| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0046/Э |
| Дугаар | 326 |
| Огноо | 2020-08-21 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 326
2020 08 21 2020/ШЦТ/326
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат,
улсын яллагч Т.Төмөртулга,
шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,
хохирогч Б.Э, түүний өмгөөлөгч Т.Батчимэг,
иргэний хариуцагч Д.Гансүх, түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц овгийн Г Г холбогдох эрүүгийн 1934007580546 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн Дорноговь аймаг, Айраг суманд 1994 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймгийн аймаг, Мандал сумын Түнхэл тосгоны Хараагийн 2-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Ц овгийн Г Г
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.Г нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутаг Талын улаан гэх газар 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр иргэн Б.Эрдэнэчулууныг хуурч, сүлжээтэй газар очоод Хаан банкны мобайлаар мөнгө шилжүүлнэ гэж итгүүлж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан улмаар түүний эзэмшлийн эд хөрөнгө болох 10 тооны үхэр, 5 тооны адуу нийт 15 бод малыг өөртөө шилжүүлэн авч 20.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Г.Г:
...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу дээр маргахгүй, гэмшиж байгаа тул шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөхгүй... гэж,
Хохирогч Б.Эрдэнэчулуун:
...Энэ залуу мал авж байгаа гээд Эрдэнэсант сумын Фэйсбүүк дээр тавьсан байсан. Нэг өдөр манайд энэ залуу өөрийн дүү хүргэнтэй ирээд мал зархуу гэсэн. Би зарна гээд чи нөгөө мал авна гэсэн залуу мөн үү энд таньдаг хүн чин байдаг юм уу гэсэн чин манай хүргэн дүү байдаг юм гэсэн. Маргааш нь хүргэнтэйгээ ирээд мал аччихаад бэлэн мөнгөө өгчих гэтэл дансанд байгаа би хүргэн дүүгийн гэрт очоод хийе гээд явсан. Тэгтэл лимит хэтэрсэн байна 24:00 цаг өнгөрөөд хийе гээд яваад өгхөөр нь за гээд үлдсэн. Хүлээгээд байж байтал хийхгүй байхаар нь залгатал утас нь холбогдохгүй байсан. Маргааш нь арай гэж яриад асуутал би балраад байнаа би зам дээр бензин дууссан зогсож байна гэж хэлэхээр нь яваад очтол зогсож байсан. Тэгээд Эрдэнэсантаас Рашаант хүртэл машиныг нь чирж аваачиж өгсөн. Тэр үед мөнгөө хэзээ өгөх юм бэ гэтэл тэр мөнгө бүгд Гансүх ахын дансанд ордог юмаа тэр хүнээс авна гэж хэлж байсан. Сүүлд хүүхэд зүрхний хагалгаанд орох гэж байгаа дараа шүүхдэхээр баримт хэрэгтэй гээд өөрөөр нь баримт үйлдүүлээд нотариатаар батлуулаад итгэмжлэл хийлгэж авсан. Сүүлд асууж лавлаад явж байхад яаг бойн дээр Гансүх ах оруулдаг юм гэж хэлж байсан... гэж,
Иргэний хариуцагч Д.Гансүх:
...Би ганц удаа итгэл хүлээлгээд 35.000.000 төгрөгийг Ган-Эрдэнэд өгөөд явуулсан. Миний 45.500.000-аас 12.000.000 төгрөгийг дутаасан. Би бол гомдолтой байна. Өмнө нь би огт энэ Ган-Эрдэнтэй ажил хийж байгаагүй. Миний ах Ганбаатартай ажиллаж байсан. Яаг хэрэг гарах үед Ганбаатар гээд манай ах огт байгаагүй, хөдөө явсан байсан. Миний өгж явуулсан мөнгөнөөс Ган-Эрдэнэ илүү харж ашиг олох гэж байгаад дутаасан байсан. Тэрийгээ мэдсээр байж үргэлжлүүлж энэ хохирогч гээд байгаа Эрдэнэчулууныхаас мал авсан байдаг. Эд нар хоорондоо 20 гаран хоногын дараа гэрээ хийчхээд ийм юм боллоо ч гэж огт хэлээгүй, намайг дуудаагүй. Энэ айлаас авсан малын адууг нь энэ Ган-Эрдэнэ өөрөө зогсож байгаад бойнд өгж зарсан. Сонгины шүүх дээрээс 12.250.000-ыг өгсөн боловч иргэний журмаар юм байна гээд буцаасан. Иргэний хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна энийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн 1934007580546 дугаартай хэрэгт хохирогч Б.Эрдэнэчулуун /хх-ийн 20-21, 22-23 дугаар хуудас/, гэрч Б.Эрдэнэчулуун /хх-ийн 24-25 дугаар хуудас/, гэрч Г.Ган-Эрдэнэ /хх-ийн 26-27, 28-29 дүгээр хуудас/, гэрч Э.Дашзэвэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, гэрч Г.Дорж /хх-ийн 32-33 дугаар хуудас/, гэрч Г.Жаргалсайхан /хх-ийн 34-35 дугаар хуудас/, гэрч Г.Мягмардорж /хх-ийн 36-37 дугаар хуудас/, гэрч Б.Болормаа /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, гэрч Д.Гансүх /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, гэрч Д.Ганбаатар /хх-ийн 42-43 дүгээр хуудас/, иргэний хариуцагч /хх-ийн 120-123 дугаар хуудас/, иргэний хариуцагч Д.Ганбаатар /хх-ийн 125-126 дугаар хуудас/, гэрч Г.Гэрэлтуяа /хх-ийн 127-128 дугаар хуудас/, гэрч Д.Дулмаа /хх-ийн 129-130 дугаар хуудас/, яллагдагч Г.Ган-Эрдэнэ /хх-ийн 57-60 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд
2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 46 дугаар хуудас/ болон хохирогч Б.Эрдэнэчулууны Төв аймгийн Эрдэнэ сумын Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 8 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/, мал тэжээвэр амьтад, худгийн 2018 оны тооллогын баримт, итгэмжлэл /хх-ийн 12-18 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 61-68, 70-78 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Үйл баримт болон гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутаг “Талын улаан” гэх газар иргэн Б.Эрдэнэчулууныг хуурч, сүлжээтэй газар очоод “Хаан” банкны мобайлаар мөнгө шилжүүлнэ гэж итгүүлж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан улмаар түүний эзэмшлийн эд хөрөнгө болох 10 тооны үхэр, 5 тооны адуу нийт 15 бод малыг өөртөө шилжүүлэн авч 20.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах
хохирогч Б.Эрдэнэчулууны ...Үхэр нэг бүрийг 1.400.000 төгрөгөөр, харин адуу нэг бүрийг 1.200.000 төгрөгөөр бодож наймаа хийсэн... ...Би тэр ченж гэх Ган-Эрдэнэ гэх залууг огт танихгүй байж байгаад 08 дугаар сарын эхээр манайд ирэхдээ нутгийн хүүхдүүдтэй хамт ирэхээр нь анх удаа харсан. Манайхаас урд нь авч байгаагүй... ...Жаргалсайхан, Дашзэвэг нар нь манай Эрдэнэсант сумын хүүхдүүд байгаа юм. Ямар нэгэн хамаатан сандангийн харилцаа холбоо байхгүй. Дашзэвэг гэдэг хүнийг л Эрдэнэсант сумынх болохоор нь итгэл төрж малын наймаа хийсэн... ...Дашзэвэг нь Ган-Эрдэнийн төрсөн дүүгийнх нь нөхөр, харин Жаргалсайхан нь Ган-Эрдэнийн эгчийнх нь төрсөн дүү байгаа юм. Эдгээр хүмүүс нь хоорондоо хамаатан... ...Би гомдолтой байна. Би Ган-Эрдэнэ гэх хүнээс 20.000.000 төгрөг нэхэмжилнэ. Ган-Эрдэнэ нь миний гар утасны дугаарыг авахгүй байсан. Тэгээд би түүний араас нэлээд явсан тэр залуугийнх Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн Тахилт гэдэг газарт гэрт нь хүртэл очиж уулзсан. Надад одоогоор цагдаагийн байгууллагад гаргаж өгөх шатахуун тосны баримт гэх зүйл байхгүй. Би 500.000 төгрөг нэхэмжилнэ... /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
...Би Ган-Эрдэнийн Улаанбаатарт байдаг гэрт нь уулзаж ярилцсан 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ган-Эрдэнэ бид 2 нотариатаар орж орж гэрээ байгуулсан тухай гэрээндээ Ган-Эрдэнэ нь надад өгөх 20.000.000 төгрөгөө 08 дугаар сарын 27-ны өдөр 4.000.000 төгрөгийг нь харин 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор үлдсэн 16.000.000 төгрөгийг нь надад өгөхөөр тохиролцсон тухайн үедээ заасан хугацаанд нь өгөөгүй тохиолдолд 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс өдрийн 0.5 хувийн алданги тооцож надад өгөхөөр тохиролцсон боловч тэр цагаас хойш надад огт мөнгө өгөөгүй байна. Одоо утсаар залгахаар утас нь огт холбогдохгүй мөн утас нь холбогдож дуудсан үед нь утсаа авахгүй байна... ...Би урьд нь Ган-Эрдэнэтэй малын наймаа хийж байгаагүй. Гэхдээ Ган-Эрдэнэ нь мал авахаасаа өмнө нь гурав дөрвөн удаа манай хөдөө гэрээр ирж байсан надад хэлэхдээ дүү нь Эрдэнэсант сумын олон хүнээс мал худалдаж авч байгаа би одоо хүргэн Дашзэвэгийндээ амьдарч байгаа та мал зарахаар бол надад зараарай гэж хэлж байсан. Ган-Эрдэнэ би бусад мал, мах авдаг малын ченж нараас малыг чинь өндөр үнээр худалдаж авна шүү гэж хэлсэн. Ган-Эрдэнийг нь “би Эрдэнэсант сумын олон хүмүүсээс мал худалдаж авч байгаа” хэлэхээр нь би түүнд итгэж малаа өгөөд залилуулж өөрөө хохирсон... ...Таван адуу нь бүгд нас гүйцсэн том тарган адуунууд байсан. Харин арван үхэрүүд маань бүгд биеэр том эр үхрүүд байсан тухайн үхрүүд дунд хязаалан насны үхэр хоёр байсан. Харин бусад нь нас гүйцсэн эр үхрүүд байсан. Миний Ган-Эрдэнэд өгсөн адуу, үхрүүд биеэр том мал байсан... ...Би маш их гомдолтой байна. Хуулийн дагуу шалагж намайг хохиролгүй болгож өгнө үү... /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
гэрч Б.Эрдэнэчулууны ... Ган-Эрдэнэ нь нөгөө хүргэн Дашзэвэг, хүргэн ахынхаа төрсөн дүү Гунсаасамбуугийн Жаргалсайхан гэх мөн манай сумын хүнтэй гурвуулаа нөгөө бидэнтэй тохиролцсон 15 малаа авахаар том ачааны машинтай манай гэрт ирж манай сууринаас нийт 10 бүдүүн эр үхэр, 5 бүдүүн морь нөгөө ачааныхаа машинд аччихаад гэрт орж ирэхээр нь би тэр Ган-Эрдэнэ гэдэг залууд “за одоо тооцоогоо хийе” гэж хэлэхэд Ган-Эрдэнэ “одоо бэлэн мөнгө алга бүгд мөнгө миний дансанд байгаа та санаа зоволтгүй ээ би Дашзэвэгийн гэрт очоод тань руу 20.000.000 төгрөгийг чинь шилжүүлье” гэж хэлсэн. Тэгж хэлэхийг нь хамт явсан Дашзэвэг нар сонссон. Тэгээд тэр хүмүүс нөгөө малаа ачиж явснаас нь хойш цагийн дараа нөгөө Ган-Эрдэнэ гэдэг залуугийн 90101046 дугаарын утас руу залгахад надад “эгчээ миний лимит хэтэрчихэж шөнийн 12 цаг өнгөрөөгөөд тань руу шилжүүлье” гэхээр нь би шөнийн 12 цаг хүртэл хүлээхэд нөгөө залуу миний данс руу мөнгө хийгээгүй. Тэгээд миний утаснаас утсаа авахгүй болохоор нь би тэр залуу руу байнга залгахад утсаа авахгүй байж байгаад шөнийн 04 цагийн орчимд над руу “би балраад байна аа хөдөө машины газз дуусчихсан байна сүлжээгүй газар байгаа болохоор мөнгө шилжүүлж болохгүй байна” гэсэн мессеж ирүүлэхээр нь би “хаана байгаа газраа хэл би яваад очье” гээд нөгөө байгаа газар нь очиход Эрдэнэсант сумын төвөөс баруун зүгт долоо, найман километр засмал замын урд талаас замаас гарчихсан зогсож байхаар нь би уулзангуутаа алив дансан дахь мөнгийг чинь харъя гэхэд дансыг нь шалгахад дансанд нь 430.000 орчим төгрөг байхаар нь би түүнд “за чи яахаараа хүнийг ингэж залилж байгаа юм бэ энэ чинь залилан” гэхэд миний өөдөөс юу ч дугарахгүй байж байгаад “миний явуулсан мал Эмээлт дээр оччихсон байна гэсэн би тань руу маргааш өглөө мөнгийг чинь явуулна, та намайг Булган аймгийн Рашаант сум руу чирээд хүргээд өгчих би тэндээс машиндаа газз хийх гэсэн юм” гэхээр нь би түүнийг машинтай нь хүргэж өгөөд салсан. Тэр цагаас хойш гар утсаа огт авахгүй хааяа нэг мессеж бичдэг “би таны мөнгий өгнө, та цагдаад битгий мэдүүлээрэй” гэх зэргээр мессеж бичдэг юм. Би 08 дугаар сарын 24-ний өдөр Ган-Эрдэнэтэй уулзахад надад 08 дугаар сарын 27-ны өдөр 4.000.000 төгрөг хийнэ. Харин үлдэгдэл 16.000.000 төгрөгийг 09 дүгээр сарын 20-ны дотор өгнө гэж ярьсан боловч одоог хүртэл мөнгөө хийгээгүй намайг залилаж байна... /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
гэрч Э.Дашзэвэгийн ...2019 оны 08 дугаар сарын 07-ны өглөө эрт Ган-Эрдэнэ Эрдэнэсант сумын хойд талаар явдаг засмал зам дээрээс том ачааны машин олж ирж мал ачиж хот оруулж зарна гэж яваад том ачааны машин олж ирээд намайг мал ачилцаад өгчих хамт явчих гэж хэлээд бас манайхтай айл байдаг Жаргалсайхан гэх аав Энхбаатарын эгчийн залууг бас хамт авч яваад эхлээд Зууннаст гэдэг айлд очиж тэр хүнтэй адуу наймаалцахаар болоход Зууннаст манай гэрийн үүдэнд адуугаа тууж ирж Ган-Эрдэнийн авчирсан нөгөө том ачааны машинд ачсан. Зууннастаас бол яг хэдэн адуу ачсанг нь сайн санахгүй байна. Санжмятав гэдэг хүнээс дөрвөн адуу авч ачсан. Тэгээд нөгөө машинаа аваад Эрдэнэчулуун эгч түүний нөхөр Мөнхжаргал ах хоёрынд очиж Эрдэнэчулуун эгч Ган-Эрдэнэ хоёр хоорондоо малын наймаа хийхээр тохиролцсон юм шиг байна лээ яг ямар үнэ, ханшаар хоорондоо юу гэж хэлж тохиролцсон болохыг би мэдэхгүй байсан. Тухайн үед Эрдэнэчулуун эгч, Мөнхжаргал ах хоёроос нас гүйцсэн 10 үхэр, 5 адуу нийт 15 бод малыг тэднийхээс авч тухайн малнуудыг нь Ган-Эрдэнэ, Жаргалсайхан бид гурав тэднийд байсан хүмүүстэй нь хамт нөгөө ачааны машин дээр ачилцаад бас урд Санжмятав гэдэг айлаас дөрвөн адуу авсан шиг санагдаж байна. Тэдний гэрт нь хоол унд идчихээд нөгөө том машинаа Ган-Эрдэнэ шууд Улаанбаатар хот руу явуулж өөрөө Булган аймгийн Рашаант орж Соната-6 машиндаа газз хийнэ гэж яваад л тэр өдрөө ирээгүй байж байгаад хот явчихсан байсан... ...Бэлэн мөнгө байхыг нь хараагүй мөн дансанд нь мөнгө байсан эсэхийг нь мэдэхгүй байна... ...Санжмятав ахад лав мөнгийг нь өгсөн. Зууннаст гэдэг хүнд хагас мөнгийг нь дутуу өгсөн гэж байгаад сүүлд нь тооцоо дууссан. Харин Эрдэнэчулуун эгчийн мөнгийг тухайн үед нь өгөөгүй болохыг нь мэдээгүй байж байгаад дараа нь нөгөөдөр нь Эрдэнэчулуун эгч нөгөө Ган-Эрдэнийг асууж манайхаар ирсэн. Тэгэхдээ нөгөө наймаа хийсэн малынхаа мөнгийг авах гэсэн юм гээд Ган-Эрдэнийг асууж байсан... /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
гэрч Г.Доржийн ...Би Төв аймгийн Эрдэнэсант суманд эхнэр хүүхдүүдийнхээ хамт мал маллаж амьдардаг юм. Одоогоор яг хэзээ зарсан болохоо яг сайн мэдэхгүй байна. 2019 оны 06 дугаар сард нас гүйцсэн 10 тооны үхрээ тус бүрийг 1.100.000 төгрөгөөр нийт 11.000.000 төгрөгөөр, нас гүйцсэн 2 тооны адуугаа мөн адил 1.100.000 төгрөгөөр нийт 2.200.000 төгрөгөөр зарсан. Малаа зарсан даруйдаа Ган-Эрдэнэ гэх хүнээс мөнгөө авч чадалгүй ардаас нь нэхэл дагуул болж гэр орноор нь хэд хэдэн удаа очиж байж сүүлдээ миний төрсөн дүү Мягмардорж Улаанбаатар хотод тэр Ган-Эрдэнэ гэдэг залууг дагаж явж байгаад мөнгөө салгаж авсан. Ган-Эрдэнэ нь 2019 оны 07 дугаар сард миний дүү Мягмардоржоос 164 ширхэг эр төлөг тус бүрийг нь 92.500 төгрөгөөр бодож авсан. Тухайн үедээ Ган-Эрдэнэ нь бас мөнгө бэлэн байгаа гэж хэлж малаа ачуулсны дараагаар мөнгийг нь танай малыг зарж байгаад өгье гэж дүүд хэлсэн байсан. Тэгэхээр машиных нь бичиг баримт өөрийнх нь жолооны үнэмлэх, иргэний үнэмлэхийг нь бас барьцаалж авч үлдэж байгаад бас л араас нь хөөцөлдөж байгаад 20 орчим хоногийн дараа хэл ам болж байгаад хонины мөнгийг олж авсан байсан... /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
гэрч Г.Жаргалсайханы ...намайг гэртээ байж байхад Ган-Эрдэнэ манай гэрт орж ирээд “би танай сумын айлаас мал худалдаж авч байгаа юм урагшаагаа нээх холгүй юм байна лээ чи хамт яваад ачилцаад өгчхөөч би чамд хэдэн төгрөг өгнө шүү” гэхээр нь хамт явж Мөнхжаргал ах, Эрдэнэчулуун эгч хоёрынд очиж тэднийхээс 10 үхэр, 5 адуу худалдаж авч байгаа гээд ачуулсан... /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
гэрч Г.Мягмардоржын ...Миний ах Дорж нь 2019 оны 06 дугаар сард энэ Ган-Эрдэнэ гэх хүнд 10 тооы үхэр, 2 тооны адуу зараад мөнгийг нь тухайн үед нь энэ хүнээсээ авч чадалгүй байж байгаад тэр үхэр зарсан цагаасаа хойш ойролцоогоор бараг сарын дараа нөгөө Ган-Эрдэнэ гэх хүнтэйгээ Улаанбаатар хотод уулзаж ахынхаа найман адуу, үхрийн мөнгө болох мөнгийг Ган-Эрдэнэ гэдэг хүнээс авч байсан тэр мөнгийг өгөхдөө надаас “танайд зарах төлөг байгаа юу” гэж асуухаар нь тухайн үед би Улаанбаатар хотод яармагт байрлалтай 2 өрөө байр худалдаж авах гээд мал зарж борлуулна гэсэн бодолтой байсан болохоор Ган-Эрдэнэд “надад зарах төлөг байгаа үнэ ханшаа тохиролцвол яахав ав” гэж хэлэхэд Ган-Эрдэнэ “би ойрын хугацаанд Эрдэнэсант сум руу очино. Тэгээд танай малыг чинь үзье болвол авъя” гэж ярилцаж тохиролцсон. Би 2019 оны 07 дугаар сард наадмын өмнөхөн Улаанбаатар хотоос Эрдэнэсант суманд очсон. Тэр үед Ган-Эрдэнэ бас ирж манай хөдөө гэрээр очиж манай төлөгнүүдийг үзэж хараад 1 ширхэг төлгийг 92.500 төгрөгөөр нийт 164 ширхэг төлөг надаас авахаар болж манай хөдөө гэрийн үүднээс амьдаар нь туугаад явсан юм. Надаас 164 ширхэг төлөг авч явахдаа Ган-Эрдэнэ надад “за би энэ төлөгнүүдийг өнөөдөр Улаанбаатар хот руу авч яваад зарчхаад маргааш өглөө 15.170.00 төгрөгийг таны данс руу чинь хийе” гэж хэлж авч яваад тэр мөнгөө надад өгөлгүй сар гаран намайг ардаасаа явуулж явдал чирэгдэл учруулж байгаад 08 сард миний мөнгийг өгсөн. Одоо би тэр залуугаас 500.000 төгрөг авах дутуу байгаа... ...Ер нь бол өөрөө бэлэн мөнгө муутай хүн шиг санагдсан. Наймаа хийхдээ малыг чинь зарчхаад мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Тэр нь бол бидний Улаанбаатар хот руу очиж мал зарах ажлыг минь хөнгөвчилж байгаа болохоор би наймаа хийсэн юм. Тэр нь харин алдаа болж сүүлдээ араас нь баахан хөөцөлдөн байж мөнгөө олж авсан... ... одоо гомдол санал гээд байх юм байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй ээ... /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
гэрч Б.Болормаагийн ...Ган-Эрдэнэ бид 2 гэр бүлийн баталгаатай албан ёсны гэр бүлийн хүмүүс байгаа юм. бид 2 гурван хүүхэдтэй... Ган-Эрдэнэ урд өмнө нь малын наймаа хийж байсан. 2019 оны хавраас эхэлж хүмүүстэй нийлж хөдөөгүүр явж мал авдаг байсан. Одоо бол малын наймаа хийдэг ажлаа больсон. 2019 оны 04 дүгээр сараас 08 дугаар сарыг хүртэл малын наймаа хийж байсан. Манай нөхөр Ган-Эрдэнэ нь 2019 оны 04 дүгээр сараас 08 дугаар сар хүртэл хугацаанд хөдөө Төв аймгийн Эрдэнэсант сум болон Дорноговь аймгийн Айраг сумдаар явж малчдаас мал худалдаж авч наймаа хийж байсан. 2019 оны 08 дугаар сард Эрдэнэчулуун гэх хүнээс 10 үхэр, 5 адууг худалдаж аваад бас өөр айлуудаас тухайн үед бас мал худалдаж аваад нийт авсан малаа замын унаагаар Улаанбаатар хот руу ачуулж бойнд оруулсан гэж байсан. Ган-Эрдэнэ нь эмээлтийн малын ченж Ганбаатар, Гансүх гэх хүмүүстэй хамтарч байсан болохоор сүүлд Эрдэнэсант сумаас худалдаж авсан малаа хот руу оруулж бойнд оруулсан үед нь нөгөө хамтарч байсан хүмүүс нь нөгөө малыг зарж борлуулсан гэж байсан. Тэр малуудыг нь яг хичнээн төгрөгөөр зарж борлуулсан болохыг нь би мэдэхгүй байна. Ямар ч байсан Эрдэнэчулуун гэдэг хүнээс авсан 10 үхэр, 5 адууны мөнгийг Гансүх гэдэг хүнд өрөндөө өгсөн гэж хэлж байсан... Би Хаан банкны 5925258636 гэсэн данстай. Ган-Эрдэнэ өөрөө Хаан банкны картгүй болохоор миний Хаан банкны картыг ашигладаг тийм болохоор миний данс руу Ганбаатар, Гансүх 2 мөнгө явуулж Ган-Эрдэнэ тэр явуулсан мөнгөөр нь мал авдаг байсан... Ганбаатар, Гансүх 2 нь төрсөн ах дүү 2 гэж байсан. Тэгээд тэр хоёрт хоёуланд нь мөнгөний өглөгтэй байсан юм шиг байна лээ... Ер нь бол Ган-Эрдэнэ хөдөөгүүр явж мал худалдаж аваад тэр малаа Улаанбаатар хотын Эмээлтэд авчирч борлуулахдаа шаталтад орж Ганбаатар, Гансүх нарт өрөнд орсон гэж байсан. Эрдэнэчулуун гэдэг хүнээс мал авахаас өмнө нь би Ган-Эрдэнийг өрөнд орсон байсныг мэдэж байгаа... /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
гэрч Д.Гансүхийн ...Би эмээлт зах, Хүчит шонхор зах дээр ажилладаг юм. Ган-Эрдэнэ одоогоос 4, 5 жилийн өмнө Эмээлт зах дээр Яву гэх хүний хувийн мал нядалгааны газарт махны гүрүүшиг хийж байгаад сүүлдээ мал нядалдаг байж байгаад 2019 оны 04 дүгээр сараас эхлээд манай төрсөн ах Ганбаатар гэх хүнтэй нийлж мал маханд хөдөө гадаа явдаг байсан. Би Ган-Эрдэнэ гэх залууг сайн танина өөрөөр ямар нэг харилцаа холбоо байхгүй юм. Манай ахтай л хамтарч ажиллаж байсан юм... ...Ган-Эрдэнэ нь нэг удаа хамтарч ажилласан тэр нь 2019 оны 08 дугаар сард би бензиний мөнгө гэж эхлээд 500.000 төгрөг өгөөд дараа нь 40.000.000 төгрөг өгөөд мал авахаар хөдөө явсан би яг хаашаа явсан эсэхийг нь мэдээгүй. Тэгсэн 40.000.000 төгрөгөнд надад 22 тооны адуу, 10 тооны үхэр ирсэн. 32 бод малыг бүх зардал нь ороод 33.250.000 төгрөгөөр бодож авсан талаар надад хэлсэн. Энэ авчирсан мал махыг нь Ган-Эрдэнэ бид 2 хамт зарахад 29.812.000 төгрөг болж Ган-Эрдэнэ бид хоёр 3.438.000 төгрөгөөр шатсан. Би энэ шатсан зардлаа Ган-Эрдэнээс нэхээгүй. 40.000.000 төгрөг авч яваад 33.250.000 төгрөгөөр мал аваад үлдсэн 7.250.000 төгрөг бэлэн ирэх ёстойгоос Ган-Эрдэнэ авчирч өгөөгүй надад хэлэхдээ хамаатан садангийн хүүхэд хагалгаанд ороод мөнгө хэрэгтэй болсон учраас би 7.250.000 төгрөгийг нь өгчихсөн эргэж өгнө гээд алга болчихсон. Би энэ талаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн цагдаад гомдол гаргачихсан байгаа... /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
гэрч Д.Ганбаатарын ...Ган-Эрдэнэ одоогоо 4-5 жилийн өмнө Эмээлт зах дээр Явуу гэх хүний хувийн мал нядалгааны газарт махны грүүшиг хийж байгаад сүүлдээ мал нядалдаг болоод 2019 оны 04 дүгээр сараас эхлээд надтай хамтарч ажиллаж байсан юм. Надаас мөнгө аваад хөдөө гадаа явж мал цуглуулаад тэгээд машин дуудаж авсан малыг нь авчирч Эмээлт зах дээр зарж борлуулаад ашгаа хувааж авдаг байсан... ...Би мал авах мөнгийг нь Ган-Эрдэнийн эхнэр Болормаа гэх хүний дансанд хийж өгөөд явуулдаг байсан. Ер нь бол ганцаараа голдуу явдаг юм. Тэгээд малаа аваад ирэхээр нь зараад 07 дугаар сар хүртэл 3 сар хамтарч ажилласан. Энэ үед надаас 4.000.000 орчим төгрөгийн өртэй байгаа. Манай дүү Гансүхэд бас 7.250.000 төгрөгийн өртэй гэж байсан. Энэ 4.000.000 орчим төгрөг нь мал авсан тооцооны үлдэгдэл мөнгө байгаа юм... /хх-ийн 42-43 дүгээр хуудас/,
иргэний хариуцагч Д.Гансүхийн ...Намайг энэ хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна... ...Анх Г.Ган-Эрдэний эхнэр Болормаагийн 5925258636 дугаарын хаан банкны дансанд 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, мөн 2019 оны 07 дугаар сарын 24-нии өдөр 10.000.000 сая төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 20.000.000 болон 15.000.000 төгрөгөөр 2 удаа шилжүүлж нийт Г.Ган-Эрдэнэд түүний эхнэрийн дансаар дамжуулж 45 500 000 төгрөгийг мал, мах авахуулахаар өгч байсан. Би нийт 45.500.000 төгрөг өгч Г.Ган-Эрдэнийг маланд явуулсанаас Г.Ган-Эрдэнэ надад 33.250.000 төгрөгийн мал авч ирж өгсөн. Тэгээд Ган-Эрдэнэтэй хамт 33.250.000 төгрөгөө авсан гэх малнуудыг Эмээлт зах дээр зогсож зарахад 29.812.000 төгрөг болж 3.438.000 төгрөгөөр шатсан. Гэхдээ наймаа хийж байхад алдаа гардаг, шаталт үүсдэг болохоор би тухайн 3.438.000 төгрөгийг нэхээгүй ээ. Одоо цаашид би Г.Ган-Эрдэнээс 12 250 000 төгрөг авах ёстой. Би Г.Ган-Эрдэнийг хаанаас, хэн гэх хүнээс мал авч байгааг нь мэдэхгүй, мөн тийм хүнээс тийм тооны мал аваад ирээрэй гэж хэлж байгаагүй. Би Г.Ган-Эрдэний мал авсан хүмүүсийг бол огт танихгүй. Тэгээд би сүүлд нь Г.Ган-Эрдэнэ рүү уурлаад чи ерөн надаас авсан мөнгөөрөө яг юу хийдэг юм бэ? хаанаас хэн гэх хүнээс мал аваад байсан юм бэ гэхэд надад Зууннаст, Дорж, Санжмятав гэх хүмүүсээс авсан бас өөр бусад хүмүүсээс авсан тэр хүмүүсээ санахгүй байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би тэр 3 хүний нэрийг нь хар дэвтэр дээрээ бичиж аваад утасны дугаарыг нь өгөөдөх чи яг авсан үгүйг нь би асууж тодруулна, чи надад худлаа яриад байна гэж хэлэхэд, Юнителын холбогдохгүй дугаар өгч байсан. би тэр дугаарлуу нь залгаж үзсэн боловч холбогдохгүй байсан. Хэд гэсэн дугаар байсныг нь одоо санахгүй байна. мөн би бусад хүмүүсийнх нь дугаарыг олоод өгье гэж хэлээд намайг мартуулчихсан. Би Зууннаст гэдэг нэрийг бол санаж байна яагаад гэвэл тэр үед Г.Ган-Эрдэний авч ирсэн малын бичиг нь Зууннаст гэсэн малчны нэртэй байсан... ... Би Г.Ган-Эрдэнийг Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Бадарчын Эрдэнэчулуун, Төмөрбатын Мөнхжаргал нараас 2019 оны 08 дугаар сард мал худалдаж аваад мөнгөө төлөөгүй талаар 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө мэдсэн. Би Төв аймгийн ахлах мөрдөгч, хошууч Т.Ууганбаатартай Төв аймаг очиж уулзаж мэдүүлэг өгөхөөсөө өмнө Г.Ган Эрдэнэтэй уулзаж болон утсаар ярьж мөнгөө нэхдэг байсан боловч энэ талаар надад юм ярьж байгаагүй. Г.Ган-Эрдэнэ нь надаас мөнгө аваад маланд явчхаад тэр мөнгөө өөр юунд зарцуулсан нь тодорхойгүй зарж, үрэгдүүлчхээд мал авсан хүнээ мөн надаас мал авна гэж авч явсан мөнгөө өгөхгүй дунд нь намайг хүртэл хохироогоод явж байгаад би гомдолтой байна. Би Г.Ган-Эрдэнэтэй уулзаад надаас авсан мөнгөнийхөө оронд надтай хамт ажиллаад ажил хийгээд бой хийгээд өрөө төлөө гэж удаа дараа хэлж байсан боловч за гэж хэлээд алга болчихдог. Өнөөдрийг болтол надаас авсан мөнгөнийхөө оронд ажил хийгээгүй барагдуулах талаар ямар нэгэн юм хийхгүй байна. Би Г.Ган-Эрдэнэд мөнгө өгөөд мал аваад ир гэж гэж хэлээд явуулсан нь намайг энэ хэрэгт иргэний хариуцагчаар татах үндэслэл болохгүй гэж бодож байна. учир нь би мал авах мөнгийг нь хангалттай өгөөд явуулдаг байсан... /хх-ийн 120-123 дугаар хуудас/,
иргэний хариуцагч Д.Ганбаатарын ...Би өөрийгөө ямар учраас эрүүгийн 1934007580546 дугаартай хэрэгт иргэний хариуцагчаар татагдаж байгаагаа ойлгож мэдлээ. Гэхдээ намайг энэ хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би одоо мэдүүлэг өгнө. Одоогоор өмгөөлөгч авахгүй ээ. Би Г.Ган-Эрдэнийг 2019 оны 08 дугаар сард хүнээс адуу, мал зээлээр аваад тэрнээсээ болоод цагдаа шүүхээр явж байгаа гэж бодсон. Тэрнээс биш би тэр үед нь Г.Ган-Эрдэнийг хүнээс мал, мах зээлээр аваад залилаад, хулгай хийгээд ир гэж хэлээд явуулж байгаагүй. Би Г.Ган-Эрдэнэтэй 3 сарын хугацаанд хамтарч ажиллах хугацаандаа бол мал, мах авах мөнгийг нь хангалтай өгөөд явуулдаг байсан... ...Би болсон хэргийн талаар өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө өөрийн мэдэх зүйлээ тодорхой ярьсан болно... ...Би Г.Ган-Эрдэнийг 4-5 жилийн өмнөөс эхэлж таних болсон. Гэхдээ 2019 оны 04 сарын 07 сарын хооронд 3 сарын хугацаатай хамтарч ажилласан тэр үедээ бол би өөрөө мөнгө өгөөд хөдөө маланд явуулдаг байсан бөгөөд мал, мах авч ирээд зардаг ослон ашгаа адилхан хуваагаад л авдаг байсан. Одоо харин Г.Ган Эрдэнэ надад надаас авсан мөнгөний үлдэгдэл 4000000 төгрөг өгөх ёстой... /хх-ийн 125-126 дугаар хуудас/,
гэрч Г.Гэрэлтуяагийн ...Би Төв аймгийн Эрдэнэсант сумын Мал эмнэлгийн тасагт Улсын байцаагчаар ажилладаг... ...2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр манай малын эмч Дулмаагаас 17 адуу, 10 үхрийн гарал үүслийн бичиг авсан бүртгэл байна... /хх-ийн 127-128 дугаар хуудас/,
гэрч Д.Дулмаагийн ...Би Төв аймгийн Эрдэнэсант суманд 1999 оноос хойш одоог хүртэл "Эх холбоо" мал эмнэлгийн захирал, эмчээр ажиллаж байна... ...Би Ган-Эрдэнэ гэх хүнийг танихгүй ээ. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Харин Гунгаасамбуу нь манай сумын хөдөөний малчин хүн байгаа юм түүний авгайг Отгонцэнд гэдэг. Бидэнд ямар нэгэн хамаатан садангийн харилцаа холбоо байхгүй ээ... ...2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр өглөөний намайг малын угаалганы газар ажиллаж байхад 11 цагийн орчимд манай сумын хөдөөний малчин Гунгаасамбуугийн эхнэр Отгонцэнд гэдэг хүн над руу залгаж махны бичиг авъя манайд хүрээд ир гэж ярихаар нь би машинтайгаа очиход мал авч байгаа ченж гэх 25 орчим насны залуу тэр хавийн малчдаас мал авч байсан тэгэхээр нь би тэр залуутай уулзаж тэр хүний бичиг баримтыг нь үзэж шалгаад машиных нь номер дугаарыг, болон тэр ченжийн овог нэр, регистрийн дугаарыг нь бичиж авч бүртгэлийн дэвтэр дээрээ бичиж авч байсан. Тухайн үед надаас 17 тооны адуу, 10 тооны үхрийн бичиг авч байсан. Тийм болохоор нь адуу, үхэрнүүдийг нь сумынхаа Г.Зууннаст гэдэг малчныхаа нэр дээр бичсэн тухайн үед нь Зууннаст нь яг мал зарж таарч байсан юм байна. Тэгэхэд би үхрүүдийг нь хэнийхээс авч байгаа талаар асуухад манай сумын Эрдэнэчулуун гэх хүнээс худалдаж авсан талаар надад хэлж байсан... ...Би тухайн үед тэр машиныг нь өөрийн нүдээр харж номерыг нь марктай нь бичиж авч байсан. Хово маркийн 27-86 ӨВО дугаарын том ачааны машинд малаа ачиж байсан... /хх-ийн 129-130 дугаар хуудас/,
яллагдагч Г.Ган-Эрдэнийн ...Эрдэнэчулуун гэх айлаас 10 тооны үхэр, 5 тооны адууг 20000000 төгрөгөөр бодож үхрийг нь 1400000 төгрөгөөр, адууг нь 1200000 төгрөгөөр авсан юм. Тухайн үед миний дансанд мөнгө байгаагүй. Эрдэнэчулуун эгчид сүлжээтэй газар очоод мөнгө явуулъя гэж худлаа хэлээд малаа зам дээрээс гар өргөж байгаад том ачааны машинд үнэ тохирч ачаад Улаанбаатар хот Эмээлт зах руу Гансүх ах руу хэлээд явуулсан. Би тухайн үед нийтдээ 22 тооны адуу, 10 тооны үхэр аваад 32 бод мал ачиж явуулсан... ...Мал авахаар явахдаа Гансүх ахаас эхлээд 500000 төгрөг түлш хийнэ гэж аваад араас нь 10.000.000 төгрөг аваад малаа цуглуулж дуусаад 30.000.000 төгрөгийг эхнэр Болормаагийн дансаар авсан юм. Би малаа Эмээлт зах руу явуулсныхаа дараа Эрдэнэчулуун эгчид мөнгийг чинь очиж байгаад явуулъя одоо хийх гэсэн чинь мөнгө байхгүй байна гээд дансныхаа үлдэгдлийг харуулсан... ...Би Гансүх ахаас авсан 40.000.000 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Тахилт газар байх 07, 05 2 айлын газартай 4х7 хэмжээтэй 1 давхар өвөл зуны модон байшин авахаар нь урьдчилгаа мөнгө гэж өгсөн... /хх-ийн 57-60 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ...хохирогч Б.Эрдэнэчулууний нас гүйцсэн адуу 5 толгой, нас гүйцсэн үхэр 10 толгойг нийт 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр үнэлсэн... хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 46 дугаар хуудас/ болон хохирогч Б.Эрдэнэчулууны Төв аймгийн Эрдэнэ сумын Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 8 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/, мал тэжээвэр амьтад, худгийн 2018 оны тооллогын баримт, итгэмжлэл /хх-ийн 12-18 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 61-68, 70-78 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Г.Г нь иргэн Б.Эрдэнэчулууныг хуурч, сүлжээтэй газар очоод “Хаан” банкны мобайлаар мөнгө шилжүүлнэ гэж итгүүлж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан улмаар түүний эзэмшлийн 20.000.000 /хорин сая/ төгрөгийн 10 тооны үхэр, 5 тооны адуу нийт 15 тооны бод малыг залилжээ.
Тэрээр энэхүү өөрийн бусдыг хуурч, худалдан авалт хийх мөнгөгүй атлаа энэ бодит байдлаа нуух замаар мөнгөтэй юм шиг байдлаар “ХААН” банкны мобайлаар шилжүүлнэ гэж хохирогч Б.Эрдэнэчулууныг итгүүлж, төөрөгдөлд оруулан түүний 15 тооны бод малыг худалдан авалт хийж байна гэж авч байгаа үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирогчид 20.000.000 /хорин сая/ төгрөгийн хохирол учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан эд хөрөнгийн хохирол нь шүүгдэгчийн бусдыг залилсан санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Түүнчлэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар шүүгдэгч Г.Г нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд маргаагүй бөгөөд гэм буруутай болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр,
хөрөнгийн үнэлгээний тайлан болон хохирогч Б.Эрдэнэчулууны Төв аймгийн Эрдэнэ сумын Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мал тэжээвэр амьтад, худгийн 2018 оны тооллогын баримт, итгэмжлэл зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байна.
Иймд шүүгдэгч Г.Г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Г гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Б.Эрдэнэчулууны нас гүйцсэн адуу 5 толгой, нас гүйцсэн үхэр 10 толгойг нийт 20.000.000 /хорин сая/ төгрөгийн хохирол учирсан байна.
Хохирогч Б.Эрдэнэчулуун нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд 15 тооны бод малын үнэ болох хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон 20.000.000 /хорин сая/ төгрөгийг, мөн шүүгдэгч Г.Г Төлбар барагдуулах хэлцэл хийж уг хэлцлээр тооцсон алданги 5.000.000 /таван сая/ төгрөг, нийт 25.000.000 /хорин таван сая/ төгрөг нэхэмжилсэн.
Гэвч шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагаас гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болох 20.000.000 /хорин сая/ төгрөгийг шүүгдэгч Г.Ган-Эрдэнээс гаргуулж, хохирогч Б.Эрдэнэчулуунд олгох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд харин төлбөр барагдуулах хэлцлээр нэхэмжилж байгаа алданги гэх 5.000.000 /таван сая/ төгрөгийг хэлэлцэх боломжгүй гэж үзэн энэ талаар баримтаа бүрдүүлж, шүүгдэгч Г.Ган-Эрдэнээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Жич шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Эрдэнэчулуунд 1.000.000 /нэг сая/ төгрөг төлсөн байх ба энэ 1.000.000 /нэг сая/ төгрөгөө хохирогчийн нааш цааш явсан бензин шатахууны зардалд төлсөн, хохирлоос хасаж тооцохгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Г.Г хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоох нь тохирно гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Г оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Бусад нөхцөл байдлын талаар:
Эрүүгийн 1934007580546 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Г.Ган-Эрдэнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Иргэний хариуцагчийн талаар:
Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Г-д холбогдох эрүүгийн 1934007580546 дугаартай хэрэгт мал, мах авдаг ченж Д.Гансүх, Д.Ганбаатар нарыг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагч гэнэ.” гэж заасан байдаг.
Гэтэл иргэний хариуцагч гэх Г.Гансүхийн хувьд өөрийн төрсөн ах болох Д.Ганбаатарын урьд нь хамтарч ажиллаж байсан гэх Г.Ган-Эрдэнэтэй мал, мах худалдан авах зорилгоор амаар харилцан тохиролцсоны улмаас хэлцэл байгуулан ашгаа хувааж авахаар болж түүнд мал, мах худалдан авахад нь зарцуулагдах шаардлагатай мөнгийг Б.Болормаа гэх хүний “ХААН” банкны 5925258636 дугаарын данс руу Дашдэлэгийн Гансүх гэх хүний “ХААН” банкны 5017047105 дугаарын данснаас 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 500.000 /таван зуун мянга/ төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 10.000.000 /арван сая/ төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 2 удаа 20.000.000 /хорин сая/ төгрөг, 15.000.000 /арван таван сая/ төгрөг, нийлээд 35.000.000 /гучин таван сая/ төгрөг, бүгд 4 удаагийн шилжүүлгээр нийт Б.Болормаа гэх хүний “ХААН” банкны 5925258636 дугаарын данс руу 45.500.000 /дөчин таван сая таван зуун мянга/ төгрөг шилжүүлсэн болох нь хавтас хэргийн 147-153 дугаар хуудсанд авагдсан иргэний хариуцагч Д.Гансүхийн “ХААН” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
4 удаагийн шилжүүлгээр 45.500.000 /дөчин таван сая таван зуун мянга/ төгрөг орсон гэх тухайн “ХААН” банкны 5925258636 дугаарын данс нь шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн эхнэр болох Б.Болормаагийн данс болох нь хавтас хэргийн 38-39 дүгээр хуудсанд авагдсан гэрч Б.Болормаагийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Үүнтэй холбоотойгоор шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ нь Д.Гансүхтэй амаар хийсэн хэлцлийн дагуу бензин шатахуун, түлшний мөнгө 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг хасаж, мал, мах худалдан ав гэж шилжүүлсэн 45.000.000 /дөчин таван сая/ төгрөгийг хэлцэлд заасан зориулалтын дагуу зарцуулалгүй хувьдаа ашиглан өмнөх өр болох Мягмардорж гэх хүнд 164 ширхэг хонины мөнгө болох 16.000.000 /арван зургаан сая/ төгрөгийг, мөн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтад байдаг хүний хашаа байшинг худалдан авахаар тохиролцож хашаа байшингийн эзэн Дамбийням гэх хүнд урдчилгаа 4.800.000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөгийг тус тус шилжүүлсэн байх ба мал, мах худалдан авах мөнгө шилжүүлсээр байтал зарцуулах ёстой мөнгийг зарцуулалгүй, өөртөө ашиглан хэрэглэсэн үйл баримт тогтоогдож байна.
Энэ бүгдээс дүгнэхэд шүүгдэгч Г.Г нь мал, мах худалдан авах ёстой байсан 45.000.000 /дөчин таван сая/ төгрөгөөс өөртөө хэрэглэж, үлдэх мөнгөөр нь мал, мах худалдан авчихаад дахин мал худалдан авна гэж мал худалдан авах мөнгөгүй байж уг байдлаа нуун хохирогч Б.Эрдэнэчулуунаас 10 тооны үхэр, 5 тооны адуу худалдан авч 20.000.000 /хорин сая/ төгрөгийн хохирол учруулсан байна.
Иймд шүүгдэгч Г.Г нь хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Б.Эрдэнэчулууны 15 тооны бод малыг шилжүүлэн авсан санаатай үйлдлийнхээ үр дагавар болох хохирлыг өөрөө хариуцах нь зүйтэй байна.
Түүнчлэн иргэний хариуцагч Д.Ганбаатар нь шүүгдэгч Г.Г урьд олсон ашгаа хуваан авах нөхцөлтэйгөөр хамтран ажиллаж байсан бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б.Эрдэнэчулууны 15 тооны бод малыг залилж авсан үйлдэлтэй оролцоо хамааралгүй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,
36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2.1
дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овгийн Г Г-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц овгийн Г Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц овгийн Г Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн 1934007580546 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, хохирогч Б.Эрдэнэчулуунд бензин шатахууны зардалд 1.000.000 /нэг сая/ төгрөг төлснийг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ц овгийн Г Г 20.000.000 /хорин сая/ төгрөгийг гаргуулж хохирогч НФ70021509 дугаарын регистртэй, Хөнхөрцөг овгийн Бадарчийн Эрдэнэчулуунд олгосугай.
6. Хохирогч НФ70021509 дугаарын регистртэй, Хөнхөрцөг овгийн Бадарчийн Эрдэнэчулуун нь 5.000.000 /таван сая/ төгрөгийн баримтаа бүрдүүлж, шүүгдэгч Цоохор овгийн Ганбатын Ган-Эрдэнээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц овгийн Г Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүнийг хорих ял эдлэх хугацааг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Ц овгийн Г Г-д авсан цагдан хорих сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН