Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/01514

 

Б.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/00446 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1125 дугаар магадлалтай,

Б.Э-ийн нэхэмжлэлтэй,

“К” ХХК-д холбогдох,

14.850.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндхишигийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндхишиг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Э-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Кинд ажиллаж байхдаа Катеринг деливери ХХК-ийн барьсан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 75 дугаар байрны 31 тоот ЗЗ мкв талбайтай 1 өрөө орон сууцыг 1 мкв талбайг 1.300.000 төгрөгөөр тооцон 2012 онд захиалгын гэрээ байгуулсан. Худалдан авагчийн зүгээс захиалгын гэрээний дагуу орон сууцны төлбөрийг Ктай 2012 оны 06 сарын 05-ны өдөр №359 тоот Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ байгуулан 42.900.000 төгрөгийг 25 жилийн хугацаатай, сарын 1%-ийн хүүтэй зээлээр авч гүйцэтгэгч барилгын компанид үнийг бүрэн төлж, захиалсан орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Кны зүгээс ажилтнууддаа олгосон зээл нь 8%-ийн зээлийн журмын шаардлага хангахгүй нөхцөл байдал үүссэн тул журмын шаардлага хангуулахын тулд худалдан авсан орон сууцны үнийг 1мкв талбайн үнийг зохиомлоор 500.000 төгрөгөөр өсгөж, 1.800.000 төгрөгөөр худалдан авсан мэтээр тооцож зөрүү /33 мкв талбай * 1.800.000 төгрөг/ 16.500.000 төгрөгийг орон сууцны урьдчилгаанд зориулж К төл гэдэг шаардлагыг тавьсны дагуу 14.850.000 төгрөгийг Кин дах өөрийн харилцах дансанд шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс Кин дах өөрийн харилцах дансанд шилжүүлсэн 14.850.000 төгрөгийг зээлсэн 42.900.000 төгрөгөөс хасагдана гэж бодож байсан боловч бодит байдал дээр хасч тооцоогүй ба уг мөнгийг миний гарын үсэггүй, миний зөвшөөрөлгүйгээр данснаас зарлагаар гаргаж, ямар дансанд шилжүүлсэн нь тодорхойгүй байна. Иймд орон сууцны мкв талбайн үнийг зохиомлоор өсгөж, үндэслэлгүйгээр авсан 14.850.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч “К” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд талууд тэгш эрхтэй оролцсон байх бөгөөд гэрээний бүхий л зүйл заалттай гэрээний хоёр тал танилцаж, хүлээн зөвшөөрч, хүсэлт зоригоо бүрэн илэрхийлсэн /ИХ-ийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1/ байна. Нэхэмжлэгч Б.Э- нь 16.850.000 төгрөгийг 2013 оны 08 дугаар сарын 10, 11-нд хоёр хуваан өөрийн дансруугаа хийсэн байгаа нь төлбөр төлсөн дансны хуулгаар нотлогдож байгаа бөгөөд дээрх нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар хуульд зааснаар гэрээний нөгөө талын саналыг хүлээн авч гүйцэтгэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. К ХХК-ийн зүгээс хууль бус үйлдэл гарган нэхэмжлэгчид дарамт шахалт үзүүлж эрх ашгийг нь хөндсөн гэж үзсэн тэр өдрөөс эхлэн эрхээ хамгаалуулах зорилгоор холбогдох хууль хяналтын байгууллагад хандах шалгуулах эрх нь үүссэнийг анхаapax нь зүйтэй. Иймд Б.Э-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч К ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй тул тухайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/00446 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1-д заасны дагуу хариуцагч К ХХК-аас 14,850,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1125 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/00446 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “492 дугаар зүйлийн 492.1” гэснийг “495 дугаар зүйлийн 495.1” гэж өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.5 дах хэсэгт зааснаар гуравдагч этгээд К ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндхишиг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дугаар 182/ШШ2018/00446 тоот шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1125 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Монгол банкны ерөнхийлөгчийн 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 446 тоот тушаалын 8.1.3-д Зээл хүсэгчээс худалдан авч буй хөрөнгийн үнэлгээний 30 хувиас доошгүй хувийн урьдчилгааг заавал төлсөн байх 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А-122 тоот тушаалаар шинэчлэн батлагдсан “Орон сууцны ипотекийн зээлийн журам”-ын 3.1.3-д Урьдчилгаа төлбөр нь 30 хувиас доошгүй, зээл үнэлгээний харьцаа 70 хувиас дээшгүй байхаар заасан журмын дагуу нэхэмжлэгч Б.Э-д банк 70%-д зээл олгож үлдсэн 30%-ийг боломжтой тохиолдолд өөрөө төлөх боломжгүй бол тогтвортой ажиллах гэрээ байгуулан банкнаас 30%-ийг нь төлж өгөх сонголтыг олгосон. Нэхэмжлэгч Б.Э- нь өөрөө бэлнээр 30%-аа төлөхөөр тохиролцож 2013 оны 08 дугаар сарын 10,11-нд 2 хуваан өөрийн дансруугаа байрны урьдчилгаа төлөв гэсэн утгаар шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нь 2013 оноос хойш 5 жилийн хугацаанд өөрийн зээлийн үлдэгдлээ шалгах, гомдол гаргах боломжтой байсан. Гэтэл банк нь нэхэмжлэгчийн мөнгийг түүний худалдан авсан байрны урьдчилгаанд нь Катеринг Делеври ХХК-руу шилжүүлсэн нь тогтоогддог. Тиймээс тус мөнгийг К авч ашигласан зүйл байхгүй болно.

Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дугаар 182/ШШ2018/00446 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1125 тоот магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Б.Э-ийн “...14.850.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч “К” ХХК эс зөвшөөрч, маргажээ.

Б.Э нь “Капитал” банкинд ажиллаж байхдаа “Катеринг деливери” ХХК-ийн барьж буй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 130 айлын орон сууцны 5 давхрын 31 тоотын 33 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдан авахаар тус компанитай 2012 оны 6 дугаар сарын 15-ний өдөр Орон сууцны санхүүжилтийн гэрээ байгуулж, улмаар ажил олгогчтой 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 1 м.кв талбайг 1.300.000 төгрөгөөр тооцож, 42.900.000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй зээлж, зээлийн мөнгийг орон сууцны үнэд “Катеринг деливери” ХХК-д шилжүүлжээ.

Үүний дараа зохигч талууд 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээг байгуулж, 42.600.000 төгрөгийн зээлийн хүүг жилийн 8 хувь болгож, гэрээний хугацааг 20 жил болгон өөрчилжээ /хэргийн 7-17,93-95 дугаар тал/.

Хариуцагч нэхэмжлэгчээр 16.500.000 төгрөг төлүүлсэн боловч ажил гүйцэтгэгч болон Ктай байгуулсан гэрээний алинд ч орон сууцны 1 м.кв-ын үнийг 1.800.000 төгрөг болгон өөрчилж тогтоосон, нэхэмжлэгч нэмж 30 хувийн төлбөр төлөхөөр тохиролцсон нь тогтоогдоогүй байна.

Хэргийн 6 дугаар талд авагдсан харилцагчийн дансны хуулгаас үзвэл “Капитал” банк нь Б.Э-ийн данснаас 14.850.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн, уг гүйлгээг нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр хийснээ нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа дээрх мөнгийг “Катеринг деливери” ХХК-д шилжүүлсэн гэсэн тайлбар гаргасан боловч нэхэмжлэгч Б.Э- уг мөнгийг тус компанид төлөх үүрэг хүлээсэн, мөн нэхэмжлэгчийн бусдад төлөх төлбөрийн үүргийг банк дамжуулан гүйцэтгэсэн гэх байдал тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хангасан нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг оновчтой сонгон хэрэглээгүй байна.

Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-т заасан.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2.-г зөрчөөгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1125 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндхишигийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 232.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ