Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2022/0536

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ИХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

 Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Чингүүн

Нэхэмжлэгч “ИХ” ХХК

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Дорноговь аймгийн Сайхан дулаан сумын нутагт байрлах “Хүрэн дэл” нэртэй XV-019085 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, эрхийг сэргээж, хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгуулах”,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 459 дугаартай

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0048/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 459 дүгээр шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ИХ” ХХК-ийн “Дорноговь аймгийн Сайхан дулаан сумын нутагт байрлах “Хүрэн дэл” нэртэй XV-019085 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, эрхийг сэргээж, хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

2. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

2.1. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан "..."ИХ" ХХК-ийн эзэмшлийн Дорноговь аймгийн Сайхан дулаан сумын нутагт байрлах “Хүрэн дэл” нэртэй XV-019085 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, эрхийг сэргээж, хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ:

2.2. Нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийн заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй нь буруу болсон бегеед шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

2.3. Нэхэмжлэгчээс маргаж буй асуудлыг өөрийн хуулиар хүлээсэн үүргээ зөрчөөгүй, ийм нөхцөл байдал бий болох шалтгаан нь орон нутгийн захиргааны байгууллагын хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс болсон.

2.4. Дээрх нотлогдож буй хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэлгүйгээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон гэх шалтгаанаар өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж маргасан.

2.5. Гэтэл шүүхээс уг үндэслэлийг үгүйсгэхдээ: “...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.5, 2.6-д 2.11, 4.4, 4.5, 4.9, 4.12-т дурдсанаар 2021 оны 11 дүгээр сарын 02, 09-ны өдрөөс өмнө К-11 маягт бөглөж тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө гаргаагүй байх тул хариуцагчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл нотлогдоогүй гэж дүгнэсэн.

2.6. Нэхэмжлэгчийн хувьд анх нэхэмжлэл гаргахдаа: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өргөдлөө өгч чадаагүй /бүрдэл дутуу гэх шалтгаанаар хариуцагч байгууллагын тусгай зөвшөөрлийн сунгалт хариуцсан мэргэжилтэн хүлээн аваагүй 1 шалтгаан нэхэмжлэгчээс болоогүй нь маш тодорхой нотлогддог. Энэхүү нотлогдож байгаа нь баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэн системд дуусгавар болгосон бүртгэл хийгдсэн учир өргөдлийг тань хүлээж авахгүй байгаа гэх шалтгааныг буюу уг бүртгэлийг хүчингүй болгож, өргөдлийг хүлээж авах боломжийг нээн зохих журмаар тус өргөдлийг шийдвэрлэх боломжийг л товчхондоо шүүхээр нээлгэхийг хүссэн.

2.7. Гэтэл анхан шатны шүүхээс уг шаардлага үндэслэлийг ойлголгүйгээр дээрх дүгнэлтүүдийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

2.8. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй холбогдох бүх арга хэмжээг бодит байдалд авч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргах хугацааг тооцож, оргодолд зайлшгүй хавсаргагдах ёстой байгаль орчны менежментийн төлөвлөгөөг мөн хуулийн 40.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ" гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 2 сарын өмнө хүргүүлсэн боловч Дорноговь аймгийн Сайхан дулаан сумын Засаг дарга, Байгаль орчны байцаагч нар хуульд заасан хугацаанд баталж өгөлгүйгээр 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр баталж өгсөн байдаг.

2.9. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хувьд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө түүнийг дуусахаас 1 сарын өмнө гаргах боломжийг нь хязгаарласан дээрх нөхцөл байдал нэхэмжлэгчийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаан болж байхад анхан шатны шүүхээс холбон тайлбарлах боломжгүй гэж үгүйсгэж байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг зөрчсөн.

2.10. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг шүүхээс тайлбарлан хэрэглэхдээ нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүй байдлаар буюу 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өргөдлөө гаргаагүй байсан гэх утгаар тайлбарласан нь буруу бөгөөд уг заалтын хувьд нэхэмжлэгч ямар шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн хугацаагаа дуусахаас 1 сарын өмнө гаргаагүй тэр нэхэмжлэгчийн үйлдлээс үл хамаарах шалтгаанаар бий болсон эсэхийг шүүх шалгаж дүгнэх ёстой, түүнчлэн бусад заалт болох 22 дугаар зүйлийн 22.1.3, 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасантай уялдуулан тайлбарлан хэрэглэх ёстой байтал буруугаар тайлбарлаж, дээр дурдсан заалтуудыг нэхэмжлэгчийн тайлбарласан үндэслэл, нотлох баримтуудтай холбон тайлбарлаж хэрэглээгүй, мөн нотлох баримт цуглуулах тухайд шүүхээс үнэхээр 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн өгсөн албан бичиг түүний үндэслэлийг шалган тогтоох нь ач холбогдолтой гэж үзсэн бол холбогдох баримтыг хариуцагчаас шаардах, мэргэжилтнийг гэрчээр асуух байдлаар нотлох баримтыг цуглуулах ёстой байсан боловч уг үүргээ хэрэгжүүлээгүй.

2.11. Нөгөөтээгүүр Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасан “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах" эрхээ нэхэмжлэгч өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж алдаагүй нь нотлогдож байхад тэдгээр баримтуудыг зөвөөр үнэлээгүй нь нэхэмжлэгч шууд буруутай байсан мэтээр дүгнэлтэд хүрэх шалтгаан нь болсон гэж үзэж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 459 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “ИХ” ХХК-аас “Дорноговь аймгийн Сайхан дулаан сумын нутагт байрлах “Хүрэн дэл” нэртэй XV-019085 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, эрхийг сэргээж, хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан гаргажээ.

3.  Анх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 901 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч “ИХ” ХХК-д Дорноговь аймгийн Сайхан дулаан сумын  нутагт байрлах “Хүрэн дэл” нэртэй XV-019085 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаатай олгож, улмаар 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 651 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч компанийн дээрх хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай сунгасан байна.

4. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно:”, 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэж тус тус заасан.

5. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө тусгай зөвшөөрөл сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах ба хуульд заасан хугацааны дотор тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг гаргаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болохоор байна.

6. Гэтэл дээрх хуульд заасан хугацаанаас өмнө тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулах өргөдлийг захиргааны байгууллагад гаргаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.  

7. Нэхэмжлэгч “ИХ” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1 сарын өмнө буюу 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг гаргаагүй үндэслэлээ “...Дорноговь аймгийн Сайхан дулаан сумын Засаг даргаас тус өргөдөлд хавсаргах 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2 сар гаруй хугацаанд баталж өгөөгүй” гэж тайлбарлан маргажээ.

8. Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж заасан.

9. Гэтэл нэхэмжлэгчээс Дорноговь аймгийн Сайхан дулаан сумын Засаг даргад тус ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдөлд хавсаргах материал болох 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүргүүлж, улмаар тус сумын Засаг даргаас 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр баталж, нэхэмжлэгч компанид хүлээлгэж өгсөн болох нь хэрэгт авагдсан сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01/67 дугаар албан бичиг, нэхэмжлэгч компаниаас мөн сумын Засаг даргад хүргүүлсэн 2021 оны 09 дүгээр сарын 24, 10 дугаар сарын 26-ны өдрүүдийн албан бичгүүд, мөн сумын Засаг даргын Тамгын газрын “Ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэр” зэрэг баримтуудаар нотлогдож байна.

10. Мөн нэхэмжлэгч “ИХ” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гаргасныг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 8/4967 дугаар албан бичгээр “... хүсэлтээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагад гаргаагүй байна” гэсэн хариу өгч, нэхэмжлэгчийн XV-019085 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр дуусгавар болгосныг бүртгэсэн байна.

11. Дээрхээс үзэхэд, нэхэмжлэгчээс хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө тусгай зөвшөөрөлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргахаар байсан бөгөөд ингэхдээ шинэчлэн батлуулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан бусад баримт бичгүүдийг хавсарган ирүүлэхээр заасан хуулийн шаардлагыг хангаагүй тул хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

12. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч “ИХ” ХХК-аас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан хүсэлтийг хариуцагчаас 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 8/4967 дугаар албан бичгээр хариу өгсөн байгаагаас үзэхэд “тус компанийн гаргасан хүсэлтийн хүрээнд шийдвэрлэсэн шийдвэр мөн” гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.  

13. Тодруулбал, нэхэмжлэгчээс ашигт малтмалын XV-019085 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болох өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст хандаж хүсэлт гаргасныг тус хэлтсийн даргаас шийдвэрлэсэн бөгөөд үүнээс хойш нэхэмжлэгчээс тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу хариуцагчид дахин өргөдөл гаргаагүй гэж үзэхээр байна.

14. Иймээс нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан “Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасан ... эрхээ нэхэмжлэгч өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж алдаагүй нь нотлогдож байхад тэдгээр баримтуудыг зөвөөр үнэлээгүй” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 459 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “ИХ” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                     Б.тунгалагсайхан

ШҮҮГЧ                                                                       г.билгүүн

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ