Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2022/0547

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2022/0000

              Улаанбаатар хот

Н.Өийн нэхэмжлэлтэй

      захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.О

Нэхэмжлэгч Н.Ө

Хариуцагч Өмнөговь аймгийн Хангхонгор сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/128 дугаар захирамжийн Д.М-дхолбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн Засаг даргын 1997 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар захирамжийг үндэслэж Д.М-д“Элстийн хонд, Хавчиг” гэх газрыг эзэмшүүлсэн 1997 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 31 дүгээр гэрчилгээг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гуравдагч этгээд Д.Э, гуравдэгч этгээдийн өмгөөлөгч Б.О нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 120/2022/0004/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Ө-с Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/128 дугаар захирамжийн Д.М-дхолбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн Засаг даргын 1997 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар захирамжийг үндэслэж Д.М-д“Элстийн хонд, Хавчиг” гэх газрыг эзэмшүүлсэн 1997 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 31 дүгээр гэрчилгээг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулахаар маргасан байна.

2. Өмнөговь аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн: 

1 дэх заалтаар: Газрын тухай хууль /1994 он/-ийн 4 дүгээр зүйлийн 3, 27 дугаар зүйлийн 1, 30 дугаар зүйлийн 5, 32 дугаар зүйлийн 1, Газрын тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 дахь заалтуудыг тус тус баримтлан Н.Ө-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 1997 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 31 дүгээр “аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрчилгээг, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/128 дугаар захирамжийн Д.М-дхолбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 120/ШШ2022/0014 тоот шийдвэрийг гардаж аваад эс зөвшөөрч дараах гомдпыг гаргаж байна. Үүнд:

3.1 Нэхэмжлэгч Н.Ө нь тус шүүхэд “Ханхонгор сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/128 дугаар захирамжийн Д.М-д холбогдох хэсгийг болон мөн Засаг даргын 1997 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар захирамжийг үндэслэж Д.М-дЭлстийн хонд, Хавчиг гэх газрыг эзэмшүүлсэн 1997 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 31 дүгээр гэрчилгээг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргадаг бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэдэг.

3.2 Шүүх /шийдвэрийнхээ үндэспэлийн “3.1-т Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг дарга нь “Элстийн хонд, Хавчиг” гэх 600 ам дөрвөлжин метр газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар, 60 жилийн хугацаатай ашиглуулахаар 1997 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 31 дүгээр “Аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах гэрчилгээ”-г гуравдагч этгээдэд олгожээ ”, “3.2-т ...Элстийн хонд, Хавчиг гэж хоёр тусдаа байршилтай, хоорондоо 5 км орчим зайтай газар болох нь хэргийн оролцогчдийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.”, 3.3-т ...Маргаан бүхий газарт Э, Г.Б нар амьдарч байгаагүй, газар эзэмших эрхтэй холбогдуулж маргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримт болон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбараар нотлогддог, энэ үйл баримттай талууд маргаагүй ”, “3.4- т ...уг газарт амьдарч байгаагүй гуравдагч этгээдэд өвөлжөө, хаваржааны зориулалтаар 60 жилийн хугацаатай ашиглуулахаар 1997 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 31 дүгээр гэрчилгээ олгосон нь хууль бус, дээрх хууль, журамд нийцээгүй, хуулиар өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн байна гэж үзлээ ”, “3.5-т ...тухайн цаг хугацаанд гуравдагч этгээдийг маргаан бүхий газарт амьдарч байсан гэж үзэх үндэслэлгүй, харин түүнд “Тоонотын хавчиг” гэх газрыг эзэмшүүлж, гэрчилгээ олгосон, мөн энэхүү үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.” гэсэн дүгнэлт хийж /Ханхонгор сумын Засаг даргын 1997 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 31 дүгээр гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3.3 Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт “Захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно.” гэж, бусад тохиолдолд хүчингүй болгож болохгүй гэсэн агуулга бүхий хуулийн зохицуулалт байхад шүүх анхаарч үзэлгүй мөн нэхэмжлэгч нь тухайн цаг хугацаанд буюу 1997 онд /түүнээс хойш 2022 оныг хүртэл/ тус акттай холбоотой маргаан огт гаргаагүй, газар эзэмших хүсэлт өгч байгаагүй зэрэг нөхцөл байдал талуудын тайлбар, нотлох баримтуудаар тогтоогдож байхад хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн гаргасан нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээдийн эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Мөн шүүх хэргийн үйл баримттай хамааралгүй, маргаантай холбоогүй асуудлаар /тодруулбал нэг газар гэж хэн ч маргаагүй Элстийн хонд, Хавчиг гэх 2 тусдаа газрын талаар, маргаан бүхий газартай огт хамааралгүй Э, Б нарын газар эзэмших эрхийн талаар, гуравдагч этгээдийн эзэмшлийн маргаан бүхий газартай хамаагүй “Тоонотын хавчиг” өвөлжөөний газрын талаар/ нотлох баримтуудыг цуглуулж, түүндээ дүгнэлт хийн шийдвэрийн үндэслэлдээ дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь учир дутагдалтай байна..

3.4 Анхан шатны шүүх тус нэхэмжлэлийн шаардлагыг “...Ханхонгор сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, гуравдагч этгээд нь маргаан бүхий газарт амьдарч байгаагүй, газрыг өмнө нь түүнд эзэмшүүлсэн эрх бүхий эрх бүхий этгээдийг шийдвэр гараагүй байхад нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй, нягтлан шалгаагүй атлаа хариуцагчаас хуучин гэрчилгээгээр эзэмшиж байсан газраа үргэлжлүүлэн эзэмшихийг хүссэн гэж үзэж маргаан бүхий уг газрыг шинээр эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохын зэрэгцээ дээрх хуупь, журамд нийцээгүй байна...” гэсэн үндэслэлээр хангаж шийдвэрлэдэг бөгөөд хариуцагч нь “гэрчилгээг шинэчилж олгоход газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгадаггүй юм. Иймээс Д.М-д 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/128 дугаар захирамжаар олгосон газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй, тусгах шаардлагагүй юм. Нэхэмжлэгч Н.Ө нь Д.М-д газар олгох шийдвэр гарсны дараа өргөдөл гаргасан, тухайн үед нь хариуг нь өгсөн. Өмнө нь “Элэстийн бууц"-ийг эзэмшүүлж өгнө үү гэсэн хүсэлт огт гаргаж байгаагүй” гэсэн тайлбарыг гаргадаг бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “Элэстийн бууц”-ийг Д.М-д эзэмшүүлэхээр олгосон болохыг мэдсэн гэх үйл баримт /ХХ-ийн/ тогтоогдож байна. Гэтэл нэхэмжлэгч нь гомдол гаргах хугацаагаа дууссаны дараа дахин Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргад өргөдөл гаргаж сүүлд авсан өргөдлийн хариунаасаа хугацаагаа тоолж шүүхэд гомдол гаргасан нь Захиргааны ерөнхий хууль /94 дүгээр зүйл/, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /14 дүгээр зүйл/- д нийцэхгүй байна. Мөн нэхэмжлэгч нь 2003 оноос хойш аймгийн төв рүү нүүж тус газраа огт байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог бөгөөд шүүх Н.Ө-г нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх, маргаан бүхий актын улмаас эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэхэд бодитой үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр /тухайн шүүхийн шийдвэрээс ‘Элстийн бууц” гэх газар амьдарч байсан Уртнасан, Эрдэнэбаяр гэх мэт олон хүн хүн тус акттай холбоотой гомдол гаргах эрхтэй гэсэн ойлголт төрж байна/ хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3.5 Гуравдагч этгээд Д.М нь Өмнөговь аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүухэд Н.Энхчимэгээс газраа албадан чөлөөлүулж авах тухай нэхэмжлэлийг гаргаж шүүх 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 143/ШШ2022/00138 дугаартай шийдвэрээрээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

3.6 Иймд өмгөөлөгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсгийн 121.1.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол, тайлбарыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:

3. Н.Ө нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргад холбогдуулан “Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/128 дугаар захирамжийн Д.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн засаг даргын 197 оны 07 дугаар сарын 2-ны өдрийн 36 дугаар захирамжийг үндэслэж Д.М-д“Элстийн хонд, Хавчиг” гэх газрыг эзэмшүүлсэн 1997 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 31 дугаартай гэрчилгээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. 

4. Хариуцагч гуравдагч этгээд Д.М-д Элстийн хонд, Хавчиг гэх газрыг 1997 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар захирамжаар эзэмшүүлж, 1997 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 31 дугаартай гэрчилгээг олгосон гэж тайлбарлах бөгөөд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 36 дугаар захирамжид Д.Мын нэр байхгүй, маргаж буй газрыг н.Энхбаяр, Г.Билгүүн нарт эзэмшүүлсэн боловч газар эзэмших эрхийн хугацаа дууссан гэх үндэслэлээр хүчингүй болгосон нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хүн, хуулийн этгээд захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, нэхэмжлэл гаргасан хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй үндэслэлийг хянадаг.

6. Нэхэмжлэгч маргаж буй газрыг сэргээн засварлаж малын хашаа барьсан, худаг ус гарган амьдарч байсан, гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн шийдвэр байхгүй байхад бодитойгоор он удаан жил өөрийн мэдэлд байлгаж эзэмшиж, ашиглаж байгаа газрыг бүхэлд нь оролцуулан уг газарт амьдарч байгаагүй Д.М-дгэрчилгээ олгосон нь хууль бус талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 3, 30 дугаар зүйлийн 5-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

7. Хариуцагч 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/128 дугаар захирамжаар Ханхонгор сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу 8 иргэнд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дотор гуравдагч этгээд Д.М-д“Элэстийн бууц” нэртэй газарт 3600 м.кв газрыг 60 жилийн хугацаатайгаар өвөлжөөний зориулалтаар олгохоор шийдвэрлэж, газар эзэмших эрхийн 000069240 дугаартай гэрчилгээг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр олгожээ.

8. Маргаж буй А/128 дугаар захирамжийг хариуцагч гаргахдаа өмнө гаргасан нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

9. Түүнчлэн тухайн маргаж буй газарт гуравдагч этгээд амьдардаггүй, түрүүлж хүсэлт гаргаагүй, өмнө газар эзэмших эрхтэй гэж үзсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлгүй байна.

10. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо “Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасан хуулийн зохицуулалтыг шүүх анхаарч үзээгүй, 1997 оноос хойш тус акттай холбоотой маргаан гаргаагүй, хүсэлт өгч байгаагүй, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан” гэж дурджээ.

11. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3-т зааснаар эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг захиргааны байгууллага тодорхой тохиолдолд захиргааны актыг гарсан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болохоор хуульчилсан бөгөөд хэргийн энэ тохиолдолд хариуцагчаас эерэг нөлөөлөл бүхий актыг хүчингүй болгосон тохиолдол байхгүй байна.

12. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн тул энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

13. Мөн Д.М нь Н.Э-с газраа албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг Өмнөговь аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь энэхүү захиргааны хэрэгт шууд хамааралгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авахааргүй байна.

14. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                         ШҮҮГЧ                                                     Г.БИЛГҮҮН

 

                           ШҮҮГЧ                                                        Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

              ШҮҮГЧ                                                       О.ОЮУНГЭРЭЛ