| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0262/Э |
| Дугаар | 226 |
| Огноо | 2020-06-22 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 226
2020 06 22 2020/ШЦТ/226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,
улсын яллагч Э.Билгүүн,
шүүгдэгч О.Ө,
хохирогч Ю.Алимаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн О Ө-д холбогдох эрүүгийн 2034000000307 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1976 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Төв аймаг, Эрдэнэсант сум, Буян 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НФ76112101 дугаарын регистртэй, Б овгийн О Ө
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч О.Ө нь 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн нутаг “Оросын ам” гэх газар Ю.Алимаагийн баруун гарын 5-р хурууг хазсаны улмаас түүний хуруунд шарх, дээд уруулын салстад шарх, баруун нүдний зовхи, дээд урууланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ө:
...2020 оны 05 дугаар сарын 06-нд орой 09 цаг өнгөрч байхад би унтаж байсан. Тэгэхэд Ю.Алимаа, н.Баярмагнай нар айлд очье гээд халамцуу ирсэн. Би явахгүй гэсэн боловч юун сүртэй юм, явъя гэсэн. Тэгээд тэр айлд очоод 2 шил архи, 2 пивотой уусан. Тэгээд Ю.Алимаа, н.Баярмагнай нар хоорондоо маргалдаад байсан. Тэгээд наашаа гарч явж байгаад замдаа муудалцсан. н.Баярмагнай намайг ус авч өгсөнгүй гэсэн. Тэгэхээр би албатай юм уу гээд нударсан. Тэгсэн чинь манай нөхрийг зоддог хэн бэ гээд л харилцан зодолдоод унасан... гэж,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ю.Алимаа:
...Анх муудалцсан зүйл нь манай саахалт айл цайллагад яваад ир гэж дуудсан. Тэгээд тэднийд очихдоо энэ хоёрыг аваад тийшээгээ явсан. Тэр айлд 2 шил архи, 2 пиво уусан. Тийм ч их согтуу байгаагүй. Орой гарч яваад замдаа манай нөхрийг цохиод байсан. Тэгэхээр нь яагаад цохиод байгаа юм бэ гэсэн чинь гэнэтхэн араас үстсэн. Үсээ салгах гээд л гараа явуулсан чинь хуруу хазчихсан. Хажуу талд нь нөхрийнх нь дүү гээд эмэгтэй, бас нөхөр нь байсан. Тэр хоёрыг салгаач гэж хэлж байж салгуулсан. Тэгээд маргааш нь манай эгч ирээд гараа үзүүл гээд эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд цагдаад мэдүүлэг өгчхөөд ирсэн. О.Өлзийбатад хэлсэн чинь ирж мэдүүлэг өгдөггүй. Тэгээд хэзээ хойно нүүдэл суудал хийж байхад мэдүүлэг авсан байдаг... гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн 2034000000307 дугаартай хэрэгт хохирогч Ю.Алимаа /хх-ийн 4-5 дугаар хуудас/, гэрч Ю.Алимаа /хх-ийн 6-7 дугаар хуудас/, гэрч О.Өлзийбат /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, гэрч Э.Баасан /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, яллагдагч О.Өлзийбат /хх-ийн 25-26 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 270 дугаартай дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, шүүгдэгч О.Өлзийбатын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 27-33, 35 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч О.Ө нь 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн нутаг “Оросын ам” гэх газар Ю.Алимаагийн баруун гарын 5-р хурууг хазсаны улмаас түүний хуруунд шарх, дээд уруулын салстад шарх, баруун нүдний зовхи, дээд урууланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах
хохирогч Ю.Алимаагийн ...би гомдолтой байна. Би сэтгэл санаа болон хаврын ажлын цагаар ахуй амьдрал орон гэрийнхээ ажлыг алдаж хэд хоног явсан. Би цаашид нэг сая төгрөг нэхэмжилнэ... /хх-ийн 4-5 дугаар хуудас/,
гэрч Ю.Алимаагийн ...Өлзийбат нь манай нөхөр Баярмагнай руу агсарч түүний нуруу, хацар руу алгадаад байсан. Тэгэхээр нь би нөхрийгөө өмөөрөөд Өлзийбатад “чи хүний нөхөр зүгээр байлгаач яах гэж алгадаж нүдээд байгаа юм бэ одоо болиоч” гэтэл Өлзийбат гэнэт намайг машины жолоочийн эсрэг талын суудал дээр суугаад явж байхад араас үстсэн. Тэгэхээр нь салгах гээд гарыг нь тавиулах гэтэл Өлзийбат миний баруун гарын чигчий хурууг шүдээрээ хазаж гэмтээсэнд би гомдолтой байна... /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
гэрч О.Өлзийбатын ...Амлимааг машин дотор үстсэн. Тэгтэл намайг үснээс тавь гэж хэлээд намайг ахиад гараа раа цохидог хэн бэ гээд миний нүүр рүү баруун гараа раа хоёр удаа цохиход хуруу нь аманд ороод ирэхээр нь би баруун гарынх нь чигчий хурууг нь хазсан юм... /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
гэрч Э.Баасангийн ...Алимаа жолоочийн хажууд сууж явж байгаад эргэж хараад “чи муу миний нөхрийн нүүр рүү цохидог хэн бэ” гээд Өлзийбатын нүүрэн хэсэг рүү хоёр удаа цохисон. Тэгтэл Алимаа Өлзийбат үстчихсэн байсан. Бид хэд болиулах гэтэл нэг мэдсэн Алимаа хуруу хазчихлаа гэж байсан. Тэгээд л хурууг нь тавьчихсан. Тэгээд салцгаасан... /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
яллагдагч О.Ө ...би Ю.Алимааг цохиж зодоогүй. Үснээс нь зулгаасан. Тэгээд намайг цохисон чинь миний ам руу чигчий хуруу нь орсон. Тэр үед нь би хурууг нь хазсан юм... /хх-ийн 25-26 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 270 дугаартай ...Ю.Алимаагийн биед баруун гарын 5-р хуруунд шарх, дээд уруулын салстад шарх, баруун нүдний дээд зовхи, дээд урууланд цус уралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, шүүгдэгч О.Өлзийбатын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 27-33, 35 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч О.Ө иргэн Ю.Алимаагийн баруун гарын 5-р хурууг хазсаны улмаас түүний хуруунд шарх, дээд уруулын салстад шарх, баруун нүдний зовхи, дээд урууланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүнийг гар, хөлөөрөө болон амаараа хазаж, цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж хазаж, цохиж, зодсон өөрөө энэ үйлдлээ хүсч үйлдсэн, дээрх хөнгөн хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд шүүгдэгчийн зодож цохисон хууль бус шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч О.Ө нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч О.Ө-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч О.Ө гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ю.Алимаагийн биед баруун гарын 5-р хуруунд шарх, дээд уруулын салстад шарх, баруун нүдний дээд зовхи, дээд урууланд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Ю.Алимаа нь шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон бусад зардалд баримтаар 378.255 /гурван зуун далан найман мянга хоёр зуун тавин тав/ төгрөг, баримтгүй 1.000.000 /нэг сая/ төгрөг, нийт 1.378.255 /нэг сая гурван зуун далан найман мянга хоёр зуун тавин тав/ төгрөг нэхэмжилдэг ба дээрх хохирлын баримтаас нотлох баримтын шаардлага хангасан 378.255 /гурван зуун далан найман мянга хоёр зуун тавин тав/ төгрөгийг хангаж, шүүгдэгч О.Өлзийбатаас гаргуулж хохирогч Ю.Алимаад олгох нь зүйтэй байна.
Харин хохирогч Ю.Алимаа нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон бусад зардалтай холбоотой 1.000.000 /нэг сая/ төгрөгийн баримтаа бүрдүүлж, шүүгдэгч О.Ө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч О.Ө хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирол нөхөх төлөх талаар санаачлаг гаргаагүй, төлөөгүй зэргийг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасны дагуу торгох ялыг оногдуулахгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь тохиромжтой байна гэж дүгнэлээ.
Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ялыг гурван зуун цагаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч О.Ө нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
шүүхээс түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн 2034000000307 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч О.Ө нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч О.Ө гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6.,
36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн О Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б овгийн О Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн О Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б овгийн О Ө-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2034000000307 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч О.Өлзийбат нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч О.Ө гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн О Ө-аас 378.255 /гурван зуун далан найман мянга хоёр зуун тавин тав/ төгрөгийг гаргуулж хохирогч НФ80111200 дугаарын регистртэй, Авдар баян овгийн Юрагийн Алимаад олгосугай.
7. Хохирогч НФ80111200 дугаарын регистртэй, Авдар баян овгийн Юрагийн Алимаа нь эмчилгээний зардал болон бусад зардалтай холбоотой 1.000.000 /нэг сая/ төгрөгийн баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн О Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн О Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН