| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 105/2017/0876/Э |
| Дугаар | 245 |
| Огноо | 2018-03-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 12.1.2.6., 17.2.2., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 245
Н.Тт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч Н.Тын өмгөөлөгч Р.Б,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч Р.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Тт холбогдох 1706012560120 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овогт Н.Т, 1996 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ Эмээлтэд мал бойлдог ажилтай байсан гэх, ам бүл 3, дүү нарын хамт ........................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................................../,
Н.Т нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хөл бөмбөгийн талбайн орчимд иргэн Х.Хыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Хохирогч Х.Хт хүч хэрэглэн “Samsung A3” загварын гар утас, “Улаанбаатар бурзай” картыг дээрэмдсэн,
Хохирогч Х.Хын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэхийг завдсан,
Мөн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны 3 дугаар орцны цахилгаан шатан дотор хохирогч Б.Ад хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл хийж, хүчиндэхээр завдсан,
Хохирогч Б.Ад хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Хохирогч Б.Агийн эд хөрөнгө болох гар утсыг нь авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэхийг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Тыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хоёр хүнийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар учруулах гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэхийг завдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар Н.Тт 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Н.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг хорих ялд дүйцүүлж 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, Н.Тын бүгд биечлэн эдлэх ялыг 6 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Тт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Тын урьд цагдан хоригдсон 88 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Samsung A3” загварын гар утас 1 ширхэг, бурзай Улаанбаатар гэсэн бичигтэй 1 ширхэг виза картыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Х.Хт буцаан олгох, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.Т нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Н.Тт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Т гаргасан давж заалдах гомдолдоо: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор надад 6 жил 1 сарын хорих ял оногдуулсан. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын явцад өөрийн үйлдсэн хэргийг үнэн шудрагаар мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан.
Мөн хохирогчид учруулсан хохирлоо сайн дураараа шүүх хуралдаанаас өмнө нөхөн төлсөн бөгөөд хохирогч энэ талаар шүүхэд тайлбар өгсөн, шүүхээс намайг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн. Би айлын том хүүхэд, ээж Н 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр өвчний учир зуурдаар нас барсан, одоо өнчин 2 дүүг маань цаашид харж хандах надаас өөр хүнгүй, хойд эцэг архичин болоод гэр орондоо огт ирдэггүй болсон. Өндөр настай өвөө эмээ 2 маань бие муутай, тэтгэврийн хэдэн төгрөгөөр амь зуудаг. Тэднийгээ би мөн ажил хийж асарч халамжлах зээ хүү нь атал хэрэг хийн шоронд орж өвөө, эмээгээ маш хүнд сэтгэлийн зовлонд унагаж байгаадаа маш их харамсаж, өөрийн залуу насны 6 жилийг өвөө, эмээ, дүү нараа асарч халамжилж хамт байж ажиллаж, хөдөлмөрлөж амьдарч чадахгүй шоронд өнгөрүүлэх гэж байгаадаа туйлын их харамсаж, шаналан гутарч байна.
Өөрийн гэнэн томоогүй, тэнэг ухаангүй зангаас болж архи уун ийм муухай хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгааг минь харгалзан үзэж анхан шатны шүүхээс надад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар багасгаж өгнө үү.
Надад анхан шатны шүүхээс ял оногдуулахдаа ямар нэгэн хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу зүйлчлэн, зөв нэмж нэгтгэн эдлэх ялыг тооцсон. Би өөрийн гэмт үйлдлийг ойлгож, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөлтэй маргаагүй. Гэхдээ миний хувийн байдал, тухайлбал ар гэртээ ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж, өнчин 2 дүүгээ асран тэжээдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршиг байхгүй зэргийг харгалзан үзэж хуулийн энэрэнгүй ёсны зарчимыг үндэс болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан журмаар ялаас минь хөнгөрүүлж өгөхийг хүсч байна...” гэжээ.
Шүүгдэгч Н.Тын өмгөөлөгч Р.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч Н.Т нь 21 настай, айлын том хүү бөгөөд эх П.Н нь 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр өвчний учир зуурдаар нас барсан, 2 охин дүүтэйгээ өнчирч үлдсэн. Түүний хойд эцэг нь архины хамааралтай, эхнэр хүүхдээ харж ханддаггүй, гэр орондоо ирдэггүй, одоо 2 охин дүү нь эмээ, өвөө дээр нь тэдний асрамжинд Хэнтий аймгийн Хэрлэн суманд амьдарч байгаа болно. Тэрээр айлд хөлсөөр малчны туслахын ажил хийж амь зууж ар гэрийнхэндээ бага боловч тусалдаг байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог.
Хэрэг учрал болох үед тэрээр хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл огтхон ч байхгүй бөгөөд харин хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, ийнхүү довтлох явцад нь хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан байхад үүнийг мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.5-д зааснаар шалган нотлохгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Н.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар өөрийн гэм бурууг шүүхэд хүлээн зөвшөөрч мэдүүлж, уг зүйлийн 1.3-т зааснаар ялыг хөнгөрүүлэн оногдуулахыг хүссэн боловч шүүх “гэм буруугаа хүлээн зөвшөөрөх хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” хуулиар олгогдсон боломжийг олгохгүйгээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн дөнгөж 21 настай, цэл залуухан хүнийг 6 жил 1 сарын хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, 39.5 дугаар зүйл, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.
Прокурор М.Эрдэнэзаяа давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд гарсан байна.
Н.Т нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хөл бөмбөгийн талбайн орчимд иргэн Х.Хыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Хохирогч Х.Хт хүч хэрэглэн “Samsung A3” загварын гар утас, Улаанбаатар бурзай картыг дээрэмдсэн,
Хохирогч Х.Хын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэхийг завдсан,
Мөн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны 3 дугаар орцны цахилгаан шатан дотор хохирогч Б.Ад хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл хийж, хүчиндэхээр завдсан,
Хохирогч Б.Ад хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Хохирогч Б.Агийн эд хөрөнгө болох гар утсыг нь авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэхийг завдсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-14/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-17-25/, хохирогч Х.Хын мэдүүлэг /хх-30-31, 32-33/, хохирогч Б.Агийн мэдүүлэг /хх-36-37/, шүүх эмнэлгийн шинжээчийн 10603 тоот дүгнэлт /хх-48/, шүүх эмнэлгийн шинжээчийн 10595 дугаартай дүгнэлт /хх-56/, шүүх сэтгэц эмгэг судлалын 953 дугаартай дүгнэлт /хх-58-59/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг.
Шүүх ялтны үйлдсэн гэмт хэргийн шинж байдал болон ялтны хувийн байдлыг харгалзан үзэж Н.Тт 6 жил 1 сарын хорих ял оногдуулсан, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг хуулийн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн ялтан Н.Тын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Н.Т нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хөл бөмбөгийн талбайн орчимд иргэн Х.Хыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
хохирогч Х.Хт хүч хэрэглэн “Samsung A3” загварын гар утас, Улаанбаатар бурзай картыг дээрэмдсэн,
хохирогч Х.Хын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэхийг завдсан,
Мөн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны 3 дугаар орцны цахилгаан шатан дотор хохирогч Б.Ад хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл хийж, хүчиндэхээр завдсан,
хохирогч Б.Ад хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүд тус тус үйлдсэн болох нь:
хохирогч Х.Хын “... Би 2017 оны 8 дугаар сарын 18-ны орой 21 цагийн үед зүүн дөрвөн замаас ахынхруугаа алхаж яваад Жуковын хөл бөмбөгийн талбайн хаалгаар дөнгөж ортол араас нэг үл таних залуу намайг үсдэж, ам дарсан. Тэгэхээр нь би адилхан үсдэлцээд байж байтал миний цүнхийг ухах гэсэн. Тэгэхээр нь би “чи яах гээд байгаа юм бэ” гэхэд “мөнгийг чинь авна” гэхээр нь “мөнгө байхгүй” гэхэд “утсаа өг” гэсэн. Тэгээд бас намайг “хүчиндэнэ, янхан минь” гэсэн. Тэгээд байж байтал зүүн талаас нэг залуу ирэхэд миний утсыг аваад зугтаачихсан. Би гэртээ ороод цагдаад дуудлага өгсөн...” /хх-30-31/,
хохирогч Б.Агийн “... Би 2017 оны 8 дугаар сарын 18-ны орой 21 цагийн үед гэр лүүгээ орох гээд лифтэнд суутал үл таних эрэгтэй араас орж ирсэн. Тэгээд хоолойг маань боогоод, намайг дарж унагаагаад, өмдөө тайл новшоо гээд хэл амаар доромжилж, нүүр амыг маань самардаж, 5 минут хэртэй намайг боосон. Тэгээд өмдийг маань тайлах гэж оролдож байтал лифт зогсож хүмүүс ирэхэд утсаа өг гичий, янхан минь гэсэн. тэгээд орцны жижүүр болон өөр танихгүй хүн ах, эгч ирээд тэр хүнийг цохиж байхад хүртэл утсаа өг гичий минь гээд байсан. Тэр хүн зугтаагаад яваад өгөхөөр нь би гэртээ ороод цагдаа дуудсан...” /хх-36-37/,
гэрч П.М-ын “... Би 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сүлд-68 чиглэлд цагдаагийн ахлах ахлагч С.Т-ын хамтаар 24 цагийн, явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн орой 21 цаг 10 минутад Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 1 дүгээр байрны 3 дугаар орцны цахилгаан шатанд нэг эрэгтэй, нэг эмэгтэйг боогоод, зодоод байна гэсэн дуудлага ирсэн, яаралтай шалга гэсэн үүрэг өгсөн. Үүний дагуу ахлах ахлагч С.Тилубекын хамт очиж шалгахад байрны жижүүр эмэгтэй “сая цахилгаан шатанд цагаан өнгийн майктай, биеийн Н.Тын өмдтэй, өндөр, туранхай залуу энэ охиныг зодож байсан, намайг очиход гараад зугтсан” гэж тухайн залуугийн содон шинж тэмдэг болон хувцасны талаар мэдээлэл өгсөн. Мөн хохирогч Б.Атай уулзахад цахилгаан шатанд суутал согтуу залуу араас орж ирээд хоолой боогоод, ам таглаад, хүчиндэх гээд дайрсан, зодоод байсан. Тэгээд миний өмд рүү гараа хийгээд, шорт тайлах гээд байсан. Би урдаас нь нилээн эсэргүүцсэн, хөлөөрөө лифтний хаалга руу тулахад хөл дээр дэвсээд, боогоод үсдээд байсан. Тэгээд жижүүр эгчийг ирэхэд утсаа өг гэж дайрч байснаа зугтаасан гэсэн. Ингээд тухайн этгээдийг эрэн сурвалжлах ажлыг ойр орчимд хийж байтал дахин Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хөл бөмбөгийн талбай дээр эмэгтэй хүн гар утсаа дээрэмдүүлсэн гэх дуудлага ирсэн. Ингээд тухайн эмэгтэйг дээрэмдсэн гэх залуугийн хувцас болон биеийн өндөр, намыг нь зарлан явуулсны дагуу 7 дугаар хорооны 1 дүгээр байрны цахилгаан шатанд гэмт хэрэг үйлдсэн этгээд мөн байх магадлалтай гэж үзээд ахлах ахлагч С.Тилубекийн хамтаар Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 30 дугаар байр болон Эрүүл мэндийн 10 дугаар төвийн урдуур эрэн сурвалжилж ажиллаж байхад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 111 дүгээр байрны хойд талд байх автомашины гаражийн урд цагаан өнгийн майктай, хар өнгийн биеийн Н.Тын өмдтэй, согтуу залуу сууж байхаар нь очиж шалгахад нилээн согтуу байдалтай байсан. Мөн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд гар утсаа дээрэмдүүлсэн эмэгтэйн гар утас болон Улаанбаатар бурзай карт нь гарч ирсэн...” /хх-44-45/,
гэрч Б.Б-ын “... 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн нилээн орой жижүүрийн өрөөндөө байж байтал 3 давхарт бололтой цахилгаан шатан дотроос эмэгтэй хүний орилох дуу гараад байхаар нь юу болов, хүүхдүүд тоглоод байгаа юм болов уу гэж бодоод байж байтал нэг нүдний шилтэй эмэгтэй “3 давхарт цахилгаан шатанд нэг залуу нэг эмэгтэйг зодоод байна гэсэн. Би дээшээ гартал цахилгаан шатан дотор орилоод байгаа эмэгтэй нэг хөлөөрөө лифтний хаалга жийсэн, хаалга онгорхой, нэг туранхай, цагаан майктай залуу эмэгтэйн үснээс нэг гараараа зулгаачихсан, нөгөө гараараа хоолойг нь боосон байдалтай байсан. Тэгээд “хүүе, юу болов” гэхэд тэр залуу юу ч дуугарахгүй зулгаагаад л байсан. Харин нөгөө охин “эгчээ туслаарай” гээд байсан. Тэгээд би тэр залууг арай гэж салгатал бас нэг охин ирчихсэн цагдаа дуудаадах гэхэд би мессеж бичиж байна, болоогүй байна гээд байсан. Тэгээд би тэр охиныг хурдан цагдаа дууд гэж орилоод, хоолойноос нь боосон гарыг нь татахад тэр залуу цагдаа дуудаарай гэсэн чимээг сонсоод зугтаагаад гараад явахаар нь араас нь хөөгөөд манай байрны 6 дугаар орцны хажуугаар гаргаад алдчихсан...” /хх-46/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Б.Агийн биед тархи доргилт, зүүн хацар, дээд уруулд зулгаралт, хүзүүнд цус хуралтууд үүсчээ. Дээрх гэмтэл хатуу мохоо ба ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 10603 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-48/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Х.Хын биед хоолойд цус хуралт, гарын сарвуунд шалбаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 10595 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-56/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн “... Магадлуулагч Н.Т нь болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байсан байна. Н.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй гэх баримтгүй байна. Н.Т нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй байсан гэх шинж тэмдэг илрэхгүй байна. Н.Т нь одоо сэтгэцийн эмгэггүй байна. Өөрийн хийсэн хэргийг хариуцах чадвартай байна...” гэх 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 953 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-58-59/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-14/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-17-25/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-26/, хохирлын баримт /хх-113/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Н.Тт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүхээс Н.Тыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хоёр хүнийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар учруулах гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар Н.Тт 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Н.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг хорих ялд дүйцүүлж 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Харин хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Н.Т нь хохирогч Б.Агийн гар утсыг хүч хэрэглэж дээрэмдэхийг завдсан гэх үйлдэл нь гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүйгээс гадна, хохирогчийг лифтэн дотор барьж авч, хүчиндэхээр завдах явцдаа утсаа өг гэж хэлж байсныг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэх боломжгүй тул энэ үйлдлийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэ талаар анхан шатны шүүхээс Н.Тыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь хэргийн жинхэнэ байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэх заалтад нийцээгүй байна гэж үзлээ.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч Р.Булган нарын “... оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 1 дэх заалтад “Н.Тыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хоёр хүнийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар учруулах гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэхийг завдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг,
“Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Тын Б.Агийн гар утсыг дээрэмдэхийг завдсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилэн ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, Н.Тыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хоёр хүнийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар учруулах гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
- 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар Н.Тт 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй” гэснийг,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар Н.Тт 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй” гэж,
- 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, Н.Тын бүгд биечлэн эдлэх ялыг 6 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай” гэснийг,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, Н.Тын бүгд биечлэн эдлэх ялыг 4 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧИД Д.ОЧМАНДАХ
Д.ОЮУНЧУЛУУН