Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 11

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                  Хэргийн индекс: 114/2018/0008/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, Найрамдлын өргөн чөлөө өөрийн байранд байрлах Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.М, Ш.Г  нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймаг дахь Төрийн Аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15/01 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                         З.Э

Хариуцагч                                                                              Ш.М, Ш.Г

нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1. “15/01 дугаартай актад дурдсан Төсвийн тухай хуулийн заалт нь ерөнхий заалт. Тухайлсан хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого буюу илүү цагийн хөлсийг Хөдөлмөрийн тухай хууль болон дотоод журмаар зохицуулдаг. Гаалийн байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу төсвөө батлуулж, батлагдсан төсвийн хүрээнд буюу цалингийн сандаа олгосон. Мөн ажилтны цалинг сар бүр тооцоолон бодох боловч тухай бүрт илүү цагийн хөлсийг тооцохдоо заавал тушаал шийдвэр гаргах ёстой гэсэн хууль эрх зүйн заалт байхгүй. Зөвхөн хууль, дүрмийн дагуу нягтлан бодогч нь хүний нөөц хариуцсан ажилтнаас илүү цагийн тооцоог авч тооцоолол хийн байгууллагын даргад танилцуулж гарын үсэг зуруулан баталгаажуулж илүү цагийн хөлс олгодог. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтан илүү цагаар ажилласан нь нотлогдож байгаа бол илүү цагийн хөлсийг тооцон олгоно гэсэн зарчмын заалтыг хэрэгжүүлэн ажилласан нь 15/01 дугаар актыг хүчингүй болгуулах үндэслэлд хамаарна.

2. Дархан-Уул аймаг дахь Гаалийн газар нь цаг бүртгэлийн хурууны хээ, нүүр царайгаар бүртгэх машинаар ажлын өдрүүдэд ажилтнуудын ажлын цагийг бүртгэн цаг бүртгэлийн тооцоог гаргадаг. 2018 онд цагийн бүртгэлийн дагуу нийт 29 ажилтны илүү цагийн тооцоо гаргасан нь 1684 цаг 47 минут болсон байна. Гаалийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Гаалийн бүрдүүлэлтийг гаалийн байгууллага бүхий газарт гаалийн байгууллагын даргаас тогтоосон цагт хийнэ” мөн энэ хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д “Гаалийн удирдах төв байгууллагын дарга нь гаалийн байгууллагын байршил, ажиллах цагийн хуваарийг гадаад худалдаанд дэмжлэг үзүүлэх хэрэгцээг харгалзан тогтооно,” ГЕГ-ын даргын 2016 оны А/236-р тушаалаар батлагдсан “Журам батлах тухай” журамд гаалийн бүрдүүлэлтийг хийх цагийг тогтоохдоо 2.3-т “Гүний гаалийн байгууллага ажлын өдрүүдэд ажлын цагт”, 2.4-т “төмөр замын дагуу байрлах гүний байгууллага энэ тушаалын 2.3-т заасан хугацаанаас гадна шаардлагатай тохиолдолд нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдрүүдэд” ...гэсэн эдгээр хууль тогтоомжийг үндэслэн гаалийн бүрдүүлэлтийг хийж байхаар тогтоосон.

Тус гаалийн газар нь гүний гаалийн байгууллага, нийт бүрдүүлэлтийн 90 гаруй хувийг экспортын бүрдүүлэлт, импортын 50 орчим хувь нь нефть бүтээгдэхүүн эзэлдэг тул гаалийн хяналт шалгалт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаа нь ажлын цагт багтаж дуусдаггүй тул ажлын бус цагаар илүү цагаар ажилладаг. Энэ нь гадаад вагоныг саатуулахгүй, худалдаа эрхлэгч нарт эдийн засгийн хувьд хүндрэл учруулахгүй үүднээс захиалга дуудлагаар үйлчлүүлсэн цагийг тогтмол сунган ажилладаг. Мөн үүний гол шалтгаан нь УБТЗ-ын Дархан өртөөнд сэлгээ хийх вагон толгой хүрэлцдэггүйгээс экспорт импортын бараа бүтээгдэхүүн ачсан тээврийн хэрэгслүүд цаг хугацаандаа ачигдах болон буулгах газартаа тавигдахгүйгээс маш их хугацаа алдаж гаалийн бүрдүүлэлт хийгдэж байна.

Иймээс Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Ажилтанд үндсэн цалин дээр нь ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгож болно”, 50.2-т “Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсрн буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтын үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно”, 53 дугаар зүйлийн 53.1-д “Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно”, Гаалийн тухай хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т “Гаалийн бүрдүүлэлтийг энэ хуулийн 25.1-д заасан хугацаанд хийх боломжгүй тохиолдолд гаалийн газар, хорооны даргын шийдвэрээр гаалийн улсын байцаагчийг ажлын бус цагаар ажилуулж болох бөгөөд энэ тохиолдолд гаалийн байцаагчид Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу илүү цагийн хөлс олгоно” гэж заасан.

Үүний дагуу тус гаалийн газар нь гүний гаалийн байгууллага тул 2018 оны нийт 114 баярын болон амралтын өдрүүдэд гаалийн улсын байцаагч томилон хуваарийг газрын даргын тушаалаар батлан ажилуулж, ажилласан хоногийг нөхөн амралтын 86 хуудсаар баталгаажуулан биеэр эдлүүлж амраасан байна. Үүнээс гадна тус гаалийн газрын харьяа Дархан-Уул аймгийн төвөөс алслагдмал Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр суманд байрлах Хандгайт гаалийн салбар дахь хяналтын 2 бүсэд томилогдон ажиллаж байгаа албан хаагчид тогтмол оройн болон шөнийн цагаар гаалийн бүрдүүлэлт хийдэг тул 15 хоног томилогдон ажилласны дараа 2 хоногийн нөхөн амралт олгон, ажилласан илүү цагийг биеэр эдлүүлдэг. Дээрх 2 гаалийн хяналтын бүсэд хийгдэх хяналт шалгалт, бүрдүүлэлтүүд төмөр замын өртөөний 24 цагийн үйл ажиллагаанаас шалтгаалан тогтмол ажлын бус цагаар хийгддэг тул нарийн тооцоог гаргавал маш их цаг гарах боловч хүний нөөц хүрэлцэхгүйгээс илүү ажилласан цагийг биеэр эдлэх 2 хоног олгодог. Гэвч тус гаалийн газар нь гаалийн хяналт шалгалт хийх 12 гаалийн улсын байцаагчтайгаас Хандгайт салбарт байрлах 2 гаалийн хяналтын бүсэд 1 салбарын эрхлэгч, 3 гаалийн улсын байцаагч /батлагдсан хуваарийн дагуу/ хуваарилагдан ажлын өдрүүдэд тогтмол илүү цагаар ажилладаг. Илүү цагаар ажилласан ажилтан цалин хөлс авах нь тэдний үндсэн хуулиар олгогдсон эрх бөгөөд ажилтны цалин хөлсийг хуулийн дагуу бодож олгох нь ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүрэг билээ.

Эдгээр нөхцөл байдал нь Гаалийн байгууллагын гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөнд хяналт тавих хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд өдөр тутмын ажлын ачааллыг хангах орон тоо хүрэлцдэггүй зэрэг нь илүү цагийн ажилласан хугацааг биеэр эдлүүлэх боломжгүй байдал үүсч байгаа тул Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны А/93 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам”-ын 8 дугаар зүйлийн 8.25-т “Ажилтныг ажлын зайлшгүй шаардлага болон тухай ажилтны чиг үүргийн хэрэгжилтийн байдлыг харгалзан захиргааны санаачлагаар илүү цагаар ажиллуулж болно. Ажилтанг ажлын шаардлагаар илүү цагаар ажлуулсан тохиолдолд илүү цагаар ажилуулсан ажлын амралтыг биеэр эдлүүлэх эсхүл илүү цагийн хөлсийг олгоно” гэснийг удирдлага болгон зөвхөн ажлын өдрүүдэд илүү цагаар ажилласан илүү цагийн хөлсийг олгосон болно.

Манай байгууллага хууль тогтоомж зөрчиж үндэслэлгүйгээр илүү цагийн хөлсийг олгоогүй бөгөөд хууль болон бусад хэм хэмжээний актаар зохицуулсан журмын дагуу баримт, нотолгооны үндсэн дээр ажлын зайлшгүй шаардлага, бусад үндэслэлийн дагуу илүү цагийн хөлсийг олгосон болно. Иймд 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15/01 дугаар акт нь хууль зүйн үндэслэлгүй тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн аудитын газар нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 5 дугаар зүйлийн 5.1.3-т “санхүү төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ”. 6 дугаар зүйлийн 6.4.1 “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах” мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.2-т “төсвийн захирагч төсвийн асуудлаа өөрийн харьяалагдах дээд шатны төсвийн захирагчаар дамжуулан шийдвэрлүүлдэг байх” гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн гэж тухайн актыг гаргасан байна. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасны дагуу Дархан-Уул аймаг дахь Гаалийн газар нь харин ч батлагдсан төсвөөсөө цалин нэмэгдэл хөлсийг илүү гаргаж хэмнэсэн. Тэгэхээр тус хуулийн заалт нь илүү цагийн хөлс олгосон гэдэг үйл баримттай холбогдохооргүй байна.

Төсвийн асуудал гэдэгт төсвийг төлөвлөх, батлах, гүйцэтгэх, хянах зэрэг бүх ерөнхий ажиллагаанууд орж байгаа. Түүнээс биш өдөр тутмынхаа төсвийг захиран зарцуулах гэдэг үг үсэг Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.2-т ороогүй. Бодит байдал дээр төсвийн захирагч нь цалин өгөх бүртээ дээд шатны төсвийн захирагчдаа мэдэгдэж шийдвэрлүүлнэ гэдэг утгаар ороогүй. Анх төсвийг баталж төлөвлөж гүйцэтгэх, нэмж хасахдаа зөвшилцөнө гэдэг утгаар оруулсан гэж үзэж байна. Илүү цагийн хөлс олгосныг буруутгасан энэхүү заалт бол өнөөдөр хэлэлцэж буй үйл баримттай холбогдоогүй. Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаартай тогтоолын 6.9 дүгээр зүйлийн 1.7-д “тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн эсхүл хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн эсвэл хуулийн заалт хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан зэрэг нь захиргааны акт гарах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзнэ” гэсэн байдаг. Тэгэхээр 15/01 актыг гаргахдаа хэрэглэсэн заалтууд нь актад дурдсан зөрчилтэй хамааралгүй ерөнхийлсөн заалт гэж үзэж байна.

 Актын улмаас Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын 29 ажилтны эрх ашиг хөндөгдсөн. Гэтэл шийдвэр гаргах ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасны дагуу дээрх 29 ажилтанг татан оролцуулаагүй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 26 дугаар зүйлд зааснаар акттай холбоотой тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т “21 буюу түүнээс дээш этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд мэдэгдэх эсхүл тухайн орон нутагт шууд хүргүүлэх боломжгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр буюу бусад арга хэрэгслээр мэдэгдэнэ” гэж заасныг зөрчсөн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг харахад 15/01 дугаартай актыг гаргахад хөтөлсөн хувийн хэрэг гэж байгаагүй. Хуульд зааснаар бол хувийн хэрэг, дагалдах хуудастай байх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “баримт бичигтэй танилцуулах ажиллагааг тухайн захиргааны шийдвэр гаргасан байгууллага хариуцна” гэж заасан байхад тухайн актыг 29 иргэний хэнд нь ч танилцуулаагүй. Захиргааны акт гарснаар 29 иргэнд бодож олгосон илүү цагийн хөлсийг буцаан гаргуулна гэдэг нь тухайн иргэдэд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа юм. Иймд тус актыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-т заасан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэж байгаа. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “эрх зүйн зөрчилтэй актыг хууль бус акт гэж үзнэ” гэж заасан.

Маргаан бүхий 15/01 дугаартай актын хувьд хаяглагдсан этгээд тодорхойгүй. Актын тогтоох хэсэг утга агуулгын хувьд илт зөрчилтэй. Илүү цагийн хөлсөнд авсан мөнгийг ямар субьектээс гаргуулахыг заагаагүй. Гаалийн газрын даргаас гаргуулах гэж байгаа юм уу эсвэл нягтлан бодогчоос нь гаргуулах юм уу эсвэл цалин авсан ажилчдаас авсан хэмжээгээр нь гаргуулах гэж байна уу гэдгийг актад тодорхой заагаагүй. Хаяглагдсан этгээд байхгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн. 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “...бодит байдал хууль зүйн үндэслэлийг заана...” гэсэн байхад ямар үндэслэлээр захиргааны акт гарсан бэ гэдэг нь тодорхойгүй. Нарийвчилсан хуулийн заалтыг баримтлаагүй. Хариуцагч нар Гаалийн газрын ажилчид нь Төрийн албаны тухай хуульд зааснаар нэмэгдэл хөлс авах ёсгүй гэж үзсэн. Гэтэл нэр бүхий 29 ажилтнаас төрийн тусгай албан хаагч 21, хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг 8 ажилтан орсон. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүн бол хөдөлмөрийн гэрээнийхээ дагуу илүү цагийн хөлс авах ёстой. 2 төрлийн төрийн албан хаагчийн талаар маргаан бүхий захиргааны актад орсон. Гэтэл нийтэд нь хамааруулаад нэмэгдэл авах ёсгүй гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Дархан-Уул аймаг дахь Гаалийн газар нь гүний гаалийн байгууллага гэдэгт багтдаг. Төрийн албаны тухай хуулийн 4.4-т “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар зохицуулна”. 41 дүгээр зүйлийн 41.3-т “Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна” гэсэн байна. Гаалийн газрын албан хаагчдын ажил үүргийн онцлогтой холбогдуулан Гаалийн тухай хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т илүү цагийн хөлс олгох талаар заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагааүй ажил гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас тооцон илүү цагийн нэмэгдэл хөлс олгоно” гэж заасан. Хэрэгт авагдсан баримтуудаар бол Гаалийн газар нь цаг бүртгэлийг хурууны хээгээр бүртгэдэг. Машины цагийн бүртгэлээр 1684 цаг 47 минутын илүү цаг бүртгэгдсэн нь баримтаас харагдана.

Гаалийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “гаалийн бүрдүүлэлтийг гаалийн байгууллага бүхий газарт гаалийн байгууллагын даргаас тогтоосон цагт хийнэ” гэж заасан. Мөн  Гаалийн  ерөнхий  газрын  даргын  2016 оны 233 дугаар тушаалаар баталсан журмын  2.3-т  гүний  гаалийн байгууллага ажлын өдрүүдэд ажлын цагт, 2.4-т төмөр замын дагуух гүний гаалийн байгууллага нь 2.3-т заасан хугацаанаас гадна шаардлагатай тохиолдолд нийтээр амрах, баярын болон долоо хоногийн амралтын өдрүүдэд гэсэн эдгээр хууль тогтоомжийг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийнэ. Гаалийн ерөнхий газрын дарга журам батлаад шаардлагатай бол илүү цагаар ажиллана гэж тогтоосон. Гаалийн ажилчид нь илүү цагийн хөлс авсан нь хуулиар зөвшөөрөгдсөн байна.  29 хүн илүү цагаар ажилласан нь нотлогдсон байхад эрхийг нь зөрчөөд илүү цагийн хөлс олгосон нь буруу гэдгийг тогтоолгүйгээр бусдын эрх ашиг сонирхолд халдсан. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан 5 үндэслэлийг дээрх маргаан бүхий акт хангаагүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлөвлөгөөний дагуу Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын 2018 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар тус газар нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 29 ажилтанд 13.8 сая төгрөгийн илүү цагийн хөлсийг төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлээс тушаал, шийдвэргүй, нотлох баримтын шаардлагыг хангаагүй баримтаар олгосон тул ажилтнуудад илүү цагийн хөлс олгосон зөрчилд 15/01 тоот төлбөрийн акт тогтоосон. Төсвийн тухай хуулиар заагдсан 2018 оны Гаалийн тайланд хяналт хийж ажлын захидлыг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өгсөн. Үүнийг Даваасүрэн захирал хүлээн зөвшөөрсөн учраас аудит орсон. Аудит 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр таван үе шаттайгаар хийгдсэн. Шалгалтын явцыг нягтлан Алтанзул нь удирдлагадаа танилцуулахад алдаа дутагдал байгаагаа хүлээн зөвшөөрч тамга тэмдэг дарсан. 

Ажилтнуудад олгосон илүү цагийн хөлс 13.8 сая төгрөг Гаалийн газрын 2018 оны батлагдсан төсөв болон тухайн сарын зарцуулах эрхт тусгагдаагүй. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4-т “энэ хуулийн 5.1.3-т заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ”. 6.4.1-т “Төсвийн үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, 6.6.2-т “Төсвийн захирагч нь төсвийн асуудлаа өөрийн харьяалагдах дээд шатны төсвийн захирагчаар дамжуулан шийдвэрлүүлдэг байх” гэж заасантай нийцэхгүй байна. Гаалийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 8.25-д “ажилтныг ажлын зайлшгүй шаардлага болон тухайн ажилтны чиг үүргийн хэрэгжилтийн байдлыг харгалзан захиргааны санаачлагаар илүү цагаар ажилуулж болно. Ажилтанг ажлын шаардлагаар илүү цагаар ажлуулсан цагийн амралтыг биеэр эдлүүлэх эсвэл илүү цагийн хөлсийг олгохоор тусгасан байна.” Гэвч ажлын зайлшгүй шаардлагаар илүү цагаар ажилуулж болохыг Хөдөлмөрийн тухай хуульд төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний хувьд хэрэгжүүлэхээр заагдсан. Ажилтны илүү цагийн бүртгэлийг нэгдсэн дүнгээр цаг бүртгэлийн системээс жилийн эцэст нэг удаа гаргаж тооцсон нь хөдөлмөрийн дотоод журмын 8.6-д “Ажилтны ажлын цаг ашиглалтад зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга, төрийн захиргааны асуудал хариуцсан нэгж, /дотоод асуудал хариуцсан ажилтан/ бүртгэлээр хяналт тавина. Цагийн бүртгэлийг үндэслэн ажилагсдын ажилласан цагийн тооцоог санхүүгийн асуудал хариуцсан нэгж сард 2 удаа гаргах бөгөөд байгууллага, зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга хянаж баталгаажуулсан нь цалин хөлс бодох үндэслэл болно.” гэж заасантай нийцээгүй.

 Сар бүрийн цагийн тооцооны бүртгэлд ажилтны тухайн сард ажилласан илүү цаг тусгагдаагүй. Санхүүгийн аудитыг материаллаг түвшинд тооцдог. Материаллаг түвшинд тооцсоноос илүү гарвал хязгаартай санал өгдөг. Дархан-Уул аймаг дахь Гаалийн газарт хязгаартай санал өгөхөөр болсон. Нэхэмжлэгчийн тайлбартай холбогдуулж хэлэхэд акттай холбоотой хувийн хэрэг байгаа. Хяналтын хуудсыг акт гаргахдаа хийсэн. Энэ нь сонсох ажиллагаатай адил. Хяналтын хуудас дээр нягтлан Аалтанзул, дарга Даваасүрэн нар гарын үсэг зураад байгууллагадаа мэдэгдэхээр болсон. Буруу шийдвэр гаргасан нягтлан бодогч болон дарга нар актаар тавигдсан дүнг хаанаас гаргах вэ гэдэг нь өөрсдийнх нь асуудал. 2018 оны төсөвт цалин, цалингийн нэмэгдэлд 385.000.000 төгрөг төсөвлөгдсөн байдаг. Төрийн сангаас 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр гүйлгээ хийсэн байдаг. Уг гүйлгээг яагаад хийсэн бэ гэдгийг гайхаж байна. Учир нь гүйлгээ хийхийн тулд Даваасүрэн дарга шийдвэр гаргаж төрийн сангаас гүйлгээ хийх ёстой. Гэтэл тушаал шийдвэргүй гүйлгээ хийж илүү цагийн хөлс олгосон. 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс хойш нэмэгдэл хөлс олгосон тушаал нөхөн гарч манай байгууллагад ирсэн. Цалингийн хэмнэлт яаж ч гарсан байж болно. Гаалийн байгууллагын журам дээр гүний байгууллагын ажилчид ажлын өдөр ажлын цагаар гаалийн бүрдүүлэлт хийнэ гэж заасан байгаа. Иймд дээрх маргаан бүхий актыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

        Хариуцагч Ш.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймаг дахь Гаалийн газар нь 15/01 дугаар актад тайлбар ирүүлсэн. Тайлбарыг шалгаж үзээд удирдлагын зөвлөлөөр хэлэлцээд илүү цагийн хөлс авах нь хууль эрх зүйн үндэслэлгүй, анхан шатны баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн учраас төлбөрийн акт тогтоосон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т заасныг дурдаж байна. Төрийн үйлчилгээний албан хаагчид нь хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг тул Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан болзол, нөхцлийг хангасан тохиолдолд нэмэгдэл хөлс авах эрхтэй байдаг. Гаалийн улсын байцаагчийн албан тушаал төрийн тусгай албан тушаалд хамаарч, онцгой нөхцлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн болон хуульд заасан бусад нэмэгдэлийг авдаг гэдэг утгаараа илүү цагийн хөлс авахааргүйгээр Төрийн албаны тухай хууль, Гаалийн ерөнхий газрын дотоод журам болон ажлын байрны тодорхойлолтод нь заасан.

Гаалийн тухай хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т “Гаалийн бүрдүүлэлтийг энэ хуулийн 25.1-д заасан хугацаанд хийх боломжгүй тохиолдолд гаалийн газар, хорооны даргын шийдвэрээр хийнэ.” гэж заасан. Гэтэл ямар нэгэн тушаал, шийдвэр байгаагүй. Хөдөлмөрийн тухай хуульд зайлшгүй шаардлагаар илүү цагаар ажиллахыг заасан. Гэвч зайлшгүй нөхцөл гэдэг нь байгалийн гамшиг, гоц халдварт өвчний үед хамаарна. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-т “хилийн гаалийн байгууллага гэж хилийн боомт буюу олон улсын нисэх онгоцны буудалд ажилладаг гаалийн байгууллагыг хэлнэ”. Мөн хуулийн 3.1.16-д “гүний байгууллага гэдэг нь 3.1.15-д зааснаас бусад байгууллагыг хэлнэ гэж заасан. Дархан-Уул аймаг дахь Гаалийн газар нь гүний гаалийн байгууллага. Гүний гаалийн байгууллага нь гаалийн бүрдүүлэлтийг Гаалийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Гаалийн бүрдүүлэлтийг гаалийн байгууллага бүхий газарт, гаалийн удирдах төв байгууллагын даргаас тогтоосон цагт хийнэ.” Мөн хуулийн 286 дугаар зүйлд гаалийн байгууллагын байршил, ажиллах цагийг тогтоож өгсөн. Гүний гаалийн байгууллагын байцаагч нар гаалийн бүрдүүлэлтийг ажлын өдөр ажлын цагт хийнэ. Ажилтанд илүү цагийн хөлс олгох тушаал шийдвэр байхгүй. Илүү цагийн тооцоолол хэн гаргасан нь тодорхойгүй, илүү цагийн хөлсийг бодсон тооцоолол нь ойлгомжгүй, байгууллагын дарга хяналт тавьж гарын үсэг зурж баталгаажуулаагүй байсан. Нэхэмжлэгч тал нь 13.8 сая төгрөгийн илүү цагийн хөлсийг төсвийн зарцуулагдаагүй хөлсөөс гаргасан гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймаг дахь Төрийн Аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15/01 дугаар актыг хүчингүй болгуулах”  шаардлагын тухайд:

           Хариуцагч нар нь Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын 2018 оны санхүүгийн тайланд хяналт шалгалт хийж  2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 29 ажилтанд 13.777.241.00 төгрөгийн илүү цагийн хөлсийг төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлээс гаргахдаа төсвийн захирагчийн тушаал, шийдвэргүй нотлох баримтын шаардлага хангаагүй баримтаар олгосон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4-т “энэ хуулийн 5.1.3-т заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ”. 6.4.1-т ”Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, 6.6.2-т “Төсвийн захирагч нь төсвийн асуудлаа өөрийн харьяалагдах дээд шатны төсвийн захирагчаар дамжуулан шийдвэрлүүлдэг байх” гэснийг зөрчсөн. Мөн Гаалийн ерөнхий газрын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/93 дугаар тушаалаар баталсан “Гаалийн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.25-д “Ажилтныг ажлын зайлшгүй шаардлага болон тухайн ажилтны чиг үүргийн хэрэгжилтийн байдлыг харгалзан захиргааны санаачилгаар илүү цагаар ажилуулж болно. Ажилтанг ажлын шаардлагаар илүү цагаар ажилуулсан тохиолдолд илүү цагаар ажилуулсан цагийн амралтыг биеэр эдлүүлэх эсвэл илүү цагийн хөлсийг олгоно.” гэж заасантай нийцээгүй гэх үндэслэлээр илүү цагийн хөлсөнд олгосон 13.777.241.00 төгрөгийг Дархан-Уул аймгийн Төрийн сан банкин дахь Да.Татварын бус орлогын... тоот дансанд  төвлөрүүлэх,... Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын дарга Б.Д, нягтлан бодогч Х.А нарт хариуцуулахаар шийдвэрлэж 2019 оны 02 дугаар  сарын 19-ний өдөр 15/01 дугаар акт гаргасан байна.

Төсвийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь төсөв, түүний зарчим, тогтолцоо, бүрэлдэхүүн, ангиллыг тогтоож, төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэх, төсвийн харилцаанд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, төсөв боловсруулах, батлах, зарцуулах, бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”. 4 дүгээр зүйлийн 4.1.38-д “”Төсвийн шууд захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн  төсвийг  төлөвлөх,  хууль  тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг

тайлагнах эрх бүхий этгээдийг” гэж тодорхойлсноос үзэхэд тус Гаалийн газрын дарга нь тухайн байгууллагын төсвийн шууд захирагчийн хувьд  Сангийн сайдын 2017 оны 216 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд бүртгэх тусгах, хяналт тавих журам”-ын дагуу 2018 оны төсөвт цалин, цалингийн нэмэгдэлд 385.000.000 төгрөг төсөвлөгдсөнөөс 12 дугаар сард зарцуулагдаагүй үлдсэн төсвийн зарлагын хэмнэлт болох 13.777.241 төгрөг зарцуулах хүсэлтийг төсвийн төвлөрүүлэн захирагчид гаргаж нэмэлт санхүүжилтын дансаар зарцуулах эрх аваагүй байж, илүү цагийн хөлс олгох тухай шийдвэр гарган 12 дугаар сарын 18-ны өдөр 29 ажилтанд илүү цагийн хөлс гэж 13.777.241 төгрөгийн гүйлгээ хийсэн нь Гаалийн газрын даргын “Илүү цагийн хөлс олгох тухай” А/20 дугаар тушаал, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудаар тогтоогдож байна.

       Харин нэхэмжлэгчийн зүгээс 29 ажилтанд илүү цагийн хөлс гэж 13.777.241 төгрөг олгосон үндэслэлээ тайлбарлахдаа: Гаалийн тухай хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т “Гаалийн бүрдүүлэлтийг энэ хуулийн 25.1-д заасан хугацаанд хийх боломжгүй тохиолдолд гаалийн газар, хорооны даргын шийдвэрээр гаалийн улсын байцаагчийг ажлын бус цагаар ажилуулж болох бөгөөд энэ тохиолдолд гаалийн байцаагчид Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу илүү цагийн хөлс олгоно” Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно” Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны А/93 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам”-ын 8 дугаар зүйлийн 8.25-т “Ажилтныг ажлын зайлшгүй шаардлага болон тухай ажилтны чиг үүргийн хэрэгжилтийн байдлыг харгалзан захиргааны санаачлагаар илүү цагаар ажиллуулж болно. Ажилтанг ажлын шаардлагаар илүү цагаар ажилуулсан тохиолдолд илүү цагаар ажилуулсан ажлын амралтыг биеэр эдлүүлэх эсхүл илүү цагийн хөлсийг олгоно” гэж заасны дагуу 2018 оны цагийн бүртгэлийн дагуу нийт 29 ажилтны илүү цагийн тооцоо 1684 цаг 47 минут болсон тул олгосон гэж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь хэрэгт авагдсан 2018 оны 1-ээс 12 саруудын ажиллагсадын ажлын цагийн тооцоо, ажиллагсадын цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэлүүдээс харахад тухайн байгууллагын ажиллагсад нь 1-ээс 12 саруудын  ажлын өдрүүдэд илүү цагаар ажилласан нь тогтоогдохгүй байгаа төдийгүй мөн ажилтнуудын ажлын цагийн бүртгэлийг хурууны хээ, нүүр царайгаар бүртгэх машинаар 2018 оны эцэст гаргахад  26 ажилтан нь 1695 цаг 33 минут илүү  ажилласанаар гарч байгаа хэдий ч дээрхи хуулиудад заасны дагуу  ажилтныг ажлын зайлшгүй шаардлага болон тухай ажилтны чиг үүргийн хэрэгжилтийн байдлыг харгалзан Гаалийн газрын даргын шийдвэрээр гаалийн улсын байцаагч, үйлчилгээний ажилчдыг ажлын бус цагаар илүү цагаар ажилуулсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байхад 12 дугаар сард 29 ажилтанд илүү цагийн тооцоо гарган, зарцуулагдаагүй үлдсэн 13.777.241 төгрөгийг хуваарилан  олгосон  нь  буруу болжээ.

Мөн ГЕГ-ын даргын 2016 оны А/236-р тушаалаар батлагдсан “Журам батлах тухай” журамын 2.3-т “Гүний гаалийн байгууллага ажлын өдрүүдэд ажлын цагт”, 2.4-т “төмөр замын дагуу байрлах гүний байгууллага энэ тушаалын 2.3-т заасан хугацаанаас гадна шаардлагатай тохиолдолд нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдрүүдэд” гэж заасны дагуу Гаалийн газрын даргын баталсан цагийн хуваарийн дагуу 2018 онд нийт 114 баярын болон амралтын өдрүүдэд гаалийн улсын байцаагч томилон ажилуулж, ажилласан хоногийг нөхөн амраах чөлөөний 86 хуудсаар баталгаажуулан биеэр эдлүүлж амраасан, энэ нь биднийг илүү цагаар амралтын өдрүүдэд ажилладаг гэдгийг нотлож байгаа гэж тайлбарлаж байгаа ч энэ нь хариуцагчийн гаргасан 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15/01 дугаар актад хамааралгүй болно.

         Төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ, 3 дугаар зүйлийн 3.1-д ”Энэ хууль нь төсвийн байгууллага, түүний албан тушаалтан, Засгийн газрын болон орон нутгийн тусгай сан, төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг болон хууль тогтоомжийн дагуу төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээдэг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд хамаарна” гэж заасны дагуу хариуцагч нараас Гаалийн газрын даргад холбогдуулан 15/01 дугаар акт тавихдаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4-т “энэ хуулийн 5.1.3-т заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ”. 6.4.1-т ”Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, 6.6.2-т “Төсвийн захирагч нь төсвийн асуудлаа өөрийн харьяалагдах дээд шатны төсвийн захирагчаар дамжуулан шийдвэрлүүлдэг байх” гэх хуулийн заалтыг үндэслэсэн нь Төсвийн тухай хуулийн ерөнхий заалт барьсан гэж  буруутгах үндэслэлгүй байна.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч нар уг шийдвэр гаргах ажиллагаандаа 29 хүнийг татан оролцуулаагүй Захиргааны ерөнхий хуулийн 25.1.2, 25.1.5, 26.1, 27.2.2, 29.1, 32.3, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.4, 47.1.5, 47.1.6-д заасныг зөрчсөн гэх тайлбарын тухайд: Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна” 16.5-д ”төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж зохицуулсанаас үзэхэд Гаалийн газрын дарга нь тус байгууллагын төсвийн шууд захирагчийн хувьд Дархан-Уул аймаг дахь Төрийн Аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15/01 дугаар актаар тогтоосон 13.777.241 төгрөгийг төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй тул хариуцагчийн зүгээс 29 ажиллагсадыг уг шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагагүй, мөн нэхэмжлэгчийн зүгээс “Дархан-Уул аймаг дахь Төрийн Аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15/01 дугаар актыг хүчингүй болгуулах”  шаардлага бүхий нэхэмжлэл  гаргасан  байхад  Захиргааны  акт  илт хууль бус болох актын талаар тайлбар гаргаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэйгээ уялдахгүй байгааг дурдах нь зүйтэй.

        Иймд дээрхи байдлыг дүгнэн үзэхэд нэхэмжлэгч Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын дарга нь Гаалийн тухай хуулийн 286 дугаар зүйлийн 286.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т заасныг зөрчин 2018 оны 12 дугаар сард төсвөөс зарцуулагдаагүй үлдсэн 13.777.241 төгрөгийг 29 ажилтанд илүү цагийн хөлс гэж хувиарлан  олгосон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.6.2-т заасантай нийцээгүй гэх үндэслэлээр хариуцагч нар нь 2019 оны 02 дугаар  сарын 19-ний өдөр 15/01 дугаар акт тогтоосон нь дээрхи хуулийн заалттай нийцсэн байх тул нэхэмжлэгч Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын дарга Д.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, Гаалийн тухай хуулийн 286 дугаар зүйлийн 286.3, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.6.2 дах заалтыг баримтлан Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын дарга Д.Д-с Дархан-Уул аймаг дахь Төрийн Аудитын газрын хэлтсийн дарга, аудитын менежер Ш.М, ахлах аудитор Ш.Г нарт холбогдуулан “Дархан-Уул аймаг дахь Төрийн Аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15/01 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч нь төсвийн байгууллага тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

           4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                 ШҮҮГЧ                                                 Ж.ОЮУНЧИМЭГ

 

.