Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/371

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Ч.Жавзансүрэн,

Өсвөр насны шүүгдэгч: *******, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014003020400 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Өсвөр насны шүүгдэгч, Монгол улсын иргэн,мэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол овогт Шинэбаярын Солонго, 

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дунд захын махны заалнаас иргэн С.Баасанхүүгийн гээгдэл эд хөрөнгө болох Iphone 7 (Айфон 7) маркийн гар утсыг олж бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшиж бусдад 430.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 Өсвөр насны шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Баянхонгор аймгийн Баянговь сумын 3 дугаар багийн малчин 2020 оны 06 дугаар сарын эхээр Баянговь сумаас Баянхонгор аймагт ирсэн. Яг хэдний өдөр гэдгийн санахгүй байна. Би хөдөөнөөс ирсэн өдрийн маргааш нь Баянхонгор аймгийн Дунд захын мах зардаг газар орсон. Тухайн үед махны тог байхгүй байсан. Би махны лангуу руу яваад орсон чинь эхний лангууны доор шалан дээр хар өнгийн гар утас доошоо харчихсан байсан. Тэгээд би тухайн газраас хар өнгийн гар утас аваад мах зардаг газраас шууд гэр рүүгээ явсан. Миний олсон гар утас Iphone 7 маркийн утас байсан. Утас тухайн үед унтраагүй асаалттай байсан. Тэгэхлээр нь би унтраагаад өөрийн сим карт хийчихсэн юм. Намайг энэ гар утас олоход ямар нэгэн код байгаагүй. Би энэ Iphone 7 маркийн гар утсыг худалдаж авсан зүйл байхгүй. Дунд захын махны лангууны шалан дээрээс олсон. Тухайн үед намайг энэ утас олоход гар утас руу хүн залгаагүй ямар хүн барьж яваад хаясан талаар мэдэхгүй байна. Би тэгж хулгай хийсэн зүйл байхгүй. Дунд захын махны газар тухайн үед тог тасарчихсан харанхуй хүмүүс нь гар утасныхаа гэрэл асаачихсан байсан. Би дөнгөж үүдээр нь ороод эхний лангууны шал дээр гар утас байхаар нь олоод аваад явсан. Би гар утас олоод ашигласан тохиолдолд гэмт хэрэг гэдгийг мэдэхгүй сая мэдэж авлаа. Над руу хүн залгахгүй байхлаар нь би гар утсыг нь унтрааж өөрийн сим карт хийсэн. Миний буруу. Би өөрөө буруугаа хүлээн зөвшөөрч байна.....гэх мэдүүлэг /хх-ийн 52-54/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч*******мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2020 оны 06 дугаар сарын 04-ны өдөр гэрээсээ гараад Дунд зах орж мах авах гэж ороод цагаан идээ зардаг лангууны ойролцоо явж байтал миний гар утсанд дуудлага ирээд би гар утсаа өөрийн барьж явсан цүнхнээсээ гаргаж ирээд хүнтэй гар утсаараа ярьчхаад буцаагаад цүнхэндээ хийсэн юм. Тэгээд би махны лангууны тэр хавиар явж махны үнэ асуучхаад дахин гар утсаа цүнхнээсээ гаргаж ирэх гэтэл миний гар утас алга болчихсон байсан юм. Тухайн үед махны цэгийн тог тасарчихсан лангуунууд харанхуй бүдэг байсан юм миний гар утас маркийн iphone-7 маркийн гар утас байсан махны лангууны яг хаана гар утсаа алдсан талаар би мэдэхгүй байна. Би гар утасны үнэлгээ хийлгэсэн байгаа, ямар хүн миний гар утас авсан талаар би мэдэхгүй байна. Ямар ч байсан дунд захын махны лангууны ойролцоо гар утсаа алдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/

4. Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч******* мэдүүлэхдээ: ******* нь манай эхнэр бөгөөд бид дундаасаа нэг хүүхэдтэй, түүний гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа утсыг нь буцааж өгсөн гэв. 5. Энх нахиа ХХК-ний шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 314 дугаартай шинжээчийн дүгнэлт болон /хх-ийн 18/, эд зүйлийн үнэлгээ танилцуулсан 2020 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн тэмдэглэл /хх-ийн 19/, өсвөр насны шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59/, нас тоолсон 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 26/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй торгох ялын доод хэмжээг оногдуулах талаар дүгнэлт гаргасныг дурдаж шийдвэрлэв.

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч ******* нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Номгон” 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дунд зах”-ын махны заалнаас иргэн С.Баасанхүүгийн гээгдэл эд хөрөнгө болох Iphone 7 (Айфон 7) маркийн гар утсыг олж бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшиж бусдад 430.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч*******нарын мэдүүлэг, үнэлгээний Энх-Нахиа ХХК-ийн 314 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ. Иймд шүүхээс өсвөр насны шүүгдэгч Ш.Солонгыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул өсвөр насны *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан ял оногдуулахыг тэнсэж хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Өсвөр насны шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”- ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзлээ. Шүүхээс өсвөр насны шүүгдэгч *******д түүний гэм бурууг ухамсарлуулах, хөдөлмөрлөх зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг зургаан сарын хугацаагаар хүлээлгэх нь зүйтэй гэж үзэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Мөн түүний хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын, Хөгжлийн Газарт даалгаж шийдвэрлэв. Харин өсвөр насны шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих гэсэн ял оногдуулахаар заасныг дурдах нь зүйтэй байна. Өсвөр насны шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 4 хоногтой хэшүүхээр хянан шийдвэрлэх үед 17 нас 05 сар 20 хоногтой байсан бөгөөд өсвөр насны шүүгдэгч нь 2019 оноос хойш 23 настай*******тай хамтран амьдарч нэг хүүхэдтэй болсон зэрэг нь Гэр бүлийн тухай хуулийн 3.1.1-д “гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг…”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4-р зүйлд заасан “...бага насанд нь….. гэрлүүлэх…ийг хориглоно....” гэснийг зөрчсөн байгаа боловч энэ тухайн хүүхдийг буруутай гэж шүүх дүгнэхгүй боловч Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх төв байгууллагаас энэ хуулийн 6 дугаар зүйлд “..хүүхдийн эрхийн талаар мэдээлэл цуглуулах, судалгаа явуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, нэгдсэн сүлжээ байгуулах…” гэсэн үүргээ хангалтай биелүүлээгүй байна гэж дүгнэлээ. Өсвөр насны шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

Хэрэгт өсвөр насны шүүгдэгч Ш.Солонгын гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******д буцаан олгож шийдвэрлэв. Өсвөр насны шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Өсвөр насны шүүгдэгч ******* нь шийтгэгдэж байсан эсэх талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овогт Шинэбаярын Солонгыг нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Монгол овогт Шинэбаярын Солонгод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж нэг / 01 / жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.2- д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучууд, Хөгжлийн Газарт даалгасугай.

5. Өсвөр насны шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт өсвөр насны шүүгдэгч Ш.Солонгын гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******д хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ