| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0121/Э |
| Дугаар | 319 |
| Огноо | 2020-08-19 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 319
2020 08 19 2020/ШЦТ/319
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат,
улсын яллагч Э.Билгүүн,
шүүгдэгч Б.Б С.М, А.Х, өсвөр насны шүүгдэгч Л.М, тэдний өмгөөлөгч Н.Намжилцогт,
шүүгдэгч Б.Б өмгөөлөгч Б.Энхтуяа,
шүүгдэгч С.М өмгөөлөгч Д.Амаржаргал,
өсвөр насны шүүгдэгч Л.М хууль ёсны төлөөлөгч Д.Түмэнжаргал,
шүүгдэгч А.Э, Б.М, тэдний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С овгийн Б Б, С овгийн С М, О овгийн А Х, Ш овгийн Б М, Б овгийн А Э, өсвөр насны шүүгдэгч Б овгийн Л М нарт холбогдох эрүүгийн 2034000830047 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Эрдэнэбулган ХХК-д шуурхай хамгаалагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Алтайн 26 дугаар гудамжны 81 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгын 18-850/Е тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, С овгийн Б Б,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1998 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Анагаах ухааны их сургуулийн Эм зүйн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, горькийн 18 дугаар гудамж 550 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Ш овгийн Б М
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Анагаах ухааны их сургуулийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, зүүн баян уул 14 гудамж, 16 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овгийн А Э
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Дуурийн дуулаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгын 18-850-Е тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал,
урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 552 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, О тэнгэр овгийн А Х
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Бэсти Эвэнт ХХК-нд хуримын зохион байгуулагч ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туул 1 дүгээр гудамж, 5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, С овгийн С М
Өсвөр насны шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 2002 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэвлэлийн график дизайнчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 18 дугаар гудамж, 899 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овгийн Л М
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Б, С.М, А.Х, А.Э, Б.М, Л.М нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Мэндийн үзүүр” гэх газраас НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, 91-42 УНЯ улсын дугаартай “приус-20” маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Б.Б:
...өмнө нь үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...
Шүүгдэгч С.М:
...өмнө нь үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...
Шүүгдэгч А.Х:
...өмнө нь үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...
Шүүгдэгч А.Э:
...Тэр өдөр найзтайгаа хамт Мөнх-Алдартай хамт явж байтал Мөнхгал ах салхинд гаръя гээд бензин хийж өгнө гэхээр нь зөвшөөрөөд Балт, Халиун нартай хамт бөмбөгөр дээр идэх юм аваад байж байтал Мягмардорж замд таараад хамт явсан. Бид нар урьхан өнгөрөөд юм идчихээд цаашаа явж байтал Балт ах төөрсөн юм шиг байсан. Тэгээд хэсэг явж байгаад Балт ах буугаад хэсэг хугацааны дараа Халиун эгч, Мөнхгал ах нарыг дуудаад гарсан. Бид нарыг байж бай гэж хэлсэн. Удалгүй бүгд нэг ууттай юм барьж орж ирээд ороогоод татсан. Машинд үлдсэн байсан бид нар юу юм бэ гэтэл та нарт хамаагүй гэж хэлсэн. Б.Балт ах, А.Халиун эгч, С.Мөнхгал ах нар татаж байгаад бид нар бүгд дамжуулаад нэг нэг сорсон. Би сортол гашуун амттай байхаар нь хаясан. Тэгээд удалгүй хөдлөөд явж байтал ардаас нэг машин ирж байсан. Сайн хартал цагдаагийн машин байхаар нь яах вэ гэтэл зугт гээд зугтсан. Хэсэг явж байгаад цасанд машин суугаад баригдсан...
Шүүгдэгч Б.М:
...Өглөө хамт явж байгаад найз охиныг ээжийн ажил дээр үлдээчхээд Элбэгсайхантай хамт таксинд явж байтал С.Мөнхгал ах залгаад салхинд гарах уу гэхээр нь би бензингүй байна гэтэл бензин хийгээд өгье гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд салхинд гарах болоод идэх юм авчхаад явж байтал замд Мягмардорж таараад хамт аваад явсан. Тэгээд хотоос гараад урьхан өнгөрөөд цай уучхаад цаашаа явж байтал төөрсөн. Б.Балт ах буугаад хэсэг хугацааны дараа С.Мөнхгал, А.Халиун хоёрыг хамт аваад гарсан. Хэсэг хугацааны дараа орж ирсэн. Орж ирэхдээ ууттай юм бариад орж ирцгээсэн. Тэгээд цаашаа явж байгаад тамхи үүрүүлж татаад байсан. Цаашаа явтал өрөөсөн гэрэлтэй машин хажуугаар орж ирэхээр нь хажуугаар оруултал цагдаа байхаар нь үнэмлэхгүй яах вэ гэсэн чинь зугт гэсэн. Тэгээд зугтсан. Хэсэг явсны дараа машин цасанд суугаад тэгээд баригдсан..
Өсвөр насны шүүгдэгч Л.М:
...Би өглөө Зүүнхараагаас вагоноор ирсэн. Вагоноос буугаад гэр рүүгээ явж байтал замд Бөмбөгөр худалдааны төв дээр Б.Балт ах А.Халиун эгч нартай таарсан. Тэгтэл Б.Балт ах бид нарт хөдөө салхинд гарангаа манай ахынд очиж төмс ялгаад, чаргаар гулгах гэж байна чи явах уу гэсэн. Тэгэхээр нь би тэгье гээд явсан. Би өглөө вагоноос буусан болохоор замдаа унтаад явж байсан. Тэгтэл Урьхан хавьцаа зогсож юм идэцгээсэн. Тэгээд цаашаа явж байтал Б.Балт ах би төөрчихсөн юм шиг байна буугаад зам харъя гэж хэлсэн. Тэгээд удалгүй Б.Балт ах буцаж орж ирээд А.Халиун эгч, С.Мөнхгал ах нарыг дуудаад гарсан. Хэсэг хугацааны дараа тэр гурав орж ирсэн. Орж ирэхдээ ууттай юм бариад орж ирсэн. Машинд байсан бид нар юу юм бэ гэтэл та нарт хамаагүй гэсэн. Тэгээд удалгүй нэг тамхи шиг юм татаад байсан. Би сонирхоод татаж үзтэл гашуун амттай байхаар нь хаясан. Тэгээд цаашаа хөдлөөд явтал ардаас цагдаа ирж байна зугтаарай гээд Б.Балт ах хэлээд зугтсан. Хэсэг явж байгаад машин цасанд суугаад баригдсан...
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Түмэнжаргал:
...хүүхдийнхээ талаар хэлье. Балт, Халиун хоёртой манайх ойрхон байдаг. Яагаад ийм зүйл хийснийг мэдээгүй. Манай хүүхэд гэрээс бараг гардаггүй. Гарахаар бол хэлээд гардаг... гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн 2034000830047 дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэгч С.Уртнасангийн /хх-ийн 43 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Л.Эрдэнэсайханы /2-р хх-ийн 40-41 дүгээр хуудас/, гэрч Б.Мөнх-Алдарын /хх-ийн 44 дүгээр хуудас/, гэрч Б.Балтын /хх-ийн 45, 46-47 дугаар хуудас/, гэрч А.Халиуны /хх-ийн 48-49, 50, 51-52 дугаар хуудас/, гэрч С.Мөнхгалын /хх-ийн 53, 54-55 дугаар хуудас/, гэрч Л.Мягмардоржийн /хх-56 дугаар хуудас/, гэрч А.Элбэгсайханы /хх-ийн 57-58, 59 дүгээр хуудас/, гэрч Н.Дондогийн /хх-ийн 60/ дугаар хуудас/ гэрч С.Уртнасангийн /хх-ийн 61 дүгээр хуудас/, гэрч А.Лхамгарьдын /хх-ийн 62 дугаар хуудас/, гэрч Д.Түмэнжаргалын /хх-63 дугаар хуудас/, гэрч Д.Сүрэнхорлоогийн /хх-ийн 64-65 дугаар хуудас/, гэрч Б.Одонгэрэлийн /хх-ийн 66 дугаар хуудас/, яллагдагч Б.Балтын /хх-ийн 145-148 дугаар хуудас/, яллагдагч Б.Мөнх-Алдарын /хх-ийн 153-156 дугаар хуудас/, яллагдагч А.Элбэгсайханы /хх-161-163 дугаар хуудас/, яллагдагч А.Халиуны /хх-164-165 дугаар хуудас/, яллагдагч С.Мөнхгалын /хх-170-172 дугаар хуудас/, өсвөр насны яллагдагч Л.Мягмардоржын /хх-ийн 182-184 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 700 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 68-71 дүгээр хуудас/,
шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 778 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 75-77 дугаар хуудас/,
шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 777 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 79-82 дугаар хуудас/,
шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 102 дугаартай дүгнэлт /хх-ийн 84-85 дугаар хуудас/,
шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101 дугаартай дүгнэлт /хх-ийн 87-88 дугаар хуудас/,
шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 103 дугаартай дүгнэлт /хх-ийн 90-91 дүгээр хуудас/,
шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 104 дугаартай дүгнэлт /хх-ийн 93-94 дүгээр хуудас/,
шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 105 дугаартай дүгнэлт /хх-ийн 96-97 дугаар хуудас/,
шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 106 дугаартай дүгнэлт /хх-ийн 99-100 дугаар хуудас/,
“Сонгомол Хүлэг” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2020-2/01 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 102-107 дугаар хуудас/, болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-11 дүгээр хуудас/, хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-16 дугаар хуудас/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-22 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 31-32 дугаар хуудас/, бусад баримтууд /хх-35-41 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Балт, С.Мөнхгал, А.Халиун, А.Элбэгсайхан, Б.Мөнх-Алдар, Л.Мягмардорж нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 126-250, 2-р хх-ийн 1-7,16-39, 44-57 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Балт, С.Мөнхгал, А.Халиун, А.Элбэгсайхан, Б.Мөнх-Алдар, өсвөр насны шүүгдэгч Л.Мягмардорж нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Мэндийн үзүүр” гэх газраас НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, “ТОЁОТА ПРИУС-20” маркийн 91-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах гэрч А.Элбэгсайханы ...Мөнх-Алдар, Мийгаа бид гурвыг машиндаа сууж бай гээд Балт, Халиунаа, Мөнхгал машинаас бууж яваад 40 минут орчим болсон. Тэгээд тэр гурав Мөнх-Алдарын автомашины тээшинд саарал гялгар тортой юм хийгээд байсан. Тэгээд машинд суусны дараа Балт гэдэг ах тамхи үүрүүлж байгаад дотор нь өвс хийсэн. Тэгээд Мөнх-Алдар Мийгаа бид гурав өвснөөс нь татаж үзсэн... /хх-ийн 57-58 дугаар хуудас/,
...төв замаас салаад 7-8 километр зайд байх явж байгаад зогссон. Тэгтэл машинаас эхлээд Балт, Дараа нь Мөнхгал, Халиунаа нар буусан ба машинаас буугаад 30-40 орчим минут болоод Балт, Халиун, Мөнхгал нар орж ирсэн ба орж ирэхдээ тортой зүйл авч орж ирсэн. Тэгтэл Балт ах өвөр дээрээ гялгар ууттай өвс тавьж байгаад тамхины дотор талыг нь асгаж байгаад өвснөөсөө хийгээд тамхи асаагаад татсан ба бид нар бүгдээрээ сорсон. Өвсөө татаж дуусаад хөдөлсөн... /хх-ийн 59 дүгээр хуудас/,
гэрч Б.Мөнх-Алдарын ...орой Жаргалант суманд ирээд Балт ах зам заагаад хөдөө очоод нэг хашааны хажууд зогсоод өвс түүсэн. Би машиндаа сууж байсан. Тэгээд Халиунаа эгч зугтаа гээд зугтсан. Тэгээд зугтаж байгаад баригдсан... ...би хэрэглээгүй хамт явсан хүмүүс тамхины дотрыг гаргаж байгаад түүсэн өвснөөсөө татсан. Мөн саванд ус хийгээд төмөр цаас хийгээд тэгээд шатаагаад утааг нь сорсон. Би огт сороогүй. Би өмнө ч хэрэглэж байгаагүй... /хх-ийн 44 дүгээр хуудас/,
гэрч Л.Мягмардоржийн ...Жаргалант сум ороод ирнэ ойрхон гэж хэлсэн. Би замдаа ядарсан учраас унтаад явсан. Нэг мэдсэн чинь хөдөө хээр ирээд нэг полины хашааны хажууд зогсож байсан. Машинд жолооч Итгэл бид 3 байсан. Нөгөө 3 хаашаа явсан юм бэ гэж асуутал мэдэхгүй машинаас буусан гэж хэлсэн. Тэгээд би дахин унтаад өгсөн. Нэг мэдсэн чинь машин хөдлөөд хойноос цагдаа хөөж байсан... бүгдээрээ наад ууттай юм аа шидээрэй гээд надад хойд багажаас авч өгсөн. Тэгээд би цонхоо онгойлгоод шидсэн... /хх-ийн 56 дугаар хуудас/,
Гэмт хэрэг үйлдсэн талаараа мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн мэдүүлсэн
яллагдагч Б.Балтын ...буугаад бие засаж байхдаа мансууруулах өвс ургаад хатсан байхыг олж харсан. Автомашин дотроос өөрийн эхнэр Халиун, найз Мөнхгал нарыг дуудан “энэ өвс гэдэг нь мөн юм шиг байна. гурвуулаа түүгээд авчих уу” гэхэд Халиун мөн байна гээд машинаас 3 уут гаргаж ирээд тус тусдаа түүсэн. Бид гурвын хувьд бараг 1 цаг гаран түүсэн. Түүчээд шууд машиндаа орж ирсэн... ...гадаа байхдаа ууттай өвснөөсөө жаахан атгаж халаасанд хийсэн өвснөөсөө гаргаж ирээд тамхины доторхыг цонхоороо үйрүүлж хаяад дотор нь мансууруулах өвсөө үйрүүлж хийгээд шууд би өөрөө татсан. Надаас Халиун авсан. Түүнээс Мөнхгал аваад бүгдээрээ сорж үзэж татсан. Би дахин нэгийг ороогоод өөрөө татсан... /хх-ийн 145-148 дугаар хуудас/,
яллагдагч С.Мөнхгалын ...Зүүрмэглээд сэрэх үед Балт бие засна гээд машинаас бууж байсан. Балт буугаад жаахан байж байгаад Халиун бид хоёрыг гараад ир гээд дуудсан. Балт энэ нөгөө өвс гэдэг нь мөн үү гурвуулаа түүчих үү гэж хэлсэн. Халиун мөн юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд Халиун уут машинаас гаргаж ирсэн. Балт, Халиун бид гурав тус тусдаа хүн хүний нэг уут мансууруулах өвс гэдгийг түүсэн. Тухайн үед Балт өөрийн янжуур тамхийг гаргаж ирээд доторхыг нь асгаад оронд нь түүсэн өвснөөсөө жааханг үүрүүлж хийгээд татсан. Балт тухайн үед энэ мөн байна уу, биш байна уу гээд татсан. Балт асууж сорчхоод Халиунд өгсөн. Халиун хэд сорчхоод надад өгсөн. Би авч нэг сорчхоод Элбэгсайханд өгсөн... ...Зугтаж байх үед Балт өвсөө хая гээд байсан... /хх-170-172 дугаар хуудас/,
яллагдагч А.Халиуны ...би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... ...би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг ярьсан байгаа. Одоо нэмж ярих зүйл байхгүй... /хх-164-165 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Балт, С.Мөнхгал, А.Халиун, А.Элбэгсайхан, Б.Мөнх-Алдар, өсвөр насны шүүгдэгч Л.Мягмардорж нарын НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэсэн, худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэсэн өвсөө хадгалсан дээрх “Тоёота Приус-20” маркийн 91-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч “МАЦУМОД” ХХК-ийн эзэмшлийнх болох нь иргэний нэхэмжлэгч Л.Эрдэнэсайханы ...16700000 төгрөгөөр худалдан авсан юм. Тэгээд төлөлтөө сар бүр тогтмол хийж байгаа. Одоо уг зээлийн үлдэгдэл 9411000 төгрөгийн үлдэгдэл байгаа... ...манай байгууллагаас зээлийн төлөлтөө хугацаанд нь төлж барагдуулах шаардлагыг ар гэрийнхэнд нь хэлсэн байгаа. Уг хүмүүсийн буруутай үйлдлээс болоод манай байгууллагын эзэмшилд байгаа тээврийн хэрэгсэлд хураагдах юм бол гарах зардлыг уг хүмүүсээр төлүүлнэ... /2-р хх-ийн 40-41 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 700 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Батжаргалын Балт УЙ96042819, Алтанзулын Халиун УШ94102001 гэж хаягласан 4 ширхэг шээсний дээжнээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. “А.Элбэгсайхан” гэж хаягласан шээснээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй... талаарх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 68-71 дүгээр хуудас/,
шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 778 дугаартай ...”Мөнх-Алдар 2020.01.24” шээсний дээж нь хэмжээ нь хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Мөнх-Алдар 2020.01.24” гэж хаягласан шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй... талаарх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 75-77 дугаар хуудас/,
шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 777 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн 1160г, 609г, 270г тус бүр жинтэй саарал өнгийн гялгар уутанд байх ургамал мэт зүйл тус тус делта-9-тетрагидроканнабинол илэрсэн... талаарх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 79-82 дугаар хуудас/,
шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 102 дугаартай ...Б.Мөнх-Алдар нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.Мөнх-Алдар нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Мөнх-Алдар нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Мөнх-Алдар нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.Мөнх-Алдар нь сэтгэц идэвхт эм бодисоос хамааралтай болсон гэх шинж баримт үгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 84-85 дугаар хуудас/,
шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101 дугаартай ...А.Элбэгсайхан нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх шинж үгүй байна. А.Элбэгсайхан нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. А.Элбэгсайхан нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. А.Элбэгсайхан нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. А.Элбэгсайхан нь сэтгэц идэвхт эм бодисоос хамааралтай болсон гэх шинж баримт үгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 87-88 дугаар хуудас/,
шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 103 дугаартай ...Б.Балт нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх шинж үгүй байна. Б.Балт нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Балт нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Балт нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.Балт нь сэтгэц идэвхт эм бодисоос хамааралтай болсон гэх шинж баримт үгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 90-91 дүгээр хуудас/,
шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 104 дугаартай ...А.Халиун нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. А.Халиун нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. А.Халиун нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. А.Халиун нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. А.Халиун нь сэтгэцэд нөлөөт эм бодисонд хамааралтай /донтой/ гэх шинж баримт үгүй... дүгнэлт /хх-ийн 93-94 дүгээр хуудас/,
шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 105 дугаартай ...Л.Мягмардорж нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Л.Мягмардорж нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Л.Мягмардорж нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Л.Мягмардорж нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Л.Мягмардорж нь сэтгэцэд нөлөөт эм бодисонд хамааралтай /донтой/ гэх шинж баримт үгүй... дүгнэлт /хх-ийн 96-97 дугаар хуудас/,
шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 106 дугаартай ...С.Мөнхгал нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. С.Мөнхгал нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. С.Мөнхгал нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. С.Мөнхгал нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. С.Мөнхгал нь сэтгэцэд нөлөөт эм бодисонд хамааралтай /донтой/ гэх шинж баримт үгүй... дүгнэлт /хх-ийн 99-100 дугаар хуудас/,
“Сонгомол Хүлэг” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2020-2/01 дугаартай ...5300000 /таван сая гурван зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 102-107 дугаар хуудас/, болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-11 дүгээр хуудас/, хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-16 дугаар хуудас/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-22 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 31-32 дугаар хуудас/, бусад баримтууд /хх-35-41 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Балт, С.Мөнхгал, А.Халиун, А.Элбэгсайхан, Б.Мөнх-Алдар, Л.Мягмардорж нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 126-250, 2-р хх-ийн 1-7,16-39, 44-57 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б, С.М, А.Х, А.Э, Б.М, өсвөр насны шүүгдэгч Л.М нарын бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Мэндийн үзүүр” гэх газраас НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, “ТОЁОТА ПРИУС-20” маркийн 91-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан үйлдэл, эс үйлдэхүй нь “Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэх талаар санаатай нэгдсэнээрээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн гүйцэтгэх шинжийг,
мөн “Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ыг бэлтгэж, хадгалах нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт буруугийн санаатай хэлбэр бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан, тэдэнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Тухайн гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хуулиар хамгаалагдсан хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй ба хохирол, хор уршиг шаардахгүй.
Мөн шүүгдэгч Б.Б, С.М, А.Х нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Харин шүүгдэгч А.Э, Б.М, өсвөр насны шүүгдэгч Л.М нар болон тэдний өмгөөлөгчид гэм буруугийн талаар маргадаг бөгөөд тэдний мэдүүлэг, дүгнэлтүүд хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгийн болон мэдүүлгийн бус бичгийн нотлох баримт, шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус няцаагдаж байна.
Шүүгдэгч Б.Б, С.М, А.Х, А.Э, Б.М, өсвөр насны шүүгдэгч Л.М нарын хувьд НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, 1.2-д заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3-д заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.4-т заасан “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” гэсэн нотолбол зохих байдлууд бүгд нотлогдсон байна.
Иймд шүүгдэгч Б.Б, С.М, А.Х нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Б, С.М, А.Х, А.Э, Б.М өсвөр насны шүүгдэгч Л.М нарын гэм буруутай үйлдлийн улмаас Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдалд хор уршиг учирч болохоор байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Б.Б, С.М, А.Х, А.Э, Б.М, өсвөр насны шүүгдэгч Л.М нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн...” гэх хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсоныг тус тус тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Б.Б, С.М, А.Х нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугийн хүлээн зөвшөөрөөгүй шүүгдэгч А.Э, Б.М, өсвөр насны шүүгдэгч Л.М нарт гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг тус тус харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа ялгамжтайгаар хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б, С.М, А.Х нарыг хорих ялыг оногдуулахдаа бүлэглэн гүйцэтгэсэн гүйцэтгэгч тус бүрийн үүрэг, оролцоог харгалзан тус бүр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч А.Э, Б.М нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
өсвөр насны шүүгдэгч Л.М гурваас дээшгүй цагаар, гурван зуун жаран цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Б, С.М, А.Х, А.Э, Б.М нарт тус бүр оногдуулсан хорих ялыг тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тус тус харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Гэвч шүүгдэгч А.Х нь жирэмсэн болох нь “ШЭЖИДДҮГ БГБХН” Өрхийн эрүүл мэндийн төвийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар “14-15 долоо хоногтой, хяналтад байгаа тухай” албан бичиг, “Мандала” эмэгтэйчүүдийн эмнэлгийн үзлэгийн хуудас, ЭХО-ны зураг зэргээр нотлогдсон ба түүний холбогдсон гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байх тул хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч А.Х хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг,
мөн шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг,
мөн өсвөр насны шүүгдэгч Л.М нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсэнийг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн шүүгдэгч Б.Б, С.М, А.Х, А.Э, Б.М, өсвөр насны шүүгдэгч Л.М нар гэмт хэрэг үйлдэхдээ “ТОЁОТА ПРИУС-20” маркийн 91-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл нь “МАЦУМОД” ХХК-ий эзэмшил, өмчлөл байдаг болох нь хавтас хэргийн 36-39 дүгээр хуудсанд авагдсан тус компанийн албан бичиг, тээврийн хэрэгслийг өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу Фидукцийн гэрээ, тээврийн хэрэгслийн 02647732 дугаарын гэрчилгээ, зээлийн гэрээ, зэргээр нотлогдож байх хэдий ч тус тээврийн хэрэгслийг фидуцийн гэрээгээр зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн, гэрээний хугацаа дуусаагүй байгаа тул тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигч нь шүүгдэгч Б.Мөнх-Алдар гэж үзэхээр байна.
Иймд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “ТОЁОТА ПРИУС-20” маркийн 91-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Мөнх-Алдарт буцаан олгож, хавтас хэргийн 102107 дугаар хуудсанд авагдсан “Сонгомол хүлэг” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “үнэлгээний тайлан” дүгнэлтээр тогтоогдсон 5.300.000 /таван сая гурван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Б, С.М, А.Х, А.Э, Б.М, өсвөр насны шүүгдэгч Л.М нараас тус бүрээс 883.333 /найман зуун наян гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн 2034000830047 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг,
шүүгдэгч Б.Балтын цагдан хоригдсон 129 /нэг зуун хорин ес/ хоногийг, С.Мөнхгалын цагдан хоригдсон 128 /нэг зуун хорин найм/ хоногийг, А.Элбэгсайхан, Б.Мөнх-Алдар нарын тус бүр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 /нэг/ хоногийг тус тус тэдний эдлэх ялд нь оруулан тооцохыг,
шүүгдэгч А.Халиун, өсвөр насны шүүгдэгч Л.Мягмардорж нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг,
энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Балт, С.Мөнхгал, А.Халиун, А.Элбэгсайхан, Б.Мөнх-Алдар, өсвөр насны шүүгдэгч Л.Мягмардорж нараас гаргуулах хохирол, төлбөргүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Монгол улсын мөнгөн тэмдэгт болох хуйлсан 50 төгрөгийн дэвсгэр 1 ширхгийг зохих байгууллагад шилжүүлэхийг,
мөнгөлөг цаас 1 ширхэг, 3 ширхэг саарал өнгийн уутанд хийсэн өвс зэрэг эд зүйлсийг устгахыг тус тус Төв аймаг дахь шүүхийн Тамгын газар даалгасныг,
прокурорын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар шүүгдэгч Б.Балт, С.Мөнхгал, А.Халиун, А.Элбэгсайхан, Б.Мөнх-Алдар, өсвөр насны шүүгдэгч Л.Мягмардорж нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “ТОЁОТА ПРИУС-20” маркийн 91-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Мөнх-Алдарт олгохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10., 36.12.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овгийн Б Б, С овгийн С М, О овгийн А Х, Б овгийн А Э, Ш овгийн Б М, өсвөр насны шүүгдэгч Б овгийн Л М нарыг бүлэглэн, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С овгийн Б Б, С овгийн С М, О овгийн А Х нарыг тус бүр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
мөн шүүгдэгч Б овгийн А Э, Ш овгийн Б М нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б овгийн Л М гурван зуун жаран цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С овгийн Б Б, С овгийн С М, О овгийн А Х, Б овгийн А Э, Шарх овгийн Б М нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О овгийн А Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч О овгийн А Х нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг,
шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг,
мөн өсвөр насны шүүгдэгч Б овгийн Л М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С овгийн Б Б шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан болон цагдан хоригдсон 129 /нэг зуун хорин ес/, С овгийн С М цагдан хоригдсон 128 /нэг зуун хорин найм/ хоногийг, Б овгийн А Э, Ш овгийн Б М нарын тус бүр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 /нэг/ хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.
8. Эрүүгийн 2034000830047 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч А.Х, өсвөр насны шүүгдэгч Л.М нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг,
энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б, С.М, А.Х, А.Э, Б.М, өсвөр насны шүүгдэгч Л.Мягмардорж нараас гаргуулах хохирол, төлбөргүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б, Б.М, А.Э нарт тус бүр урьд авсан Монгол улсын хилээр гадагш гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосныг,
прокурорын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаартай шүүгдэгч Б.Б, С.М, А.Х, А.Э, Б.М, өсвөр насны шүүгдэгч Л.М нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “ТОЁОТА ПРИУС-20” маркийн 91-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ш овгийн Б М олгохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Монгол улсын мөнгөн тэмдэгт болох хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхгийг зохих байгууллагад шилжүүлэхийг,
мөнгөлөг цаас 1 ширхэг, 3 ширхэг саарал өнгийн уутанд хийсэн өвс зэрэг эд зүйлийг устгахыг тус тус Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б, С.М, А.Х, А.Э, Б.М, өсвөр насны шүүгдэгч Л.М нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “TOYOTA PRIUS-20” маркийн 91-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 5.300.000 /таван сая гурван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Б, С.М, А.Х, А.Э, Б.М, өсвөр насны шүүгдэгч Л.М нараас хувь тэнцүүлэн 883.333 /найман зуун наян гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
11. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С овгийн Б Б, С овгийн С М нарт тус бүр урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, О овгийн А Х, өсвөр насны шүүгдэгч Б овгийн Л М нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж,
шүүгдэгч Б овгийн А Э, Ш овгийн Б М нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэднийг энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч Б.Б, С.М, А.Э, Б.М нарын хорих ял эдлэх хугацааг 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдрөөс эхлэн тоолсугай.
12. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
13. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
14. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О овгийн А Х, өсвөр насны шүүгдэгч Б овгийн Л М нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч С овгийн Б Б, С овгийн С М, Б овгийн А Э, Ш овгийн Б М нарт тус бүр авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН