Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 33

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийн

Нэхэмжлэгч: “****” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Татварын хэлтэст холбогдох

 “... Иймд актаар тогтоосон нөхөн татварыг дараа оны тайландаа тусган төлсөн байхад дахин давхардуулж татвар төлүүлэх гэж байгаа Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож манай компанийн зөрчигдсэн эрхийг хамгаалж 155,430,000 төгрөгийн зөрчилд ногдох 15,543,000 төгрөгийг суутган тооцохыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эрсдэл, статистикийн тасгийн Улсын ахлах байцаагч Р.Н, Прокурор ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал, шүүх хуралдааны дэг сахиулагч Оюун-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч  “****” ХХК-ийн захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  

“Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Я.Н, Р.Н нарын 2014 оны 9 дүгээр сарын 18-ний өдрийн 100005092 дугаар актаар 59,452,155.2 төгрөгийн төлбөр ногдуулсан ба Татварын

ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2015.03.20 өдрийн дугаар 21 тогтоолоор 105,000,000 төгрөгийн зөрчилд ногдох 10,500,000 төгрөгийн нөхөн татвар, 5,250,000 төгрөгийн торгууль, 31,500 төгрөгийн хүү нийт 15,781,500 төгрөгийн төлбөрийг хассан. Мөн Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.07.31-ний өдрийн №49 шийдвэрээр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу актын төлбөрийг 29,470,955.2 төгрөгөөр багасгаж, 29,981,200 төгрөгийг төлүүлэхээр тогтоосон. Гэхдээ шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгээрээ "Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 77 сая төгрөгтэй холбоотой нөхөн татварыг 2014 оны нэгдүгээр улиралд төлчихсөн. Тэгэхээр маргаан бүхий актыг шүүх хүчин төгөлдөр хэмээн батлах юм бол **** ХХК нь улсад илүү татвар төлөх нөхцөл байдал үүсэх гэж байна гэж маргажээ. Татварын улсын байцаагч нар нь **** ХХК-ийн 2012 оны 01 сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-ныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд шалгалт хийж, татвар ногдуулсан бөгөөд шалгалт хийгдэх үед дээрх зөрчил илэрсэн, актаар дээрх татварыг ногдуулсны дараа нэхэмжлэгч уг татварыг хүлээн зөвшөөрч төлсөн, шалгалтын хугацаанаас хойш төлөгдсөн татварыг Татварын ерөнхий хуулийн 58 дугаар зүйл болон Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журамд зааснаар шийдвэрлэх боломжтой" гэж үзсэн. Энэхүү 77 сая төгрөгийн авлагатай холбогдуулан Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар 155,430,000 төгрөгийн зөрчилд 15,543,000 төгрөгийн нөхөн татвар тогтоосон. Уг авлагатай холбогдуулан Иргэн Г.Б нь байрны үлдэгдэл төлбөр болох 10 000 000 төгрөгийг 2014 оны 06 сарын 06-нд, 12 615 000 төгрөгийг 2014 оны 06 сарын 23-ны өдөр, иргэн **** байрны төлбөр 55 100 000 төгрөгийг 2014 оны 06 сарын 23-ны өдөр нийт 77,715,000 төгрөгийг төлснөөр холбогдох татварыг тайлагнан улсад төлөх татварыг төлсөн. Энэ талаар Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн холбогдох албан тушаалтанд танилцуулж актаар тогтоосон төлбөрөөс суутган тооцуулах хүсэлт гаргасан боловч суутган тооцох боломжгүй гэж үзсэн. Энэ талаар Татварын ерөнхий газарт 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гомдол гаргасан боловч 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10/4166 дугаар албан бичгээр гомдлыг хангахгүй орхисон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д заасны дагуу гомдол гаргаж байна. Иймд актаар тогтоосон нөхөн татварыг дараа оны тайландаа тусган төлсөн байхад дахин давхардуулж татвар төлүүлэх гэж байгаа Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож манай компанийн зөрчигдсөн эрхийг хамгаалж 155,430,000 төгрөгийн зөрчилд ногдох 15,543,000 төгрөгийг суутган тооцохыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

2. Нэхэмжлэгч  “****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

“Өвөрхангай аймгийн татварын хэлтсээс 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 100005092 дугаар бүхий 59.400.000 төгрөгийг “****” ХХК-д ногдуулсан байгаа. Энэхүү актыг Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 21 тоот тогтоолоор 15.781.500 төгрөгийн төлбөрийг хассан. Мөн энэхүү хэрэг цааш үргэлжилж Завхан аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 49 дүгээр шийдвэрээр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу актын төлбөрийг 29.470.955 төгрөгөөр багасгаж 29.981.200 төгрөгийг төлүүлэхээр үлдээсэн. Энэ юу вэ гэвэл хүү, торгууль, алдангийг өршөөлийн тухай хуульд хамруулж үндсэн төлбөрүүдээс чөлөөлсөн. Энэхүү актын үндэслэлд 2 үндэслэл бүхий маргаан байгаа. Тэр нь 155.430.000 төгрөгийн орон сууцны НӨАТ-ын асуудал, нөгөө нь 77.715.000 төгрөгийн авлагатай холбоотой маргаан байсан. Бид өнөөдрийн шүүх хуралдаан дээр ямар нэхэмжлэл гаргаад байгаа гэвэл актын үндэслэлийн талаар ярихгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолыг  хариуцагч болох татварын алба нь буруугаар ойлгож нэхэмжлэгч байгууллагын эрх ашгийг хөндөөд байна. Өнөөдрийн маргаан бүхий актын 77 сая төгрөгийн холбоотой асуудлыг ярихад энэхүү акт бол 2013 оны үйл баримтад явсан акт байгаа юм. Нэхэмжлэгч байгууллага 2013 оны 77 сая төгрөгийг бусдаас авах авлага байсныг бүртгэлд бүртгээгүй. Үүнтэй нь холбогдуулаад Татварын алба акт тавьсан. Актаа тавихдаа 2014 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр тавьсан байдаг юм. Нэхэмжлэгч байгууллага 77 сая төгрөгийн орлогыг 2014 оны 6 дугаар сард бүртгэсэн байгаа. Энэ талаар шүүхэд маргаан үүсч байсан. Шүүх юу гэж үзсэн бэ гэвэл Татварын улсын байцаагчийн акт бол 2013 оны үйл баримтад тулгуурлаж гарсан байна. Тэгэхээр актын үндэслэлийг буруутгах албагүй. Харин анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт 77 сая төгрөгтэй холбоотой нөхөн татварыг 2014 оны нэгдүгээр улиралд төлчихсөн. Тэгэхээр маргаан бүхий актыг шүүх хүчин төгөлдөр хэмээн батлах юм бол “****” ХХК нь улсад илүү татвар төлөх нөхцөл байдал үүсэх гэж байна гэж маргажээ. Татварын улсын байцаагч нар нь “****” ХХК-ны 2012 оны  01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд шалгалт хийж, татвар ногдуулсан бөгөөд шалгалт хийгдэх үед дээрх зөрчил илэрсэн, актаар дээрх татварыг ногдуулсны дараа нэхэмжлэгч уг татварыг хүлээн зөвшөөрч төлсөн, шалгалтын хугацаанаас хойш төлөгдсөн татварыг Татварын ерөнхий хуулийн 58 дугаар зүйл болон Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журамд зааснаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд үзсэн байна. Тэгэхээр энэ бол 2 талтай байна. Энэхүү журам болон хуулийг харахаар Татварын албанаас гаргаж өгсөн тайлбарууд нь өөр тийшээ явчихаад байна. Үүнийг энгийнээр ойлгох ёстой юм байгаа юм. Хүндрүүлж шууд утгаар нь хүлээн авч болохгүй юм шүү. 2013 онд авлагаа бүртгээгүй байна гээд акт тавьсан байгаа юм. Гэтэл 2014 оны 6 дугаар сард мөнгө бэлнээр ороод ирэхээр нь тайлан тэнцэлдээ тусгасан. Тусгасны дараа хяналт шалгалтын акт гарсан.  Энэ дээр ч алдаа гарсан. Бид шүүхийн шийдвэр дээр маргахгүй учраас буруу үндэслээд дараа нөхөөд тооцоод суутгачих гээд Татварын тухай хуулийн 58 дугаар зүйл заалт болон нөхөн тооцуулах журам заалтын дагуу тооцож эхлэхээр энэ нь өөрөө асуудал үүсгэсэн. Анхан шатны шүүх 77 сая төгрөгтэй холбоотой зөрчлийг хүчингүй болгосон байсан бол өнөөдөр маргаан үүсэхгүй. Маргаан үүссэн шалтгаан нь шүүх хуралдааны дараа Татварын байгууллагаас үүнийг хүлээн авах боломжтой, нэхэмжлэгч байгууллага хүсэлтээ гаргаад шийдэх боломжтой гэж  ойлгосон чинь практик дээр ингэх боломжгүй болсон байна. Үүнийг яаж арилгах ёстой гэхээр шүүхийн шийдвэрээр л шийдэх боломжтой. Учир нь гэвэл хэргийн материалтай танилцахад хариуцагчийн гаргаж өгөөд байгаа тайлбарыг бол буруутгах аргагүй юм байна лээ л дээ. Илүү төлсөн татварыг суутгах хууль болон журам байна, тэдгээр маш тодорхой заасан байгаа учраас танайх илүү татвар төлөөгүй байна шүү дээ гээд баахан тайлан гаргаад өгсөн байна. Шүүгч болон шүүх бүрэлдэхүүн, шүүх үүнийг харахад эргэлзээтэй харагдаж байгаа энэ бол тодорхой юм. Харин яг татварын хууль журмаар боломжгүй гэж харагдаж байгаа боловч заавал хүндээр битгий хар,  энгийнээр хар. Өнөөдөр 77 сая төгрөгийн орлогыг 2013 онд бүртгээгүйн улмаас акт тавигдсан. Тэгээд түүнийгээ 2014 онд төлчихөөд байхад Татварын алба үүнийг нь шүүхийн шийдвэрийг заавал биелэгдэх ёстой, заавал төл гээд буруу тайлбарлаад байгаа. Үүнтэй холбогдуулаад Давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоолуудыг тэдгээрийн үндэслэлийг мааш нарийн нягт харах ёстой юм байгаа юм шүү. Яагаад энэ 77 сая төгрөгийг хүчингүй болгоогүй юм бэ гээд гомдол гаргахаар дараа нь суутгаж тооцохоор шүүхийн шийдвэр дээр тусгасан байна шүү дээ. Тийм болохоор гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн дүгнэлт гаргаад байгаа. Уул шугамандаа татварын байцаагч нар 77 сая төгрөгтэй холбоотой 2014 оны 09 дүгээрс сард гаргасан актаа хуулийн дагуу бол 2013 оны үйл баримтыг гаргаж байгаа ч гэсэн, 2014 оны 06 дугаар сард төлсөн байхад 2013 оноос 2016 он хүртэлх хугацааны хүү, алданги, торгууль тавих байсан. Нөхөн татвар биш. Яагаад гэвэл акт 2014 оны 09 дүгээр сард гарч байгаа. Нөхөн татвараа төлсөн байхад хүү, алданги, торгуулийг тавих байсан. Үүнийгээ тавьсан. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хүчингүй болсон. Зүй ёсондоо асуудал ийм болох байсан.

Бас л буруу ойлгоод байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийг ярьж байх шиг байна. Өмнө нь нэгэнт шийдэгдсэн асуудлаар шүүх хүлээж авахгүй гээд хуулийн зохицуулалт бол бий. Өмнө нь 2011-2013 онд нэхэмжлэгч компанийн санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой татварын хяналт шалгалтын акттай холбоотой асуудлыг шийдсэн байгаа. Түүнийг бид нар ерөөсөө өнөөдөр яриагүй. Акт зөв бурууг яриагүй, шүүх түүнийг шийдчихсэн. Шүүхийн шийдвэр 3 хэсгээс бүрдэж байгаа. Тодорхойлох,  үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ. Энэ 3 хэсэг нийлж байж шийдвэр бүхэлдээ хүчин төгөлдөр болдог юм. Уг шийдвэрийн тогтоох хэсгийг л ганцхан харж үнэлээд хариуцагч нар хуулийг буруу тайлбарлаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр дээр үг үсгийн алдаа гаргасан юм уу. Татварын тухай хуулийн 58 дугаар зүйлийн дагуу, илүү төлсөн татвараа буцааж авах журмын дагуу гээд ийм үг, үсэг оруулсан нь маргаан үүсгээд байна. Бид нар татвар илүү төлсөн буцааж авъя гэж нэхэмжлэл гаргаагүй байхгүй юу. Нэгэнт төлчихсөн, ингээд нэгэнтээ төлчихсөн байхад дахиад тэр мөнгийг яагаад шийдвэр гүйцэтгэлээр төлүүлж авах гээд байгаа юм бэ. Энэ чинь болохгүй шүү дээ. Үүнийг яагаад ялгаж салгаж ойлгохгүй байгаа юм бээ үүнийг зөвөөр ойлгооч гэж хэлээд байгаа юм шүү. Хариуцагч байгууллага хэлж байна. 77 сая төгрөгийн орлогоо 2013 онд нуусан гэсэн үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. 2014 оны 06 дугаар сард тэр орлогоо хийж, түүнтэй холбогдуулан тайлангаа өгчихсөн байгаа. Хавтас хэрэгт байгаа. 77 сая төгрөгтэй холбоотой 3 ширхэг орлогын баримт ч байгаа. Татварын байцаагч нар үүнийг дэндүү сайн мэдэх ёстой. Улсын прокурор ойлгохгүй байж магадгүй. Бэлэн татвар төлсөн. Бэлэн 15 сая төгрөг бэлнээр төлөөгүй гэж бусдын толгойг эргүүлэхээ боль. Яагаад гэвэл манай нягтлан бодох бүртгэлийн аккурэл суурийг та нар их яриад байгаа. Аж ахуйн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу аккурэл сууриар бүртгэх ёстой гэж акт тавьчихсан мөртлөө аккурэл сууриа мартчихсан мөнгөн суурь яриад явж байна. Үүн дээр шүүх бүрэлдэхүүний толгойг эргүүлэхгүйн тулд ийм юм ярихгүй. Хамгийн гол юмыг энгийнээр хар аа. Та нарын нотлох баримтаар гаргаж өгсөн илүү төлсөн татварыг суутгаж байгаа журам энэ хэрэгт огт хамааралгүй. Шүүх ингэж үзээд байгаа 2013 онд танайх зөрчил гаргасан учраас зөв байна. 2014 онд төлсөн учраас учраа олоод 58 дугаар зүйл байна уу, бусад журмаар  зохицуул гэсэн чинь 58 дугаар зүйлээр зохицуулах боломжгүй. Татварын тухайн хуулийн 18 дугаар зүйлд татвар төлөгчийн эрх, үүргийг заасан байгаа. Татвар төлөгч татвараа үнэн зөв тодорхойлж тайлагна гэсэн байгаа. Энэ эрх, үүргийнхээ дагуу хяналт шалгалтаар илэрсэн 77 сая төгрөгийг авлагаар тусгах байсныг “****” ХХК мэдсэн ч бай мэдээгүй ч бай энэ хамаагүй. 2014 оны 06 дугаар сард тусгачихаад байхад эсрэгээр бэлэн татвар төлсөн юм чинь хаана байгаа юм бэ гээд буруу юм яриад байх юм. Хагас жилийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан байна шүү дээ. 2014 оны 06 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татвар дээр тодоос тод бичээд тод харагдаж байна лээ. Ингээд тусгасан байгаа юм чинь автоматаар авчихаж байгаа гэдгийг санхүүгийн боловсролтой бүх хүн ойлгох ёстой. Гэтэл эргүүлээд орлого төлөөгүй байна гэж ярьж болохгүй” гэв.

3. Хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсээс 2019 оны 2 дугаар сарын 04-ны өдрийн 70 дугаартай албан бичгээр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“Татварын хяналт шалгалтаар "****" ХХК нь борлуулалтын орлогоо нуусан буюу дутуу тусгасан зөрчлийг шалгаад Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 12 сарын 04-ны өдрийн хуралдааны 500 дугаар тогтоолоор Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн 29,981,200 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа Шийдвэрийн гүйцэтгэлийн албан дээр явагдаж байна. "****" ХХК-ийн 2019 оны 01 сарын 14-ний өдрийн 19/02 нэхэмжлэлд суутган тооцоолол хийж өгнө үү гэсэн нэхэмжпэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө гэж зааснаар тайлагнахаар зохицуулсан байдаг. Тус компани орлогоо аккруэл сууриар бүртгээгүй буюу суутган тооцоолол хийлгэхийг хүссэн 77,715,000 төгрөгийн орлогоо 2013 оны санхүүгийн тайланд авлагаар тусгаагүй орлогоо нуух, дутуу тусгах татвараас зайлсхийх үйлдэл гаргасан нь Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн хэргийн үйл баримт юм. Татвар төлөгч нуун дарагдуулсан орлогоо хяналт шалгалтаар илэрсэний дараа тайлагнавал татварын хяналт шалгалтын ажлын үр нөлөө алдагдахад хүрнэ. Татварын ерөнхий хуулийн 58 дугаар зүйлд илүү төлсөн татварыг суутган тооцоолохоор заасан болохоос дараагийн тайлант жилд тайлангнасан орлого нь илүү төлөлт үүсгэж буй хэрэг биш юм. Тус компани өнөөг хүртэл татварын тайлан гаргахдаа илүү татвар төлөхөөр тайлан гаргаж тайлагнаагүй буюу 2019 оны байдлаар илүү төлөлт байхгүй. Татвар төлөлтийн байдал нь:

Тайлант он

өмнөх оны татварын илүү, дутуу үлдэгдэл

Төлбөл зохих татвар

Төлсөн татвар

2013 он

-377430

548000

1,415,400

2014 он

489970

2547524

4,921,700

2015 он

2864146

0

10,000

2016 он

2874146

284739,8

290,000

 

Хяналт шалгалтын

2,879,406.2

 

-1,303,740

дутуу руу суутган

     

тооцоолол хийсэн

     

2017 он

1,575,666.2

2,280,050.1

200,000

2018 он

-504,383.9

0

504,383

2019 он

-0.9

   

Нэхэмжлэгчийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэл нь дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хэргийн үйл баримт мөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т зааснаар "Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, ... шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй" гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч “****” ХХК-аас тус шүүхэд хандаж гаргасан “... Иймд актаар тогтоосон нөхөн татварыг дараа оны тайландаа тусган төлсөн байхад дахин давхардуулж татвар төлүүлэх гэж байгаа Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож манай компанийн зөрчигдсэн эрхийг хамгаалж 155,430,000 төгрөгийн зөрчилд ногдох 15,543,000 төгрөгийг суутган тооцохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.07.31-ний өдрийн №49 шийдвэрээр ... актын төлбөрийг 29,470,955.2 төгрөгөөр багасгаж, 29,981,200 төгрөгийг төлүүлэхээр тогтоосон. Гэхдээ шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгээрээ "Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 77 сая төгрөгтэй холбоотой нөхөн татварыг 2014 оны нэгдүгээр улиралд төлчихсөн. Тэгэхээр маргаан бүхий актыг шүүх хүчин төгөлдөр хэмээн батлах юм бол **** ХХК нь улсад илүү татвар төлөх нөхцөл байдал үүсэх гэж байна гэж маргажээ. Татварын улсын байцаагч нар нь **** ХХК-ийн 2012 оны 01 сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-ныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд шалгалт хийж, татвар ногдуулсан бөгөөд шалгалт хийгдэх үед дээрх зөрчил илэрсэн, актаар дээрх татварыг ногдуулсны дараа нэхэмжлэгч уг татварыг хүлээн зөвшөөрч төлсөн, шалгалтын хугацаанаас хойш төлөгдсөн татварыг Татварын ерөнхий хуулийн 58 дугаар зүйл болон Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журамд зааснаар шийдвэрлэх боломжтой" гэж үзсэн. Энэхүү 77 сая төгрөгийн авлагатай холбогдуулан Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар 155,430,000 төгрөгийн зөрчилд 15,543,000 төгрөгийн нөхөн татвар тогтоосон. Уг авлагатай холбогдуулан Иргэн Г.Баттогтох нь байрны үлдэгдэл төлбөр болох 10 000 000 төгрөгийг 2014 оны 06 сарын 06-нд, 12 615 000 төгрөгийг 2014 оны 06 сарын 23-ны өдөр, иргэн **** байрны төлбөр 55 100 000 төгрөгийг 2014 оны 06 сарын 23-ны өдөр нийт 77,715,000 төгрөгийг төлснөөр холбогдох татварыг тайлагнан улсад төлөх татварыг төлсөн. Энэ талаар Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн холбогдох албан тушаалтанд танилцуулж актаар тогтоосон төлбөрөөс суутган тооцуулах хүсэлт гаргасан боловч суутган тооцох боломжгүй гэж үзсэн... Иймд актаар тогтоосон нөхөн татварыг дараа оны тайландаа тусган төлсөн байхад дахин давхардуулж татвар төлүүлэх гэж байгаа” гэж тайлбарлан маргаж байгаа болно.

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 49 дүгээр шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтаар “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.3, 21 дүгээр зүйлийн 21.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8, 13.5, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.4.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Н, Я.Н нарын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 100005092 дугаартай актын төлбөрийг 29 470 955.2 төгрөгөөр багасгаж, 29 981 200 төгрөгийг төлүүлэхээр тогтоосугай.” гэж,

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 500 дугаар тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтаар “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0699 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 49 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус шийдвэрлэж дээрх шүүхийн шийдвэр, тогтоол өдгөө хуулийн хүчин төгөлдөр үйлчлэлтэй болсон байна.

Тодруулбал Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Н, Я.Н нар 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 100005092 дугаартай акт үйлдэж “****” ХХК эс зөвшөөрч уг актын хууль зүйн үндэслэлийг шүүх хянаад актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн байх бөгөөд тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр үйлчлэлтэй болжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурьдаж буй уг 15.543.000 төгрөг нь Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 49 дүгээр шийдвэрээр тогтоосон буюу Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Р.Н, Я.Н нарын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 100005092 дугаартай актын төлбөрийг 29 470 955.2 төгрөгөөр багасгаж, 29 981 200 төгрөгийг төлүүлэхээр тогтоосон төлбөрт хамаарагдаж байна.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заажээ.

Учир нь Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Н, Я.Н нарын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 100005092 дугаартай актийн хууль зүйн үндэслэлийг хянасан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр үйлчлэлтэй байгаа байх тул нэхэмжлэгч “****” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй юм.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч “****” ХХК нь 2012-2014 оны хооронд илүү төлсөн татвар байхгүй, тухайн цаг хугацаандаа тайлагнасан татвараа төлж барагдуулж ирсэн байна.

Татварын ерөнхий хуулийн 58 дугаар зүйлд Татварыг суутган тооцох, буцаан олгох”-той харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Тухайлбал татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг Татварын ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.1-д “тухайн хугацаанд төлбөл зохих бусад татварт суутган тооцох”, 58.1.2-т “татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох”, 58.1.3-т “буцаан олгох” журмаар шийдвэрлэнэ гэж тус тус хуульчилж журамлан заажээ.

Мөн Сангийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 283 дугаар тушаал /уг тушаалын хавсралт/-аар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах         журам”-аар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн төсөвт илүү төлсөн татварыг шалгаж баталгаажуулах, түүнийг татвар төлөгчид буцаан олгох, хасалт хийх, бусад татварын өрөнд шилжүүлэн тооцохтой холбоотой харилцааг нарийвчлан журамлан зохицуулсан байна.

Дээрх дурьдаж буй хууль эрхийн актын зүйл заалтын утга агуулга, зохицуулалтаас үзэхэд илүү төлсөн татварыг л сая суутган тооцох, буцаан олгохтой холбоотой харилцааг нарийвчлан журамлан зохицуулжээ.

Харин хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “****” ХХК нь ямар нэгэн татвар илүү төлсөн болох нь тогтоогдоогүй болно.

Иймд “155,430,000 төгрөгийн зөрчилд ногдох 15,543,000 төгрөгийг суутган тооцохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “****” ХХК-ийн “... Иймд актаар тогтоосон нөхөн татварыг дараа оны тайландаа тусган төлсөн байхад дахин давхардуулж татвар төлүүлэх гэж байгаа Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож манай компанийн зөрчигдсэн эрхийг хамгаалж 155,430,000 төгрөгийн зөрчилд ногдох 15,543,000 төгрөгийг суутган тооцохыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т зааснаар нэхэмжлэгч “****” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг буцаан олгосугай

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо / 7 / хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.