүгнэлтийн хавсралт 10.1-д "Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам"-ын 2.3.1-2.3.10, 3.1, 3.2-ыг зөрчсөн, хавсралт 10.2-т "Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх заавар”-ын 2.4-2.15, 3, 4, 5, 6 дугаар зүйлийг зөрчсөн, хавсралт 10.3 д "Гаалийн үнэлгээний хяналт”-ыг хийхдээ журам зөрчсөн, хавсралт 10.5-д "илтгэх хуудасны бүрдүүлбэр”-ийг хангаагүй талаар тус тус маш дэлгэрэнгүй дүгнэсэн байхад шүүхээс үүнд огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №128/ШШ2022/0436 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол, тайлбарыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:
3.“ВМ” ХХК-аас Гаалийн ерөнхий газрын дэргэдэх бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Б, Д.Онарт холбогдуулан “2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123052, 0123053 дугаар шийтгэлийн хуудсуудыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
4. Гаалийн ерөнхий газрын дэргэдэх бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 0123052 дугаартай шийтгэлийн хуудсаар “ВМ” ХХК-аар 2013-2017 онд 839 649 463 төгрөгийн барааны гаалийн үнийг дутуу мэдүүлж, 50 884 757 төгрөгийн гаалийн татвар, 89 053 442 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 139 938 179 төгрөгийн нөхөн татварыг төлөхөөс зайлсхийсэн гэж үзэн 41 981 454 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр,
Мөн өдрийн 0123053 дугаар шийтгэлийн хуудсаар 2015-2017 онд 191 429 618 төгрөгийн программ хангамж, лицензийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй зөрчил гаргаж 9 571 481 төгрөгийн гаалийн татвар, 20 100 110 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 29 671 591 төгрөгийн нөхөн татварыг төлөхөөс зайлсхийсэн гэж үзэн 8 901 477 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчээс дээрх барааны үнийг гаальд мэдүүлээгүй гэх зөрчлийг “...худал, дутуу мэдүүлсэн зүйл байхгүй, барааны үнийг хэрхэн тооцож гаргаж ирсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй” гэх, программ хангамж, лицензийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй гэх зөрчлийг “...хамаарал бүхий компанитай ашиглалтын гэрээ хийж ашиглаж эхэлсэн нь үнэн боловч уг санхүүгийн программыг худалдаж аваагүй, импортоор оруулж ирээгүй, лицензийг эзэмшдэггүй” гэх үндэслэлээр тус тус маргасан байна.
6. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Хэлцлийн үнийн аргыг импортын барааны гаалийн үнийг тодорхойлох үндсэн арга гэж үзнэ”, 10.2-т “Хилийн чанадаас худалдан авсан барааны худалдагчид шууд болон шууд бус байдлаар төлсөн, эсхүл төлбөл зохих бодит үнийг импортын барааны хэлцлийн үнэ гэнэ”, 10.3-д “Энэ хуулийн 10.1-д заасан аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо хэлцлийн үнэд ороогүй, эсхүл хэлцлийн үнээс тусдаа ялгарч харагдах тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн бөгөөд гадаад худалдаа, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан дараахь зардлыг нэмж тооцно:” гэж тус тус зааснаас үзвэл импортын барааны гаалийн үнийг тодорхойлохдоо хэлцлийн үнийн аргыг үндсэн арга гэж хэрэглэх бөгөөд хилийн чанадаас худалдан авсан барааны хувьд худалдагчид шууд болон шууд бус байдлаар төлсөн, эсхүл төлбөл зохих бодит үнийг импортын барааны хэлцлийн үнэ гэж тооцохоор хуульчилжээ.
7. Хариуцагч нь нэхэмжлэгч компанийн импортын барааны хэлцлийн үнийг худалдагчид шууд болон шууд бус байдлаар төлсөн баримтууд, төлбөл зохих нэхэмжлэхийг үндэслэн тодорхойлж, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 0123052 дугаартай шийтгэлийн хуудсаар “ВМ” ХХК-ийг 2013-2017 онд 839 649 463 төгрөгийн импортын барааны гаалийн үнийг тодорхойлох ёстой атал тодорхойлоогүй гэж үзэн 41 981 454 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасныг зөрчсөн” гэж дурдсан ба анхан шатны шүүх хариуцагч импортын барааны хэлцлийн үнийг тодорхойлохдоо ямар аргыг хэрэглэсэн, тэр нь үндэслэлтэй байсан эсэх өөрөөр хэлбэл, үндэслэх хэсгийн 3-т дурдсан үндэслэлүүдэд холбогдох дүгнэлтийг хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.
9. Анхан шатны шүүх өөрийн хамаарал бүхий компанитай гэрээ байгуулан ашиглаж байгаа санхүүгийн программ хангамж нь Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан бараа гэдэгт хамаарах, нэхэмжлэгч уг санхүүгийн программ хангамжийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээ байгуулан ашиглаж эхэлсэн гэх боловч гадаад гуйвуулгын болон санхүүгийн тайлан зэрэг баримтуудаас 2015 оноос эхлэн тухайн программд зориулж төлбөр төлж байсан, 2015-2017 онд 191 429 618 төгрөгийн программ хангамж, лицензийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй гэх үндэслэлээр 29 671 591 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй талаар зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
10. Нэхэмжлэгч “ВМ” ХХК нь “...2013-2017 онуудад сүлжээ ашиглах, цахим хэрэгсэл, веб сайт зэрэг технологи ашигласны төлбөр, цахим уулзалт хурал хийсэнтэй холбоотой зардлыг 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө шилжүүлсэн, ...худалдан авч өмчлөлдөө шилжүүлэн аваагүй веб сайт ашигласны төлбөрийг бараа импортлон авсан гэж үзэж хүчин төгөлдөр болоогүй байсан тушаалын хавсралтаар батлагдсан жагсаалтыг буцаан хэрэглэх ёсгүй” гэж гомдлын үндэслэлээ тайлбарладаг.
Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 207, 2017 оны А/300 дугаар тушаалуудаар онлайнаар худалдаж авсан буюу татаж авсан программ хангамжийг бараанд тооцож байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар нотлогдож байх тул маргаж буй шийтгэлийн хуудсаар татварыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомжид нийцжээ.
11. Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.1 /энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсон/-д “Гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлэх, гаалийн бичиг баримтыг солих, засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.”, гэж татвар төлөхөөс зайлсхийсэн бол татварыг нөхөн төлүүлэхээр,
Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2 /уг зүйлийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/-т “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичсэн;”, 1.2-т “гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн;” бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж мөн татварыг нөхөн төлүүлэхээр тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан “...нэхэмжлэгчийн 2013-2017 онуудын хоорондох гаалиар орж ирсэн бараа бүтээгдэхүүний гаалийн мэдүүлэг, бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийхдээ 2017 онд дагаж мөрдөж эхэлсэн буюу батлагдаагүй байсан хуулийг хэрэглэж, түүнийг үндэслэж шийтгэлийг хуудсыг гаргасан, ... хууль буцаан хэрэглэх зарчим хэрэгжихгүй ба аливаа материаллаг хуулийг хэрэглэхдээ тухайн үйл явдал болсон цаг мөчид хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэх эрх зүйн ерөнхий зарчим хэрэгжинэ” гэх давж заалдах гомдлыг хүлээн авахааргүй байна.
12. Өөрөөр хэлбэл, зөрчил гаргасан цаг хугацаанд үйлчилж байсан болон одоо үйлчилж буй аль аль хуульд татварыг нөхөн төлүүлэхээр зохицуулсан, үүний дагуу гаалийн улсын байцаагч шийтгэл оногдуулсан байх тул тэр үед үйлчлээгүй хуулийн заалтаар хариуцлага хүлээлгэсэн гэж хариуцагчийг буруутгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.
13. Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн бүрдүүлэлтийн дараах шалгалтын 117/18 дугаартай удирдамжийн дагуу нэхэмжлэгчийн 2013-2017 онд импортолсон барааг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхийг гадаад худалдааны болон санхүүгийн баримтад тулгуурлан шалгаж, үнэлэлт, дүгнэлт өгөх ажиллагааг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд хийхээр шийдвэрлэж, уг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс ажлын 8 хоног буюу 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар сунгажээ.
14. Мөн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 02 дугаартай зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолоор 1802000432 дугаартай зөрчлийн хэргийг нээж, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгах тухай 02 дугаартай тогтоолоор уг хэргийн хугацааг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 14 хоногоор сунгаж шийдвэрлэсэн ба маргаж буй шийтгэлийн хуудсыг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн байх тул нэхэмжлэгчийн “хугацаа хэтрүүлж шийтгэл оногдуулсан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авахааргүй байна.
Түүнчлэн, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаагүй нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 436 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ