Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 19

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийн

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Ш.Н-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: мөн аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргад холбогдох

 “Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн а/109 дугаарын захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Н, хариуцагч Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга Б.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...90-ээд онд Монгол Улс шинэ нийгэмд шилжиж эхэлмэгц Цагаан бургасан тохой хэмээх байгалийн үзэсгэлэнт газрын байгаль, хүн малын зохисгүй үйл ажиллагааны уршгаар сүйрч, монгол оронд нэн ховордсон Каспийн Цагаан бургас устаж үгүй болоход хүрч байсанд иргэний хувьд сэтгэл түвдэн аймаг, сумын удирдах байгууллагуудад асуудал боловсруулан оруулж, улмаар Зүүнбаян-Улаан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, 3асаг даргын тогтоол шийдвэрээр 2000 оны 3-р сарын 27-ны өдрөөс эхлэн 60 жилийн хугацаатайгаар амралт зугаалга, аялал жуулчлалын чиглэлээр авч ажиллахаар болсон юм. Ийнхүү гэр бүл үр хүүхдүүдийнхээ хамтаар 18 жил энэ газрын байгалийг хамгаалахад гадаад, дотоодын 100 шахам сая төгрөгийн төсөл хэрэгжүүлж, Цагаан бургасан тохойн байгалийг бүхэлд нь хамгаалж, устаж үгүй болж байсан бургасан төглийг сүйрлээс бүрэн хамгаалж чадав. ...жил бүр 6,7,8-р саруудад (гурван cap) 1,0 га газар дээр үйлчилгээ явуулж, жилд төлөх түрээсийн 400,00 мянган төгрөгийг төлөхөд хүндрэлтэй болж ирсэн учраас Монгол Улсын зохих хуулиудын дагуу түрээсийн төлбөрийг хөнгөлж өгөхийг сумын Засаг даргын зөвлөлд жил бүр тавьдаг тайландаа болон аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нарт ... хандаж байсан боловч арга хэмжээ авч өгөөгүй юм.

Ингээд 2016 оны сонгуулиар сумын Засаг даргаар сонгогдсон Б.У гэгч ... Би 2016 оны 12 дугаар сард Японд Олон улсын хуралд оролцоод ирэхэд түрээсийн төлбөрөөс дутуу 1.9 сая төгрөгийг өг гэсний хариуд учир явдлаа тоочсон бичиг илгээхэд ямар ч хариу өгөлгүйгээр газар эзэмших эрхийг шууд цуцласан а/109 тоот захирамжаа гаргаад ирүүлсэн юм. Түүнээс хойш би Зүүнбаян-Улаан суманд 5 удаа, аймгийн удирдлагуудад 3 удаа асуудал тавихад нэг удаа ч хариу өгөлгүй иргэн миний эрхийг ноцтойгоор зөрчсөөр өдий хүрэв.

Ийнхүү Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын 2016 оны 12-р сарын 21-ний өдрийн А/109 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би нэхэмжлэлийнхээ шаардлагыг “хүчингүй болгуулах” гэж өөрчилж байна. ...Би жилд 400.000 төгрөгийн түрээсийн төлбөр өгөх ёстой үүнээс 100.000 төгрөгийг төлж байхаар ...дарга нартай ...тохиролцсон юм аа. ... Хамгийн гол нь 1 га газар дээр үйл ажиллагаа явуулж 3 сар ажиллаж байна. ...Жилийн 9 сард нь үйл ажиллагаа явуулдаггүй. ...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл,  эвдрэлд орж, ашиглаагүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болно гэсэн байгаа юм. ... 2016 оны 10, 11 саруудад Японд байсан. ... Цагаан бургасын байгаль хамгаалах талаар олон улсын илтгэл тавьж байсан. ...Захирамж гардаг өдөр У дарга өнөөдрийн шуудангаар бичиг очно. Би Улаанбаатар руу явж байна гэсэн. Миний хүсэлтийн хариу юм болов уу гэсэн чинь захирамж гаргасан байсан. ... ...10 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргаж болно гэсэн заалт байсан. ...Би ч ... 2 жилийн хугацаанд ойлголцох байх гэж бодсон... газар үзэж үзэж олдохгүй байсан болохоор өөрийн 5 га газрын 1 га газарт тариалан тарихаар болсон. 1 га газрыг хагалаад цангисны үрийг суулгасан... Газрын төлбөрт 400.000 төгрөг төлөх ёстой гэдгийг ойлгосон. ...Газрын төлбөрөөс чөлөөлөх шийдвэр гаргуулахын тулд жил болгон 100.000 төгрөг төлсөн. Газрын төлбөрийн 300.000 төгрөгөөс чөлөөлж өгөөч гэсэн бичгээр хүсэлтээ гаргаж байсан. Сум тодорхой шийдвэр гаргадаггүй юм. 2010 оноос өмнө 400.000 төгрөгөөр төлж байсан байх. ...Хэдэн оноос 100.000 төгрөг болгосныг мэдэхгүй байна. Газрын төлбөрөөс чөлөөлүүлэх хүсэлтээ ерөөсөө л Сумын Засаг даргын Тамгын газарт хандаж байсан. Тайлан тавих болгондоо л ярьдаг юм” гэв.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга Б.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш.Н нь Зүүнбаян-Улаан сумынхаа нэрийг Монгол улс төдийгүй, Олон улсад гаргаж байгаа сумын иргэдийн нэг, Сум орны хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалтанд өөрийн сэтгэл, зүрхээрээ ханддагийг сумын иргэд, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрынхан хүндэтгэж явдаг байлаа.

Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын 2000 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 12 тоот захирамжаар 6212000289 нэгж талбарын дугаартай Ш.Н-д аялал жуулчлалын зориулалтаар Цагаан бургаст байршилтай 5га газар эзэмшүүлэн олгосон. Тус газрыг эзэмших хугацаанд ...1. ... 2015 онд Газрын даамал Г.А биеэр очиж уулзаж кадастрын эрхийн баталгаажилт хийлгэж, гэрээ шинэчилэн баталгаажуулах шаардлагыг биелүүлээгүй. 2. 2000 оноос хойш Ц.Н нь үндсэн газрын төлбөр болох 400000 төгрөг төлөх ёстойгоос 2016 он хүртэл газрын төлбөрийг 100000 төгрөг төлж байсан ...өмнө жилийн үлдэгдэл болон 2016 оны газрын төлбөр болох 1900000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дотор төлж барагдуулах албан мэдэгдэл хүргүүлж, хугацаа өгсөн боловч 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар нэхэмжилсэн газрын төлбөрийг төлөөгүй. 3. Ш.Н эзэмшлийн газар нь ...хүчин төгөлдөр эрхийн, гэрээ гэрчилгээгүй. 4...үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах газрын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил нэгж талбарыг харуулсан зурагтай байна гэсэн заалтыг зөрчсөн. 5. ...Эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр шинээр тариалангийн талбай бий болгож газар хагалсан гэсэн ноцтой зөрчлүүдийг гаргасан.

Иймд ...Сумын Засаг даргын 2016 оны 12-р сарын 21-ний өдрийн а/109 тоот захирамжаар хүчингүй болгож, албан мэдэгдэл хүргүүлсэн.

Тус газрыг сум өөрийн мэдэлд авч ...2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бүрэн тусгаж ...газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулахаар ...тусгасан болно. ...Бид энэ саналыг албан болоод албан бусаар хэд хэдэн удаа хэлж байсан. Албан мэдэгдэл хугацаатай байдаг. ...хугацаандаа, хууль ёсны дагуу эргээд Захиргааны хэргийн шүүхэд гомдлоо гаргаж болно шүү гэсэн мэдэгдэл өгсөн. Захирамжийн талаарх мэдэгдлийг Н гуайд өөрт нь өгч тантай холбоотой захирамж гарлаа. Үүүнийг 14 хоногийн дотор танилцаад хариу мэдээлэл өгөөрэй гэсэн. ...бид нартай үл тоомсорлон харьцсан. ...Бид хууль ёсны дагуу сануулсан. Та ийм зөрчлүүдээ арилга, бид нар дэмжиж ажиллана гэсэн саналыг тавьж байсан...” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш.Н ...2000 онд Цагаан бургасан тохой байгалийн үзэсгэлэнт газар дээр 5 га газрыг аялал, жуулчлалын зориулалтаар эзэмшсэн байдаг. ...Газрын тухай хуульд хүний үйл ажиллагаагаар гэмтэж, сүйтсэн газрыг өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэнд тухайн газрыг эзэмшүүлнэ гэж заасан байгаа. Гэтэл энэ хуулийг батлагдахаас өмнө буюу 2000 онд танд уг газрыг эзэмшүүлсэн байгаа. Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Засгийн газрын тогтоолоор газар эзэмших, өмчлөх, ашиглах асуудал зохицуулагдаж явдаг. Засгийн газрын 152 дугаар ...тогтоол дээр үндэслэж тухайн сумын ...Хурлын тогтоол гаргаж, тухайн тогтоолыг үндэслэж гэрээн дээр нь тусгаж иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай харьцдаг. Татварын улсын байцаагч У эгчээр 2000 оноос хойш 2009 он хүртэл нь газрын төлбөрийг шүүлгэсэн. Тэгэхэд газрын төлбөр дээр Ш.Н гэсэн хүнээс 100.000 төгрөгийн төлбөр төлсөн мэдээлэл байхгүй байна лээ. ...2011 оноос 2015 он хүртэл 100.000 төгрөг төлсөн байсан. Үлдэгдэл 300.000 төгрөгийг 5 жил төлөөгүй гэж үзэж 1.500.000 төгрөг болсон. 2016 оны газрын төлбөр 400.000 төгрөг ингээд 1.900.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Засаг даргын тоотоор нэхэмжилсэн. Тухайн онд газрын орлого биелээгүй байсан учраас хугацаатай албан бичгийг явуулсан. ...2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр очиход таныг Японоос ирээгүй байна гэсэн. 08-ны өдөр таны ажил дээр очиход өрөөнд тань таны хүүхэд байсан байх. Тэр хүнд танд дамжуулаад өгөөрэй гэж сонсгож өгсөн. 12 дугаар сарын 21-ний өдөр захирамж гаргаж, дараа нь энэ талаар мэдэгдэл явуулсан байгаа. Ажлын 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрх танд байсан. 2 жилийн дараа гомдол гаргаж байгаад гайхаж байна. Цагаан бургасыг аялал, жуулчлалын зориулалтаар авчихаад тариалан тарьсан зөрчил гаргасан байгаа. Уг хуулийн дагуу аж ахуйн нэгжийг 5 сая хүртэл төгрөгөөр торгоно гэж заасан. Байгаль орчны улсын байцаагчтай нэг удаа очиход байхгүй ...Сахиул байсан. Акт үйлдэх боломж олдоогүй. ... Газрын зориулалтыг өөрчлөх юм бол газар эзэмших эрхийг цуцалдаг байгаа. ...Газрын тухай хуулийн дагуу тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан. ...Газар ...Үндэсний нэгдсэн программд шилжиж байна. Үүн дээр тухай газрын кадастр байхгүй бол мэргэжлийн компаниар хэмжилт хийлгээд кадастрын зураг хийлгээрэй гэж хэлж байсан. ...Энэ 5 га газрыг эзэмших гэрчилгээг 2016 онд хүчингүй болгоод сум өөрийн мэдэлд авсан. Тэгээд 2016 оны Засгийн газрын 10 дугаар тогтоолын дагуу ...Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Н гуайг энэ газраа эргүүлж авах байх гэж бодоод төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байгаа. Энэ бол Нэргүй гуайд боломж олгож байгаагийн нэг илрэл. ... олон улсын төсөл сонгон шалгаруулалтаар оролцож 5 га газрыг эзэмших эрх нь Н гуайд одоогоор нээлттэй байгаа. Үүн дээр эзэмших зориулалтыг аялал, жуулчлалаар оруулсан байгаа...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Ш.Н нь “Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн а/109 дугаарын захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т тус тус зааснаар захиргааны байгууллагаас гаргасан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй бөгөөд тухайн актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор хэдийд ч гомдол гаргаж болохоор хуульчилжээ.

          Тиймээс шүүх нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

   Гэвч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа “...илт хууль бус болохыг тогтоолгох” гэснийг “...хүчингүй болгуулах” хэмээн өөрчилсөн тул шүүх энэхүү өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

   Нэхэмжлэгч Ш.Н нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Цагаан бургас” хэмээх газарт 5 га газрыг амралт зугаалга, аялал жуулчлалын зориулалтаар 60 жилийн хугацаатайгаар эзэмшиж байсныг хариуцагчийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн а/109 дугаарын захирамжаар Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг үндэслэн дээрх 5 га газрыг эзэмших эрхийн 141900018 дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга нь энэхүү захирамжийнхаа талаар нэхэмжлэгч Ш.Н-д 2016 оны 12 дугаар сард мэдэгдсэн болох нь түүний 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/315 дугаарын албан бичиг болон нэхэмжлэгчийн “...Захирамж гардаг өдөр У дарга өнөөдрийн шуудангаар бичиг очно. Би Улаанбаатар руу явж байна гэсэн. Миний хүсэлтийн хариу юм болов уу гэсэн чинь захирамж гаргасан байсан...” гэх тайлбараар давхар нотлогдож байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “...шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.3-т “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд ...шүүхэд нэхэмжлэл гаргана” гэжээ.

Харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхийг хуульчилсан бөгөөд хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/315 дугаарын албан бичигтээ нэхэмжлэгчийн энэхүү эрхийг тусган хүргүүлсэн байна. Тодруулбал: Нэхэмжлэгч нь хариуцагчийн дээрх албан бичиг болон маргаан бүхий захиргааны актыг 2016 оны 12 дугаар сард буюу шүүхэд нэхэмжлэл гаргахаас даруй 2 жил шахам хугацааны өмнө мэдсэн байна.

Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 болон Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т зааснаас /захиргааны актыг илт хууль бусад тооцуулах тухай нэхэмжлэлээс/ бусад нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацаа тооцох учиртай.

Ш.Н нь хариуцагчийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан а/109 дугаарын захиргааны актын талаар мэдсэнээсээ хойш дээр дурьдсан хуулийн хугацаануудад багтаан нэхэмжлэлээ шүүхэд гаргалгүй 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүргэж шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Тиймээс шүүх Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн “Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн а/109 дугаарын захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан Ш.Н нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн а/109 дугаарын захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар Ш.Н-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг нэхэмжлэгч Ш.Н-д буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т зааснаар энэхүү нэхэмжлэл болон түүнд хавсарган ирүүлсэн нотлох баримт болох нийт 17 /арван долоон/ хуудас материалыг нэхэмжлэгчид буцаан хүргүүлж, холбогдох баримтыг үйлдэхийг шүүгчийн туслах З.Сүхбаярт даалгасугай.  

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл бичгээр гарсан өдрөөс нь хойш 7 /долоо/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.