Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 5581

 

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Их тойруу 70 байр, 501, 502, 510 тоотод байрлах, “Хүдэрмөнх” ХХК /РД:2019671/

Хариуцагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горький гудамж, 2-28 тоотод байрлах, “Чингис групп” ХХК /РД:5509114/

Хариуцагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горький гудамж, 3-46 тоотод байрлах, “Буянт Оюу” ХХК /РД:5277116/

            Гэрээний үүрэгт 36.939.450 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Чингис групп ХХК-ийн 10.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ц.Нэргүй оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Хүдэрмөнх” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “Хүдэрмөнх” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр №2/15 тоот “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-г “Буянт Оюу” ХХК-тай байгуулсан. Энэ гэрээ нь БНСУ-ын “Soil” корпорацийн Dragon брэндийн тос, тосолгооны материалыг 1 жилийн хугацаанд тогтмол нийлүүлэх, 1 жилээр сунгагдах нөхцөлтэй юм. Нийлүүлэгч нь 2015 онд нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнээс тухайн жилийн байдлаар нийт 24.626.300 төгрөгийг борлуулагч “Буянт Оюу” ХХК-иас авах авлагатай гарсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй, “Чингис групп” ХХК-д уг өглөгийг шилжүүлсэн гэж нийлүүлэгч компанид тайлбарлаж хагас жил болсон. Энэ 2 компани нь нийлүүлэгч компанийн өглөгийг нэгэндээ шилжүүлсэн эсэхээс үл хамаарч нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үндсэн төлбөр, хугацаа хэтрүүлсний алдангийг төлөх үүргийг хүлээх ёстой. Гэрээний 6.2 дахь хэсэгт зааснаар “Борлуулагч нь нийлүүлэгчээс нийлүүлсэн бүтээгдэхүүний борлуулалтыг сар бүрийн 2-10-ны дотор дүгнэж, төлбөрийг 20-ны дотор нийлүүлэгчээс ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу дансаар болон бэлнээр төлнө”, 6.4-т “Борлуулагч нь заасан хугацаанд бүтээгдэхүүний үнийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги тооцож борлуулагчид гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлнэ” гэж заасан. “Буянт Оюу” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийн авлагын дүнд алданги тооцвол 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нийт 19.208.514 төгрөг гарч байгаа ба үүнийг 50 хувиас хэтрүүлэхгүй гэж тооцвол алданги 12.313.150 төгрөг болно. Иймд гэрээний дагуу борлуулагчид нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрт 24.626.300 төгрөг, алданги 12.313.150 төгрөг буюу нийт 36.939.450 төгрөгийг “Буянт Оюу” ХХК болон “Чингис групп” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Чингис групп ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь “Чингис групп” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 48 тоот албан бичгийг өглөг хуваасан мэтээр тайлбарлаж энэ шаардлагыг хариуцуулахаар нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна. Гэтэл бодит байдал дээр “Хүдэрмөнх” ХХК-д өгөх өглөгийг манай компани “Буянт Оюу” ХХК-ийн өмнөөс төлж барагдуулна гэсэн ямар ч тохиролцоо байхгүй. “Буянт Оюу” ХХК, “Чингис групп” ХХК-ийн хооронд 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 01 тоот “Буянт Оюу” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн үндсэн хөрөнгө болон банкны зээл, бусад тооцоог хуваах тухай гэрээ байгуулагдсан. Уг гэрээнд “Хүдэрмөнх” ХХК болон “Буянт Оюу” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний төлбөр тооцоог барагдуулах тухай ямар нэг заалт байхгүй. Иймд манай компаниас 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “Хүдэрмөнх” ХХК-д үндэслэлгүйгээр шилжүүлсэн 10.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгч “Хүдэрмөнх” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баасанхүү, өмгөөлөгч С.Даваасүрэн нар шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч “Хүдэрмөнх” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Чингис групп ХХК-тай харилцан эвлэрч, хариуцагч Чингис групп ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн тул хариуцагч “Буянт Оюу” ХХК-иас татгалзаж байна. Иймд хэргийг эвлэрлийн гэрээний дагуу шүүх хуралдаанд нэхэмжлэгч талыг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Чингис групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баасандорж шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Чингис групп ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч “Хүдэрмөнх” ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч “Хүдэрмөнх” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага  7.313.150 төгрөгөөс татгалзаж, үлдэх 29.626.300 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч Чингис групп ХХК нь 10.000.000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төлсөн, үлдэх 14.626.300 төгрөгийг алданги 5.000.000 төгрөгийн хамт нийт 19.626.300 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бүрэн төлж төлбөрийг бүрэн барагдуулсан. Иймд бидний байгуулсан эвлэрлийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг төлж биелүүлснийг баталж, шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч “Хүдэрмөнх” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 7.313.150 төгрөгөөс татгалзаж, үлдэх 29.626.300 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч “Чингис групп” ХХК нь 10.000.000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төлсөн, үлдэх 14.626.300 төгрөгийг алданги 5.000.000 төгрөгийн хамт 19.626.300 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бүрэн төлсөн тул хариуцагч “Буянт Оюу” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан. Хариуцагч Чингис групп ХХК нь 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хүдэрмөнх” ХХК нь хариуцагч “Буянт Оюу” ХХК, “Чингис групп” ХХК-д холбогдуулан 36.939.450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч “Чингис групп” ХХК нь 10.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч “Хүдэрмөнх” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 7.313.150 төгрөгөөс татгалзаж, үлдэх 29.626.300 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч Чингис групп ХХК нь 10.000.000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төлсөн, үлдэх 14.626.300 төгрөгийг алданги 5.000.000 төгрөгийн хамт нийт 19.626.300 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бүрэн төлж барагдуулсан, хариуцагч Чингис групп ХХК нь 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ бүрэн татгалзсан байна. Уг эвлэрэлтэй холбогдуулан нэхэмжлэгч “Хүдэрмөнх” ХХК нь хариуцагч “Буянт Оюу” ХХК-иас татгалзсан байна.

Үүгээр “Хүдэрмөнх” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч “Чингис групп” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн болох нь зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ, хүсэлт, тайлбар, “Чингис групп” ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримт, “Хүдэрмөнх” ХХК-ийн кассын орлогын ордер зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Чингис групп” ХХК биелүүлснийг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Хүдэрмөнх” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 7.313.150 төгрөгөөс татгалзаж, үлдэх 29.626.300 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч “Чингис групп” ХХК нь 10.000.000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төлсөн, үлдэх 14.626.300 төгрөгийг алданги 5.000.000 төгрөгийн хамт нийт 19.626.300 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлснийг баталж, “Чингис групп” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч “Хүдэрмөнх” ХХК нь хариуцагч “Буянт Оюу” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан, хариуцагч Чингис групп ХХК нь 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг тус тус дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357.374 төгрөг, хариуцагч “Чингис групп” ХХК-иас төлсөн 174.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид уг захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.     

     

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.КУЛЬДАНА