| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0317/Э |
| Дугаар | 287 |
| Огноо | 2020-07-28 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 287
2020 07 28 2020/ШЦТ/287
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Д.Сүхням,
улсын яллагч Э.Билгүүн,
шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д овгийн Б Т-д холбогдох эрүүгийн 2034000000358 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Төв аймгийн Баян сумын Хаан банкны салбарын ахлах теллер ажилтай байсан, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 7-97-А тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч одоогоор Төв аймаг, Баян сум, Цагаангол 3 дугаар баг, 1-2 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, УШ95092810 дугаарын регистртэй, Д овгийн Б Т
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Т нь Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн асфальтан замын 93 дахь километрийн заалтын хажууд 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагийн орчимд 29-30 УБЭ улсын дугаартай тоёота кровн маркийн автомашиныг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.4-т заасан заалтыг зөрчсөний улмаас урдаа явсан мотоциклтой иргэн П.Ганзоригийн араас мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т:
...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 2034000000358 дугаартай хэрэгт хохирогч П.Ганзориг /хх-ийн 15 дугаар хуудас/, гэрч П.Ганзориг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч Б.Түвшинтөгс /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч Ч.Отгончулуун /хх-ийн 22-23 дугаар хуудас/, гэрч Ц.Уянга /хх-ийн 24-25 дугаар хуудас/, яллагдагч Б.Түвшинтөгс /хх-ийн 44-46 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 287 дугаартай дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 55 дугаартай дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, Зам цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 4-12 дугаар хуудас/, хохирогч П.Ганзоригийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт, цахим иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 59-60 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Түвшинтөгсийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 48-58 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Б.Түвшинтөгс нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагийн орчимд Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн асфальтан замын 93 дахь километрийн заалтын хажууд “тоёота кровн” маркийн 29-30 УБЭ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.4-т заасан заалтыг зөрчсөний улмаас урдаа явсан мотоциклтой иргэн П.Ганзоригийн араас мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч П.Ганзоригийн “...2020 оны 05 дугаар сарын 20 ны орой 21 цагийн үед хөдөө мал дээрээсээ сумын төв рүү явж байсан. Би Бидний Нутаг Баян гэсэн бичигтэй самбарын урд талаар асфальтан замд нийлсэн. Тухайн үед 42-42 ТӨЗ улсын дугаартай Honda маркийн мотоциклтой явж байсан. Асфальтан замд нийлээд 100-200 метр явж байхад өөдөөс том ачааны тэрэг зөрсөн. Тэгтэл араас машин ирээд мөргөсөн. Би замын хажуугийн хөвөө рүү мотоциклтойгоо хамт ойчсон. Тэгтэл жолооч нь бууж ирээд намайг сэгсэрч эмнэлэг явъя гэсэн. Тэгэхээр нь би каскаа авъя гэсэн чинь тэр яахав эмнэлэг явъя гээд тэгээд эмнэлэг явсан. Тэгээд эмнэлэг дээр очсон... ...Би эрхийн А үнэмлэхтэй. Миний мотоцикл үзлэг оношилгоонд бүрэн хамрагдсан мотоцикл байсан юм... ...Би тухайн үед хамгаалах малгаатай байсан. Миний мотоциклын гэрэл дохио бүрэн ажиллаж байсан... ...Би эх гэрлээ асаагаад явж байсан. Эх гэрэл асахаар бөгсний гэрэл давхар асдаг юм. Би аваарын дохиогоо асааж яваагүй... ...Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Надад санал хүсэлт алга... /хх-ийн 15 дугаар хуудас/
гэрч П.Ганзоригийн “... Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй байна... ...Надад санал хүсэлт байхгүй байна... ... Миний эмчилгээний зардал болон тээврийн хэрэгслийн эвдрэлийг Б.Түвшинтөгс өгсөн болохоор надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна... ...Би хөдөө амьдардаг тийм учраас шүүх хуралд ирэх боломжгүй байгааг хэлмээр байна өөр нэмж ярих зүйл байхгүй байна миний ярьсан зүйл үнэн... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
яллагдагч Б.Түвшинтөгсийн ...Баян сумын нутагт ороод явж байсан чинь урдаас 1 машин гэрлээ шилжүүлээгүй. Тэгсэн тэр машиныг өнгөрөөд тас гээд дугарах чимээ гарсан. Тэгэхээр нь машинаа зогсоогоод буугаад харсан чинь мотоциклтой хүн замын хажуу тал руу онхолдсон байсан. Тэгэхээр нь замын унаанд суулгаад Төв аймгийн Баян сумын эмнэлэгт авчирч үзүүлсэн... /хх-ийн 44-46 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 287 дугаартай ...П.Ганзоригийн биед баруун дал яс, зүүн 3, 4, 5, 6, 7, 9-р хавирганы хугарал, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 55 дугаартай ...Б.Түвшинтөгс нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.4 Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэх заалтыг зөрчсөн... талаарх дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, Зам цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 4-12 дугаар хуудас/, хохирогч П.Ганзоригийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт, цахим иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 59-60 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Түвшинтөгсийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 48-58 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Т-г 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагийн орчимд Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн асфальтан замын 93 дахь километрийн заалтын хажууд “тоёота кровн” маркийн 29-30 УБЭ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.4-т заасан заалтыг зөрчсөний улмаас урдаа явсан мотоциклтой иргэн П.Ганзоригийн араас мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэр бөгөөд болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй хохирогчид учирсан хүндэвтэр хохиролтой шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Түүнчлэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар шүүгдэгч Б.Т нь мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүйг болно.
Мөн шүүгдэгч Б.Т гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь дангаараа яллах үндэслэл болохгүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг давхар хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгүүдээр,
мөн шинжээчийн 287, 55 дугаартай дүгнэлтүүд болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Зам цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт, шүүгдэгч Б.Түвшинтөгсийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байна.
Иймд шүүгдэгч Б.Т-г Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Т болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн П.Ганзоригийн биед баруун дал яс, зүүн 3, 4, 5, 6, 7, 9-р хавирганы хугарал, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан байна.
Шүүгдэгч Б.Т-өөс хохирогч П.Ганзориг нь мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой эрүүл мэндийн болон бусад зардал нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч Б.Т нь хохирогч П.Ганзоригт 3.000.000 /гурван сая/ төгрөгийг барагдуулсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 59 дүгээр хуудаст авагдсан хүсэлт, мөн хавтаст хэргийн 15, 18-19 дүгээр хуудаст авагдсан хохирогчийн мэдүүлгүүдээр /хх-ийн 20,68 дугаар хуудас/ зэргээр тус тус нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Т-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх ба түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Б.Т-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар торгох ялыг оногдуулж, оногдуулсан торгох ялыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Т-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
шүүгдэгч Б.Т-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Т нь оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй.
Эрүүгийн 2034000000358 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч П.Ганзориг нь шүүгдэгч Б.Т-д гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овгийн Б Т-г замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д овгийн Б Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д овгийн Б Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д овгийн Б Т-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2034000000358 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч П.Ганзориг нь шүүгдэгч Б.Т-д гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д овгийн Б Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д овгийн Б Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН