| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0235/Э |
| Дугаар | 211 |
| Огноо | 2020-06-11 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 211
2020 06 11 2020/ШЦТ/211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэг,
улсын яллагч П.Даваасүрэн,
шүүгдэгч Б.Ш, Д.Б, тэдний өмгөөлөгч Б.Баярмагнай,
шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч А.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг., мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Харчин овгийн Б.Ш, Харчин овгийн С.Б, Харшхан овгийн Д.Б нарт холбогдох эрүүгийн 1934010220144 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Жаргалант суманд 1983 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа төмс, ногоо тарьдаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Төв аймаг, Жаргалант сум, Буурал 1 дүгээр баг, Араам 1-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НЭ83021316 дугаарын регистртэй, Харчин овгийн Б.Ш
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд 1995 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэмт хэрэг үйлдэх үедээ коушны жолооч ажилтай байсан, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, Жаргалант 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, МЖ95103018 дугаарын регистртэй, Харчин овгийн С.Б
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1980 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, коуш машины жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэмт хэрэг үйлдэх үедээ коушны жолооч ажилтай байсан, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймаг, Жаргалант сум, Өгөөмөр 2 дугаар баг, 12-3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүйг,
урьд 2003 оны 06 дугаар сарын 12-нд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлэн 2003 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ХЕ80071011 дугаарын регистртэй, Харшхан овгийн Д.Б
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Ш, Д.Б, С.Б нар нь гэмт хэрэгт хамтран оролцож бүлэглэн Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тэнхун ХХК-ийн хашаанаас 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр алтны агууламжтай шороо хулгайлан авч 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ш:
...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байх тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б:
...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байх тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б:
...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байх тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн 1934010220144 дугаартай хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баяржаргал /хх-ийн 15-16, 17 дугаар хуудас/, гэрч Zheng yun wu /хх-ийн 26-27 дугаар хуудас/, гэрч С.Бумбаяр /хх-ийн 29 дүгээр хуудас/, гэрч Б.Ш /хх-ийн 30 дугаар хуудас/, гэрч Д.Бат /хх-ийн 31 дүгээр хуудас/, яллагдагч Б.Ш /хх-ийн 42-43 дугаар хуудас/, яллагдагч С.Б /хх-ийн 46-47 дугаар хуудас/, яллагдагч Д.Б /хх-ийн 50-51 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,
Геологийн төв лабораторийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11 дүгээр хуудас/, “Тэн Хун” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч томилсон албан бичиг /хх-ийн 13 дугаар хуудас/, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний хүснэгт /хх-ийн 17 дугаар хуудас/, “Тэн Хун” ХХК-ийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөр барагдсан, шүүх хуралд оролцохгүй гэх албан бичиг болон бусад баримтууд /хх-ийн 19-25 дугаар хуудас/, Монгол банкны алт худалдан авах ханш /хх-ийн 103 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Шинэбаяр, Д.Бат, С.Бумбаяр нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 58-95 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Б.Ш, Д.Б, С.Б нар нь бүлэглэн, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тэнхун ХХК-ийн хашаанаас алтны агууламжтай шороо хулгайлан авч 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баяржаргалын ...2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр манай уурхайн баяжуулах үйлдвэрээс ууттай алтны агууламжтай шороо алдагдсан байна гэж манай ажилтнаас мэдээлэл ирсэн. Би хэр хэмжээний шороо байсан хэн хэн байсан талаар нь мэдэхгүй байна... ...Би нарийн хэмжээг нь тооцож гаргаагүй байгаа. Би тухайн шороонд хэр хэмжээний алтны агууламж байсан гэдгийг тогтоох боломжгүй... /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
...Манай “Тэнхун” ХХК нь Төв аймгийн Заамар суманд өөрийн үндсэн орд болох чулуун ордтой юм. Тухайн ордноосоо ачиж, зөөж авчирсан шороо байгаа юм... ...Заамар суманд баяжуулах үйлдвэр байхгүй учраас Жаргалант суманд зөөвөрлөн авчирч угаадаг юм... ...манай байгууллагын зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирол төлбөр барагдсан... /хх-ийн 17 дугаар хуудас/,
гэрч Zheng yun wu-ийн ...Заамар сумын Бэрх уулын ордноос наашаа энэ “Тенхун” компанид том машинаар зөөгөөд хашаанд оруулаад Бутлуур дээр буулгадаг. 2019 оны 06 дугаар сарын сүүлээс зөөж эхэлсэн. Заримдаа өдөр 10 машин, заримдаа 6 машин ирж буулгадаг. Одоог болтол өдөр болгон буулгаж байгаа. Өдөрт 10 машин шороо буулгасан нь хэдэн тонн буудаг нь мэдэхгүй байна. Өдөрт манай манай үйлдвэр 300 тонн шороо чулуу угаадаг. Тэгээд үлдсэн нь дараагийн өдөртөө ордог. Анх манай хүдэр алга болсон талаар 2019 оны 10 дугаар сарын 11-ний өглөө мэдсэн. Яаж мэдсэн гэхээр манай хүдэр буулгасан газарт гаднаас орж ирсэн машины мөр байна гээд манай шөнийн ээлжинд гарсан жолооч мэдээд хэлсэн. Тээгэд цагдаад мэдэгдсэн. Дараа нь шөнийн ээлжийн жолооч мэдсэн эхний өдөр Халтархүү гэдэг хүн дараагийн удаа нь Эрдэнэбаяр гэдэг хүмүүс над руу утсаар залгаад хэлсэн... ...Тэр 2 удаагийн хүдэр алга болсон үе нь адилхан үйлдэгдсэн б айсан. Яагаад гэхээр тэр 2 удаагийн үйлдэл нь хоёулаа дээшээ уул руугаа машины мөр нь өгссөн байсан. 2 дахь нь алга болох үед цас орсон учраас тод мөр байсан... /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
гэрч С.Бумбаярын ...2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хамт ажилладаг галч хийдэг Д.Бат гэх хүнтэй ярилцаад уурхайн шорооноос шороо хулгайлж гаргахаар тохирсон. Тэгээд танд хамт туслаад явчихаар хүн байна уу гэхэд Бат ах манай найз байгаа би орой дуудаад ирүүлье гэж байсан. Тэгээд орой болж ойролцоогоор 22 цагийн үед Бат ахын найз нь гээд Шинэбаяр гэх хүн ирээд бид гурав уурхайн шорооноос 40-н шуудайны хэмжээтэй саарал өнгийн шуудайгаар 30 ширхэг шороо талаар нь хийгээд арав араваар нь хийгээд үүрээд Нарангийн энгэр уулыг уруудаж яваад шөнийн 3 цагийн үед шороогоо үүрээд Жаргалант сум руу орсон ба Бат ах бид хоёр тухайн өдөр ээлжтэй байсан тул буцаад ажил руугаа алхаад явсан ба дараа нь амарч байсан өдрөө шороогоо тээрэмдүүлээд 3000000 төгрөг болгоод тэр мөнгөө бид гурав хувааж авсан... ...Би “Тэнхун ХХК”-д ковш машины жолооч хийдэг байсан. Би өмнө шороо хулгайлж байгаагүй. Анх удаа л ийм зүй хийчихлээ. Би ойр зуурын хоол хүнсэнд зарцуулсан... /хх-ийн 29 дүгээр хуудас/,
гэрч Б.Шинэбаярын ...2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр манай найз Бат над руу утсаар залгаад орой ажил дээр хүрээд ирээрэй. Уурхайгаас шороо гаргах гэсэн юм 30 ширхэг шууудай байвал аваад ирээрэй гэж хэлсэн. Орой 22 цагийн үед замын унаанд суугаад “Тэнхун” ХХК-ийн салдаг уулзвар дээр буугаад алхаад “Тэнхун” ХХК-ийн хашаанд очсон ба Бумбаяр, Бат бид гурав 30 ширхэг шуудайны талаар уурхайн овоолсон шорооноос шуудайлж арав, араваар нь хувааж үүрээд явсан ба Жаргалант суманд ойролцоогоор 3 цагий нүед орсон ба Бат, Бумбаяр нар ажилтай байсан тул буцаж яваад дараа нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бид гурав шороогоо тээрэмдүүлээд 3000000 төгрөг болгоод мөнгөө хувааж авсан... ...Мөнгөний хэрэг болоод ийм үйлдэл хийчихлээ... ...бид нар тээврийн хэрэгсэлтэй яваагүй ба шуудайтай шороогоо үүрээд алхаад явсан... /хх-ийн 30 дугаар хуудас/,
гэрч Д.Батын ...“Тэнхун” ХХК-нд ажилтай ажил дээрээ байж байсан ба өөрийн хамт ажиладаг дүү Бумбаяртай хамт ярилцаж байгаад уурхайн шорооноос шороо гаргахаар тохиролцсон. Бумбаяр тухайн үед тантай хамт туслаад явчих хүн байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би өөрийн найз Шинэбаяр руу утсаар яриад орой яваад ирээрэй гэж хэлсэн. Орой 22 цаг өнгөрөөгөөд Шинэбаяр манай ажил дээр алхаж ирсэн ба 30-н ширхэг шуудайтай ирсэн. Бид гурав 30 ширхэг шуудайгаа арав, араваар нь аваад талаас нь доогуур шороо хийж үүрээд Нарангийн энгэр уулыг уруудаж алхаж яваад шөнийн 3 цагийн үед Жрагалант сумын төвд орж ирээд Бумбаяр бид хоёр ажилтай байсан учраас буцаж яваад дараа нь амарч байсан өдрөө явж шороогоо тээрэмдүүлээд 3000000 төгрөг болгоод хувааж авсан... ...Баруун хараад Нарт гэх газарт очиж тээрэмдүүлсэн. 3000000 төгрөг болсон. Ажлын хөлсний 300000 төгрөгөө хасаад бид гурав 900000 төгрөг авсан... ...Бумбаяр бид хоёр ярилцаад гаргасан ба Шинэбаярыг ирээд туслаад өг гэж дуудсан... /хх-ийн 31 дүгээр хуудас/,
яллагдагч Б.Ш ...”Тэнхун” ХХК-ийн уурын зуухны галч ажилтай төөгөө буюу Бат над руу залгаад орой ажил дээр хүрээд ирээрэй. Уурхайгаас шороо гаргах гэсэн юм 30 ширхэг шуудай байвал авч ирээрэй гэсэн. Би орой 22 цагийн үед гэрээсээ гараад замын унаанд суугаад уурхай руу явдаг шороон замын салдаг уулзвар дээр буугаад уурхай руу алхаж очсон ба Бумбаяр, Бат бид гурав уулзаад 30-н ширхэг шуудайны талаас доогуур хэмжээтэй шороо хийж арав, араваар хувааж үүрээд явган явсан ба Жаргалант суманд шөнийн 3 цагийн үед очсон. Бат, Бумбаяр хоёр тухайн үед ажилтай гээд буцаад ажил руугаа алхаад явсан ба дараа нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шороогоо явж тээрэмдүүлээд 3000000 төгрөг болгоод хувааж авсан... /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
яллагдагч С.Б ...”Тэнхун” ХХК-д ажилтай ажил дээрээ байж байсан ба өөрийн хамт ах Бат гэх хүнтэй ярилцаад уурхайн шорооноос хулгайлж авахаар тохиролцсон. Би Бат ахаас хамт туслаад явчихаар хүн байна уу гэж асуутал манай нэг найз байгаа би орой дуудаад ирүүлье гэж байсан. Тэгээд орой болж ойролцоогоор 22 цагийн үед Бат ахын найз Шинэбаяр гэх хүн ирээд бид гурав уурхайн шорооноос 30 ширхэг шуудайгаа арав араваар нь аваад талаас нь доогуур шороо хийж үүрээд Нарангийн энгэр уулыг уруудаж алхаж яваад шөнийн 03 цагийн үед Жаргалант сумын Төвд орж ирсэн ба Бат ах бид хоёр ажилтай байсан учраас буцаж яваад дараа нь амарч байсан өдрөө явж шороогоо тээрэмдүүлээд 3000000 төгрөг болгоод хувааж авсан. Ажлын хөлсөнд 300000 төгрөг өгөөд нэг хүн 900000 төгрөг авсан... ...Бат ах бид хоёр ярилцаад гаргасан ба Шинэбаяр гээд хүнийг ирээд туслаад өг гэж Бат ах дуудсан юм... /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
яллагдагч Д.Б ...“Тэнхун” ХХК-д ажилтай ажил дээрээ байж байсан ба өөрийн хамт ажилладаг дүү Бумбаяртай хамт ярилцаж байгаад уурхайн шорооноос шороо гаргахаар тохиролцсон. Бумбаяр тухайн үед тантай хамт туслаад явчих хүн байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би өөрийн найз Шинэбаяр руу утсаар яриад орой яваад ирээрэй гэж хэлсэн юм. Орой 22 цаг өнгөрөөгөөд Шинэбаяр манай ажил дээр алхаж ирсэн ба 30 ширхэг шуудайтай ирсэн. Бид гурав 30 ширхэг шуудайгаа арав, араваар нь аваад талаас нь доогуур шороо хийж үүрээд Нарангийн энгэр уулыг уруудаж алхаж яваад шөнийн 3 цагийн үед Жаргалант сумын Төвд орж ирээд Бумбаяр бид хоёр ажилтай байсан учраас буцаж яваад дараа нь амарч байсан өдрөө явж шороогоо тээрэмдүүлээд 3000000 төгрөг болгоод хувааж авсан... ...Бумбаяр бид хоёр ярилцаад гаргасан ба Шинэбаярыг ирээд туслаад өг гэж дуудсан юм... /хх-ийн 50-51 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
Геологийн төв лабораторийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11 дүгээр хуудас/, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний хүснэгт /хх-ийн 17 дугаар хуудас/, “Тэн Хун” ХХК-ийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөр барагдсан, шүүх хуралд оролцохгүй гэх албан бичиг болон бусад баримтууд /хх-ийн 19-25 дугаар хуудас/, Монгол банкны алт худалдан авах ханш /хх-ийн 103 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Шинэбаяр, Д.Бат, С.Бумбаяр нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 58-95 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Төв аймгийн прокуророос шүүгдэгч Б.Ш, Д.Б, С.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийнг үндэслэлгүй, хэргийн зүйлчлэл тохироогүй байна гэж үзсэн.
Тухайлбал шүүгдэгч С.Б, Д.Б нар нь “Тэнхун” ХХК-д ажилладаг бөгөөд шүүгдэгч С.Б хувьд коушны жолоочоор, шүүгдэгч Д.Б хувьд галчаар тус тус ажилладаг байсан байна.
Гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд шүүгдэгч С.Б, Д.Б нар нь тус компанид шөнийн ээлжинд буюу 20 цаг 00 минутаас 08 цаг 00 минутын хооронд ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд ажил үүргээ гүйцэтгэх цаг хугацаанд дээрх гэмт хэргийг үйлдсэн байна. Ер нь тус компанийн ажилчид нь 20 хоног тухайн үйлдвэрийн хашаан доторх кемп буюу ажилчдын байранд байрлаж, ажил үүргээ гүйцэтгэдэг ба 10 хоногт нь үйлдвэрийн хашаан доторх кемп буюу ажилчдын байрнаасаа гэртээ харьж, үйлдвэрийн бүс буюу хашаанаас гардаг байна.
Тус компанийн ажилчид нь 20 хоног тухайн үйлдвэрийн хашаан доторх кемп буюу ажилчдын байранд байрлаж, ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа тус үйлдвэрийн бүсэд нэвтрэх зөвшөөрөлтэй бөгөөд энэ хугацаандаа дээрх гэмт хэргийг үйлдсэн тул шүүгдэгч С.Б, Д.Б нарыг,
мөн шүүгдэгч Б.Ш нь дээрх хоёр шүүгдэгчийн үйлдвэрийн хашаанаас гаргаж өгсөн эд зүйлийг тэднээс хашааны гаднаас авч тавь гэсэн газарт нуун байршуулсан тул тэдэнд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж зүйлчлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Ш, Д.Б, С.Б нарын бүлэглэн, “Тэнхун” ХХК-ийн хашаанаас алтны агууламжтай шороо хулгайлан авч 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэсэн шинжийг шүүгдэгч Д.Б, С.Б хоёр нь гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсон үйлдлээрээ, шүүгдэгч Б.Ш нь урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн үйлдлээрээ тус тус бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзлээ.
Түүнчлэн С.Б, Д.Б, Б.Ш нарын бүлэглэн “Тэнхун” ХХК-ийн хашаанаас алтны агууламжтай шороо хулгайлсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар авч 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах нь хууль бус шинжтэйг мэдсээр байж уг хууль бус үйлдлээ хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хууль бус шинжтэй санаатай үйлдэл, эс үйлдэхүй нь учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой тул тэдэнд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэсний дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчилж, мөн хуулийн 1 дэх хэсэгт зааснаар “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснээр бусад нөхцөл байдлыг шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Мөн шүүгдэгч С.Б, Д.Б, Б.Ш нарын өмгөөлөгчид ...гэм буруу дээрээ маргадаггүй бөгөөд харин хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү... гэснийг шүүх хүлээн авах боломжтой гэж үзсэн.
Шүүгдэгч С.Б, Д.Б, Б.Ш нар нь гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч С.Б, Д.Б нарыг урьдчилсан үгсэн тохиролцож, шүүгдэгч Б.Ш урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч С.Б, Д.Б, Б.Ш нарын санаатай гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч “Тэнхун” ХХК-д эд зүйлс алдагдаж, 3.000.000 /гурван сая/ төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүгдэгч С.Б, Д.Б, Б.Ш нар нь мөрдөн байцаалтын шатанд гэмт үйлдэж учруулсан хохирол болон 3.000.000 /гурван сая/ төгрөгийн хохирлоо төлж барагдуулсан болох нь хохирогч байгууллагын төлөөлөгчийн мэдүүлэг болон шүүгдэгч нарын мэдүүлэг, бусад баримтаар тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Б, Д.Б, Б.Ш нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч С.Б, Д.Б, Б.Ш нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байна гэж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэн гүйцэтгэсэн... ...гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэсний дагуу шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, мөн шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, улмаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо өөрсдийн санаачилгаараа төлсөн зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулахгүйгээр тэнсэж, харин албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн болно.
Эрүүгийн 1934010220144 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.Б, Д.Б, Б.Ш нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2., 36.1.,
36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10., 36.12., 36.13., 37.1 дүгээр
зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан
зүйл, заалтуудыг тус тус удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Д Б, Х овгийн С Б, Х овгийн Б Ш нарт холбогдох эрүүгийн 1934010220144 дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Х овгийн Д Бат, Х овгийн С Б, Х овгийн Б Ш нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, шүүгдэгч Х овгийн Д Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар,
шүүгдэгч Х овгийн С Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч Х овгийн Б Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, тэдэнд албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Д Б шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд,
шүүгдэгч Х овгийн С Б шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд,
шүүгдэгч Х овгийн Б Ш шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд тус тус зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх хэд хэдэн үүрэг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Д Бат, Х овгийн С Б, Х овгийн Б Ш нарт тус бүр тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн хэд хэдэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,
мөн шүүхээс тэнсэж, хэд хэдэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн 1934010220144 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х овгийн Д Б, Х овгийн С Б, Х овгийн Б Ш нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хохиролд 3.000.000 /гурван сая/ төгрөгийг төлснийг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х овгийн Д Б, Х овгийн С Б, Х овгийн Б Ш нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х овгийн Д Б, Х овгийн С Б, Х овгийн Б Ш нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН