Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 320

 

 

 

 

 

 

 

 

 

    2020              08                20                                                   2020/ШЦТ/320  

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Буяннэмэх,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,                               

шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн А Г холбогдох эрүүгийн 2034002840274 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

         

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймаг Батсүмбэр суманд 1997 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт, Төв аймгийн Батсүмбэр сум, 1 дүгээр баг, Мандал будаан толгойн 2-38 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Ж овгийн А Г

 

                                      Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч А.Г нь 2020 03 дугаар сарын 05-ны орой Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг Агьтын 5 дугаар гудамжнаас иргэн Б.Эрболдын Хятад улсад үйлдвэрлэсэн Hensim маркийн Их хурд нэртэй 150 мотортой мотоциклыг хулгайлж бусдад 1800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт: 

Шүүгдэгч А.Г:

...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.

  

Эрүүгийн 2034002840274 дугаартай хэрэгт хохирогч Б.Эрболд /хх-ийн 7-8, 9-10  дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч С.Мягмарсүрэн /хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч Ө.Мөнхтулга /хх-ийн 14-15, 16 дугаар хуудас/, гэрч Ч.Отгонсүрэн /хх-ийн 17-18 дугаар хуудас/, гэрч С.Мягмарсүрэн /хх-ийн 19-20 дугаар хуудас/, яллагдагч А.Гэрэл-Эрдэнэ /хх-ийн 31-32, 33-34 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,

2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 22 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, мотоцикл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5 дугаар хуудас/, шүүгдэгч А.Гэрэл-Эрдэнийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг /хх-ийн 35-43 дугаар хуудас/ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Үйл баримт болон гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Г нь 2020 03 дугаар сарын 05-ны орой Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг Агьтын 5 дугаар гудамжнаас иргэн Б.Эрболдын Хятад улсад үйлдвэрлэсэн Hensim маркийн Их хурд нэртэй 150 мотортой мотоциклыг хулгайлж бусдад 1800000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах

хохирогч Б.Эрболдын ...Уугантулга гэх айлд оройн 19 цагт гэрийнх нь хашааны гадна очиж уулзсан юм. Тэгээд гэрт нь орж хоол идээд хэсэг байж байгаад гараад ирсэн чинь миний унаж явсан Хятад улсад 2019 онд үйлдвэрлэсэн Их хурд нэртэй мөнгөлөг саарал өнгийн улсын дугааргүй мотоциклыг маань унаад явсан байсан. Хэн унаж явсныг мэдэхгүй. Ойр орчмоор хайгаад сураг гараагүй... ...тэр орой Жижгээ гэх залуу халамцуу явж байхаар нь уг нь Уугантулгынд хүргэж өгөөд өнөөх маань тэднийд орчхоод л гарсан... /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

...Сураг тавиад байсан чинь Жижгээ гэх хочтой Гэрэл-Эрдэнэ гэх нутгийн залуу хулгайлж унаад Дарханд очсон байсан. Цагдаа дагуулж очиж Мягмарсүрэн гэх хүнд 1300000 төгрөгөөр зарсан байхаар нь буцааж олж авсан... /хх-ийн 9-10  дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч С.Мягмарсүрэнгийн ...Манай охин Дарханы хамгийн том зар гэх групп руу ороод мотоцикл авна, үнэ зургаа хийнэ үү гээд өөрийнхөө 99829101 гэсэн дугаараа тавьсан. Тэгтэл зарын дагуу 7 буудлын нүүрс зардаг цэгийн орчим 99802571 дугаараа сманай охины утас руу шинэ мотоцикл 1400000 төгрөгөд зарна манай хүүгийн мотоцикл байгаа юм гэхээр нь  очиж үзсэн. Саарал өнгийн шинэвтэр улсын дугааргүй гаалийн бичиггүй мотоциклыг намхан бор өөрийгөө Батгэрэл гэх 20 орчим настай хөдөөний байрын царайтай, ажлын хувцастай залуу байсан. Сугалаанд мотоцикл хожоод одоо энэ мотоциклоо зарах гэж байгаа юм гэхээр нь бэлэн 800000 төгрөг, охины данснаас бэлэн мөнгө машинаас 500000 төгрөг авч өгөөд гаалийн бичгийг нь араас чинь баруун бүрэн суманд гэрт байгаа авч ирж өгнө. Би гар утсаа сэргээгээд эргэж холбогдоод өгье гээд би мотоциклоо унаад охин машинаа бариад хөдөө гэртээ ирсэн. Тэгээд нөгөө залуу миллны голын голыг нь сольж, би өөрөө хуучин нэг ширхэг толио тавьсан... /хх-ийн 12-13 дугаар хуудас/,  

гэрч Ө.Мөнхтулгын ...Батсүмбэрээс ирсэн. Энд ажил хийх гэж ирсэн. Сугалаанд авсан мотоцикл утсаа хаячихсан юм. Та миний мотоциклыг зар дээр тавиад өгөөч гэхээр нь санаанд ч ороогүй. Зургийг нь аваад хаягаараа зарын группд тавиад л хэдэн цаг болсон уу үгүй юу хүмүүс утасдаж асуугаад л ирж үзсэн. Ингээд л Хавцал гэх газар байх Улаан Мягаа ирж үзээд нөгөө залуутай наймаа хийж авахаар болоод л бэлэн 800000 төгрөг өгч үлдсэнийг нь автомат мөнгөний машинаас авч өгнө гээд л хамт явцгаасан. Бэлнээс 1300000 төгрөгөнд зарчихлаа гээд 16 цаг өнгөрч байхад утас авна гээд л надаад баялалаа гээд 10000 төгрөг өгөөд явсан... /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

гэрч Ч.Отгонсүрэнгийн ...Батсүмбэрээс ажил хийх гэж ирсэн. Хямдхан хөлслөх байр байна уу гэхээр нь өөрийнхөө хөлсөлдөг байранд авчирч гэртээ хонуулсан. Шинэ хувцаснууд худалдаж авсан. Байрны эгчтэй уулзуулж өнөөдрөөс энэ байрны өрөө түрээслүүлнэ гэж байсан. Тэгээд хүнтэй уулзана гээд гараад явсан... ...Захын үүдэнд таарсан. Мотоциклгүй байсан... /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

гэрч С.Мягмарсүрэн ...өөрийгөө Батгэрэл гэх 20 орчим настай хөдөөний царйтай ажлын хувцастай залуу би сугалаанд мотоцикл хожоод одоо энэ мотоциклоо зарах гэж байгаа юм гэхээр нь 800000 төгрөг охин Өнөрцэцэг өөрийн данснаас бэлэн мөнгөний машинаас авч 500000 төгрөг авч өгөөд гаалийн бичгийг нь араас чинь баруун бүрэн суманд гэрт байгаа авчирч өгнө. Би утсаа сэргээгээд эргэж холбогдоод өгье гээд би мотоциклоо унаад охин машинаа унаад хөдөө гэртээ ирсэн... /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

яллагдагч А.Гэрэл-Эрдэнийн ...Батсүмбэр сумын төвд Эрболд бид хоёр архи уугаад сууж байгаад би Эрболдыг хүргээд өгчих гээд айлд хүргүүлсэн. Эрболд бид хоёр Уугантулга гэх хүний гэрт ороод хоол цай идэж сууж байгаад Эрболдын мотоциклын түлхүүрийг аваад мотоциклыг нь унаад Зүүнхараа, Зүүнхараагаас Дархан-Уул аймагт очсон. Дарханд очиж байж байгаад Фэйсбүүк дээр мотоцикл зарна гэх зар тавиад зар харсан хөгшин охинтойгоо эхнэртэйгээ хамт ирээд мотоцикл үзээд авахаар тохиролцоод аваад явсан. Надад блэн 1300000 төгрөг өгч мотоцикл худалдаж авсан... /хх-ийн 33-34 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,  

 

2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ...хохирогч Б.Эрболдын Хятад улсад 2018 онд үйлдвэрлэсэн Hensim их хурд 150 маркийн мотоциклийг 1800000 төгрөгөөр үнэлсэн... эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 22 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, мотоцикл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5 дугаар хуудас/, шүүгдэгч А.Гэрэл-Эрдэнийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг /хх-ийн 35-43 дугаар хуудас/  зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.    

   

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                       

Хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч А.Г нь гудамжнаас иргэн Б.Эрболдын Хятад улсад үйлдвэрлэсэн Hensim маркийн Их хурд нэртэй 150 мотортой мотоциклыг хулгайлж бусдад 1800000 төгрөгийн хохирол учруулжээ.

 

Тэрээр энэхүү өөрийн бусдын эд хөрөнгийг хулгайлан авч байгаа үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирогчид эд хөрөнгийн хохирол учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан эд хөрөнгийн хохирол нь шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч байгаа санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч А.Г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.Г гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Эрболдод 1800000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол,

Иргэний нэхэмжлэгч С.Мягмарсүрэнд 1300000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

 

Хохирогч Б.Эрболд нь мөрдөн байцаалтын шатанд 1800000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий Хятад улсад 2018 онд үйлдвэрлэсэн Hensim их хурд  150 маркийн мотоциклийг шүүгдэгч А.Гэрэл-Эрдэнээс нэхэмжилдэг ба тухайн алдагдсан мотоциклоо биет байдлаар нь хүлээн авсан болох нь хавтаст хэргийн 4-5 дугаар хуудаст авагдсан хулгайд алдагдсан эд зүйлсийг биет байдлаар хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тус тус тогтоогдож байна.

 

Харин иргэний нэхэмжлэгч С.Мягмарсүрэн нь 1300000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг нэхэмжилдэг бөгөөд шүүгдэгч А.Гэрэл-Эрдэнэ нь төлөөгүй байгаа болно.  

 

Иймд шүүгдэгч А.Г 1300000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч дугаарын регистртэй, Цэгээн овгийн Санжаагийн Мягмарсүрэнд олгох нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх шүүгдэгч А.Г хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг биет байдлаар нь төлсөн, иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь тохирно гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч А.Г энэ тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 02 /хоёр/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар 02 /хоёр/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.Г оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.Г 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 44 /дөчин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Бусад нөхцөл байдлын талаар:

Эрүүгийн 2034002840274 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.Г тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

 

    Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

     хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

       36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл,

                                    заалтуудыг тус тус удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн А Г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2. Шүүгдэгч Б овгийн А Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн А Г энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 02 /хоёр/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар 02 /хоёр/ хоногийн хугацаагаар тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн А Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар 02 /хоёр/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 44 /дөчин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн 2034002840274 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.Г нь хохирогч Б.Эрболдод төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б овгийн А Г 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч дугаарын регистртэй, Ц овгийн С М олгосугай.  

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн А Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг  2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Б овгийн А Г-д авсан цагдан хорих сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

  

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.ГАНДАНСҮРЭН