Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 109/2021/0053/З |
Дугаар | 221/МА2022/0546 |
Огноо | 2022-08-12 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2022/0546
Ц.Мын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Ц.М
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.М
Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/30, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/21 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах, уг тушаалын улмаас учирсан хохирлыг гаргуулах, Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд ажиллуулахыг аймгийн Засаг даргад даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 0022 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, гуравдагч этгээд З.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 109/2021/0053/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.М нь “Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/30, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/21 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах, уг тушаалын улмаас учирсан хохирлыг гаргуулах, Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд ажиллуулахыг аймгийн Засаг даргад даалгах”-аар маргасан байна.
2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 0022 дугаар шийдвэрийн:
1 дэх заалтаар Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1. дэх хэсгийн 62.1.3. дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ц.Мын нэхэмжлэлийн шаардлага болох Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Ц.Мыг ажлаас чөлөөлөх тухай” Б/30 дугаар захирамжийн 1 дэх хэсгийг хэвээр үлдээж, 2 дахь хэсгийг хүчингүй болгож,
2 дахь заалтаар Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсгийн 39.1.15. дахь заалтыг баримтлан Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “З.Мыг аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргаар томилох тухай” Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгож,
3 дахь заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1., Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсгийн 61.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Мад 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг олгохыг Архангай аймгийн Засаг даргад даалгаж,
4 дэх заалтаар Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. дэх хэсгийн 3.1.5. дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсгийн 7.1.5. дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Мын шүүхэд гаргасан “Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд ажиллуулахыг аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Нэхэмжлэгч Ц.М-н гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06-р сарын 14-ны өдрийн 109/ШШ2022/0022 тоот дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114-р зүйлийн 114.1 -д заасны дагуу давж заалдах гомдлыг гаргаж байна.
3.2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 7-р зүйлийн 7.1 , Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02-сарын 09-ны өдрийн №97 дугаар магадлалын 8,10-р заалтыг хэрэгжүүлэлгүй нотлох баримтыг цуглуулсан боловч нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч судлан шинжпээгүй Төрийн албаны тухай хуулийн 62-р зүйлийн 62.1.3 мөн 62.1.4 дахь заалтуудыг хэрхэн хэрэгжүүлснийг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлсэн байна.
3.3. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн байна гэж дүгнэсэн боловч хууль бус захиргааны актыг хүчингүй болголгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.1 дахь заалтыг хэрэгжүүлээгүй байна.
3.4. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11-р зүйлийн 11.1 дэх заалтын хэрэгжилтийг хангалгүй орхиж Захиргааны Ерөнхий хууль, Боловсролын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн маргаан бүхий захиргааны аютай холбоотой зүйл заалтуудын хэрэгжилтийг магадлан үзэлгүй хэргийг хянан хэлэлцсэн байна.
3.5. Иймд захиргааны хэргийг хянан хэлэлцэхдээ нотлох баримтыг дутуу шинжпэн судлаж, үнэлсэн , хэрэглэвэл зохих хуулиудыг хэрэглээгүй, хуулийг буруу, зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн тул Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06-р сарын 14-ны өдрийн 109/ШШ2022/0022 тоот дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3, 4 дэх хэсгийг бүхэлд нь хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангах шийдвэрлэв. Үүнд:
3. Нэхэмжлэгч Ц.М хариуцагч Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/30, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/21 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах, уг тушаалын улмаас учирсан хохирлыг гаргуулах, Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд ажиллуулахыг аймгийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
4. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар Ц.М нь хариуцагчийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/08 дугаар захирамжаар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар томилогдож, улмаар Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 168 дугаар тогтоолоор “Боловсрол, соёл, урлагийн газар” гэснийг “Боловсролын газар”, “Соёлын хэлтэс” гэж өөрчилсөнтэй холбогдуулан 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/30 дугаар захирамжаар тухайн албан тушаалаас нь чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор,
5. М-г Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/31 дүгээр тушаалаар Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/21 дүгээр захирамжаар Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд тус тус томилж шийдвэрлэжээ.
6. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д төрийн жинхэнэ албан хаагч тухайн хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх нэмэгдэл баталгаагааг хуульчилсанаас гадна хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах;”, 62.1.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэх зохицуулалтыг хуульчилсан байна.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажиллаж байсан байгууллага “Боловсрол, соёл, урлагийн газар”-ыг хуваах замаар буюу “Боловсролын газар”, “Соёлын хэлтэс” болгон өөрчилсөн, нэхэмжлэгчийн өмнө ажиллаж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн хэмжээг бууруулахгүй байх хуулийн шаардлагыг хамгийн их хангах ажлын байр нь Боловсролын газрын даргын албан тушаал мөн талаар зөв дүгнэсэн атлаа дээрх хуульд зааснаар төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.
8. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 63 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар “Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг баталсан бөгөөд Боловсролын газрын дарга, Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг дахин шинэчлэн батлаагүй, өмнө хэрэгжүүлж байсан чиг үүрэг, албан тушаалын орон тоо хэвээр хадгалагдан үлдсэн тул Ц.М-г Боловсролын газрын дарга буюу одоогийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд үргэлжүүлэн ажиллуулах нь зүйтэй.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Боловсролын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн хариуцагч ажиллуулах ёстой байсан гэж дүгнэсэн атлаа аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалын тодорхойлолт эцэслэн батлагдаагүй, Ц.М тухайн албан тушаалын тодорхойлолтыг хэрхэн хангаж байгааг дүгнэх боломжгүй гэх зөрчилтэй дүгнэлтийг хийсэн байна.
10. Иймд Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/30 дугаар тушаалыг хүчингүй болгож, Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
11. Ц.М-н гаргасан “...учирсан хохирсон хохирлыг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгчийн “Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд томилуулахаар шийдвэрлэсэн тул хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар маргаж буй тушаал гарсан буюу 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Ц.Мад олгох нь зүйтэй байна.
12. Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэртэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул уг хэсэгт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
13. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 22 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2, 3, 4 дэх заалтуудыг нэгтгэж “1.Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.15, 49.2, 62 дугаар зүйлийн 62.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.М-н Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/30, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/21 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Ц.М-г Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд томилохыг, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар маргаж буй тушаал гарсан буюу 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг зохих журмын дагуу тооцож олгохыг хариуцагчид тус тус даалгасугай” гэж, 5, 6 дахь заалтын дугаарыг 2, 3 болгож өөрчлөн, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ