Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/367

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Б.Бат-Оргил,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,

Шүүгдэгч: Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000409 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1971 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Сантехникч мэргэжилтэй, Баянхонгор аймгийн Галуут сумын Ерөнхий боловсролын сургуульд сантехникч ажилтай, ам бүл 2, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 1996 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзах, Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 23 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 120 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, овогт Т.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр архидан согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багийн 8-612 тоотод байрлах хашаан дотор иргэн Ц.Н гийн толгойн тус газарт нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 

                1. Шүүгдэгч Т.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн үед Батцэрэн гэх айлын хашаанд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Нанжидсүрэн гэгчтэй маргалдан толгойн тус газарт нь 1 удаа хутгалсан юм. Би тухайн үед Батцэрэн гэх айлаас гарч яваад гэрээсээ хутга аваад буцаж очоод хутгалсан юм. Миний Нанжидсүрэнг хутгалсан гэх хутга хар иштэй хутга ба миний багцаагаар 18-20 см урттай хутга байсан...” гэх мэдүүлэг / Хх-ийн 54-55 /

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

            3. Хохирогч Ц.Н гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Гэрээс гараад хашааны үүд рүү явж байсан ба ******* гэгч нь миний урд алхаж байгаад гэнэт хутга гаргаж ирээд миний толгойны зүүн талын чихний дээд талын хэсэгт 1 удаа хутганыхаа үзүүрээр хутгалаад ална гээд дайрахаар нь би эргэж зугтаад Батцэрэн ахын гэрийн амбаарт ороод хаалгыг хаасан юм. Тэгсэн чинь ******* гэгч нь амбаарын хаалга цохиод намайг ална гээд дайраад байсан. тэгээд би тус амбаарт байсан модон сандлыг урдаа бариад хаалга онгойлготол ******* гэгч хутга баруун гартаа бариад намайг ална гээд дайраад байхаар би сандлаар өөрийгөө хамгаалж байтал амбаарын довжоонд ******* гэгч нь бүдэрч ойчтол Дэмбэрэлсайхан гэгч нь Бат-Эрдэнийн гарт байсан хутгыг салгаж авсан... гэх мэдүүлэг / хх-ийн 84-86 /

 

4. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Тухайн өдөр би 21 цагийн үед гэртээ унтах гээд байж байтал ******* нь гэртээ согтуу байталтай орж ирсэн юм. Тэгтэл Бат-Эрдэнийн баруун талын шанааны хэсгээс цус гарсан байсан ба мөн өмссөн дээл нь шороо болсон байсан байхаар нь дээл хувцсаа цэвэрхэн өмсөхөд яадаг юм гэсэн чинь ******* тэр яах вэ миний хутга хаана байна гэж хэлэхээр нь яах гэж байгаа юм гэсэн чинь сургууль дээр ус алдаад байна хутганы хэрэг байна гэж хэлээд гэрээс хутга хайж байгаад хутга тогоо шанага хийдэг шүүгээ татаад буцааж хаагаад гэрээс гараад явсан. Тэгтэл удалгүй Батцэрэн гэгч над руу залгаад Бат- Эрдэнэ Нанжидсүрэнгийн толгой руу хутгаар хатгачихлаа гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 21-22 /

 

5. Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... хашааны үүдэнд очтол хүн байхгүй байсан ба гэнэт ******* ах нь баруун гараа далайгаад Нанжидсүрэнгийн зүүн талын чихний дээд талд цохисон ба би тухайн үед гараараа цохисон гэж бодсон чинь ******* гэгч баруун гартаа хутга барьсан байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 28-30 /

 

6. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Тухайн манай төрсөн эгчийн хурим болсон ба манай гэрийнхэн эгчийг Баянхонгор аймаг руу хүргэж өгчхөөд сумандаа ирсэн юм. Манай Галуут сумын ах болох ******* гэгч манай гэрийнхэнтэй хамт аймаг явж ирсэн юм. Тухайн үед Бат- Эрдэнэ ах согтуу байсан. Тэгээд тухайн өдөр орой 21 цагийн үед манай саахалт айлын залуу болох Нанжидсүрэн гэгч нь найранд орж ирсэн байсан. Тэр үед би гэрээсээ гараад бие засчхаад гэрүүгээ орж байхад манай аавын гэрээс ******* ах Нанжидсүрэн, Дэмбэрэлсайхан нар надтай зөрөөд гэрээс гарсан юм. Тэгээд би гэр лүгээ орж байхад манай эгчийн хүүхэд болох Сувд-Эрдэнэ гэгч нь гэрийн үүдний амбаарт зогсож байсан ба миний араас Нанжидсүрэнг ******* нь хөөсөн байдалтай гүйлдэж ирсэн бөгөөд миний зогсож байсан гэрийн үүдний амбаарт Нанжидсүрэн нь ороод ирэхээр нь би Нанжидсүрэнтэй зөрөөд дүүгээ аваад амбаараас гарсан чинь Нанжидсүрэн гэгч нь амбаарын хаалга хаасан юм. Тэгсэн чинь Бат- Эрдэнэ ах нь амбаарын хаалга цохитол баруун талын гартаа хутга барьсан байсан. ******* ах нь манай гэрийн хаалгыг нүдэж байгаад амбаараас холдсон чинь Нанжидсүрэн нь хаалга онгойсон чинь ******* ах нь хутга бариад дахин дайртал Нанжидсүрэн нь буцаагаад хаалга хаасан юм. ******* ах нь дахин амбаарын хаалга цохиод байсан ба Нанжидсүрэн удалгүй хаалгаа онгойлгоод манай гэрийн амбаарт байсан сандлыг аваад ******* ахын хутгатай гарынх нь урдаас хамгаалсан байдалтай дайраад байсан. Тэгтэл ******* ах манай амбаарын босгонд бүдрээд унатал Дэмбэрэлсайхан гэгч ******* ахын гарт нь байсан хутгыг булааж шидэх шиг болсон. Тэгсэн чинь манай аав болох Батцэрэн гарч ирсэн ба Бат- Эрдэнэ, Нанжидсүрэн 2 зодолдох гээд бие бие рүүгээ дайрах гэхээр Дэмбэрэлсайхан манай аав 2 тэр 2-ыг салгасан юм. Би тухайн үед 10 настай охин дүүгээ хамгаалаад зогсож байсан. Тэгээд Нанжидсүрэн нь эмч дуудаад эмнэлэг рүү явсан харин ******* ах нь манайхаас гараад явсан өөр зүйл болоогүй.... гэх мэдүүлэг / хх-ийн 10-11 /

 

7. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Тухайн өдөр манай төрсөн дүүгийн хурим болсон ба манай гэрийнхэн манай дүүг Баянхонгор аймаг руу хүргэж өгчхөөд сумандаа ирсэн юм. Манай Галуут сумын ах болох ******* гэгч манай гэрийнхэнтэй хамт аймаг явж ирсэн юм. Би урьд өдөр нойр муутай байсан болохоор гэрийнхээ хойд талын өрөөнд унтаж байтал манай дүүгийн охин болох Сувд-Эрдэнэ намайг дуудаад манай гэрийн гадаа 2 хүн зодолдоод байна гэж хэлсэн. Тэгэхээр би гарсан чинь Нанжидсүрэн, ******* нар нь бие биесийгээ заамдсан зогсож байсан ба Нанжидсүрэн гэгч нь Бат-Эрдэнийг мушгиж газар унгаасан ба тэр 2 бие биетэйгээ маргалдаад байсан. Тэгэхээр нь би тэр 2-ыг салгасан чинь Нанжидсүрэн нь манай гэр лүү орсон ба ******* гэгч нь манай хашаанаас гараад яваад өгсөн. Тэгээд би гэрийнхээ хойд өрөөнд ороод хэвтэж байтал удалгүй 20-30 минутын дараа манай гэрийн гадаа хүмүүс Нанжидсүрэн хутгалууллаа гэж яриад байхаар гараад хартал Нанжидсүрэнгийн зүүн талын чихний дээд талын толгойны хэсгээс цус гоожиж байсан тэр үед сумын эмч ирээд үзэж байгаад эмнэлэг рүү аваад явсан харин ******* харагдахгүй байсан. Өөр зүйл болоогүй.... гэх мэдүүлэг / хх-ийн 13-14 /

 

8. Насанд хүрээгүй хохирогч Б.Сувд-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай эгчийн хурим болсон юм. Тухайн өдөр ******* ах Нанжидсүрэн ах нар манайд орж ирээд архи уусан юм. Би тэр үед гэртээ байсан ба орой 21 цагийн үед бие засах гээд гэрээс гарсан юм. Тэр үед надтай Ундрахбилэг ах цуг гарсан юм. Тэгээд бие засчхаад гэр лүгээ орох гээд гэрийнхээ үүдний амбаар руу орж байхад Ундрахбилэг ах бид 2-ын урдаас Нанжидсүрэн, ******* ах нар манай гэрээс гарч ирсэн юм. Тэгтэл гэнэт ******* ах Нанжидсүрэн ахын араас хөөж эхэлсэн ба Нанжидсүрэн ах Ундрахбилэг ах бид 2-ын зогсож байсан амбаарт орж ирэхээр Ундрахбилэг ах бид 2 амбаараас зөрөөд гадаа гарсан тэгсэн чинь ******* ахын гарт хар өнгийн иштэй хутга гартаа барьсан байсан тэгсэн чинь Нанжидсүрэн ах манай амбаарт байсан сандлыг бариад ******* ахын урдаас дайраад байсан. Тэгсэн чинь Нанжидсүрэн ах ******* ахыг сандлаараа түлхтэл ******* ах нуруугаараа манай гэрийн үүдэнд очсон юм. Тэгэхээр нь би гэр лүүгээ гүйгээд орсон. Харин Ундрахбилэг ах гэрийн гадаа үлдсэн юм. Тэгээд би гэртээ байж байгаад удалгүй гэрээсээ гараад хартал манай сумын эмч Гантулга ирээд Нанжидсүрэн ахын зүүн талын чихний дээд талаас нь гарч байсан цусыг цэвэрлэж байсан. Тэгээд Гантулга эмч нь Нанжидсүрэн ахыг дагуулаад явсан. Харин ******* ах манай хашаанаас ганцаараа гараад явсан....гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

 

9. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Тухайн өдөр манай сумын Батцэрэн гэх айлын охин хуримаа хийсэн ба би тухайн өдөр орой 20 цагийн Дэмбэрэлсайханы хамт Батцэрэн ахын хуримд орсон юм. Тэгтэл ******* гэгч Баянхонгор аймаг руу айлчин хийж яваад ирсэн гээл Батцэрэн ахын гэрт согтуу сууж байсан. Тэгтэл Нажидсүрэн гэгч араас орж ирсэн юм. ******* гэгч нь Дэмбэрэлсайхан, Нанжидсүрэн бид нар руу агсраад байсан тухайн үед гэрээс гарч ороод байсан би тухайн үед найранд сууж байсан болохоор юу хийж байсан гэдгийн сайн анзаараагүй. Тэр үед Нанжидсүрэн, Дэмбэрэлсайхан нар мөн адил гэрээс гарч ороод байсан удалгүй гэнэт хүмүүс Батцэрэн ахын гэрийн гадаа маргалдаад эхэлсэн ба гараад хартал Нанжидсүрэнгийн зүүн талын чихний дээд талаас цус гарч байсан ба юу болсон талаар асуутал Нанжидсүрэн ******* ах миний толгой руу хутгалчхаа гэж хэлсэн. Тэгээд сумын эмч ирээд Нанжидсүрэнг аваад явсан. Араас нь ******* яваад өгсөн өөр юу болсон талаар мэдэхгүй байна. Би тэгээд Нанжидсүрэнгийн араас очоод толгойг нь болгочхоод Нанжидсүрэнгийн гэрт очоод амарсан юм.... гэх мэдүүлэг / хх-ийн 26-27 /

 

            10. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 551 дугаартай шинжээчийн:

            1. Ц.Н гийн биед чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

            3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтанд тогтонги нөлөөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 39-40/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-6/, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 258 дугаартай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 67-71/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 72/, Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 80/, хохирлын баримтууд /хх-ийн 91-92/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

 

Шүүхээс Т.Б нь 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр архидан согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багийн 8-612 тоотод байрлах хашаан дотор иргэн Ц.Н гийн толгойн тус газарт нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Ц.Н , гэрч Д.Батнасан, Дэмбэрэлсайхан нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 551 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Т.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Т.Б эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Т.Б эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Н  нь эмчилгээний төлбөр таван зуун мянган төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь уг мөнгийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

            Шүүгдэгч Т.Б эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Б нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зүйлгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хар иштэй хутгыг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Б ийн эзэмшлийн самсунг Жи-5 маркийн гар утас битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 258 дугаартай тогтоол тогтоолыг хүчингүй болгож, уг самсунг Жи-5 маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Т.Б эд хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Б нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн тул түүнийг урьд нь гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

            ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч овогт Т.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт Т.Б ийг таван зуун тавин / 550 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган / 550.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.Б эд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 5. Шүүгдэгч Т.Б нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Т.Б ийн эзэмшлийн самсунг Жи-5 маркийн гар утас 1 ширхэг эд хөрөнгийг битүүмжилсэн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг самсунг Жи-5 маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Т.Б эд буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хутга хураасан Баянхонгор аймгийн прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Т.Б эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Б эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.