Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 249

 

 

 

 

 

 

 

 

 

   2020            07               02                                                  2020/ШЦТ/249                    

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,

улсын яллагч Э.Билгүүн,

шүүгдэгч Ж.Д, түүний өмгөөлөгч А.Сандагдулам,

шүүгдэгч Т.Д, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Ж Д, Ц овгийн Т Д нарт холбогдох эрүүгийн 1834000840222 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.      

           

                             Шүүгдэгч нарын биеийн байцаалт 

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Завхан аймаг Баянтэс суманд 1983 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Тэргүүн Чансаа” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк 2 дугаар хотхон 302-197 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ИБ83062412 дугаарын регистртэй, Х овгийн Ж Д

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Завхан аймаг Баянтэс суманд 1992 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 15-292 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ИБ92031918 дугаарын регистртэй, Ц овгийн Т Д

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ж.Д нь Т.Д бүлэглэж 2016 оны 12 дугаар сарын 20-ны шөнө Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Харганы ам” гэх газраас иргэн С.Болдын өмчлөлийн 2 тооны адууг хулгайлан нядалж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Яллагдагч Т.Д нь Ж.Д-той бүлэглэж 2016 оны 12 дугаар сарын 20-ны шөнө Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Харганы ам” гэх газраас иргэн С.Болдын өмчлөлийн 2 тооны адууг хулгайлан нядалж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.     

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Д:

...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Д:

...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж тус тус мэдүүлжээ.

 

 Эрүүгийн 1834000840222 дугаартай хэрэгт хохирогч С.Болд /хх-ийн 10-12 дугаар хуудас/, гэрч С.Болд /хх-ийн 13 дугаар хуудас/, гэрч Т.Бат-Эрдэнэ /хх-ийн 14 дүгээр хуудас/, гэрч Т.Доржпүрэв /хх-ийн 15-16, 17, 23-24 дугаар хуудас/, гэрч Ж.Даваадорж /хх-ийн 18-19, 25-27 дүгээр хуудас/, Ж.Бямбажав /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч Б.Мөнх-Алдар /хх-ийн 22 дугаар хуудас/, яллагдагч Т.Доржпүрэв /хх-ийн 49-50 дугаар хуудас/, яллагдагч Ж.Даваадорж /хх-ийн 53-54 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,  

“Хөрөнгийн Үнэлгээний төв” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 139 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-34 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, хохирогч С.Болдын Төв аймгийн Цагдаагийн Газарт гаргасан өргөдөл /хх-ийн 8 дугаар хуудас/,  эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11 дүгээр хуудас/, хөрөнгийн үнэлгээний гэрээ /хх-ийн 23 дугаар хуудас/, шүүгдэгч Т.Доржпүрэв, Ж.Даваадорж нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг /хх-ийн 55-61, 66-76, 78-139 дугаар хуудас/ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.   

   

Шүүгдэгч Ж.Д нь Т.Д-тэй бүлэглэж 2016 оны 12 дугаар сарын 20-ны шөнө Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Харганы ам” гэх газраас иргэн С.Болдын өмчлөлийн 2 тооны адууг хулгайлан нядалж 4500000 төгрөгийн хохирол учруулсан,

 

шүүгдэгч Т.Д нь Ж Д-той бүлэглэж 2016 оны 12 дугаар сарын 20-ны шөнө Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Харганы ам” гэх газраас иргэн С.Болдын өмчлөлийн 2 тооны адууг хулгайлан нядалж 4500000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч С.Болдын ...тухайн үед манай хоёр гүү Баяраа гэх залуугийн адуунд байсан юм. Тэгээд тухайн үедээ цагдаад тэмдэглүүлж байсан. Сүүлд сонсоод байхад Дээмбээ гэж дууддаг Завханы гарлын манай нутагт хамаатан садан нь байдаг залуу хулгай хийсэн талаар сонсоод цагдаад хэлсэн юм. Худалдаж авсан хүнийг нь Дүнхэр гэж авгайлж дууддаг бас жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна... ...миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан, худалдаж авсан хүн нь 2 сая төгрөг, дээр нь 1 морь, 1 шүдлэн байдас, 2 шүдлэн үрээ нийт 4 тооны адуу авсан... /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

гэрч С.Болдын ...намар 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш Бат-Эрдэнэ надтай уулзаад таны 2 гүү алга болчихлоо гэж хэлсэн. Тэгээд би морьтой Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг адуу их байдаг газруудаар хайгаад олоогүй. Тэгээд тухайн үедээ ямар нэгэн сураг чимээ гараагүй, сэг зэм олдоогүй. Тэгээд сураглаж байтал 2017 оны хавар манай сумын гаралтай Улаанбаатар хотод амьдардаг Дүнхэр гэж дууддаг залуу тухайн үед манай энд Дээмбээ гэж дууддаг залуутай миний 2 гүүг айлын зооринд нядалж хулгайлан авч явсан талаар хүнээс сонссон... /хх-ийн 13 дугаар хуудас/,

гэрч Т.Бат-Эрдэнийн ...2016 оны 5 сард манай хурдан хээр азарганд хурадан удамтай 2 гүүг хураалгахаар тавьсан юм. Тэгээд 2016 оны 12 сарын 13-ны өдөр манай 3 азрага адуу байдаг. Бөөгнүүлэхэд адуу бүрэн байсан бөгөөд 12 сарын 16-ны өдөр хөдөө очиж адуугаа олоход улаан буурал гүү ланзан тамгатай бор гүү чойндон тамгатай, 2 адуу алга болсон байсан. Энэ талаар Болдоо ахад хэлсэн... ...2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Харганы ам буюу Жамцын өвөлжөөний араас адуугаа олж авсан. Тэгэхэд 2 гүү алга болсон байсан... ...Бямбажавын өвөлжөө манай өвөлжөөнөөс баруун урагшаа 1 км орчим зайтай. Бямбажавын өвөлжөөнөөс Даваадоржийн зоорь баруун хойшоо даваад 1 км орчим зайтай байдаг... /хх-ийн 14 дүгээр хуудас/,

гэрч Т.Доржпүрэвын ...Батсайхан машинаас бугуйл шидэж 2 адуу барьсан. Тэгээд тэр хоёр адууг нугасалж цусыг нь ханаж алаад Батсайхан бид хоёр нэг адууг нь нөгөө адууг нь Батдэлгэр Батсайхантай хамт ирсэн залуугын хамтаар өвчиж мөч хийгээд машиндаа ачаад Улаанбаатар хот руу яваад намайг Улаанбаатар хотын хуучин 22 товчооны тэнд буулгаад Батдэлгэр, Батсайхан нөгөө залуу гурав явсан... ...би тэр хоёр гүүг Баяраа гэж дууддаг хүний адуунд байж байгаад алга болсон талаар өөрийн хамаатны ах Тошлой гэж хүнээс сонссон. Тэрнээс өөр мэдэх зүйл байхгүй... ...бид нар өөр хулгай хийгээгүй. 2017 оны хавар би хулгай хийхээр явж байгааг мэдээгүй бөгөөд хөдөөө очсоныхоо дараа мэдсэн. Тухайн үед бараан зүсмийн 2 адуу байсан. Морь, гүү аль нь байсныг санахгүй байна. Тэд нар махаа зарахаар аваад явсан. Надад мөнгө өгөөгүй... /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

...Харганы зам гэх газраас нэг бор нөгөөдөх нь хүрэн зүсмийн 2 гүү барьж аваад Дүнхэр ахын төмсний зоорь байдаг Ар сант гэх газар аваачсан. Тэгээд Дүнхэр орой 12 цагийн үед Улаанбаатар хотоос ирээд бид хоёр тэр 2 гүүг зооринд оруулж нядлаад Дүнхэр ах махыг нь цэнхэр өнгийн приус-20 маркийн машинд ачаад Улаанбаатар хот руу авч явсан... /хх-ийн 17, 23-24 дүгээр хуудас/,

гэрч Ж.Даваадоржийн ...манай том ахын хүү Дээмбээ нэгийг нь 450000 төгрөгөөр бодож өгнө гэж хэлсэн. Тэгээд хоёр, гурав хоногийн дараа ажлаа тараад очиж авсан. Намайг очиж Дээмбээ Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Ар сант гэж байрлах манай төмсний зоорьны тэнд бор зүсмийн нөгөөдөх нь цана цохисон бараандуу зүстэй 2 гүү бариад уяачихсан байсан. Тэгээд би очоод буруу гарын гүү гэдгийг нь мэдсэн. Тэгээд бид хоёр зооринд оруулаад махлаж  янзлаад өөрийн эзэмшлийн УБӨ улсын дугаартай цэнхэр өнгийн приус-20 машинтай Улаанбаатар хот руу Нарантуул-2 зах дээр ченжид зарсан... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

...би нядалж байх явцдаа мэдсэн юм. Тэгээд хийж дуусаад махаа янзлаад махыг нь машиндаа ачиж аваад явсан юм. Би тус хоёр адууг цуг хийлцсэн... ...Т.Доржпүрэвт 2 ширхэг хутга байсан юм... ...Хулгайн адуу байсан учраас би гарал үүслийн бичиг авч яваагүй юм... ...би гэрт нь ороогүй шууд хоёр адуугаа Т.Доржпүрэв хөтлөөд би машинтайгаа өөрийнхөө зоорь руу явж очоод тэнд адуугаа нядалсан... /хх-ийн 25-27 дүгээр хуудас/,

Ж.Бямбажавын ...Т.Доржпүрэв нь манай малыг маллаж байгаад гэнэт хаяж явсан. Тэр үеэр манай найз Т.Бат-Эрдэнэ манай адуунд байсан Болд гэдэг ахын 2 гүү алга болчихлоо гэж надад ярьсан. Тэгээд би Т.Доржпүрэвийг хулгай хийгээд гэнэт явсан байж магадгүй гэж бодсон. Тэрнээс би яг хулгай хийсэн талаар нь мэдэхгүй... /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

гэрч Б.Мөнх-Алдарын ...Т.Доржпүрэв нь 2016 оны 12 дугаар сард манай малыг маллаж хөдөө байсан бөгөөд нэг өдөр над руу утсаар ярьж  Дүнхэр ах мөнгө өгөхгүй байна нэг зуун мянга төгрөг авах ёстой хэлээд өгөөч гэхээр нь ямар учиртай мөнгө вэ гэж асуухад Дүнхэр ахад 2 гүү зарсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би та өөрөө Дүнхэр ахад хэлээд ав гэж хэлээд утсаа салгасан. Тэр 2 гүү байж магадгүй. Тэрнээс би яг хулгай хийсэн талаар нь мэдэхгүй... /хх-ийн 22 дугаар хуудас/,

яллагдагч Т.Доржпүрэвийн ...би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

яллагдагч Ж.Даваадоржийн ...би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... ...би бусдад учирсан 2 тооны адууны хохирлыг бүрэн төлж барагдуулсан... /хх-ийн 53-54 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд, 

 

“Хөрөнгийн Үнэлгээний төв” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 139 дугаартай ...иргэн С.Болдын эзэмшлийн эрлийз улаан буурал зүсмийн гүүний зах зээлийн үнэ, цэнэ 3000000 /гурван сая/ төгрөг, Монгол угшилын хар бор зүсмийн гүүний зах зээлийн үнэ, цэнэ 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр тус тус үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 29-34 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, хохирогч С.Болдын Төв аймгийн Цагдаагийн Газарт гаргасан өргөдөл /хх-ийн 8 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11 дүгээр хуудас/, хөрөнгийн үнэлгээний гэрээ /хх-ийн 23 дугаар хуудас/, шүүгдэгч Т.Доржпүрэв, Ж.Даваадорж нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг /хх-ийн 55-61, 66-76, 78-139 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.      

   

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

                                                                                                         

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлтийн талаар: 

Шүүгдэгч Ж.Д, Т.Д нар бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 20-ны шөнө Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Харганы ам” гэх газраас иргэн С.Болдын өмчлөлийн 2 тооны адууг хулгайлан нядалж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь хамтран оролцооны хэлбэрээрээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэнээрээ бүлэглэн гүйцэтгэх” гэсэн шинжийг, 

Мөн шүүгдэгч Т.Д, Ж.Д бүлэглэн ашиг олох санаа зорилгоор, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгож ашиг олох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж энэ нөхцөл байдлыг өөрсдөө хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр байх ба үйлдэл, эс үйлдэхүй нь хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шинжийг тус тус хангасан, тэдэнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч Т.Д, Ж.Д нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдний өмгөөлөгч Ш.Амарбаяр, А.Сандагдулам нар нь ч мөн хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Т.Д, Ж.Д нарыг бүлэглэж, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Т.Д, Ж.Д нарын санаатай гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Болдын өмчлөлийн 2 тооны адуу алдагдаж 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан байна.

 

Шүүгдэгч Т.Д, Ж.Д нар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан болох хавтаст хэргийн 10-12 дугаар хуудаст авагдсан хохирогч С.Болдын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Т.Д, Ж.Д нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүх шүүгдэгч Т.Д, Ж.Д нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1:2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсоныг тус тус тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Д, Ж.Д нарт тус бүр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж,

шүүхээс түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн 1834000840222 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Т.Д, Ж.Д нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хохирогч С.Болд нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.   

 

             Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

     хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

       36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл,

                     заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Х овгийн Ж Д, Ц овгийн ТД нарыг бүлэглэн, бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х овгийн Ж Д, Ц овгийн Т Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр зургаан зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Ж Д, Ц овгийн Т Д нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Х овгийн Ж Д, Ц овгийн Т Д нарт тус бүр шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг тус тус харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн 1834000840222 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Т.Д, Ж.Д нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хохирогч С.Болд нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х овгийн Ж  Д, Ц овгийн Т Д нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй. 

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Х овгийн Ж Д, Ц овгийн Т Д нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.ГАНДАНСҮРЭН