| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0357/Э |
| Дугаар | 329 |
| Огноо | 2020-08-24 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Азжаргал |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 329
2020 08 24 2020/ШЦТ/329
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дондовням,
улсын яллагч А.Азжаргал,
шүүгдэгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М овгийн С Т-д холбогдох эрүүгийн 2034004290475 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт 1980 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа, Дархан-Уул аймгийн 9 дүгээр баг, Хээтээ хороолол 4/7-118 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анха ншатны шүүхээр 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх л шийтгүүлж байсан. 1 удаагийн ял шийтгэлтэй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, М овгийн С Т
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч С.Тнь 2018 оны 02 дугаар сард Сонгинохайрхан дүргийн нутаг дэвсгэрт цагдаагийн алба хаагчийн албаны үнэмлэхийг хуурамчаар үйлдэж, улмаар хуурамч болхоыг мэдсээр байж 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын 52-ын даваа гэх газарт ажил үүргээ гүйцтэгэж байсан Замын Цагдааагийн ажилтанд үзүүлж ашигласан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч С.Т:
...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 2034004290475 дугаартай хэрэгт гэрч П.Октбиш /хх-ийн 7-8 дугаар хуудас/, гэрч С.Төгсжаргал /хх-ийн 9-10, 11 дүгээр хуудас/, яллагдагч С.Төгсжаргал /хх-ийн 44-45 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 109 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-31 дүгээр хуудас/ гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, эд зүйл түр хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 48 дугаар хуудас/, шүүгдэгч С.Төгсжаргалын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 12-24, 35-38, 49-53 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч С.Т нь 2018 оны 02 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт цагдаагийн алба хаагчийн албаны үнэмлэхийг хуурамчаар үйлдэж, улмаар хуурамч болохыг мэдсээр байж 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын 52-ын даваа гэх газарт ажил үүргээ гүйцэтгэж байсан Замын Цагдааагийн ажилтанд үзүүлж ашигласан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах
гэрч П.Октбишийн ...Баянчандмань сум дээр автын цагдаа зогсоогоод хэсэг удсан. 40 орчим минут болоод машинд ирж суугаад хугацаа нь дууссан үнэмлэхтэй удаалаа одоо пост орно гэж байна. Миний түр үнэмлэхийн хугацаа дууссан байна гээд цагдаа нарыг дагаад явсан. Тэгээд постон дээр үлдсэн. Би машинаа Баянчандмань суман дээр очиж дугуйгаа янзлуулаад буцаж ирээд л машины зургийг авч багаж үзээд тэгээд бид хоёрыг явуулсан. Тэгээд Дарханд ирээд буцсан... ...үнэмлэх дээрх зураг Төгсжаргалын зураг мөн байна... ...би тийм үнэмлэх үзүүлсэн гэж бодоогүй. Одоо л сонсож байна. Надад жолооны үнэмлэхийн хугацаа дууссан гэж хэлсэн... /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
яллагдагч С.Төгсжаргалын ...би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 44-45 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 109 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн А-0008118 дугаартай үнэмлэх нь шинжилгээнд тэнцэнэ... ...шинжилгээнд ирүүлсэн А-0008118 дугаартай үнэмлэх нь энгийн өнгөт принтерээр хэвлэгдсэн хуурамч үнэмлэх байсан... талаарх дүгнэлт /хх-ийн 29-31 дүгээр хуудас/ гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, эд зүйл түр хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 48 дугаар хуудас/, шүүгдэгч С.Төгсжаргалын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 12-24, 35-38, 49-53 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүгдэгч С.Т нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлаж шүүх хуралдаанаар хэлэлцэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудын аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч С.Т-ын гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч С.Т нь цагдаагийн алба хаагчийн албаны үнэмлэхийг хуурамчаар үйлдэж, улмаар үнэмлэхээ хуурамч болохыг мэдсээр байж Замын Цагдааагийн ажилтанд үзүүлж ашиглажээ.
Тэрээр өөрийн цагдаагийн албаны үнэмлэхийг хуурамчаар үйлдэж, уг үнэмлэхээ ашигласан үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж уг үйлдлээ хүсч үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна дүгнэлээ.
Мөн шүүгдэгч С.Т нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч С.Т-ыг цагдаагийн алба хаагчийн эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч С.Т нь хуурамчаар баримт бичиг үйлдэж, ашигласан нь хууль тогтоомж зөрчсөн байна.
Дээрх гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт биш бөгөөд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт учир хохирол, хор уршиг шаардахгүй.
Иймд шүүгдэгч С.Т-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч С.Т-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгч С.Т-д энэ тогтоолоор оногдуулсан 600.000 /зургаа зуун мянга/ төгрөгийн торгох ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн хоёр зуун арван зургаан цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг торгох ялын арван таван нэгжтэй буюу 15.000 төгрөгөөр тооцоход хоёр зуун арван зургаан цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял нь торгох ялын 405 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 405.000 төгрөгийн торгох ялтай дүйцэж байх тул уг ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг нэг мянга таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.005.000 төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч С.Т-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
шүүгдэгч С.Т-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Т-д нь оногдуулсан дөрвөн зуун тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.005.000 /нэг сая таван мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн А-0008118 дугаартай, цэнхэр өнгийн цагдаагийн албаны 1 ширхэг үнэмлэх зохих байгууллагад шилжүүлэхийг,
эрүүгийн 1934010120262 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,
36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овгийн С Т-ыг эрх олгосон баримт бичгийг хураамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М овгийн С Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М овгийн С Т-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 216 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгтэй дүйцүүлэн тооцож, 405 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 405.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 1.005.000 /нэг сая таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М овгийн С Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянга таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.005.000 /нэг сая таван мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М овгийн С Т-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн 2034004290475 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн А-0008118 дугаартай, цэнхэр өнгийн цагдаагийн албаны 1 ширхэг хуурамч үнэмлэхийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М овгийн С Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М овгийн С Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН