| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0359/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/365 |
| Огноо | 2020-11-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/365
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,
Шүүгдэгч: Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000398 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1987 оны 07 сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2012 оны 07 сарын 03-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг 03 жилийн хугацаагаар тэнсэж байсан, овогт Б.Н
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 5-29 тоотод байрлах өөрийн гэртээ архидан согтуурсан үедээ иргэн С.Э ын нүүрэн тус газарт нь гараараа цохин зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1.Шүүгдэгч Б.Н н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..
...Би *******тай хэрүүл маргаан хийж зодсоноо хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг / Хх-ийн 31-32 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч С.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Б.Н миний баруун талын нүд орчимд нэг удаа цохисон тэр хэсэгт хавдсан тэгээд би гэртээ харьсан. Б.Н бид хоёр нэг 0.5 архи, сүүлд 0.75-тай архи хоёул хувааж уусан... гэх мэдүүлэг / хх-ийн 5-7 /
4. Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2020 оны 09 дүгээр сарын 20-ний орой 17 цагийн үед манай нөхөр С.Э Б.Н гэх айлаас хуучин сонин авахаар явсан юм. Б.Н н гэрт ирэхэд манай нөхөр архи барьчихсан хоёулаа согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Гэртээ ирээд байж байтал Б.Н н эхнэр залгаад танай нөхөр, манай нөхөр 2 зодолдоод байна гэж хэлэхээр нь Б.Н н гудамжны үзүүрт байх ах ******* руу яриад Б.Н тэй манай нөхөр зодолдоод байна та Б.Н нд очоодох гэж хэлсэн удалгүй ******* ах танай нөхрийг Б.Н зодоод нүүрийг тэгшилсэн байна, цагдаа дууд гэж хэлэхээр нь би цагдаад дуудлага өгөөд ахындаа ирэхэд манай нөхөр ахынд ирсэн байсан юм ... гэх мэдүүлэг / хх-ийн 8-9 /
5. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 сарын 22-ны өдрийн 522 дугаартай шинжээчийн:
1. Баруун нүдний алимын салст болон зовхи, хамар, хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтанд тогтонги нөлөөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 18-19/, дипозит дансны хуулгууд / хх-ийн 37-40/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 41/, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын прокурорын тогтоол, тэмдэглэл / хх-ийн 45-47/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Н нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 5-29 тоотод байрлах өөрийн гэртээ архидан согтуурсан үедээ иргэн С.Э ын нүүрэн тус газарт нь гараараа цохин зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч С.Э ын мэдүүлэг, гэрч *******ы мэдүүлэг, шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 522 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Н г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.Н г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Э нь нэхэмжлэх зүйл гомдол саналгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Н г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Н д нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.Н н эзэмшлийн самсунг маркийн гар утас битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 251 дугаар тогтоолыг хүчингүй болгож, уг самсунг маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Н д хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Н нь урьд нь ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага
болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт Б.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Баянмөнхийн Нэргүйг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Н д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Н нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Б.Н н эзэмшлийн самсунг маркийн гар утас 1 ширхэг эд хөрөнгийг битүүмжилсэн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг самсунг маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Б.Н д буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.