| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0315/Э |
| Дугаар | 310 |
| Огноо | 2020-08-14 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 310
2020 08 14 2020/ШЦТ/310
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат,
улсын яллагч Т.Төмөртулга,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,
хохирогч Б.Д, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ө овгийн Б Б-д холбогдох эрүүгийн 1934005430285 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Баянхонгор аймгийн Жинст суманд 1990 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Усны аж ахуй в1-6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Ө овгийн Б Б
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Б нь Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг Дэнжийн 2103 тоот хашаанд 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Э.Мөнгөншагай, Б.Дашмаа нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар тэдний толгойн тус газар нь туйпуугаар цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Б:
...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж,
Хохирогч Б.Д
...2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Мөнгөншагайтай гэрт байж байтал гадаа хаалга цохих шиг болсон. Гэрийн хаалга цоожтой байсан. Тэгтэл хажуу айлын охин ирээд усны тэргээ өгчих гэж хэлэхээр нь би Мөнгөншагайг хаалга онгойлгоод өгчих гэж хэлсэн. Тэгээд Мөнгөншагай гартал Баянтуул туйпуутай орж ирээд шууд цохитол ухаан алдсан. Дараа нь над руу орж ирээд нүүр нүдгүй цохиж өгсөн. Тогоотой хоол аваад цацсан. Би үсээ тавиулах гэтэл цохиод л байсан. Тэгтэл Мөнгөншагай сэргээд иртэл Б.Баянтуул дахиад цохиод унагаасан. Би баруун гараараа түргэн цагдаа дуудсан. Гадаа гараад зугтах гэтэл үснээс зуураад чирээд байсан. Хажуу талын айлын хүн гарж ирээд болиоч гэтэл чамайг ална яасан ч ядаг юм гичий, янхан гээд хараагаад дайраад байсан. Тэгтэл удалгүй түргэн цагдаа ирсэн. Цагдаа ирчхээд байхад дайраад байсан. Би арай гэж салаад байж байтал Отгончулуун байцаагч хашаандаа ороод байж бай гээд Баянтуулыг аваад явсан. Би тэгээд шүүх эмнэлэгт үзүүлээд оёулаад гарсан. Би одоо гомдолтой байна. Нүдний ухархай доошоо суусан, яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Монголд ганцхан Төмөрбаатар гэдэг эмч хийдэг яагаад хийлгэхгүй байгаа юм бэ? гээд дахин дахин хэлээд л байгаа. Би маш их гомдолтой байна. Энэ хүнд шүүхээс хэлж сануулаад байхад эмнэлэг дээр ээжтэйгээ үзүүлээд явж байтал Баянтуул ирээд би эдний охиныг үхэр алж байгаа юм шиг зодсон ш дээ гээд инээгээд орилоод байсан. Би өөрөө 1.183.195 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн... гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн 1934005430285 дугаартай хэрэгт хохирогч Б.Дашмаа /хх-ийн 9-10, 130 дугаар хуудас/, хохирогч Э.Мөнгөншагай /хх-ийн 13, 131 дугаар хуудас/, гэрч Б.Баянтуул /хх-ийн 14 дүгээр хуудас/, яллагдагч Б.Баянтуул /хх-ийн 30-31, 61 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 483 дугаартай дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 461 дугаартай дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/,
шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 460 дугаартай дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/,
шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1208 дугаартай дүгнэлт /хх-ийн 51-52 дугаар хуудас/,
“Хан-Үнэлэмж” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20/16 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 137-142 дугаар хуудас/,
шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 576 дугаартай дүгнэлт /хх-ийн 197-212 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6 дугаар хуудас/, хохирогч Б.Дашмаагийн хохирлын баримтууд /хх-ийн 98-112, 133-134 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Баянтуулын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 32-36, 38-41, 60-61 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг Дэнжийн 2103 тоот хашаанд 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Э.Мөнгөншагай, Б.Дашмаа нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар тэдний толгойн тус газар нь туйпуугаар цохиж хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах
хохирогч хохирогч Б.Дашмаагийн ...гаднаас Баянтуул орж ирээд баруун гартаа том туйпуу барьж орж ирээд Мөнгөншагайгийн толгой тус газарт нь цохиод унагачихсан. Би яаж байгаа юм бэ гэж хэлэхэд янхан гичий минь чамайг ална гэж хэлээд намайг гараараа үсдэж чирээд миний толгой руу туйпуугаараа 5-6 удаа цохиод намайг газарт чирээд байсан. Ингээд Мөнгөншагай энэ үед босож ирээд Баянтуулыг хориход Мөнгөншагайг дахиад толгой руу цохисон. Энэ зуурт би өмдөө өмсөөд байж байхад Баянтуул халуун тогоотой хоол авч бид хоёр руу цацаад зуухан дээр байсан ширэмтэй савтай цайг аваад бид хоёр руу шидсэн. Би энэ зуурт Мөнгөншагайд наадхыгаа барьж хориоч ээ гэж хэлэхэд аллаа ш дээ гэж хэлээд Мөнгөншагай барьж аваад дараад Мөнгөншагайг бас зодоод байх шиг байсан. би гутлаа өмсөөд гараад гүйх гэтэл миний үснээс араас зулгааж бариад би цаашаа зугтааж гүйгээд дахин миний араас гүйж ирж үснээс зулгаагаад би нэг гараараа үснээсээ татаж барьж байгаад цагдаад дуудлага өгсөн. Ингээд намайг үснээс чирээд газраар чирээд баруун айлын хашааны үүдэнд очоод дахин би цагдаад дуудлага өгсөн. Ингээд намайг тавихгүй зодоод байхаар нь би Баянтуулаас одоо болъё хоёулаа ярилцъя гэж гуйхад чи юу хуцаад байгаа гичий янхан бэ, тэр хүн чинь надтай эргэж сууна гэсэн гээд орилоод байсан. Ингээд би тэр зуурт нь түргэн дуудаад цагдаа ирээд намайг зодохоо больсон... ...Ингээд түргэн бид хоёрыг аваад эмнэлэг явсан... ...Би Мөнгөншагайтай 2016 онд анх танилцсан. Түүнээс хойш хамтарч амьдарч байна. Надтай анх танилцахдаа би өмнө нь Баянтуул гэх эхнэртэй 1 хүүхэдтэй бид хоёр салаад 2-3 жил болж байна хоёулаа хамтарч амьдаръя гээд бид хоёр хамтарч амьдарч эхэлсэн. Надтай танилцаж байх үедээ Мөнгөншагай өөрийнхөө аавын хашаанд ганцаараа гэр бариад амьдарч байсан юм. Миний зуун нүд руу байнга хатгаж өвдөөд нүд харанхуйлаад байгаа зүүн доод зовхи огт мэдээгүй байгаад байгаа. Толгой байнга өвдөж байна. Байнга өвчин намдаах диклоденк-400 эмийг өдөрт ууж байгаа. Хүзүү хөшиж өвдөж байгаа. Миний ээжийн сэтгэл санаа хэцүү байна. Зүгээр байж байгаад хүнд зодуулна гэдэг надад үнэхээр гомдолтой байна. Эмэгтэй хүний гоо сайхан гэдэг хэцүү шүү дээ. Би гоо сайхнаараа ингэж хохирсондоо маш их гомдолтой байна. Хүний нүүр харж чадахгүй байна... /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
...7 литрийн хятад халуун тогоо 35.000 төгрөг, 1.8 литрийн хятад ус буцалгагч 28000 төгрөг, 2 хүний ор хөнжлийн даавуу 35000 төгрөг, 10 ширхэг 250 грамм ордог шаазан аяга 1 тус бүр нь 3000 төгрөг, 8 ширхэг 2 дугаар хоолны орос шаазан таваг 1 тус бүр нь үнэлж мэдэхгүй байна мэргэжлийн байгууллага үнэлэх байх, 1.8 литрийн цайны хятад халуун сав 30000 төгрөг, хоолны 3 литрийн чихтэй хятад түмпэн чих нь хугараад цөмрөөд хаясан 25000 төгрөг, эрэгтэй биеийн тамирын өмд 10000 төгрөг, эрэгтэй даавуун футболк 15000 төгрөг, эмэгтэй даавуун футболк 20000 төгрөг... ...Би Баянтуулд зодуулсны улмаас нүдний доод талын ухархайн яс цааш нь цөмөрч яаралтай ухархай яс сэргээх хагалгаанд ор гэж Төв аймгийн Нүдний эмч зөвлөсөн. Үүний дагуу би 1 дүгээр эмнэлэг дээр очиж нүдний Төмөрбаатар эмчид үзүүлэхэд яаралтай хагалгаанд орох шаардлагатай юм байна гэж зөвлөсөн. Тийм учраас Баянтуулаас би эмчилгээ, мэс заслын зардал 3 сая төгрөг эхний ээлжид нэхэмжилж байна. Би цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байна... /хх-ийн 130 дугаар хуудас/,
хохирогч Э.Мөнгөншагайгийн ...Би 2019 оны 07 дугаар сарын 10-ний өдрийн 12 цагийн орчимд манай хажуу талын айлын хүүхэд хаалга тогшоод Дашмаа эгчээ гээд дуудахаар нь Дашмаа намайг хаалга онгойлгож өг гэж хэлсэн. Ингээд би хаалга онгойлгож өгөхөд Баянтуул гаднаас орж ирээд гартаа туйпуу барьж орж ирээд миний толгой руу 1 удаа цохиод би газарт ухаан алдаад унасан. Ингээд нэг сэрээд харахад Баянтуул Дашмааг гартаа барьсан туйпуугаараа толгой руу нь цохиод байсан. Би босож очоод салгасан. Гэтэл намайг нөгөө туйпуугаараа толгой руу 5 удаа цохиод миний толгойноос цус гоожоод энэ үед Дашмаа гадагшаа гарч явах гэтэл Баянтуул араас нь очоод тэр хоёр хамтдаа гараад явсан. Би гэрт үлдсэн. Тэгээд удалгүй эмнэлэг ирээд аваад явсан... ...Миний толгойд 5 хагархай үүссэнд 3 хагархайд нь 6 оёдол тавиулсан. Нуруунд 1 шалбарсан, зүүн гарын булчингийн дотор хэсэгт 1 шалбарсан. Өөр гэмтэл байхгүй... ...Би Баянтуултай 2009 онд албан ёсоор гэр бүл болж гэрлэлтээ батлуулаад бид хоёрын дундаас 1 хүү гарсан. Одоо 11 настай Баянтуул дээр байдаг юм. Бид хоёр 2014 оноос эхэлж тусдаа амьдрах болоод 2017 онд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан. Дашмаатай 2016 онд танилцаад түүнээс хойш одоог хүртэл хамтран амьдарч байгаа юм... /хх-ийн 13 дугаар хуудас/,
...2019 оноос хойш Дашмаа бид хоёр хамтран амьдарч эхэлснээс бий болсон. Бид хоёрын ажил хийж хамтарч олсон дундын эд хөрөнгө байсан юм. Тухайн хэрэг гарах өдөр Баянтуул манай гэрт орж ирж халуун тогоо шидэж эвдэлсэн, мөн ус буцалгагч эвдэлсэн, аяга хагалсан, ор хөнжлийн даавуу цусаар нэвтэрч будагдсан байсныг бүгдийг нь хаясан... ...5 литрийн багтаамжтай хятад улсад үйлдвэрлэсэн халуун тогоог Дашмаа авч байсан. Үнийг нь мэдэхгүй байна. 1.5 литрийн хятад халуун сав байсан бас дашмаа авч байсан, хөнжил дэвсгэрийн даавуу гэх зэрэг бүгдийг нь Дашмаа мэднэ би үнийг нь мэдэхгүй..... /хх-ийн 131 дугаар хуудас/,
яллагдагч Б.Баянтуулын ...урьд өдөр нь Мөнгөншагай манайд ирж эргэж хоёулаа нийлье гэж хэлчхээд гарч яваад ирэхгүй байсан болохоор би гэртээ авч ирэх гээд гэрт нь яваад очсон юм. Тэгтэл өөр хүүхэнтэй хамт байхаар нь би маш их гомдсон би жин ихтэй зүрх их өвддөг учир уурлахаараа юу болсныг санадаггүй юм... ...Би салсан нөхөр Мөнгөншагайгаас хүүхдийн тэтгэмжийн мөнгө сар болгон авдаг байсан юм. Дашмаа гэх хүн миний хүүхдийн мөнгийг Мөнгөншагайгаар өгүүлэхгүй хэл амаар намайг доромжилдог байсан. Ганц хүүхдээ тэжээж чадахгүй бол бид хоёрт өгчих бид хоёр өсгөчихнө гэх зэргээр доромжилдог байсан. Төрсөн өдрөөр нь Мөнгөншагай ирнэ гэж ярьсан боловч Дашмаа явуулаагүй байсныг Мөнгөншагай өөрөө надад хэлж байсан. Тэр үед Дашмаа над руу залгаж торт аваад өгөх мөнгө байдаггүй юм уу тортны мөнгө явуулчихъя гэх зэргээр намайг доромжилдог байсан. Шүүхийн шийдвэрээр тэтгэлэг тогтоолгоход 28000 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлж байсныг Дашмаа буруу ойлгочхоод танай хүүхдэд сард өгөх мөнгө 28000 төгрөг шүү дээ битгий илүү мөнгө нэхээд бай гэж утсаар намайг загнадаг байсан. Өмнө нь мөн над руу утсаар залгаад чи олигтой байсан бол нөхрийгөө хажуудаа тогтоох чинь яасан юм бэ чи өөрийгөө ямрыг мэдэх үү гэх зэргээр намайг доромжилж дарамталдаг байсан. Мөн баяр ёслол, хүүхдийн баяр, цагаан сар, шинэ жил, төрсөн өдрөөр нь ерөөсөө Мөнгөншагайг хүүхэдтэй нь уулзуулдаггүй, явуулдаггүй, утсаар яриулдаггүй байсан... /хх-ийн 30-31 дугаар хуудас/,
...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... ...Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ болсон зүйлийг үнэн зөв тодорхой ярьсан учир одоо дахиж ярих шаардлагагүй гэж үзэж байна... /хх-ийн 61 дүгээр хуудас / гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 483 дугаартай ...Б.Баянтуулын биед баруун шуунд цус хуралт бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 461 дугаартай ...Э.Мөнгөншагайгийн биед хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/,
шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 460 дугаартай ...Б.Дашмаагийн биед хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун бугалга, сарвуу, зүүн бугалга, баруун тавхайд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/,
шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1208 дугаартай ...Б.Дашмаагийн биед хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, хамар баруун бугалга, сарвуу, зүүн бугалга, баруун тавхайд зулгаралт бүхий гэмтэл нь шинжээч эмч Э.Эрхэмбаярын гаргасан №460 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байгаа... талаарх дүгнэлт /хх-ийн 51-52 дугаар хуудас/,
“Хан-Үнэлэмж” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20/16 дугаартай ...Б.Дашмаагийн эвдэрсэн 10 ширхэг эд зүйлсийг 206800 /хоёр зуун зургаан мянга найман зуу/ төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 137-142 дугаар хуудас/,
шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 576 дугаартай ...Б.Дашмаагийн биед хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт, зулгаралт, хамар, баруун сарвуу, зүүн бугалга, баруун тавхайд зулгаралт бүхий гэмтлүүд нь №460 тоот дүгнэлт үндэслэлтэй байна... ...Б.Дашмаагийн биед тогтоогдсон хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал гэмтлүүд хуучин гэмтэл байх ба хэзээ үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 197-212 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6 дугаар хуудас/, хохирогч Б.Дашмаагийн хохирлын баримтууд /хх-ийн 98-112, 133-134 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Баянтуулын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 32-36, 38-41, 60-61 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б нь иргэн Э.Мөнгөншагайгийн биед хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол,
иргэн Б.Д биед хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун бугалга, сарвуу, зүүн бугалга, баруун тавхайд зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулжээ.
Тэрээр энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, Э.М, Б.Д нарын толгойн тус газар нь туйпуугаар цохиж, хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн зодож, цохисон санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу ...хоёр, түүнээс олон хүнийг... гэсэн шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Мөн шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Б 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Б гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Мөнгөншагайгийн биед хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол,
Хохирогч Б.Д биед хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун бугалга, сарвуу, зүүн бугалга, баруун тавхайд зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус учирсан байна.
Хохирогч Э.М хууль ёсны төлөөлөгч Э.Цэцэгбаяр нь шүүгдэгч Б.Баянтуулд ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүхэд хүсэлт гаргаж өгсөн бөгөөд харин хохирогч Б.Дашмаагийн хувьд шүүгдэгчээс мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, эд хөрөнгөд учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардал гэж нийт 1.387.095 /нэг сая гурван зуун наян долоон мянга ерэн тав/ төгрөгийг нэхэмжилснээс цаашид гарах эмчилгээний зардлыг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, харин эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, эд хөрөнгийн хохирол гэж нийт 1.237.095 /нэг сая хоёр зуун гучин долоон мянга ерэн тав/ төгрөгийг гаргаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болголоо.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Б.Б хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тул хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж, мөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тус тус тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлагын торгох ялыг оногдуулж, оногдуулсан торгох ялыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Б торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
шүүгдэгч Б.Б оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б нь оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тоосго 1 ширхэг, цамц 1 ширхэг, үс 1 ширхэг зэргийг устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгахыг,
Эрүүгийн 1934005430285 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6.,
36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овгийн Б Б хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ө овгийн Б Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө овгийн Б Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ө овгийн Б Б-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 1934005430285 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Цэцэгбаяр нь шүүгдэгч Б.Баянтуулд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тоосго 1 ширхэг, цамц 1 ширхэг, үс 1 ширхгийг устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө овгийн Б Б 1.237.095 /нэг сая хоёр зуун гучин долоон мянга ерэн тав/ төгрөгийг гаргуулж хохирогч дугаарын регистртэй, Б овгийн Б Д олгосугай.
8. Хохирогч дугаарын регистртэй, Б овгийн Б Д нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Өндөр овгийн Бадрахын Баянтуулаас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө овгийн Б Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ө овгийн Б Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН