Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 250

 

 

 

 

 

 

 

 

 

  2020               07                02                                               2020/ШЦТ/250                                         

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Т.Болдбаяр, 

улсын яллагч  А.Азжаргал,

шүүгдэгч, хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр,

шүүгдэгч, хохирогч М.А, түүний өмгөөлөгч Ч.Содончимэг, Д.Энхтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Сн овгийн Б Б, Ц овгийн М А нарт холбогдох эрүүгийн 1934011800118 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

  

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Заамар суманд 1977 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймаг, Өндөрширээт сум, Хайрхан 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НР77090875 дугаарын регистртэй, С овгийн Б Б

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Архангай аймгийн Өлзийт суманд 1981 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Архангай аймаг, Өлзийт сум, Бодонт 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, АЕ81041078 дугаарын регистртэй, Ц овгийн М А

  

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Б нь Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сэжээ” гэх газарт 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр малын бэлчээрийн асуудлаас иргэн М.Алтансүхтэй маргалдаж түүний эрүүл мэндэд тархи доргилт, толгойд нөсөөжилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч М.А нь Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сэжээ” гэх газарт 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр малын бэлчээрийн асуудлаас иргэн Б.Болдзоригтой маргалдаж түүний эрүүл мэндэд тархи доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Болдзориг:

...2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн үед гэрийн хойноос хонио эргүүлчхээд Сэрээтэр гэх айлынд мэнд мэдэх гэж явж очсон. Намайг ороход Галбадрах байсан тул мэнд ус мэдээд цай уугаад сууж байсан. 30 минут хэрээтэй байж байтал М.Алтансүх орж ирсэн. Орж ирээд намайг сандлаар цохисон. Би булааж аваад түлхсэн. Би уг нь цохиогүй. Намайг мөрдөн байцаалтын явцад намайг цохисон болгосон байсан. Өөр ярих зүйл байхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... гэж

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Алтансүх:

...Намайг малаа аваад зайл гэдэг би тэвчихээ байгаад 2 цохисон. Над дээр дандаа шуугиж ирнэ. Намайг дандаа дарамталдаг. Эзэнд нь хэл гэхээр дандаа над дээр ирдэг. Тэгээд гарж зодолдъё гээд бид 2 гарсан. Намайг мөргөөд байсан... гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1934011800118 дугаартай хэрэгт хохирогч М.Алтансүх /хх-ийн 5-6, 7 дугаар хуудас/, гэрч Б.Болдзориг /хх-ийн 9-10, 11 дүгээр хуудас/, гэрч Д.Галия /хх-ийн 12 дугаар хуудас/, гэрч Б.Болдзориг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэрч Б.Галбадрах /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч М.Алтансүх /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, шинжээч И.Ганболор /хх-ийн 89-90 дүгээр хуудас/, яллагдагч Б.Болдзориг /хх-ийн 37-38 дугаар хуудас/, сэжигтэн М.Алтансүх /хх-ийн 56 дугаар хуудас/, яллагдагч М.Алтансүх /хх-ийн 64-65 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,  

шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 21 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогч Б.Болдзоригийн Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 3 дугаар хуудас/, хохирогч Б.Болдзоригийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 69-70 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 76-78, 95 дугаар хуудас/, хохирлын баримт /хх-ийн 88 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Болдзориг, М.Алтансүх нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 71-75, 81-85, 91-94 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.        

     

Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сэжээ” гэх газарт 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр малын бэлчээрийн асуудлаас иргэн М.Алтансүхтэй маргалдаж түүний эрүүл мэндэд тархи доргилт, толгойд нөсөөжилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч М.А нь Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сэжээ” гэх газарт 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр малын бэлчээрийн асуудлаас иргэн Б.Болдзоригтой маргалдаж түүний эрүүл мэндэд тархи доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч М.Алтансүхийн ...Болдзориг нь би нутаг дээрээ байна чи яадаг юм гэж хэлээд сууж байсан сандлаа аваад намайг цохих гээд босоод ирсэн. Би баруун гараа раа толгойгоо хамгаалахад намайг цохисон. Сандал нь хугарсан. Тэгээд би Болдзоригийг зүүн гараа раа заамдаж аваад баруун гараа раа хоёр удаа нүүр рүү нь алгадсан. Тухайн үед Галбадрах эгч боль гэж хэлсэн. Тэгээд би Болдзоригийг арагшаа нь түлхээд болио зогсож байхад Болдзориг намайг гараад ир хоёулаа гэрийн гадаа зодолдъё гэж хэлсэн. Би гэрээс гараад гадаа тамхи татаад зогсож байхад Болдзориг нь намайг гараа раа миний толгойны баруун талын чих, зүүн талын чих рүү хоёр удаа цохиод мөн толгойгоороо хоёр удаа мөргөсөн. Тэгээд гэрээс Галбадах эгч гарч ирээд боль гэж хэлсэн. Тэгээд би тамхи татаад зогсож байхад Болдзориг нь мотоциклоо унаад намайг чадна аа гэж хэлээд яваад өгсөн... /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

...надад эмчилгээний зардал мөнгө нэхэмжлэх зүйл байхгүй... ...зодуулсандаа гомдолтой байна. Би тухайн үед толгойны зураг авахуулсан баримт байгаа. Түүнийг шүүхийн шатанд гаргаж өгнө. Мөн ирж очих тээврийн хэрэгслийн зардал  мөнгө төгрөг гарч байна. Түүнийг бас шүүхийн шатанд нэхэмжилнэ... /хх-ийн 7 дугаар хуудас/,

гэрч Б.Болдзоригийн ...Сэрээтэр гуайн туслах малчин залуу нь орж ирээд мэндийн зөрүүгүй намайг пизда минь мал чинь гарахгүй гэсэн чинь, яасан юм бэ гэж хэлээд том хүрэн өнгөтэй модон сандал барьж аваад миний толгойн орой дээр цохисон. Тэгээд би дахиж цохиулахгүйн тулд сандал булаацалдсан. Тэгж байхад нүүр рүү хоёр удаа мөргөсөн. Тэгээд тэр залуу ширээн дээр байсан сэрээ шүүрээд аваад чамайг хутгалж ална гэсэн чинь Галбадрах гуай бид хоёрын дундуур орж та нар малын бэлчээрээс болж яах гэсэн юм гэж хэлээд туслах малчнаа бариад авсан. Тэгээд би гарах гэж байтал тэр залуу галын дэгээ төмөр барьж аваад дээлийн хоримоо руу хоёр удаа цохисон. Би барьж байсан сандлаа тавиад би гэрээс гарсан... /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

...Намайг Алтансүх толгойгоороо мөргөж үүдэн шүд хөдөлсөн. Толгой хөдөлсөн. Нүүр хөхөрч хавдсан... /хх-ийн 11 дүгээр хуудас/,

гэрч Д.Галиягийн ...Б.Болдзориг нь хүнд зодуулсан гэж хэлээд миний бие өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд би үзлэгийн өрөөнд орж Б.Болдзоригийн биеийг үзсэн. Үзлэгээр биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул орчиндоо харьцаатай байрлал идэвхтэй арьс салст чийглэг, ердийн. Зүрхний авиа тод, хэм жигд 112/мин; SpO2 97% АД:150/90;150/100 мм муб. Уушги 2 талдаа цулцангийн амьсгалтай, амьсгалын тоо 20 удаа/мин. Хэл чийглэг өнгөргүй, хэвийн зөөлөн эмзэглэлгүй. См.пастернацкий 2 талд /-/ шээс өтгөний гарц хэвийн захад ил хавангүй. Хэсэг газрын үзлэг: баруун дээд зовхи харахад хавдсан улайлттай, тэмтрэлтээр эмзэглэлтэй. Хамар тэмтрэлтээр эмзэглэлтэй. Гавлын зүүн тал харахад хавдсан тэмтрэлтээр эмзэглэлтэй байсан. Би тэгээд уг өвчтөн Болдзоригт атенолол 0,05 зүрхний цохилт бууруулдаг эмийн хэлэн дор, маннитол 100,0 дуслыг судсанд дуслаар урсгасан цагдаагийн байгууллагад хандаарай гэж хэлж зөвлөсөн... /хх-ийн 12 дугаар хуудас/,

гэрч Б.Болдзоригын ...Сэрээтэр гуайн малчин залуу нь орж ирээд мэндийн зөрүүгүй намайг пиздаа минь малчин гарахгүй гэсэн чинь яасан юм бэ гэж хэлээд шууд сандал барьж аваад толгойн орой дээр цохисон. Тэгээд би дахиж цохиулахгүйн тулд сандал булаацалдсан. Тэгж байхад нүүр рүү хоёр удаа мөргөсөн. Тэгээд тэр залуу ширээн дээр байсан сэрээ шүүрээд авсан. Тэгсэн чинь Галбадрах гуай зуураад авсан... /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

гэрч Б.Галбадрахын ...Болдзориг, Алтансүх хоёр барилцаж аваад хоёр толгойгоороо мөргөлдөөд байсан. Би боль гэж хэлэхэд Болдзориг хоёулаа гарч зодолдоно чи гараад ир гэсэ.. Тэгээд Болдзориг, Алтансүх хоёр гэрээс гараад манай гэрийн урд мөн барилцаж аваад толгойгоороо нэг нэгнээ мөргөөд байсан. Би салгах гээд голоор нь ороход Болдзориг нь Алтансүхийг цохих гээд миний толгойны зүүн талд цохисон. Тэгээд салгаад Болдзориг мотоциклоо унаад явах гэж байхад Алтансүх би чамайг чадна чи харж байгаа гэж хэлсэн... /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

гэрч М.Алтансүхийн ...би Болдоог гараа раа хоёр удаа шанаанд нь цохисон. Тэгээд гэрээс гараад гэрийн агдаа тамхи асаагаад зогсож байхад Болдоо нь хоёулаа сайхан зодолдоно гэж хэлээд дайраад ирсэн. Би заамдаж байхад намайг мөргөсөн. Би бас өмнөөс нь мөргөсөн... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

шинжээч И.Ганболорын ...Иргэн М.Алтансүхийн биед үзлэг хийхэд тархи доргилт нь гэмтлийн зэрэг тогтоох журманд зааснаар хөнгөн зэрэгт хамаарна... /хх-ийн 89-90 дүгээр хуудас/,

яллагдагч Б.Б ...М.Алтансүх нь сууж байгаад толгойн тус газарт модон сандлаар толгой руу цохиод би яаж байна гээд босоод айлын хөгшин Алтансүхийг боль гээд арагш нь татсан. Тэгсэн М.Алтансүх нь ширээн дээр нь байсан сэрээг бариад чамайг хутга шааж ална гэсэн. Тэгээд намайг заамдаж аваад өөр рүүгээ татаад толгойгоороо нүүрэн тус газар мөргөсөн. Тэгэхээр нь би салаад гэрээс гарах гэсэн чинь М.Алтансүх нь зуухны хажууд байсан төмрийг бариад намайг цохих гээд тэгэхээр нь би хажууд байсан сандлыг арьж хагааад тэгээд гэрээс гараад гүйсэн... /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

яллагдагч М.А ...би хүлээн зөвшөөрч байна. Миний өмнө өгсөн мэдүүлэгт хэргийн талаар үнэн зөв тодорхой ярьсан байгаа... /хх-ийн 64-65 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,    

 

шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 21 дугаартай ...иргэн Б.Болдзоригийн биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, баруун хөмсөг, хамарт цус хуралт, баруун зүүн хөмсөг, дагзны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаартай ...иргэн М.Алтансүхийн биед тархи доргилт, толгойд нөсөөжилт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогч Б.Болдзоригийн Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 3 дугаар хуудас/, хохирогч Б.Болдзоригийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 69-70 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 76-78, 95 дугаар хуудас/, хохирлын баримт /хх-ийн 88 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Болдзориг, М.Алтансүх нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 71-75, 81-85, 91-94 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.        

        

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Б иргэн М.А-ийн биед тархи доргилт, толгойд нөсөөжилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч М.А-г иргэн Б.Болдзоригийн биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, баруун хөмсөг, хамарт цус хуралт, баруун зүүн хөмсөг, дагзны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүнийг гар, хөлөөрөө эсхүл бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх эд зүйлээр цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж цохиж, зодсон өөрөө энэ үйлдлээ хүсч үйлдсэн, дээрх хөнгөн хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд шүүгдэгч нарын зодож цохисон хууль бус шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч нарт учирсан хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой тул шүүгдэгч М.А, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч М.А, Б.Б болон тэдний өмгөөлөгч Ч.Содончимэг, Д.Энхтунгалаг, Ш.Амарбаяр нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч М.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Мөн шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Шүүгдэгч Б.Б нь хохирогч М.Алтансүхийн биед тархи доргилт, толгойд нөсөөжилт бүхий хөнгөн хохирол,

Шүүгдэгч М.А иргэн Б.Болдзоригийн биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, баруун хөмсөг, хамарт цус хуралт, баруун зүүн хөмсөг, дагзны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учирсан байна.

  

Иймд шүүгдэгч Б.Б М.А нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч М.А, Б.Б нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүрэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан үзлээ.

 

Шүүхээс ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгч М.А дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял,

шүүгдэгч Б.Б таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

 Шүүхээс шүүгдэгч М.А-д оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, харин шүүгдэгч Б.Болдзоригт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

 

Тэдэнд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцох хорих ялаар солихыг,

 

шүүхээс тэдэнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.    

 

Эрүүгийн 1934011800118 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б, М.А нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгч Б.Б, М.А нараас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

         Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан

    шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13.,

         37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан

              зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овгийн Б Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц овгийн М А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц овгийн М А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар,

шүүгдэгч С овгийн Б Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц овгийн М А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С овгийн Б Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.  

      

4. Шүүгдэгч С овгийн Б Б, Ц овгийн М А нарт тус бүр шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.   

  

5. Эрүүгийн 1934011800118 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б, М.А нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгч Б.Б, М.А нараас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

 

            6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С овгийн Б Б-г, Ц овгийн М А нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С овгийн Б Б, Ц овгийн М А нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН