| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0265/Э |
| Дугаар | 237 |
| Огноо | 2020-06-25 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 237
2020 06 25 2020/ШЦТ/237
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат,
улсын яллагч П.Даваасүрэн,
шүүгдэгч Д.И, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,
хохирогч, бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгор, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д овгийн Д И-т холбогдох эрүүгийн 2034002670227 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймагт 1975 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймаг Заамар сум, 4 дүгээр баг, 4 дүгээр хэсэг, 1-1Б тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НЮ75031999 дугаарын регистртэй, Д овгийн Д И
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.И нь 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Галзуу харын худаг” гэх газарт асфальтан замд Тоёота марк-2 маркийн 67-67 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалаас ирж явсан 11-76 УБӨ улсын дугаартай “Хюьндай Портер” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Б.Бямбадорж, Ч.Даваачогдов, Б.Долгор нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нараас:
Шүүгдэгч Д.И:
...2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Галзуу арын худаг гэх газар явж байгаад урд талд хар хөх хариэр гэнэт зогсоод өвөл халтиргаатай байсан болхоор гишгээд зүүн дартал урдаас портер ирж байсан тэгхээр нь замын хажууруу дарсан тэр машин ирээд мөргөчихсөн. Миний машинд Долгор хүүхэдтэйгээ, Нэг залуу манай эхнэр бид 5 явж байсан. Нөгөө машинд сууж байсан хүмүүс гэмтэл гайгүй... гэж,
Хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгор:
...2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 11 өнгөрч байхад Заамар сумын төв орж ирээд Улаанбаатар орох 2 машин руу ярьтал дүүрсэн байж байсан. Тэгэхэд энэ хүн залгаад хот явна гээд хамт гараад явж байгаад, гэнэт тоормозлоод байхаар нь хартал урдаас портер ирж байсан. Тэгээд мөргөлдөөд сэрээд хүүхдээ олохгүй байсан. Харин жолооч хүүхэд аваад буусан байсан. Миний түнх тал руу мөргөсөн. Би тэр үед 3 сартай жирэмсэн байсан. Одоо удаан явахаар хөл өвдөөд байдаг. Эмч нар эмчилгээ хийх дургүй байсан. Тэгээд эмчилгээ хийлгэхийн тулд үр хөндүүлсэн. Одоо бол эмчилгээний зардал нэхэмжилсэн. Цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ. Гомдолтой байна. Хэдий эмчилгээний зардал төлж байгаа хэдий ч сэтгэл санааны хохирол их байна, гомдолтой байна... гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн 2034002670227 дугаартай хэрэгт хохирогч Б.Бямбадорж /хх-ийн 11-12 дугаар хуудас/, хохирогч Ч.Даваачогдов /хх-ийн 14-15 дугаар хуудас/, хохирогч Б.Долгор /хх-ийн 17-18 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгор /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч Т.Жанчивдорж /хх-ийн 25-26 дугаар хуудас/, гэрч Д.Идэр /хх-ийн 29-30 дугаар хуудас/, гэрч Т.Нэмэхбаатар /хх-ийн 31 дүгээр хуудас/, гэрч Ж.Чулуунбат /хх-ийн 32-33 дугаар хуудас/, гэрч Б.Бямбадорж /хх-ийн 34 дүгээр хуудас/, гэрч Б.Долгор /хх-ийн 35-36 дугаар хуудас/, гэрч А.Аззаяа /хх-ийн 37-38 дугаар хуудас/, гэрч Б.Довчин /хх-ийн 39-40 дүгээр хуудас/, яллагдагч Д.Идэр /хх-ийн 106-107 тал/ нарын мэдүүлэг,
шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 175 дугаартай дүгнэлт /хх-ийн 45 дугаар хуудас/,
шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 176 дугаартай дүгнэлт /хх-ийн 47-48 дугаар хуудас/,
шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 177 дугаартай дүгнэлт /хх-ийн 50-52 дугаар хуудас/,
шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаартай дүгнэлт /хх-ийн 55-56 дугаар хуудас/,
шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 156 дугаартай дүгнэлт /хх-ийн 59-60 дугаар хуудас/,
Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаартай дүгнэлт /хх-ийн 65 дугаар хуудас/,
“ВЕНДО” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 16885600 дугаартай авто машин техникийн үнэлгээ, үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 73-80 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 6 дугаар хуудас/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 7 тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, хохирогч нарын хохирлын баримтууд /хх-ийн 94 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.Идэрийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 87-93, 111-116 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч Д.И нь 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Галзуу арын худаг гэх газарт асфальтан замд Тоёота марк-2 маркийн 67-67 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалаас ирж явсан 11-76 УБӨ улсын дугаартай Хюьндай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Б.Бямбадорж, Ч.Даваачогдов, Б.Долгор нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь хохирогч Б.Бямбадоржийн ...Төв аймгийн Аргалант сумын нутаг Галзуу харын худаг гэх газарт 19 цагийнүед яв байгаад зам тээврийн осолд орсон. Тухайн осол болох үед зам бага зэргийн халтиргаатай манай найз Нэмэхбаатар машин барьсан байсан. Голын суудал дээр Даваачогдов суусан. Би харин захын суудалд сууж явж байтал миний сууж явсан тээврийн хэрэгслийн өөдөөс урсгал сөрөн цагаан гаранд марк-2 маркийн машин мөргөж зам тээврийн осол болсон юм. Уг зам тээврийн ослын улмаас миний толгой доргиж өвдөж, миний хөлийн өвдөг хөхөрч, нуруу байнга өвдөг болсон. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байгаа... ...Тухайн осол болоход нөгөө машины жолооч буруутай байх гэж бодож байна. Тэр 67-67 УНТ дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрөөгүй бол бид гурав осолд орохгүй байсан байх гэж бодож байна... ...би гомдолтой байна. ЗҮгээр явж байгаад эрүүл мэндээрээ хохирсон болохоор гомдолтой байна... /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
хохирогч Ч.Даваачогдовын ...Батсүмбэр сумаас өвс ачаад найз Нэмэхбаатарын 11-6 УБӨ улсын дугаартай портер маркийн машинтай явж байгаад Төв аймгийн Аргалант сумын нутаг Галзуу харын худаг гэх газарт 19-н цагийн үед явж байгаад зам тээврийн осолд орсон. Тухайн осол болох үед зам бага зэрэг халтиргаатай байсан. Манай найз Нэмэхбаатар машин барьсан. Голын суудал дээр би суусан. Манай найз Бямбадорж харин захын суудалд сууж явж байтал миний сууж явсан тээврийн хэрэгслийн өөдөөс урсгал сөрөн цагаан гранд марк-2 маркийн машин мөргөж зам тээврийн осол болсон юм. Уг зам тээврийн ослын улмаас миний толгой доргиж хавдаад уйланхаа үүссэн. Миний биед хөнгөн зэргийн гэмтэл гарсан байгаа... ...Зүгээр явж байгаад эрүүл мэндээрээ хохирсон болохоор гомдолтой байна... /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
хохирогч Б.Долгорын ...Тэр өдөр бага зэрэг цас орж байсан болоод тэрүү манай жолооч ард нь тулж ирээд байсан. Тэгээд манай жолооч сандарсандаа эсрэг талын урсгал руу дараад орсон. Би тухайн үед өөдөөс машингүй байгаасаа гээд хартал өөдөөс цэнхэр өнгийн ачаатай портер машин ирж явсанг хараад хүү Мөнхзоригийг тэврээд суусан. Тухайн үед ослын улмаас хэсэг ухаан алдсан байсан. Нэг мэдсэн чинь би хот руу замын машнид суусан эмнэлэг рүү явж байсан юм... ...Ослын улмаас миний бие болон миний хүү Мөнхзоригий нбиед гэмтэл бэртэл учирсан. Миний хүү Мөнхзориг одоо болтол бие нь сайжрахгүй байгаа... ...миний бие Мөнхзоригийн биед баруун хөл нь хугарч нүүрний дух хэсэгт шил орсон гавлын яс цуурсан. Хамар уруулд нь оёдол тавьсан. Нүдний ухархайн яс хугаралтай байгаа. Одоо биеийн байдал дунд зэрэг л байгаа... ..миний биед тархинд доргилт өгсөн. Түнх хэсгээрээ зөөлөн эдийн гэмтэлтэй... ...би гомдолтой байна. Цаашид миний бие мөн хүүхдийнхээ биед санаа зовж байна. Би цаашдын эмчилгээний зардлаа нэхэмжилнэ... /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорын ...Миний хүү Д.Мөнхзориг нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Айлын 2 дахь хүүхэд, 2 нас, 6 сартай, 219 дүгээр цэцэрлэгт суралцдаг, зан байдлын хувьд сэрэглэн цовоо хүүхэд байгаа юм... ...манай хүүхдийн гавалын яс цуурсан, дээд, доод уруул сэтэрсэн, баруун хөл хугарасан, тархиндаа хүнд гэмтэл авсан. Хамартаа оёдол тавиулсан, нүүр рүү нь шил шигсэн гэсэн гэмтэлтэй... /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
иргэний нэхэмжлэгч Т.Жанчивдоржийн ...осолд орсон тухайгаа над руу Нэмэхбаатар залгаж хэлсэн. Тэгээд би Төв аймгийн Алтанбулаг сумын Галзуу харын худаг гэдэг газар очиход Төв аймгийн Лүн, Аргалант сумын цагдаа нар оччихсон хэмжилт хийгээд явж байсан. Тэгээд цагдаагийн алба хаагч нарыг зөвшөөрөхөөр нь ачигч дуудаад автомашинаа ачаад явуулсан... ...миний автомашинд кабин хэсэг эвдэрч хэлбэр дүрсээ алдсан. Рүлийн аппарат эвдэрсэн, рам нь гулзайсан, хроп нь эвдэрсэн, цонхнууд хагарсан байдалтай байсан... /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
гэрч Т.Нэмэхбаатарын ...Батсүмбэрээс өвс ачаад Архангай орохоор явж байтал орой 18 цагийн үед Төв аймгийн Аргалант сумын нутаг Галзуу харын худаг гэх газар явж байтал 67-67 УНТ улсын дугаартай Т.Марк-2 маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөн орж ирж миний жолоодож явсан портер маркийн тээврийн хэрэгслийн урдаас мөргөсөн юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм... ...миний өөрийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр миний ахын нэр байгаа юм. Би аваад нэрээ шилжүүлж аваагүй байгаа юм... /хх-ийн 31 дүгээр хуудас/,
гэрч Ж.Чулуунбатын ...галзуу харын худаг гэх газар явж байтал урдаас хар өнгийн тээврийн хэрэгсэл ирж байсан юм. Гэтэл араас нь явж байсан машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд замын эсрэг урсгал руу орж ирээд тэгээд хөндөлсөж орж ирээд хажуу талаараа манай машиныг урдаас нь мөргөчихсөн... ...нуруу маш их өвдөж байна. Амьсгал авахаар гэдэс рүү хатгуулаад амьгалахад хэцүү байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ... /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
гэрч Б.Бямбадоржийн ...Галзуу харын худаг гэх газар явж байтал Мөнгөлөг саарал өнгийн гранд марк-2 машин урдаас хөндөлсөж орж ирээд яах ийхийн зуургүй ирээд мөргөчихсөн... ...Тухайн машин эсрэг урсгалаас шууд дарж орж ирээд урдаас мөргөчихсөн... ...миний гар шилэнд зүсэгдсэн. Нуруу хөдөлж болохгүй байна. Толгой өвдөж байна... /хх-ийн 34 дүгээр хуудас/,
гэрч Б.Долгорын ...миний сууж явсан машин гэнэт урд машинтай ойртож ирэхэд тээврийн хэрэгслийн жолооч сандраад эсрэг урсгал руу дараад орсон. Тэгсэн өөдөөс ирж явсан цэнхэр өнгийн өвч ачсан портер машинтай мөргөлдсөн... /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
гэрч А.Аззаяагийн ...Галзуу харын худаг гэх газар явж байтал урд явж байсан машин гэнэт зогсчихсон. Тэгээд манай машины жолооч тормоз гишгэх шиг болтол гулгаад эсрэг талын урсгал руу яваад орчихсон. Тэгтэл урдаас ирж байсан портер машинтай мөргөлдчихсөн... /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
гэрч Б.Довчингийн ...Төв аймгийн Аргалант сумын нутаг Галзуу харын худаг гэх газарт яв жбайтал миний сууж явж байсан таксины урд явж байсан машин их удаан явж байтал тул манай жолооч гүйцэт түрүүлэх үйлдэл хийгээд уг машины хажуугаар ортол өөдөөс ногоон өнгөтэй өвс ачсан портер машин гарч ирээд миний сууж явсан таксины жолооч талын арын хаалга хэсэг рүү мөргөсөн. Би уг мөргөсөн хаалганы эсрэг талын хаалганд сууж явсан... /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
яллагдагч Д.Идэрийн ...би зам тээврийн осол гаргасан гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна... ...Би портер маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн мөнгийг бүгдийн бүрэн барагдуулчихсан. Бас Долгор, Мөнхзориг нарын эрүүл мэндийн зардлыг төлчихсөн байгаа... /хх-ийн 106-107 тал/гэсэн мэдүүлгүүд
шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 175 дугаартай ...Т.Нэмэхбаатарын биед гэмтэл тогтоогдохгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 45 дугаар хуудас/,
шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 176 дугаартай ...Б.Бямбадоржийн биед тархи доргилт, зулайн зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 47-48 дугаар хуудас/,
шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 177 дугаартай ...Ч.Даваачогдовын биед тархи доргилт, баруун ташаанд сорви бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 50-52 дугаар хуудас/,
шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаартай ...Б.Долгорийн биед духанд шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 55-56 дугаар хуудас/,
шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 156 дугаартай ...Д.Мөнхзоригийн биед дух ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дээд хана цөмөрч бяцарсан, зүүн нүдний ухархайн дээд дотор хана хөндлөн хугарал, баруун титэм заадас чамархай руу нийлсэн хугарал, шаант ясны хугарал, тархи доргилт, дух, чамархайн шарх бүхий хүнд хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 59-60 дугаар хуудас/,
Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаартай ...Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёота марк-2 маркийн 67-67 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Идэр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэв... дүгнэлт /хх-ийн 65 дугаар хуудас/,
“ВЕНДО” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 16885600 дугаартай ...Т.Жанчивдоржийн эзэмшлийн “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэлд 2460000 төгрөгөөр үнэлсэн... авто машин техникийн үнэлгээ, үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 73-80 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 6 дугаар хуудас/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 7 тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, хохирогч нарын хохирлын баримтууд /хх-ийн 94 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.Идэрийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 87-93, 111-116 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Д.И нь Тоёота марк-2 маркийн 67-67 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалаас ирж явсан 11-76 УБӨ улсын дугаартай Хюьндай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Б.Бямбадорж, Ч.Даваачогдов, Б.Долгор нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэдгийг мэдсээр байж урсгал сөрж, хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирол, хор уршиг учирсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд тухайн болгоомжгүй гэм буруугаас гарсан үйлдэл, эс үйлдэхүй нэг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл, гурван хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Ийм учраас уг үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Д.И, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нар нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй бөгөөд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байгааг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Д.И-г замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол хохирол, гурван хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.И болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Д.Мөнхзоригийн эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Б.Бямбадорж, Ч.Даваачогдов, Б.Долгор нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч Т.Жанчивдоржийн эд хөрөнгөнд хохирол тус тус учирсан байна.
Насанд хүрээгүй хохирогч Д.Мөнхзориг, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Долгор, хохирогч Б.Долгор нарт нийт 6.000.000 /зургаа сая/ төгрөг төлсөн ба шүүхийн шатанд баримтаар гаргаж нэхэмжилсэн 1.040.000 /нэг сая дөчин мянга/ төгрөгийг төлөхөө илэрхийлж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нартай харилцан тохиролцож, Иргэний журмаар төлөхөөр тохиролцсан байна.
Мөн насанд хүрээгүй хохирогч Д.Мөнхзориг, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Долгор, хохирогч Б.Долгор нар цаашид гарах эмчилгээний зардал жич нэхэмжилнэ гэсэн тул насанд хүрээгүй хохирогч Д.Мөнхзориг, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Долгор, хохирогч Б.Долгор нарыг эмчилгээнд зарцуулсан 1.040.000 /нэг сая дөчин мянга/ төгрөг, мөн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа тус тус бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Харин бусад хохирогч нар болох Б.Бямбадорж, Ч.Даваачогдов, иргэний нэхэмжлэгч Т.Жанчивдорж нарт эрүүл мэндэд учруулсан болон эд хөрөнгөд учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.И энэ шийтгэх тогтоолоор гаргуулах төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Д.И-т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тул хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж, харин анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо хангасан баримтын хүрээнд төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан болгоомжгүй гэмт хэрэгт нь хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч Д.И-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэх бөгөөд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулах ба нэг /1/ жилийн хугацаагаар эрх хассан тул тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс нэмэгдэл ялын хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2034002670227 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүйг, шүүгдэгч Д.Идэр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Д.И-с гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д овгийн Д И-ийн B, C ангиллын жолоочийн 277667 дугаартай үнэмлэхийг зохих байгууллагад хүргүүлэхийг,
“Toyota mark-2” маркийн 6767 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 02004134 дугаартай гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Д овгийн Д И-т буцаан олгохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,
36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг
тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овгийн Д И-ийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Д овгийн Д И-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Д.И-т шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх хэд хэдэн үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.И-т шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн хэд хэдэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,
мөн хэд хэдэн үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2034002670227 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүйг, шүүгдэгч Д.И нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Д.Идэрээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д овгийн Д И-ийн B, C ангиллын жолоочийн 277667 дугаартай үнэмлэхийг зохих байгууллагад хүргүүлэхийг,
“Toyota mark-2” маркийн 67-67 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 02004134 дугаартай гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Д овгийн Д И-т буцаан олгохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д овгийн Д И-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
7. Хохирогч, насанд хүрээгүй хохирогч Д.Мөнхзориг, түүний хууль ёсны төлөөлөгч НФ90111000 дугаарын регистртэй, Адыхан овгийн Болдын Долгор нар нь эмчилгээний зардалд зарцуулсан 1.040.000 /нэг сая дөчин мянга/ төгрөгөө болон тус бүрийн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д овгийн Д И-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д овгийн Д И-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН