Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

Нэхэмжлэгч: Иргэн Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Аймгийн Засаг дарга С.Г-д холбогдох аймгийн Засаг даргын  2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/81 дугаар захирамж хууль зөрчсөн, хууль бус болохыг тогтоож, Б.Б-ийг урьд эрхэлж  байсан ажил болох аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэмцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд зохих бичилт хийлгэхийг даалгах шаардлага  бүхий нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/90 дугаартай захирамжаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдон, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/24 дугаар захирамжаар жинхлэн ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/81 дугаар захирамжаар намайг аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтээ журамд заасан хугацаанд ирүүлээгүй, Төрийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж төрийн албанд 1 жилийн хугацаагаар орох эрхгүйгээр халсан. Шийдвэрийг эс зөвшөөрч аймгийн төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан боловч 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 07 дугаар  албан бичгээр хариу өгсөнийг мөн эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан.  Засаг даргын өөрийнх нь гаргаж баталсан ажлын байрны тодорхойлолтод багш,  мал зүйч байх шаардлагатай  гэж заасан байна. Ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажлын чиг үүргийг хэрэгжүүлж байсан. Мэргэжил боловсролоо дээшлүүлээгүй гэсэн тайлбар бичсэн байна. Би Завхан аймагт Эдийн засгийн чиглэлээр 2 жил  сураад  одоо 05 сарын 17-нд төгсөх гэж байна. Үүнийг авч үзээгүй тайлбар гаргасан байна. Мөн аудитын дүгнэлтээр Бүрэнбаясах гэдэг хүний цалин 900000 төгрөгийг хувьдаа ашигласан гэсэн тайлбар гаргасан байна. Тэр хүний цалинг хувьдаа ашигласан гэдгийг баталсан нотолсон зүйл байхгүй. Хувьдаа ашигласан гэсэн тайлбар гаргаж хүний эрх ашигт нөлөөлж  болохгүй. Тушаалын тухайд бол бид нар бүгд мэдэж байгаа. Нэг хүн нь хүний оронд түр ажиллаж байсан. Нэг хүн нь сар ажиллаад гарсан. Нөгөө хоёр хүн нь төрийн албаны шалгалтанд ороод тэнцээгүй. Танай байгууллага дээр материал нь байгаа. Тэнцэх гэж байсан хүнийг та нар зохион байгуулалттай унагасан. Би энэ хүмүүсийг ажилд аваад сонгон шалгаруулалтад оруулахгүй байсан зүйл байхгүй. Хуулийн дагуу шалгалт зарлуулаад энэ ажлын байранд тэнцсэн хүн байхгүй учраас эдгээр хүмүүс нь эргээд ажлын байран дээрээ ажиллаж байсан. Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээ 12 сарын 30-ны дотор гаргаж 01 сарын 15-ны дотор дүгнүүлдэг. Миний үр дүнгийн гэрээг дүгнээгүй. Яагаад дүгнээгүй гэхээр би ажлаа хариуцлагатай сайн хийсэн. Доогуур үнэлгээ авахгүй. Тиймээс уг захирамжтай зөрчилдөх учраас гэрээг дүгнээгүй гэж  бодож байна. Өмнө нь бүх байгууллага 01 сарын 15-ны дотор  тайлангаа ирүүлээд дүгнүүлдэг байсан. Урьд нь хоёр жил В үнэлгээтэй дүгнүүлж байсан. Засаг даргын 210 дугаартай журмыг зөрчсөн гэж байгаа. Уг журмыг зөрчсөн бол хүлээлгэх хариуцлагын талаар мөн зааж өгсөн байна. Уг журмыг зөрсөн бол Төрийн албаны тухай хуулийн 23.1 дэх хэсэгт заасан дагуу албан тушаал бууруулж эрх бүхий албан тушаалтанд уламжилна гэсэн байна. Ийм зүйл надад байхгүй. Хугацаа хэтрүүлсэн бол ажлаас чөлөөлнө гэсэн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2018 оны 12 сарын 31-ны өдрийн Б/81 дугаартай захирамжаар Хүнс,  хөдөө аж ахуйн газрын дарга Б.Б-ийг сахилгын шийтгэл оногдуулж төрийн албанд нэг жилийн хугацаатай орох эрхгүй халсан захирамж гарсан. Энэ захирамж нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалт, дүрэм, журам зэргийг үндэслээд аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтээ журамд заасан хугацаанд ирүүлээгүй. Төрийн албаны хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр Б.Б-ийг ажлаас халсан байдаг. Ажлаас халсан үндэслэл нь хууль бус гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.  Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа гэх зүйлийг огт хийгээгүй. 2018 оны 12 сарын 31-ний өдөр биелэлтээ журамд заасан хугацаанд ирүүлээгүй гэсэн байна. Уг журамд зааснаар 30-ны дотор  гэж тохиролцсон. 12 сарын 30 нь бүтэн сайн өдөр байна.  Гэтэл 12 сарын 31-нд тушаал гаргаад ажлаас халсан. Дараагийн үүрэг гүйцэтгэгчийг томилоод 01 сарын 02-нд үр дүнгийн гэрээний биелэлт болон тайлангаа хүргүүлсэн. Хавтаст хэрэг цуглуулсан бичгийн нотлох баримтыг үзэхэд аудитын дүгнэлт гэсэн зүйл ирүүлсэн.  Уг аудитын дүгнэлт, Авлигатай тэмцэх газрын албан бичиг  нь 1 сар гарсан хойно ирсэн. Ийм нотлох баримтыг үндэслээд Б.Б-ийг 12 сарын 31-ний  өдөр захирамж гаргасан байна. Б.Б нь иргэдийн хурлын төлөөлөгч учир Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар  Засаг дарга болон бусад эрх бүхий албан тушаалтан нь хурлын төлөөлөгчийг хурлаас халах, чөлөөлөх, шилжүүлэх тохиолдолд саналаа тухайн шатны тэргүүлэгчид урьдчилан танилцуулж зөвшилцсөн байна гэж заасан. Уг хууль нь зөрчигдсөн.  Нотлох баримтаа шүүхэд зориулж бүрдүүлдэг. Үндэслэлгүй зүйлээр хүнийг сахилгын шийтгэл оногдуулж төрийн албанд нэг жилийн хугацаатайгаар орох эрхгүй таамаглал дэвшүүлж өөрсдийн үзэмжээр халсан. Яагаад үүнийг өөрийн үзэмжээр халсан гэж байна вэ гэхээр 12 сарын 30-нд ирүүлэх ёстой зүйлийг ирүүлээгүй байна гээд  ямар ч сонсох ажиллагаа болоод өөрөөс нь тайлбар авалгүйгээр ажлаас халсан. Үр дүнгийн гэрээний биелэлтийг 01 сарын 02-ны өдөр ирүүлсэн. Гэтэл уг байгууллагын үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнээгүй. Бусад байгууллага мөн адил хугацаанд ирүүлсэн. Үүнээс ганцхан Б.Б-ийн ажлыг дүгнэлгүй ялгаварлан гадуурхсан. Энэ нь мөн Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна. Б.Б нь төрийн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад тэнцээд энэ ажилд томилогдсон. Тухайн албан тушаалд тэнцэх эсэх нь нэг даргын үзэмжээр шийддэг асуудал биш. Мөн харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шаардлагыг биелүүлээгүй гэж  байна. Өнөөдөр Говь-Алтай аймагт ирсэн Авлигатай тэмцэх газрын албан бичиг нь хавсралттайгаа  хамт бүрэн ихээрээ ирсэн бол албан бичигт дурдагдаагүй байгууллага гэж байхгүй болох нь харагдана. Энэ дунд өөрсдийнх нь нэр хүртэл байсан болохоор хавсралтаа бүрэн эхээр нь ирүүлээгүй байна. Сонгон шалгаруулалтад ороогүй удирдах албан тушаалтныг хүртэл аймгийн Засаг даргын тамгын газраас томилдог.  Гэтэл үүнийг хавтгайруулан ялгаварлан гадуурхаж  зөвхөн Б.Б-д хамааруулж байгаа нь үндсэн хуулийг зөрчсөн үндэслэлгүй байна. Аймгийн удирдлагын хийсэн шуурхай зөвлөгөөн дээр 3 байгууллага ирүүлсэн талаар яригдсан. Гэтэл өнөөдөр шүүх хурал дээр 4-5 байгууллага хоцруулсан бусад нь хугацаандаа ирүүлсэн юм шиг судалгаа гарган өгсөн байна.  Энэ тал дээр шүүгчийг дотоод итгэлээсээ хандаасай гэж хүсэж байна. Хүнс, хөдөө аж ахуйн газраас өөр 4-5 байгууллага  тайланг ирүүлээгүй. Эдгээр байгууллага дээр мөн адил арга хэмжээ авах ёстой. Б тушаал шийдвэр бичилгүй цалин бодсон нь хувьдаа завшсан зүйл биш. Үүнийг ялгаж салгах хэрэгтэй. Энэ асуудал дээр шалгагдаж хувьдаа завшсан гэдгийг нь тогтоосон зүйл байхгүй. Аудитын акт дээр цалинг тушаал шийдвэргүй бодсон байна гэж үзсэн. Энэ нь хувьдаа завшин гэдгээс өөр ойлголт. Мэргэжил дээшлүүлэх тал дээр мэргэжил таарахгүй байсан юм бол яах гэж сонгон шалгаруулалтанд тэнцүүлж ажил албан тушаалд нь томилсон юм. Энэ нь цаанаа улс төрийн  шинжтэй асуудал явагдаж байна. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан гэж байна. Гаргаж байгаа захирамжийн төслөө танилцуулж сонсох ажиллагаа хийдэггүй. Тиймээс гаргаж байгаа  баримтыг захирамж гарахаас өмнө шүүхэд гаргаж өгсөн. Шүүхэд зориулж нотлох баримт бүрдүүлж байна. Үндэслэлгүй зүйлээр хүнийг сахилгын шийтгэл оногдуулж төрийн албанд нэг жилийн хугацаатайгаар орох эрхгүй таамаглал дэвшүүлж өөрсдийн үзэмжээр   халсан. Тиймээс Засаг даргын захирамж хууль бус байх тул Б.Б-ийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн  Б/81 дугаартай захирамжаар Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Б-ийг  төрийн албанд нэг жилийн хугацаатай орох эрхгүй халсан. Уг захирамжийн үндэслэл хэсэгт маш тодорхой тусгаж өгсөн. Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн, Засгийн газрын 2017 оны 01 албан даалгаврыг хэрэгжүүлээгүй, Засгийн газрын 2019 оны 89 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг зөрчсөн гэж үзээд дээрх захирамжийг гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг хуульчилж өгсөн. Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэгт харьяа дээд шатны албан тушаалтны үүргийг биелүүлэх үүрэгтэй байсан. Энэ үүргийг биелүүлээгүй.  Яагаад биелүүлээгүй гэж үзэж байна гэхээр хуульд нийцсэн шийдвэр гэдэгт Монгол улсын Засгийн газрын 2017 оны 01 дугаартай  сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай  албан даалгавар байна. Энэ албан даалгаврын 2.3, 2.4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзсэн. Төрийн албан хаагчийн мэргэшлийн болон удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад ороогүй хүмүүсийг хууль зөрчиж ажилд авсан. Энэ нь  авлигатай тэмцэх газрын 2018 оны 10 сард ажилласан ажлын хэсгийн шалгалтаар тогтоогдсон. Тухайн үед илэрсэн зөрчлийн талаар зөвлөмж өгсөн. Он гаргаад албан бичгээр ирсэн. Засгийн газрын 2017 оны 89 дугаартай  журамтай нийцүүлэн гаргасан журмыг зөрчсөн. Байгууллагын дарга бол аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээг хагас болон бүтэн жилээр дүгнэдэг. Үүнтэй холбоотой тайланг  цаг хугацаанд нь ирүүлэх ёстой. Үүнтэй холбоотой журмаа зөрчсөн. Мөн Төрийн албаны тухай хуулийн төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэгт мэргэжлээ дээшлүүлэх үүрэгтэй гэж заасан. Б.Б нь өөрөө багш мэргэжилтэй. Хүнс хөдөө аж ахуйн газар бол Засаг даргын бодлогыг хэрэгжүүлэгч агентлаг юм. Өөрийгөө мэргэшүүлэх талаар сургалтанд хамрагдаагүй. Цаашид удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн. Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагчийн хориглох зүйлийг хуульчилсан. Үүнд: Албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж зэргийг ашиглах, зөрчихийг хориглоно гэсэн байна. Үүнийг зөрчсөн. Б.Б нь албаны машиныг хувьдаа ашигладаг. Энэ нь уг хуулийн заалтыг зөрчиж байна. Малын эмч Бүрэнбаясах чөлөөтэй байх үед 2018 оны 11-12 сард ажилласан мэтээр хуурамч баримт үйлдэж цалинг авсан. Бүрэнбаясах нь урт хугацааны  эмчилгээ хийлгэх гэж чөлөө авсан боловч өргөдөлийг нь шийдвэрлээгүй. Энэ нь аудитын газрын хяналт шалгалтаар илэрч акт тогтоогдсон. Сонсох ажиллагааг бол хуульд заасан журмын дагуу танилцуулсан. Засгийн газрын 2017 оны 89 дугаартай  журамтай нийцүүлэн гаргасан журмыг зөрчсөн. Байгууллагын дарга бол аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээг хагас болон бүтэн жилээр дүгнэдэг. Үүнтэй холбоотой тайланг  цаг хугацаанд нь ирүүлэх ёстой. Үүнтэй холбоотой журмаа зөрчсөн. Тиймээс аймгийн Засаг даргын гаргасан захирамж нь хуульд нийцсэн захирамж тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

           Гуравдагч этгээд С.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд оролцохгүй болохыг мэдэгдье. Гуравдагч этгээдээр оролцохгүй гэжээ.

           Гэрч Д.Ц шүүх хуралдаанд хэлсэн мэдүүлэгтэй: Манай дарга хот руу семинар зөвлөгөөн зэрэг зүйлд явах үедээ машиныг тавьдаг.  Миний хувийн бодлоор бол манай байгууллага аймгийн доод захад байдаг. Харин даргын гэр нь дээд талд байдаг. Ажил гэр хоорондоо зайтай тул машинаа унадаг байх. Жолооч унах үедээ унадаг гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

         Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

         Говь-Алтай аймгийн Засаг дарга 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/81 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь заалт Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.6 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, Засгийн газрын 2017 оны 01 тоот албан даалгавар, 2017 оны 89 дүгээр тогтоолын 2 дахь заалт, 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2.7 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.7, 4.2.1 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, аймгийн Засаг даргын 2017 оны А/210 дугаар захирамжийг тус тус үндэслэн аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтээ журамд заасан хугацаанд ирүүлээгүй, төрийн албаны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Б-ийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс тасалбар болгон төрийн албанд нэг жилийн хугацаанд орох эрхгүйгээр халсан.

        Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд нэхэмжлэгч Б.Б-ийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр буюу тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Төрийн албаны тухай хуулийг баримталсан байна.

         Төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нийтлэг үүрэг, 15 дугаар зүйлд заасан хориглох зүйлийг зөрчсөн, албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулна. Төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар төрийн албанд 1 жилийн хугацаатай орох эрхгүйгээр халах нь төрийн жинхэнэ албан хаагчид ногдуулж байгаа хамгийн хүнд хэлбэрийн сахилгын шийтгэл бөгөөд дээрх шийтгэлийг ногдуулахдаа зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан ил тод, хууль зүйн үндэслэлтэй, тухайн зөрчилд тохирсон байх шаардлагатай.

        Иймд Б.Б-ийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс тасалбар болгон төрийн албанд нэг жилийн хугацаанд орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлүүдэд дүгнэлт өгөхөд:

        1. Засгийн газрын 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-тай нийцүүлэн баталсан аймгийн Засаг даргын 2017 оны 210 дугаар захирамжаар баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон сум, агентлагийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ыг зөрчин журамд заасан хугацаанд аймгийн Засаг даргатай байгуулсан 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлтээ ирүүлээгүй, үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээгүй тухайд:

        Аймгийн Засаг даргын 2017 оны 210 дугаар захирамжаар баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон сум, агентлагийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын 1 дүгээр хавсралтад аймгийн Засаг даргын сум, агентлагийн дарга нартай байгуулсан гэрээний биелэлтийг 12 дугаар сарын 30-ны дотор ирүүлэхээр тогтоож өгсөн. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байсан Б.Б-ийн тухайд тогтоосон хугацаанд буюу 2018 оны 12 дугаар сарын 30-ны дотор 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлтээ ирүүлээгүй гэхдээ аймгийн Засаг даргаас маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Засаг даргатай байгуулсан 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлтээ ирүүлээгүй, үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээгүй гэсэн үндэслэлээр Төрийн албанд 1 жилийн хугацаанд орох эрхгүйгээр халж байгаа нь учир дутагдалтай бөгөөд зөрчлийн шинж байдалд тохирсон гэж үзэх үндэслэлгүй  байна.  Өөрөөр хэлбэл тухайн журмаар үр дүнгийн гэрээний биелэлтээ ирүүлэх хугацааг тогтоож өгсөн харин бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайланг огт ирүүлээгүй буюу хугацаа хожимдуулж ирүүлсэн тохиолдолд ажлаас халах бус хуульд зааснаар хариуцлага тооцох талаар зохицуулсан байна.

          2.“...2002 онд батлалсан Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 заасан харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй, харьяа дээд шатны байгууллагын хуульд нийцсэн шийдвэрт Монгол Улсын Засгийн газрын 2017 оны Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 01 албан даалгаврын 2.3, 2.4 дэх заалтыг зөрчиж төрийн албан хаагчийн мэргэшлийн болон удирдах ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй байсан иргэдийг ажилд авч холбогдох хууль, тогтоомж зөрчсөн байна. Энэ нь тус аймагт 2018 оны 10 дугаар сард ажилласан Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн хяналт шалгалтаар тогтоогдсон” гэсэн үндэслэлийн тухайд:

          Авлигатай тэмцэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/475 дугаар Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгээр аймгийн Засаг даргад “...орон нутагт ажиллах явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, таслан зогсоох зорилгоор Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6 заасныг үндэслэн авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг үүгээр хүргүүлж байна” гээд хавсралт 4-т Төрийн албан хаагчийн болон удирдах ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй байсан албан тушаалтнуудад Хүнс, хөдөө аж ахуйн газрын ахлах мэргэжилтэн, 3 мэргэжилтний нэрсийг хүргүүлсэн байна. Тухайн зөвлөмж Б.Б-ийг ажлаас халагдсанаас хойш ирсэн байх бөгөөд ажлаас халах үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 заасан харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд зөвлөмжийн агууллага нь тодорхой албан тушаалтыг ажлаас халах, чөлөөлөхөд чиглэгдээгүй байдаг бөгөөд ажил сайжруулах алдааг засах, урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөн туслаж байгаа хэлбэр юм. Мөн шүүх хуралдаанд “...хуулийн дагуу шалгалт зарлуулаад энэ ажлын байранд тэнцсэн хүн байхгүй учраас эдгээр хүмүүс нь эргээд ажлын байран дээрээ ажиллаж байсан” гэж нэхэмжлэгчийн зүгээс тайлбарласан.

 3. Б.Б нь багш мэргэжилтэй бөгөөд чиг үүргээ хэрэгжүүлэх тусгай шаардлагын дагуу хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуйн болон бусад чиглэлээр урт болон богино хугацааны сургалтад хамрагдаж мэргэшлээ дээшлүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй тухайд:

Аймгийн Засаг дарга, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга нарын баталсан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын ажлын байрны тодорхойлолтын ажлын байранд тавигдах шаардлагад боловсрол бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, мэргэжил мал зүйч, агрономич, багш мэргэжилтэй байхаар заасан. Төрийн жинхэнэ албан хаагчийн тухайд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-т заасан албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн мэргэшлээ дээшлүүлэх үүрэгтэй хэдий ч ажлын байрны тавигдах шаардлагад багш мэргэжилтэй хүн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалыг эрхлэж болохоор тусгасан мөн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/24 дүгээр аймгийн Засаг даргын захирамжаар Б.Б-ийг Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд жинхлэн томилсон атлаа ажлаас халах үндэслэлдээ Б.Б нь багш мэргэжилтэй бөгөөд чиг үүргээ хэрэгжүүлэх тусгай шаардлагын дагуу хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр мэргэшлээ дээшлүүлээгүй гэж хариуцлага тооцож байгаа нь төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн байна.

            4. Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь заалтыг зөрчсөн тухайд:

Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газар 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/46 дугаар төлбөр барагдуулах тухай актыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт тушаал шийдвэргүй, нотлох баримтгүйгээр 11-12 сард ажиллаагүй байхад 1 ажилтанд 0.92 сая төгрөгийн цалин олгосон байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7, 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалтыг зөрчсөн тул акт тавигдсан.

Гэтэл Б.Б-ийг ажлаас халах үндэслэлд дээрхи аудитын зөрчил болох тус газрын мэргэжилтэн малын эмч З.Б чөлөөтэй байх үед 2018 оны 11 дүгээр сараас 12 дугаар сард ажилласан мэтээр хуурамч баримт үйлдэж цалинг бодож хувьдаа ашиглаж, санхүүгийн эх үүсвэрийг завшсан гэж хариуцлага тооцсон байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Б.Б-ийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаас нь халсан атлаа дараа нь буюу 2019 оны 02 дугаар сарын 25-нд тавигдсан актыг ажлаас халах үндэслэл болгон тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд акт тавигдахаас өмнө Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д заасан албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завшихыг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж хариуцлага тооцсон байгаа нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй байна. Шүүх гэрчээр асуусан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын жолооч, сахиул нарын мэдүүлгээр Б.Баян-Эрдэнэ албаны автомашиныг хувьдаа ашигладаг байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

         Шүүх дээрх нөхцөлд байдалд дүгнэлт хийж нэхэмжлэгч Б.Б-ийг төрийн албанд нэг жилийн хугацаанд орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний Б/81 захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.6 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтуудыг зөрчсөн, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэсэн заалтад нийцэхгүй байх тул Б/81 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Б.Баян-Эрдэнийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

         Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 12 дугаар сарын 31-нээс 2019 оны 04 дугаар сарын 29-ний өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны 81 хоногийн олговор 3675313 мянган төгрөгийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

         Ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 5 дугаар хэсэгт зааснаар хавтас хэргийн мартериалд авагдсан нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн Б.Б-ийг 2018 оны 10, 11, 12 дугаар сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаанд дахь нийт сарын тоонд хувааж ажилтаны нэг сарын дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг, нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон.

 

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн /2002/ 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.6 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний Б/81 захирамжийг хүчингүй болгож, Б.Б-ийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 81 хоногийн олговор 3675313 /гурван сая зургаан зуун далан таван мянга гурван зуун арван гурван/ төгрөгийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгосугай

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Э.ЗОЛБАДРАХ