| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0360/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/366 |
| Огноо | 2020-11-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/366
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Г.Цогтмагнай,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,
Шүүгдэгч: Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000405 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 29-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, овогт Т.Т
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Т нь 2020 оны 10 дугаар сарын 03-наас 2020 оны 10 дугаар сарын 04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 16 дугаар гудамжны 04 тоотод иргэн О.Г ыг зодож түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи болон алимны салстын цус хуралт, баруун дээд 2-р шүдний хугарал, зовхи, хамар, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Т.Т нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..
...2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 04-нд шилжих шөнө би хуучин ажиллаж байсан газрын Даваасүрэн гэх хүний найранд орсон юм. Найр нь гэр хороололд болсон. Би хэдэн тоот гэдгийг мэдэхгүй байгаа. Шөнө 01 цагийн үед найранд орсон. Уг найранд Ганбямба,Жагаа гэх ах нь ирсэн байсан. Ганбямба нь нэлээн согтолттой байсан. Миний хажууд ирж суугаад гуянаас базаж аваад хэрүүл гуйгаад намайг ар өврөөс цохиж аваад байснаа миний шанаа хэсэг рүү гараараа 2 удаа цохиж авахаар миний уур хүрсэн. Тэгтэл Ганбямба ах “Намайг цохь” гээд шанаагаа өгөөд байхаар нь шанаа хэсэг рүү нь нэг удаа цохиод аваад бид хоёр барилцаж авсан чинь Жагаа ах салгаад би яваад өгсөн. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг / хх-ийн 35 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч О.Г а нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Өчигдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Хөх толгойд ажлын газрын Даваасүрэн гэх хүний хурим найр болоод би орой 23 цагийн орчимд архи нэлээн уугаад согтсон. Тэгтэл намайг согтуу байхад Т.Т гэх урд өмнө цуг ажиллаж байсан залуу намайг зодсон байсан. Би өглөө босоод хартал миний зүүн нүд хамар хавдсан байсан. Би өглөө Түвшинбаяртай уулзаж “Намайг яагаад зодож байгаа юм бэ” гэхэд “Уучлаарай цагдаа дуудаж яах юм бэ” гээд гуйгаад байхаар нь цагдаад хэлээгүй ажил руугаа явсан. Тэгтэл миний нүд хамар хавдаж хөхрөөд байхаар нь цагдаагийн байгууллагад хандах болсон юм. Намайг Түвшинбаяр гэдэг залуу цохиж авсныг ажлын ах Жагаа ах мэдэж байгаа бид хоёрыг салгасан байна лээ.Би тухайн шөнө нэлээн архи уусан байсан учир яагаад маргалдсан эсэхээ санахгүй байна. Түвшинбаяр миний зүүн нүд рүү 2 удаа цохисон. Миний зүүн нүд хавдаж хөхөрсөн байна. Намайг Түвшинбаяр гэгч нь зодсон эсэхийг Жагаа ах сайн мэдэж байгаа. Түвшинбаяр нь өнөө өглөө Өвөрхангай аймаг руу явсан. Одоо Өвөрхангай аймагт байгаа 95662709 гэсэн дугаартай. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлс байхгүй. Энэ хэргийг түргэн шийдэж өгнө үү ... гэх мэдүүлэг / хх-ийн 11, 14 /
4. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай ажлын нэг хүний хурим найр болоод Баянхонгор аймгийн Хөх толгойд нэг айлд хурим дээр 00 цагийн үед очсон. Тэр найран дээр Ганбямба нэлээн архи уусан тасарсан байсан. Найранд цуг орж байсан Түвшинбаяр гэх цуг ажилладаг залуу нь Ганбямбатай маргалдаж Түвшинбаяр нь Ганбямбыг 2 удаа нүүр лүү цохиж авахаар нь би салгасан юм. Ганбямбыг Түвшинбаяр нь гараараа 2 удаа цохисныг би хараад салгасан. Ганбямба нь Түвшинбаярыг цохиж аваагүй. Би мэдэхгүй байна нэг мэдэхэд хоорондоо барилцаад авсан. Түвшинбаяр нь Ганбямбыг цохиж байсан. Би салгасан. Ганбямбын зүүн нүдийг Түвшинбаяр цохиж гэмтээсэн нь үнэн. Түвшинбаяр нь бага зэрэг архи уусан байсан. Гайгүй байсан. Харин Ганбямба нь архиндаа нэлээн согтсон байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 16 /
5. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би хурим найраа 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 16 дугаар гудамжны 03 тоотод хийсэн юм. Манай хурим найр нь гэрт болсон бөгөөд надтай урд өмнө цуг уурхайд ажиллаж байсан хүмүүс орой 23 цагийн орчимд ирсэн. Тэр найранд цуг ажиллаж байсан Ганбямба ах, Түвшинбаяр нар ирж хоол унд идэж архи ууцгаасан. Шөнө 04 цагийн орчимд Ганбямба нь нэлээн согтолттой байсан. Харин Түвшинбаяр нь гайгүй байсан. Тэгтэл Ганбямба, Түвшинбаяр нар хоорондоо маргалдаж байгаад барилцаж авсан. Тэгтэл Түвшинбаяр нь Ганбямбыг цохиж авсан чинь' Мөнхжаргал ах дундуур орж салгасан. Тэгтэл Түвшинбаяр нь дахин Ганбямбын нүүр хэсэг рүү цохиж авсан. Тэгээд салгасан. Түвшинбаяр нь яваад өгсөн Ганбямба нь манайд хоносон. Түвшинбаяр нь Ганбямбыг цохиж авч биед нь гэмтэл учруулсан би хараад зогсож байсан. Үгүй цохиж аваагүй. Ганбямба ах нэлээн согтолттой байсан. Ганбямба, Түвшинбаяр нар нь манай гэрийн орон дээр зэрэгцэж сууж байгаад гэнэт маргалдсан юунаас болсон эсэхийг мэдэхгүй байнагэх мэдүүлэг / хх-ийн 18 /
6. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 555 дугаартай шинжээчийн:
1. О.Г ын биед хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи болон алимны салстын цус хуралт, баруун дээд 2-р шүдний хугарал, зовхи, хамар, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтанд тогтонги нөлөөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 28-29/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 43/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/, дипозит дансны хуулга /хх-ийн 45-47/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Т.Т нь 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 16 дугаар гудамжны 04 тоотод иргэн О.Г ыг зодож түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи болон алимны салстын цус хуралт, баруун дээд 2-р шүдний хугарал, зовхи, хамар, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч О.Г а, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 555 дугаар шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Т.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Т.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Т нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Т нь урьд нь ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт Т.Т ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Түвшинтогтохын Түвшинбаярыг дөрвөн зуун тавин мянган / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.Т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Т.Т нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Т.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.