Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 274

 

                                                       

 

 

 

 

 

                                                       

Б.Пид холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мягмаржав, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ж.Бат-Эрдэнэ,

өсвөр насны шүүгдэгч Б.Пийн хууль ёсны төлөөлөгч Н.Ариунгэрэл, тэдний өмгөөлөгч Д.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, өсвөр насны шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Пид холбогдох эрүүгийн 1709011600107 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Бодонгууд овогт Болдбаатарын П, 2000 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дорнод аймаг, Хэрлэн сум, 10 дугаар баг, Ялалтын 15-8 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /,

 

Б.П нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 3 дугаар гудамжны 136 тоот, хохирогч П.Цгийн монгол гэрийн тооноор нэвтэрч 250.000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн Sony маркийн LCD зурагт хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Б.Пийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Б.Пийг бусдын хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Пид 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний эдлэх ялыг 2 дахин багасгаж, түүний эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Пийн эдлэх хорих ялыг нээлттэй сургалт хүмүүжлийн тусгай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, өсвөр насны шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.П гаргасан давж заалдах гомдолдоо: “...Энэ хулгайн гэмт хэргийг би ганцаараа үйлдээгүй. Миний танил Ганзориг, Бямбадорж, Гантогтох нар цуг байсан. Энэ талаар би мөрдөн байцаалтад үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Гэтэл мөрдөн байцаагч “ганцаараа үйлдсэн гэж хэл, тэгвэл чи насанд хүрээгүй гэдгээрээ зүгээр гарна” гэж хэлсэн. Энэ гэмт хэргийг айлын тооноор орж үйлдээгүй. Хаалганы цоожийг эвдэж орцгоосон телевизорыг авсан.

Иймд надтай хамт хэрэг үйлдсэн дээрх хүмүүсийг шалгаж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Пийн өмгөөлөгч Д.Батбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Гомдлын агуулга нь хохирлын хэмжээнд хүрэхгүй байна гэсэн утгатайгаар гомдлоо гаргасан. Харин өнөөдрийн хувьд өөрийн гаргасан давж заалдах гомдлоо дэмжихгүй, шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж, хууль хэрэглээний асуудал хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцож байна. Миний үйлчлүүлэгч 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэгт холбогдсон. Хийсэн гэмт хэргийнхээ талаар хүлээн зөвшөөрдөг. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар өсвөр насны хүүхдийг цаашид хүмүүжихэд нь анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг доод хэмжээнээс багасгаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Пийн хууль ёсны төлөөлөгч Н.Ариунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хүү хулгайч биш. Хамгийн анх надтай хамт байцаалт өгөхдөө “намайг хүн харж бай гэсэн, гадаа харанхуй байсан. Шил хагарахаар нь тооно байх гэж бодсон” гэж хэлсэн. Өмгөөлөгчтэй байцаалт өгөхдөө “би мэдэхгүй байна. Намайг хүн харж бай гэж хэлсэн. Телевизорыг яаж зарсныг би мэдэхгүй” гэж хэлдэг...” гэв.

 

Прокурор Ж.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.П бүлэглэн үйлдсэн гэдгийг шалгаж өгнө үү гэсэн байна. Мөрдөн байцаагч нь миний өрөөнд Б.Пийг дагуулж орж ирэхэд “чи яг ганцаараа үйлдсэн үү” гэж асуухад “би ганцаараа үйлдсэн” гэж хэлсэн. Хэргийг шүүх рүү шилжүүлэхэд “болсон асуудлыг үнэнээр нь хэлээрэй. Чи ганцаараа үйлдсэн үү” гэж асуухад, “би ганцаараа үйлдсэн, үнэн” гэж хэлдэг. “Чи яаж авсан бэ” гэхэд, “би тооноор нь орж авсан” гэж удаа, дараа прокурор болон шүүхийн шатанд хэлсэн. Харин хэрэг шийдвэрлэсний дараа иймэрхүү утгатай давж заалдах гомдол гаргасан байна. Өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж хорих ялаас доогуур ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх байх...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.П нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 3 дугаар гудамжны 136 тоот, хохирогч П.Цгийн монгол гэрийн тооноор нэвтэрч 250.000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн Sony маркийн LCD зурагт хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

өсвөр насны шүүгдэгч Б.Пийн “...Манайх Сүхбаатар дүүргийн 12 хорооны Хангайн 5-171 тоотод байдаг юм. Би 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гэрээсээ гараад явж байгаад 9 дүгээр дэлгүүрийн ТҮЦ орж тамхи аваад буцаад гэртээ ирсэн. Тэгээд удалгүй гэрээсээ 22 цагийн үед гараад ертөнцийн зүгээр урд зүг рүү гудамж руу алхаж байгаад далан талдаа мөнгөлөг саарал өнгийн төмөр хашаа байсан ба хашаанд монгол гэр байсан. Тэр гэр нь харанхуй гэрэлгүй байсан болохоор тэр айлын тооноор орж 32 инчийн Sony маркийн зурагт аваад гарсан бөгөөд зуун айл руу явж байгаад замаар нэг хүн явж байхаар нь “ахаа надад мөнгөний хэрэг гараад байна” гэж хэлээд зурагтыг 50.000 мянган төгрөгөөр зарсан. Тэгээд би тэр шөнөө интернэт тоглоом тоглох гээд явсан бөгөөд тоглоомын газар хаалттай байсан болохоор буцаад гэртэй ирсэн. Тэгээд маргааш нь явж интернэт тоглоом тоглосон ба хоол авч идээд мөнгийг дуусгасан...” /хх-ийн 45-46/,

хохирогч Б.Цгийн “...2017 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө 08 цагт гэрээсээ гараад ажилдаа явж орой охиныхоо гэрт хоночихоод 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 15 цагийн үед гэртээ ороход гэрийн баруун хана дагуу тавиур дээр байдаг 32 инчийн Sony маркийн зурагт хулгайд алдагдсан байсан...” /хх-ийн 27/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 18/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 19/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Пийн “...Энэ хулгайн гэмт хэргийг би ганцаараа үйлдээгүй. Миний танил Ганзориг, Бямбадорж, Гантогтох нар цуг байсан. Энэ талаар би мөрдөн байцаалтад үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Гэтэл мөрдөн байцаагч “ганцаараа үйлдсэн гэж хэл, тэгвэл чи насанд хүрээгүй гэдгээрээ зүгээр гарна” гэж хэлсэн. Энэ гэмт хэргийг айлын тооноор орж үйлдээгүй. ...надтай хамт хэрэг үйлдсэн дээрх хүмүүсийг шалгаж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

 

Учир нь, өсвөр насны шүүгдэгч Б.Пийн “...тэгээд удалгүй гэрээсээ 22 цагийн үед гараад ертөнцийн зүгээр урд зүг рүү гудамж руу алхаж байхад далан талдаа мөнгөлөг саарал өнгийн төмөр хашаа байсан ба хашаанд монгол гэр байсан. Тэр гэр нь харанхуй гэрэлгүй байсан болохоор тэр айлын тооноор орж, 32 инчийн Sony маркийн зурагт аваад гарсан бөгөөд 100 айл руу явж байгаад замаар нэг хүн явж байхаар нь “ахаа надад мөнгөний хэрэг гараад байна” гэж  хэлээд зурагтаа 50.000 төгрөгөөр зарсан. ...би тухайн үед ганцаараа явсан...” /хх-ийн 45-46/, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд “тухайн үед хохирогчийн гэрт яаж орсон бэ” гэхэд “тооноор нь”, “та хулгайлсан зурагтаа яаж авч гарсан бэ” гэхэд “тооноор нь авч гарсан” /хх-ийн 73/ зэрэг мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-7/ зэргээр давж заалдах гомдол няцаагдаж байна.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба өсвөр насны шүүгдэгч Б.П нь бусдын хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Эрүүгийн хуулийн ернөхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж хуульчилжээ.

 

Харин өсвөр насны шүүгдэгч Б.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал, өсвөр насны хүүхэд анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг тус тус харгалзан үзэж давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэн, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эдлэх ялыг хоёр дахин багасгах нь өсвөр насны шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг ...нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасантай нийцнэ гэж үзлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, өсвөр насны шүүгдэгч Б.Пийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: