Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 220

 

 

 

 

 

 

 

 

 

  2020              06              17                                                   2020/ШЦТ/220                             

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга А.Тунамал, 

улсын яллагч  Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Э М холбогдох эрүүгийн 2034000000249 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

    

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Жаргалант суманд 1990 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын операторч мэргэжилтэй, газар тариалангийн ажил эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа Төв аймаг, Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар баг, 04-05 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 45 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар,

Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 35 дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НМ90030638 дугаарын регистртэй, Б овгийн Э М

  

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Э.М нь 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутагт хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Оюунтай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, доод уруулын салстад шарх, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруул, эрүүнд цус хуралт зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М:

...2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд Б.Оюун нь 2, 3 өдөр архи уусан. Би уулзаад согтуу машин тэргээ барихаа боль гээд хоорондоо зодооны асуудал гаргаад цагдаа сэргийлэх болсон. Намайг 2, 3 удаа цохиж аваад хоорондоо маргаан үүссэн. Ийм л үйл явдал болсон... гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 2034000000249 дугаартай хэрэгт хохирогч Б.Оюун /хх-ийн 4-5, 6 дугаар хуудас/, гэрч Г.Нямаахүү /хх-ийн 7 дугаар хуудас/, гэрч Б.Оюунгэрэл /хх-ийн 8 дугаар хуудас/, гэрч С.Пүрэвдорж /хх-ийн 9 дүгээр хуудас/, гэрч Н.Энхтуяа /хх-ийн 10 дугаар хуудас/, гэрч Б.Ариунзаяа /хх-ийн 11-12 дугаар хуудас/, гэрч Э.Мөнхтөр /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэрч Б.Эрдэнэсүх /хх-ийн 15 дугаар хуудас/, шинжээч И.Ганболор /хх-ийн 26-27 дугаар хуудас/, яллагдагч Э.Мөнхтөр /хх-ийн 33-34 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,  

шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 192 дугаартай дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 198 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хохирогч Б.Оюуны хохирлын баримтууд, толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээний хуулбар, мессеж бичсэн баримтууд /хх-ийн 60, 62-77 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Мөнхтөрийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 35-57 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.       

       

Шүүгдэгч Э.М нь 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутагт хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Оюунтай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, доод уруулын салстад шарх, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруул, эрүүнд цус хуралт зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах

хохирогч Б.Оюуны ...намайг утсаа авахгүй болохоор Улаанбаатар хот руу гэр рүү яваад ирдэг байсан. Тэгээд би гэрээ өөрчилсөн. Би хот дотроо гэрээ өөрчлөөд нүүсэн. Тэгтэл бас олоод ирсэн. Хаанаас яаж олсон гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд машины хажууд зогсоод энд тэнд явж байхад гэнэт гарч ирээд машинд суугаад хэрүүл хийгээд ална чамайг, чамаас салахгүй гээд хэрүүл хийдэг. Би ойрхон байгаа цагдаа дээр ирээд салаад зугтааж явдаг. Манай дүү болон ээж манай найз нөхөд рүү шөнө ч хамаагүй залгаж наад Оюунаагаа надтай яриул тэгэхгүй бол та нарыг ална гэж сүрдүүлдэг. Удаа дараагаар намайг залгаж мессеж бичиж дарамталсан. Мөн манай хөгшин ээж рүү залгаж шөнө орой гэрийг чинь шатаана гэж айлгадаг. Тэгээд 2020 оны 03 сарын 20-ны үеэр Төв аймгийн Жаргалант суманд гэртээ очих үед намайг олж ирээд зам дээр явуулахгүй байсан. Тэгээд намайг цамцаараа хоолой боосон гарыг ороогоод бид 2 машинд ноцолдсон. Миний утсыг булаах гээд тэгсэн хажууд Давааням сууж байсан бүх юмыг мэдэж байгаа буухдаа миний цүнхийг аваад буусан. Мөн манай 2 хүүхдийг ална хүчиндэнэ гэж айлгаж сүрдүүлдэг. Би Жаргалант суманд заалнаас гараад иртэл хутга барьчхаад чамайг ална гээд дайрсан. Тэгэхээр нь ал гэж хэлсэн. Тэгтэл хурдан хурдан миний бие рүү минь хэд хэд хатгаад тэгээд зугтаагаад явсан. Тэгээд цагдаад мэдэгдээд бариулсан. Тэгээд дараа нь би сумын төвд ангийнхаа хүүхдүүдтэй уулзаад машин дотроо сууж байтал ирэхээр нь би бас хэрүүл хийх байх гээд хариад хоол хийгээд байж бай би араас чинь очъё гэж хэлээд явуулсан. Тэгтэл 1 цагийн дараа Рам гэх газраас машинтайгаа явж байтал бас нэг машинтай ирсэн... ...тэгээд баруун талд хөдөө гарч секс хийнэ гэж намайг шаардсан. Тэгэхээр нь би үгүй гээд хөдлөөгүй. Тэгтэл намайг чи хүнтэй унтсан байна гээд хэрүүл хийгээд хамар болон толгой руу цохиж үс зулгаасан. Тэгээд манай дүү нар намайг Э.Мөнхтөр гэдэг залуутай ямар харилцаатайг мэдэж байгаа учраас бас янз бүрийн юм болох байх гээд Э.Мөнхтөр рүү залгаад намайг асуусан. Тэгтэл байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би цаанаас нь орилоод намайг зодоод байна гэж хашхирсан. Тэгээд манай дүү болох Оюунгэрэл намайг ирээд авсан. Тэгээд би эмнэлэг орох гэтэл гадаа нь манаад зогсож байсан. Тэгээд бас зодоод байсан. Би тэр үед 1 ганцаараа байсан. Тэгээд дараа нь цагдаа дуудаад эмнэлэг орж үзүүлсэн... ...Би сэтгэл санаагаар их унаж байна. Мөн хамт олон хамаатан садан дундаа нэр хүнд маань ихээр унаж байна. Би нэр хүндээ сэргээмээр байна хамар хугарсан гоо сайхны эмчилгээ хийлгэнэ, тэр болгоны зардлаа гаргаж авмаар байна... /хх-ийн 4-5 дугаар хуудас/,

            ...миний биед гэмтэл учруулсан. Э.Мөнхтөр одоо утсаар болон Фейсбүүк орчноор намайг гутаан доромжилж нэр төрд халдаад байна... ...Зодуулснаас болж биед гэмтэл учруулсан зардал 130.000 төгрөгний зардал мөнгө гарсан байна. Өөр эмчилгээ хийлгэсэн мөнгө зардал баримт байгаа. Түүнийг шүүх хурал дээр гаргаж өгнө... ...Намайг зүгээр байхад зодож биед гэмтэл учруулсанд гомдолтой байна. Одоо түүнээс хойш утсаар болон фейсбүүк орчноор нэр төрд халдаж гутаан доромжилж байгаад гомдолтой байна... /хх-ийн 6 дугаар хуудас/,

            гэрч Г.Нямаахүүгийн ...Би цохиж зодсон асуудлыг бол өмнө нь сонсож байсан. Өөрөө бол нүдээр хараагүй. Хамар, нүд ам нь хөхрөөд орж ирж байсан. Бие нь хөх няц, аймар болсон орж ирж байсан. Хутганы сорив ч байсан. Би тоодоггүй байсан. Сүүлдээ айж байна, алвал яах бэ гэж бодож байна... /хх-ийн 7 дугаар хуудас/,

            гэрч Б.Оюунгэрэлийн ...Өмнө нь зодож байсан үгүйг мэдэхгүй байна. Ганц нэг зодсон гэсэн сураг байсан. Нүдээр харж байгаагүй. Нэг өдөр он сарыг нь санахгүй байна хутгаар зүссэн байсан. Тэгээд би дагуулж эмнэлэг орж байсан. Мөн сүүлд хамар болон үсийг нь зулгааж цохисон гэж сонсоод араас нь олж очоод сумын баруун талаас олж аваад машинтай нь авчирсан. Э.Мөнхтөр нь эрүүл урд талд нь сууж байсан. Оюуны үс нь унаад урдаа үсээ бөөгнүүлээд тавьсан, нүүр нь улаан хавдсан байсан. Тэгээд би аваад явсан... ...Э.Мөнхтөр гэх залуу нь над руу байнга утсаар залгаж чи бид 2-ийг салгасан, цагдаад бариулсан. Тиймээс би хариуг чинь өгнө гэж дарамталдаг. Хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг. Өөр зүйл байхгүй. Гэр оронг чинь шатаана олон хүний амь авна гэж хэлдэг. Танай гадаа байна гэж айлгадаг... /хх-ийн 8 дугаар хуудас/,

гэрч Н.Энхтуяагийн ...шөнө буюу 02 цаг 40 минутад 88700052 гэсэн дугаарын утаснаас залгаад намайг ойр дотны хүн нь гэж бодсон бололтой миний утсыг манай ахаас худлаа яриад дугаарыг минь олсон байсан. Тэгээд Оюун гэдэг хүн утсаа авахгүй байна наадхаа утсаа ав гэж хэл авахгүй бол ойр дотны хүмүүсийг чинь залгаад дарамтлаад байна шүү гэж хэлсэн. Намайг хаана байгаа газраас олоод ална гэж хэлсэн. Мөн цахим орчноор гүтгэнэ доромжлоно. Би шившиг болгож чадна гэж хэлсэн. Чи яасан гэж надтай ийм зүйл яриад байгаа юм. Наад хүнтэйгээ өөрөө учраа ол гэж би хэлсэн. Тэрнээс хойш 2-3 удаа залгасан. Тэгээд дугаараа нууцлаад бас залгасан. 23 цагаас 01 цагийн хооронд 5 удаа залгасан хамгийн сүүлд 04 сарын 10-ны өдөр залгасан байсан. Тэрнээс хойш яриагүй... ...Оюун эгчийн эргэн тойронд байдаг хүмүүс рүү байнга залгадаг гэж байна лээ... /хх-ийн 10 дугаар хуудас/,

            гэрч Б.Ариунзаяагийн ...энэ асуудлаас болоод гэр оронд хүртэл амгалан тайван байдал алдагдаж байна. Ээж гэртээ ирэхгүй байгаа найзындаа байгаад байгаа ээжийг чинь орцонд чинь хүлээж байна гээд хэлчих гэдэг гэртээ орохоос хүртэл айж байна хаана байгааг нь мэдээд хэрүүл хийгээд дарамтлаад байдаг... ...Өмнө нь 2020 оны өвөл сар, өдрийг нь санахгүй байна миний мэдэхээр нилээн зодсон нүүр ам нь хөх няц болсон байсан. Тэр үедээ үзүүлээгүй хөл, гар нь хөх няц болсон байсан. Яг зодож байхыг нь нүдээр хараагүй их муу санаатай. Хүмүүсийн хажууд гэмгүй хүн шиг байдаг. Хэн нотлох юм, нотолгоо аваад ир гээд байдаг... ...Хамт амьдраагүй миний мэдэхээр 7-8 сар болж байна нарийн юмыг нь би мэдэхгүй байна... /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

            гэрч Б.Эрдэнэсүхийн ...сумын төвд Б.Оюун нь Э.Мөнхтөр намайг хутгалсан гээд ирсэн. Би тэгэхэд Б.Оюунд шинжээч томилсон тогтоол үйлдэж өгөөд Төв аймаг орж үзүүл гээд явуулсан. Тэгээд хэд хоногийн дараа Б.Оюун нь Э.Мөнхтөр намайг дахиад зодсон гээд утсаар гомдол мэдэгдсэн. Тэгэхээр нь би хөдөө дуудлагаар явж байна, аймаг ороод эхний үзүүлсэн шүүх шинжилгээний эмчдээ үзүүлчих гэж хэлсэн. Тэгээд би араас нь дахин шинжээч томилох тоггоол үйлдэж шинжээч эмчид өгсөн юм... ...Б.Оюун надад хэлэхэд Э.Мөнхтөр нь миний гуяны дотор талд хутгаар хутгалсан гэж байсан. Би нүдээр хараагүй намайг харахад нүүр, толгой, гарт ил харагдах шарх сорви үүссэн зүйл байхгүй байсан. Б.Оюун өөрөө гуяны дотор талд хутгаар хутгалуулсан гэж байсан. Би түүнийг нь хараагүй надад үзүүлээгүй... ...Би Б.Оюунтай тухайн үед уулзаагүй утсаар ярихад Э.Мөнхтөр намайг дахиж зодсон гэж ярьсан. Би тухайн үед хөдөө дуудлагаар явж байсан болхоор өмнө өгсөн шинжээчийн тогтоолыг үндэслэн хэн гэдэг шүүх эмчид үзүүлсэн гэсэн аймгийн төвд И.Ганболор гэдэг эмчид үзүүлсэн гэсэн. Тэгэхээр нь би та тухайн эмч дээрээ очоод дахин үзүүлчих гэж хэлээд нэмэлт шинжээч томилж шүүх эмнэлэгт үзүүлсэн юм. Тэр үед би Б.Оюунтай нүүр тулж уулзаагүй болохоор ямар гэмтэл учирсан байсан талаар хараагүй... ...Э.Мөнхтөр нь мөн Б.Оюунд зодуулсан гэж гомдол гаргасан тухайн гомдлыг хүлээн авч цагдаагийн газрын тоо бүртгэлд оруулан шалгахад Э.Мөнхтөрийн эрүүл мэндэд хохирол учраагүй гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай материалыг аймгийн прокурорын газарт шилжүүлж шийдвэрлсэн... /хх-ийн 15 дугаар хуудас/,

            шинжээч И.Ганболорын ...Төв аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэсүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-нд иргэн Б.Оюуны биед гэмтэл учирсан эсэх талаар шинжээч томилж ирүүлснийг үндэслэн иргэн Б.Оюуны биед үзлэг хийхэд учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар тус өдөр биеэр үзлэг хийхэд гэмтлийн зэргийн шалгуур үзүүлэлтийг хангахгүй гэмтлийн зэрэгт хамаарахгүй байсан ба 2020 оны 04 сарын 02-ны өдөр иргэн Б.Оюуны биед нэмэлтээр шинжилгээ хийлгэх тогтоолыг үндэслэн үзлэг хийхэд Б.Оюуны биед баруун зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун зүүн нүдний дээд, доод хэсэгт хаван хавдартай, дээд уруулын баруун талд цус хуралттай, дээд уруулын дотор талд язарсан шарахтай, эрүүний зүүн хэсэгт цус хуралттай, компьютер томографын хамар ясны хугарал хамрын зөөлөн эдэд хавантай байсан тул дээрх гэмтлийг үндэслэн гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулсан... ...Өмнө иргэн Б.Оюуны биед үзлэг хийхэд тухайн гэмтлүүд нь учраагүй байсан... ...Нэмэлт шинжээч томилж иргэн Б.Оюунд үзлэг хийхэд тухайн биед учирсан гэмтлүүд нь шинээр учирсан гэмтлүүд байсан... ...Тухайн гэмтлүүдийн баруун дээд, доод зовхинд цус хуралт хаван гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. Дээд уруулын дотор язарсан шарх нь хөнгөн, хамар ясны хугарал хөнгөн гэмтэлд хамаарна... /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

яллагдагч Э.М ... Би хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн байгаа болохоор нэмж ярих зүйл байхгүй байна... ...Б.Оюун эгч бид хоёр 2018 оноос хойш дотно харилцаанд орж нэг гэрт эхнэр, нөхөр хоёр шиг амьдарч байсан юм. 2020 оны 03 сарын 18-наас хойш тусдаа амьдарч байна... ...Төв аймгийн Жаргалант сумын нутагт 2020 оны 03 сарын 20-ны үеээр Б.Оюуны эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 33-34 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

 

шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 192 дугаартай ...Б.Оюуны биед зүүн гуя, баруун гуя, нуруунд зулгаралт, цээжний зүүн талд цус хуралт бүхий шинэ гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 198 дугаартай ...Б.Оюуны биед хамар ясны хугарал, доод уруулын салстанд шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруул, эрүүнд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн зэргийн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хохирогч Б.Оюуны хохирлын баримтууд, толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээний хуулбар, мессеж бичсэн баримтууд /хх-ийн 60, 62-77 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Мөнхтөрийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 35-57 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.      

       

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Э.М. иргэн Б.Оюунтай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, доод уруулын салстад шарх, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруул, эрүүнд цус хуралт зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүнийг цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж цохиж, зодсон өөрөө энэ үйлдлээ хүсч үйлдсэн, дээрх хөнгөн хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд шүүгдэгчийн зодож цохисон хууль бус шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч Э.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Э.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.М гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Оюуны биед хамар ясны хугарал, доод уруулын салстанд шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруул, эрүүнд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн зэргийн хохирол учирсан байна.  

Хохирогч Б.Оюун нь мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндэд учирсан хохирол хор уршигтай холбоотой 130.000 /нэг зуун гучин мянга/ төгрөгийн зардлыг шүүгдэгч Э.М-с нэхэмжилдэг ба дээрх хохирлыг шүүгдэгч Э.М нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

 

Мөн хохирогч Б.Оюунд шүүгчийн туслах шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд гомдол саналгүй. Харин баримтаар нэхэмжилсэн хохирлоо гаргуулах хүсэлтэй байна гэсэн тул шүүгдэгч Э.М-с нийт 130.000 /нэг зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч /НМ68032605/ дугаарын регистртэй Өөлд овгийн Баттөмөрийн Оюунд олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Э.М-д гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Шүүхээс шүүгдэгч Э.М-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.    

 

Эрүүгийн 2034000000249 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, хохирогч Б.Оюун нь шүүгдэгч Э.М-д гомдол саналгүйг, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

     Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан

              шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13.,

                   37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан

                           зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Э М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б овгийн Э М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Э М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

      

4. Шүүгдэгч Б овгийн Э М-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

    

5. Эрүүгийн 2034000000249 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, хохирогч Б.Оюун нь шүүгдэгч Э.М гомдол саналгүйг, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.   

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Э М-с 130.000 /нэг зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч НМ68032605 дугаарын регистртэй, Өөлд овгийн Баттөмөрын Оюунд олгосугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Э М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Э М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН