Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/00002

 

“ЭЗ”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01093 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1656 дугаар магадлалтай,

“ЭЗ”ХХК-ний нэхэмжлэлтэй

БСШУСЯ, ХХААХҮЯанд холбогдох

Гэм хорын хохиролд 325 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “ЭЗ”ХХК-ийн төлөөлөгч Ү.Энхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЭЗ”ХХК нь 2012 оноос сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэн үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Боловсрол, шинжлэх ухаан, спортын яамны 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 4/3931 дүгээр албан бичиг, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам /хуучнаар Аж үйлдвэрийн яам/-ны 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01/2693 дугаар албан бичиг явуулж дээрх захиргааны хууль бус акт гаргасны улмаас “ЭЗ”ХХК-ийн эрх ашгийг хөндсөн юм. “ЭЗ”ХХК-ийн эрх ашгийг хөндсөн дээрх асуудалд хариуцагч нарыг гэм буруутай гэж Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн хуралдааны 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 179 дүгээр тогтоолоор тогтоосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй юм. Харин гэм буруу болон хохирол, хор уршгийн хоорондох шалтгаант холбооны хувьд “ЭЗ”ХХК нь 2013 онд Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулж сурагчийн дүрэмт хувцас нийлүүлдэг байсан бөгөөд дээрх яамдуудын албан бичиг нэр дурдсан 7 компаниас өөр этгээдтэй гэрээ байгуулахгүй байхыг үүрэг болгосон тул гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсон. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлоо шаардаж байна. Нэхэмжлэгчээс борлогдоогүй хувцас буюу сурагчийн дүрэмт хувцас 12908 ширхэг байгаа бөгөөд эдгээрийн зах зээлийн нийт үнэлгээ 187 912 000 төгрөг, сурагчийн дүрэмт хувцасны мөрөнд оёх сургуулиудын лого нь сургууль бүрээр өөр байдаг байсан бөгөөд нийт 12908 ширхэг логоны үлдэгдэл байх бөгөөд эдгээрийн зах зээлийн үнэлгээ 12 908 000 төгрөг юм. 2013 онд дээрх албан бичгүүд гарсны дараагаас эхлэн улсын хэмжээнд бүх сургуулиуд нэг ижил стандарт загварын лого хэрэглэдэг болсон тул сургууль бүрийн онцлогыг харуулсан таних тэмдэг бүхий логог зах зээлд нийлүүлэх боломжгүй юм. Дуусаагүй үйлдвэрлэл 16 226 574 төгрөг,ХААН банктай 2013 он 07 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан 100 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд уг зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 43 283 965 төгрөг, хүү 25 175 874 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 950 223 төгрөг нийт 72 410 063 төгрөг байна. Уг зээлийг авахдаа “ЭЗ”ХХК-ийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх, хувцас үйлдвэрлэх зорилгоор авсан болно. Үйл ажиллагаа явуулж байсан байрны түрээсийн төлбөр Сансар өргөө СӨХ-ны 59 дүгээр байрны подвалийн 2013 оны 12 дугаар cap, 2014 оны 1-12 дугаар cap, 2015 оны 1-6 дугаар сарын түрээсийн төлбөр, сард 200 000 төгрөг буюу нийт 3 800 000 төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6 дугаар хорооллын 12 дугаар байрны 8 дугаар подвалийн түрээсийн төлбөр үндсэн төлбөр 2 440 000 төгрөг алданги 281 250 төгрөг, нийт 2 721 250 төгрөг болно. Нэт капитал финанс корпораци ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл 6 700 000 төгрөг, үйлдвэрийн ажилчдын сул зогсолтын үеийн цалин хөлс 20 600 000 төгрөг, үүнтэй холбоотойгоор нийгмийн даатгалд төлөх шимтгэлийн төлбөр 1 512 000 төгрөг, татварын өр 210 113 төгрөгийг нэхэмжилж байна. Уг хохирлуудын хувьд “ЭЗ”ХХК нь Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан шаардлагыг хангаж сүлжмэл хувцасны захиалга, оёдлын үйлдвэрлэл худалдаа эрхэлдэг байсан бөгөөд сурагчийн дүрэмт хувцас оёх нь үндсэн үйл ажиллагааны нэг байсан тул дээрх хууль бус захиргааны актын улмаас “ЭЗ”ХХК үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрч уг зээлийг төлөх боломжгүй болсон юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч БСШУСЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болормаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 2013 оныг хүртэл нэгдсэн загварын сурагчийн дүрэмт хувцасгүй хичээллэж байсан нь нийгмийн амьдралын олон янз байдал, амьжиргааны түвшний эрс ялгарлыг тодруулж, зарим сурагчид өдөр бүр хувцсаа сольдог байхад амьдралын түвшин дунд болон доод түвшний айл өрхийн хүүхдүүд нэг л хувцастай хэмээн хочлуулж, сурагчид сургалтандаа анхаарлаа төвлөрүүлэхээс илүү бусад сурагчдын өмссөн хувцсанд анхаарч, тэр ч бүү хэл хувцаснаас хамаарч сургуулиас хөндийрөх хүртэл асуудал үүсч байсан юм. 2012-2016 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэлийг дэмжих шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн арга хэмжээ нь тухайн цаг үед өндөр ач холбогдолтой ажил байсан. Ийнхүү ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдсэн загварын сурагчийн дүрэмт хувцсыг эх орны түүхий эд, бүтээгдэхүүнээр үйлдвэрлэж, ханган нийлүүлснээр ерөнхий боловсролын сургуулийн 580 000 мянга гаруй сурагчид, тэдний гэр бүл болсон Монголын 1 740 000 сая иргэдийн амьдралд дэм болсон ээлтэй бодлогын шийдвэр болж чадсан. Сурагчийн дүрэмт хувцасны 2013 оноос өмнөх болон нэгдсэн загварын дүрэмт хувцасны хангалтын байдал, чанар, үнийн талаар товч дурдвал: 2012-2013 оны хичээлийн жилийн байдлаар ерөнхий боловсролын сургуульд нийт 498 000 сурагч суралцаж байснаас 81,2 хувь нь дүрэмт хувцас хэрэглэж байсан. Хэрэглэгдэж байгаа дүрэмт хувцасны 60 гаруй хувь нь импортоор буюу БНХАУ-ын Эрээн хотоос дотоодын зарим үйлдвэрлэгчдийн нэр дор эсвэл хувийн худалдаачдаар нийлүүлэгдэж байсан. Улаанбаатар хотод нийт сурагчийн дүрэмт хувцасны 2,0 хувь нь, хөдөө орон нутагт 61,8 хувь зах худалдаанаас нийлүүлэгдэж байна. Импортоор нийлүүлэгдэж байсан дүрэмт хувцасны чанарын тухайд эрүүл ахуйн болон эдэлгээ, хэрэглээний шаардлага хангахгүй, загвар, дизайн нь хүүхдийн сонирхолд нийцэхгүй байсан. Иж бүрдэл нь бүрэн биш. Сурагчийн дүрэмт хувцасны дийлэнх нь бага, дунд ангид эрэгтэй нь өмд, жилет, ахлах ангид эрэгтэй нь өмд, пиджак, бага ангид эмэгтэй нь сарафан, дунд, ахлах ангид эмэгтэй нь пиджак, юбка гэсэн хувцаснаас бүрдэж байсан. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны ханган нийлүүлэлтийг зохион байгуулах талаар Засгийн газрын шийдвэрийн төсөл, холбогдох мэдээллийг бэлтгэхээр Боловсрол, шинжлэх ухааны сайд, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын 2013 оны 03 дугаар сарын 13-ны Хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажлын удирдамж батлах тухай А/71, А/36 тоот тушаал гарч дүрэмт хувцасны ханган нийлүүлэлтийн судалгааг хийж, Засгийн газрын тогтоол гаргах бэлтгэлийг хангаж ажилласан болно. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай 250 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сурагчийн дүрэмт хувцсыг эх орондоо үйлдвэрлэх, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, БСШУСЯ, Хөдөлмөрийн яамтай хамтран Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас төслийн ажил эхэлсэн. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд Хөдөлмөрийн сайдын 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажлын удирдамж батлах тухай А/96, А/143, А/313 тоот хамтарсан тушаал гарч үйл ажиллагааг эрчимжүүлсэн.БСШУСЯнаас Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дүгээр заалтад заасан "Боловсролын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах" бүрэн эрхийнхээ хүрээнд: Бага, дунд боловсролын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дугаар хэсэгт заасан "Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид дүрэмт хувцастай байна", 281.1.9 аймаг, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны нэгдсэн загварыг батлах заалтыг хэрэгжүүлж ажиллахыг орон нутагт үүрэг өгснөөр Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас-ны загвар батлагдсан. Оюуны өмчийн газраас 2377 тоот Бүтээгдэхүүний загварын патент авсан. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хамтарсан ажлын хэсэг ажиллуулж, Засгийн газрын тогтоол гарахаас өмнө сурагчийн дүрэмт хувцас импортоор оруулсан буюу оёж нийлүүлж байсан аж ахуйн нэгжүүдийн үлдэгдэл дүрэмт хувцасны тоог баталгаажуулах ажил хийсэн. 2012 оноос өмнө сурагчийн дүрэмт хувцас импортлож байсан бүх аж ахуйн нэгжийн үлдэгдэл хувцасны тооллого зохион байгуулж, тоо ширхэгийг үйлдвэрлэгчтэй харилцан хүлээн зөвшөөрснөөр баталгаажуулсан. Иймд компаниудад өмнө нийлүүлж байсан сургуулиудад 1 жилийн хугацаанд дүрэмт хувцас борлуулах чиглэлийг БСШУСЯны Дүрэмт хувцасны тухай 4/2844 албан тоотоор өгч ажилласан. “ЭЗ”ХХК-ийн 325 000 000 төгрөгний нэхэмжлэх гаргах үндэслэлгүй болно. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01/2693 дүгээр албан бичиг, хавсралтаар: Ажил гүйцэтгэх 3 талт гэрээний төсөл ( аймаг, нийслэл) 2 хувь, 2. Орон нутаг болон нийслэлд гэрээ хийх аж ахуйн нэгжийн жагсаалт, 3. Сурагчийн дүрэмт хувцасны борлуулах үнэ, нийлүүлэх хуваарийг тодорхой зааж ирүүлсэн тул аймаг, нийслэлийн Боловсролын газарт хүргэж сурагчийн дүрэмт хувцас хүлээн авах үйлдвэр, цаг хугацаа, үнийн саналыг хүргүүлж байсан. Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцасны төслийн үр дүнгийн талаар Оёдлын нэгдсэн холбооноос ач холбогдолтой гэж үзсэн. Иймд БСШУСЯнаас Засгийн газрын тогтоол, бусад хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан. Сурагчийн дүрэмт хувцсаар ханган нийлүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол хэн нэгэн үйлдвэрлэгчид ашиг орлого оруулах зорилготой биш, зөвхөн нийгмийн амьдралын эрс ялгарал үүссэн цаг үед нийт сурагчдаа нэгдсэн загварын дүрэмт хувцастай байлгах, Боловсролын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилготой. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яамнаас 7 аж ахуйн нэгжийг шалгаруулж зээл олгож ажил гүйцэтгүүлсэн. “ЭЗ”ХХК энэ шалгаруулалтанд оролцоогүй, хичнээн оёдолчин ажиллуулж, хэдэн ажилтны цалингаас НӨАТ болон нийгмийн даатгал төлсөн болохыг цаг хугацаатай нь шалгах шаардлагатай. Сурагчийн дүрэмт хувцасны нэмэлт болон туслах материалыг хэдэн удаа хил гаалиар оруулж, ямар татвар төлж, дүрэмт хувцас үйлдвэрлэсэн эсэхийг тогтоох шаардлагатай. Монголдоо чанартай сурагчийн хувцас оёж нийлүүлдэг бол хаана ч борлуулалт хийх боломж нээлттэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ХХААХҮЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхцоож шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 онд шинээр байгуулагдсан Засгийн газар үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Үйлдвэржилтийн шинэ эрин үе зарласныг дэмжих тухай 118 дугаар тогтоолыг 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр баталсан. Уг тогтоолоор боловсруулах аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомж болон тэргүүн ээлжинд дэмжин хөгжүүлэх үйлдвэрлэлийн төсөл, шинээр байгуулах, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх үйлдвэрүүд, тэдгээрийн байршлын талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж, тодорхой санал, төслийг тухайн оны 4 дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг тус яамны сайд Х.Баттулга болон холбогдох яамны Сайдуудад үүрэг болгосон. Эдгээр шалгарсан, дэмжсэн төслүүдийн дотор хөнгөн үйлдвэрлэлийн салбар хоорондын уялдааг хангасан кластрын /хоршин хамтран ажиллах/ төсөл болох ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны Монгол ноосон даавуу төсөл шинэ дэвшилтэт технологийг ашиглан Монгол хонины ноосон даавуу үйлдвэрлэж, оёдлын нэгдсэн холбооны импортыг орлох оёмол бүтээгдэхүүн сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх төслүүдийг ирүүлсэн. “ЭЗ”ХХК-иас гаргасан гомдол үндэслэлгүй ба 23 тэрбум төгрөгийг оёдлын үйлдвэрүүдэд бүгдийг нь олгоогүй ба сурагчийн дүрэмт хувцсыг кластераар үйлдвэрлэх үйл ажиллагаанд зориулж тодорхой хэсгийг хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгогдсон. “ЭЗ”ХХК нь сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэхээр төсөл бичиж тухайн үеийн яаманд хандаагүй. Тухайн үеийн яамнаас сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл явуулж буй үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид дүрэмт хувцасны үйлдвэрлэлд үйлдвэрлэгчдийг оролцуулах, кластераар хоршин ажиллахад дэмжих, олон жижиг үйлдвэрүүдийг ажлаар хангах, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх зорилгоор оёдол, нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрүүдийг оролцуулж, эдгээр үйлдвэрүүдтэй санал солилцох, уулзалтыг 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан ба уг арга хэмжээнд “ЭЗ”ХХК оролцсон талаар хурлын тэмдэглэл, бичлэг хадгалаастай байгаа болно. Уг компани нь өмнө нь Хятадаас бага ангийн хүүхдийн хувцас оруулж ирж байсан, нейлон хувцас байсан. Цаашид Чингис бондоос мөнгө авмаар байна гэдгээ хурал дээр хэлж байсан нь хурлын тэмдэглэлд тэмдэглэсэн байгаа болно. Гэвч зээл авахаар төслөө ирүүлээгүй. “ЭЗ”ХХК нь шаардлага хангахгүй аж ахуйн нэгжийн тоонд орсон. Хэргийн материалд хавсаргасан санхүүгийн тайлан балансад бүх хөрөнгийн шинж чанартай зүйлсийн үлдэгдлийг зайлшгүй тусгах ёстой байтал дээрх нэхэмжилсэн бараа материалын үлдэгдэл, дуусаагүй үйлдвэрлэлээр бий болсон бараа материалын үлдэгдлийн аль аль нь мөнгөн дүнгээрээ нотлогдохгүй байна. “ЭЗ”ХХК-ийн 2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд бараа материалын эцсийн үлдэгдэл 40 651 000 төгрөг, 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд бараа материалын эцсийн үлдэгдэл 110 827 000 төгрөг байсан гэх үндэслэл алга байна. Мөн дуусаагүй үйлдвэрлэлээр бий болсон бараа материалын үлдэгдэл 2012, 2013 онд эргэлтийн хөрөнгийн хэсэгт тодруулга тайланд үлдэгдэлтэй дүнгээр тусгагдаагүй үнийн дүн алга байна. Өөрөөр хэлбэл, “ЭЗ”ХХК-ийн 2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд дуусаагүй үйлдвэрлэлээр бий болсон бараа материалын үлдэгдэл 48 142 920 төгрөг байсан гэх үндэслэлгүй. Мөн санхүүгийн тайлан балансаас үзэхэд цалинд өгсөн гэх 20 600 000 төгрөгийн өрийг оёдлын машин, тоног төхөөрөмжөөр төлсөн, түрээсийн өр сард 7 009 080 төгрөг төлсөн болох нь нотлогдохгүй. “ЭЗ”ХХК-ийн захирал Ү.Энхжаргалын арилжааны банкнаас авсан зээлийн үйл ажиллагаа холбогдох хуулиар тухайн иргэн, хуулийн этгээдийн асуудал тул яамнаас нэхэмжлэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01093 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ЭЗ”ХХК-ийн хариуцагч БСШУСЯ, ХХААХҮЯ нарт холбогдуулан гэм хорын хохиролд 325 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ЭЗ”ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 782 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1656 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01093 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 782 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтыг бодит байдалд нь тохирсон дүгнэлт өгөөгүй, мөн магадлалын заалтыг хангаагүй тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэж гомдол гаргаж байна. 1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ...нэхэмжлэгч “Энхзүр” ХХК нь сурагчийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэх 2012 оноос эхлэн зах зээлд нийлүүлсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгч болон борлуулагч нарын хувьд Аймаг, Нийслэлийн Боловсролын газраас тухайн хичээлийн жилд сурагчдын дүрэмт хувцасны нэгдсэн загвар батлан гаргах асуудал яригдаж байгаа эсэхэд анхаарал хандуулах нь зүйн хэрэг буюу энэ нь тухайн байгууллагын өөрөө өөрийнхөө өмнө хүлээх үүрэг гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Учир нь шүүх түүний шаардах эрхтэй этгээд мөн болох талаар дүгнэлт гаргахдаа Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 07 сарын 01-ний өдрийн 179 дүгээр тогтоолыг үндэслэж шийдвэрлэсэн, атлаа хэн нэгэн дураараа гаргасан тушаалыг хэзээ хэдийд гарах болохыг хэн ч урьдчилан мэдэх боломжгүй, мөн урьдчилан мэдэгдээгүй тул одоо эрх нь зөрчигдөөд шүүхэд хандсан. Иймээс гараагүй шийдвэрт тохируулан ажиллах нөхцөл бололцоо байхгүй. Мөн “ЭЗ”ХХК нь ямар нэгэн загвар зөрчөөгүй. Зөвхөн эрх хязгаарласан тушаал шийдвэр гаргаснаас л хохирол учрах болсон түүний хариуцлагыг буруутай этгээд хариуцах л ёстой байх. 2. “Энхзүр” ХХК 2012 оны үлдэгдэл хувцас зах зээлд худалдан борлогдоогүй гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн. Энэ тухай /ХХ-136/ Боловсрол шинжлэх ухааны сайд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2013 оны 05 сарын 13-ны өдрийн “хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажлын удирдамж батлах тухай А\75, А\36 тоот тушаалын дагуу ...бүх аж ахуйн нэгжийн үлдэгдэл хувцасны тооллого зохион байгуулж тоо ширхэгийг үйлдвэрлэгчтэй харилцан хүлээн зөвшөөрснөөр баталгаажуулсан байх бөгөөд “ЭЗ”ХХК 1846 ширхэг гэж бүртгэгдсэн байгаа нь түүнийг худалдан борлуулалт хийж үлдэгдэлтэй байсныг нотолдог бөгөөд одоо хүртэл агуулахад хураалттай байгаа гэдэг бөгөөд шинжээч гар үзэж дүгнэлт гаргасан зэрэг нь уг хувцас өнөөдрийг хүртэл зарагдаагүй болохыг нотолдог. Магадлалд ...судалгаагаар гарсан дүнгийн хэд нь ямар насны хүүхдийн, ямар загварын хувцас хэдий хэмжээтэй байсан, ямар өртөгтэй болохыг шүүх тодруулаагүй шийдвэрлэсэн нь учир дутагдалтай гэсэн дүгнэлт өгч хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцаасан. Гэтэл уг заалт биелэгдээгүй. 3. “ЭЗ”ХХК нь 2013 оны 6-7 сард 13363 ширхэг ...сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх оёдлын үйлдвэртэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Үйлдвэрлэл явуулж байсан нь ажлын байрны түрээсийн гэрээ, /хх130/ талд “ЭЗ”ХХК нь нэр бүхий сургуулиудад сурагчийн дүрэмт хувцас нийлүүлж худалдан борлуулж байсан гэрээгээр нотлогддог заавар үйлдвэр барьсан байхыг хэн ч шаардаагүй энэ талаар талууд маргалдаагүй байхад шүүх үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй. 4. ...хуучин загварын нелойн материалаар үйлдвэрлэсэн сурагчийн дүрэмт хувцсыг ...хятад руу мөнгө шилжүүлсэн байх тул оруулж ирсэн гэж үзэхээр байх тул уг сурагчийн дүрэмт хувцас зах зээлд худалдан борлогдоогүйд хариуцагч нарыг гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн. Талууд хуучин загвар, нелойн материал Монголд үйлдвэрлээгүй гаднаас импортоор авсан гэж маргаагүй энэ талаар шинжээчийн дүгнэлт гараагүй байхад шүүх Хятад руу мөнгө шилжүүлсэн тул оруулж ирсэн байна гэж дүгнэж байгаа нь хэт нэг талыг барьсан нэхэмжлэлийн шаардлага татгалзалд тохироогүй хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Иймд дээрхи нөхцөл байдлыг хянан үзэж ИХШХШТХуулийн 176.2.5-д заасныг удирдлага болгон шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд гэм хорын харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч “ЭЗ”ХХКомпанийн зүгээс хариуцагч БСШУСЯ, ХХААХҮЯанд холбогдуулан гэм хорын хохиролд 325 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Тэрээр хариуцагч нарын хууль бус шийдвэрийн улмаас 2012 оноос 2013 онд үйлдвэрлэсэн дүрэмт хувцас зах зээлд борлогдоогүйн улмаас хохирол учирсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байна.

Хоёр шатны шүүх “ЭЗ”ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт байгаа баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 99 дүгээр шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 179 дүгээр тогтоолоор БСШУСЯны 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 4/3931 тоот албан бичгийн 4 дэх хэсэг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01/2693 тоот сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл зохион байгуулах тухай албан бичгүүдийг Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5, 13.2.7-д заасныг зөрчсөн гэж хүчингүй болгосон, хариуцагч нар хууль зөрчсөн шийдвэр гаргасан нь тогтоогдсон боловч эдгээр шийдвэрийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан гэх байдал хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцжээ.

Монгол улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 250 дугаар тогтоолын дагуу сурагчийн дүрэмт хувцсыг эх орондоо үйлдвэрлэх, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор төсөл хэрэгжсэн байх ба үүнээс өмнө сургуулиудад дүрэмт хувцсыг гадаадаас болон өөрөө үйлдвэрлэн нийлүүлж байсан аж ахуйн нэгжид дүрэмт хувцасны үлдэгдэл тоог баталгаажуулах ажил хийгдсэн, үүнд “ЭЗ”ХХК-ийн үлдэгдэл хувцасны тоо 1846 ширхэг байсныг борлуулах талаар Боловсрол шинжлэх ухааны яам арга хэмжээ зохион байгуулж, сургуулиудад чиглэл өгснөөр үлдэгдэл хувцсыг борлуулсан үйл баримт тогтоогдсон байна. Үүнээс гадна Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор зарласан төсөл шалгаруулалтад “ЭЗ”ХХК оролцоогүй байна.

2013 оны 06, 07 дугаар сарын байдлаар “ЭЗ”ХХкомпанид нийт 13 363 ширхэг дүрэмт хувцасны үлдэгдэл байсан, үйлдвэрлэл явуулахын тулд зээл авсан, түрээс төлсөн нь хариуцагч нарын үйлдлээс шалтгаалж учирсан хохирол гэж үзэх үндэслэл хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй байна.

Бусдын хууль бус үйлдлийн улмаас хохирол учирсан нь тогтоогдоогүй, хохирол бодитой нотлогдоогүй тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу хохирлыг арилгах үндэслэл үүсэхгүй болно.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар   сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01093 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1656 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 782 950 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                       П.ЗОЛЗАЯА