Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 12

 

 

Б.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Д.Көбеш, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 09 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багт оршин суух Хатач овогт Бат-Эрдэнийн Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч “MoEnko” ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий  Н.Туяагийн шүүгч илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа, нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Би “МоЕнко” ХХК-ний захирлын 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 10/123/15 дугаартай тушаалаар 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн уурхайд ахлах тогоочоор томилогдон ажилласан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. 2016 оны 07 дугаар сарын 31-ний шөнө ээлжинд гарсан.Өдөр DPP-д өгч чадаагүй амтлагч болон талхны хольц, сонгино, сармис, цуу, гүчгари зэргийг өгөх гээд авч гарах гэтэл бамбай харуул Түмэнжаргалын зөвшөөрөлгүй гаргахгүй гэсэн. Би одоо үүнийг яах бэ гэтэл буцаагаад оруулаад тавь гэсэн би эдгээр зүйлийг кемпээс авч гараагүй.

 Гэтэл намайг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбал болгон ажлаас халсан. Миний бие ажлаас халагдах хэмжээний хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаагүй гэж үзэж байгаа тул тус компанийн захирлын тушаалыг хүчингүй болгож, намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Б.Лхагвасүрэнгийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй тул “МоЕнко” ХХК нь иргэн Б.Лхагвасүрэнгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохыг үүгээр мэдэгдье. Бид шаардлагатай тохиолдолд дахин нэмэлт тайлбар, нотлох баримт хүргүүлэн түүний нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлийг нотлон тайлбарлах болно гэжээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09 дугаар шийдвэрээр:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Б.Лхагвасүрэнгийн “МоЕнко“ ХХК-ний Хөшөөтийн уурхайн ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын утга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй баримт Р.Сүрэн, О.Хүсэлбаатар, М.Зоригоо нарын тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй, хөдөлмөрийн гэрээгээр гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгэсний төлөө ажлаас халагдах сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчиж байна.

Б.Лхагвасүрэн нь “МоЕнко“ ХХК-д Хөдөлмөрийн гэрээгээр Уурхайн кемп-д ахлах тогоочоор ажиллаж байсан ба ажлын байрны тодорхойлолтонд кемпийн ахлах ажилтантай хамтран хүнсний нөөц бүрдүүлэх захиалга хийх, хэрэгцээг тодорхойлох ажлыг гүйцэтгэхээр заажээ. Б.Лхагвасүрэн нь уурхайд шөнийн ээлжинд ажиллаж байсан ажилчдын хоолыг хүргэж өгөхөөр явахдаа тэдний захиалсан амтлагч хоолны орцын хамт авч гараад гарахгүй гэхээр нь буцааж өгсөн.

Б.Лхагвасүрэн нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдгийг нотлоогүй атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 Шүүх хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас зарим нотлох баримтыг яагаад үнэлээгүйгээ тодорхойлоогүй, гэрч П.Түмэнжаргал нь хаана ямар албан тушаалд ажилладаг болохыг тодруулаагүй атлаа мэдүүлгийг нь үнэлсэн нь хуулийг зөрчиж байна.

 Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.Лхагвасүрэнгийн бусдын эд хөрөнгө хулгайлсан, эд зүйлсийг зөвшөөрөлгүй авч гарахыг завдсан нь нотлогдоогүй байхад нотлогдсон гэж хийсвэр дүгнэлт хийж байгаа нь бодит байдал, нотлох баримтанд үндэслээгүй хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Ховд аймгийн Булган сум дах сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09 дугаартай шийдвэрийг хянан үзэж нэхэмжлэгч Б.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан  шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч нь “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг ““МоЕнко” ХХК-д холбогдуулан гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараах журмыг зөрчжээ.Үүнд:

1. Хэрэгт авагдсан хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болгож  гаргаж өгсөн “зөрчлийн хуудас“  гэх  бичгийн баримт нь хуулбар хувь  байх бөгөөд уг баримтын үг үсэг, өгүүлбэр нь гаргацгүй уншигдахгүй бүдэг байна. Уг баримт нь  “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр   өгнө.

Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй” гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй байхаас гадна уг баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үнэлэх боломжгүй байна. /хх-ийн 124 дүгээр  тал/

 

2.Хэрийн 82 дугаар талд 2017 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр хариуцагч тал хэргийн материалтай танилцах, тэдгээрээс тэмдэглэл хийх, хуулбарлан авах, түүний үндсэн дээр хэрэв шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлтүүдийг ирүүлсэн байна. Шүүх уг хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг  2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 14.00 цагт хийхээр  хойшлуулж шийдвэрлэжээ. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хэргийн оролцогчид хэргийн материал танилцуулсан гэх баримтын 5-д хариуцагчийн төлөөлөгч Ж.Түвшинзаяад е-mail хаягаар танилцуулсан тухай тэмдэглэл үйлджээ./хх-72 дугаар тал/

 

Уг баримтад тусгадснаар шүүх хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасан эрхийг бүрэн хангасан эсэх нь ойлгомжгүй байна.Өөрөөр хэлбэл шүүхээс дээрх хуульд заасан хариуцагч талын   эрхийг бүрэн хангасан гэж үзэх боломжгүй байна.

 

3. Хариуцагч талаас 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр О.Хүсэлбаяр, Р.Сүрэн, Ч.Даваасамбуу, М.Зоригоо нарыг гэрчээр асуулгах тухай хүсэлт гаргасан байна. /хх-ийн 88-89 дүгээр тал / Шүүх 2017 оны 01 дүгээр сарын 23-нд шүүх хуралдаанаар уг хүсэлтийг хянан шийдвэрлэхдээ О.Хүсэлбаярыг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан байна. /хх-ийн 138-141 дүгээр тал/ Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  хариуцагч талаас хүсэлт болгосон гэрчүүдээс мэдүүлэг авах ажиллагааг гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг дахин дахин гаргасаар байхад шүүх уг хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрхийг зөрчжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн  ““МоЕнко” ХХК-ний ажилтан О.Хүсэлбаяр, Р.Сүрэн, Б.Гансүх нарын ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг “МоЕнко ” ХХК-ниас гаргуулж хэрэгт хавсаргах тухай гаргасан хүсэлтийг   шүүх   хүлээн авч  хангаж шийдвэрлэсэн атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 138.6-д заасан  үүргээ биелүүлээгүй орхигдуулсан байна. /хх-ийн 143,145-146 дугаар тал/

 

Иймээс дээр дурдсан үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168 дугаар 168.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн зүйлийн 168.3-т зааснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлтэй байна.

 

            Хуульд зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд  аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                              М.НЯМБАЯР

 

                    ШҮҮГЧИД                             Д.КӨБЕШ

 

                                                                              Н.ТУЯА