| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/07655/И |
| Дугаар | 611 |
| Огноо | 2016-03-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 611
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өвөрхангай, Баянгол 1 дүгээр баг, Өндөр өнц, Боржин овогт Содномын Гинж /РД:ЙВ73121001/,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтай 4-114 тоотод оршин суух, Хиад боржгин овогт Содномын Алтангинж /РД:ЙВ70102708/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 27-15 тотоод оршин суудаг, Боржигон дэгээ овогт Батдэлгэрийн Энхзул /РД:ЧД76011864/-д холбогдох
5,380,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв:
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Гинж, С.Алтангинж нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Алтангинж миний өөрийн найз Отгонбаярын бэр болох Б.Энхзулд мөнгө зээлээч мөнгөний хэрэг гарлаа гээд гуйгаад байхаар 2014 оны 6 сард 450,000 төгрөг зээлүүлсэн юм. Мөнгөө зээлүүлэхдээ ямар нэгэн байдлаар бичиг баримт үйлдээгүй, дансаар шилжүүлээгүй бэлнээр өгсөн. Мөнгө авахдаа 1 сарын дараа өгнө гэсэн ч өнөөдрийг хүртэл ганц ч төгрөг өгөөгүй байна. Мөн үүнээс хэдэн сарын өмнө надаас мөнгө зээлэх хүн байна уу гэхэд би өөрийн дүү болох С.Гинжийг зааж өгсөн юм. Ингээд С.Гинж миний бие 2014 оны 04 сард Б. Энхзулын 5058123190 дугаарын дансруу 500,000 төгрөг, 2014 оны 5 сарын 02-ны өдөр 4,430,000 төгрөг нийт 4,930,000 төгрөг шилжүүлж мөнгө зээлсэн юм. Энхзул нь мөнгөө буцааж өгөхдөө 2014 оны намар хүүхдийн сургууль цуглахаас өмнө буцааж өгнө гэж авсан юм. Иймд С.Алтангинж миний бие Б.Энхзулаас 450,000 төгрөг, С.Гинж миний бие 4,930,000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Б.Энхзул нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Энхзул нь С.Алтангинжээс 2014 оны 6 дугаар сард зээлж авсан 450,000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр С.Алтангинжийн Хас банк дахь 5000241035 тоот дансанд бэлнээр төлсөн болно. Б.Энхзул нь С.Гинжээс 2014 оны 4, 5 дугаар сард нийт 4,930,000 төгрөгийг зээлж авснаас 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр С.Гинжийн Хаан банк дахь 5543099595 тоот дансанд 834,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 100,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 60,000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 500,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 30,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 30,000 төгрөг нийт 2,054,000 төгрөгийг төлсөн болно гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Алтангинж, С.Гинж нар нь хариуцагч Б.Энхзулд холбогдуулан холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,380,000 төгрөг
гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс талуудад шүүх хуралдааны товыг “шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас”-аар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар зохигчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Хариуцагч Б.Энхзул нь нэхэмжлэгч С.Алтангинжээс 450,000 төгрөгийг, нэхэмжлэгч С.Гинжээс 4,930,000 төгрөгийг тус тус зээлж авсан болохоо хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
Хариуцагч Б.Энхзул нь нэхэмжлэгч С.Алтангинжээс зээлсэн 450,000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр С.Алтангинжийн Хас банк дахь 5000241035 тоот дансанд, нэхэмжлэгч С.Гинжээс зээлсэн 4,930,000 төгрөгнөөс 2,054,000 төгрөгийг түүний Хаан банкны 5543099595 дугаартай дансанд 7 удаагийн үйлдлээр буцааж төлсөн гэж тайлбарлаж байх ба хариуцагчийн энэхүү тайлбар нь хэргийн 20-22 талд авагдсан 8 ширхэг орлогын мэдүүлэг гэх баримтаар тогтоогдож байна.
Иймд хариуцагч Б.Энхзул нь С.Алтангинжээс зээлсэн 450,000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгч С.Алтангинж нь хариуцагч Б.Энхзулаас зээлийн гэрээний үүрэгт 450,000 төгрөгийг шаардах эрхгүй байна.
Харин хариуцагч Б.Энхзул нь нэхэмжлэгч С.Гинжээс зээлсэн 4,930,000 төгрөгнөөс 2,054,000 төгрөгийг буцааж төлсөн байх тул үлдэх 2,876,000 төгрөгийг нэхэмжлэгч С.Гинжид төлөх үүрэгтэй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Энхзулаас 2,876,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Гинжид олгож, үлдэх 2,054,000 төгрөгний нэхэмжлэлийг болон хариуцагч Б.Энхзулаас 450,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч С.Алтангинжийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Энхзулаас зээлийн гэрээний үүрэгт 2,876,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Гинжид олгож, үлдэх 2,054,000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч С.Алтангинжийн 450,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхзулаас улсын тэмдэгтийн хураамжид 60,966 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Энхзулд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА