Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 335

 

 

 

 

 

 

 

 

 

       2020           08               27                                                 2020/ШЦТ/335                                         

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Дондовням, 

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан,

шүүгдэгч Н.У, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар., мөн хуулийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С овгийн Н У, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С овгийн М Г нарт холбогдох эрүүгийн 2034001100145 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

                                                                                         

                               Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Сүмбэр суманд 1991 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч нарийн боовчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, ээж, ах, 4 хүүхэд, 2 дүү нарын хамт Төв аймаг, Жаргалант сум, Баянбулаг 3 дугаар баг, Гангын 02-16 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, С овгийн Н У

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд 1985 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт Төв аймаг, Жаргалант сум, Өгөөмөр 2 дугаар баг, Бургас 301 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, С овгийн М Г

 

                                  Холбогдсон хэргийн талаар

                                /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Н.У нь 2020 оны 01 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сум, Өгөөмөр 2 дугаар багийн Дэлтийн 1-0 тоотод хохирогч Д.Гомбожавын өмчлөлийн хувийн байшингийн хаалга, цонхыг хөшиж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан  хамгаалсан байр агуулахад нэвтэрч нөүтбүк, айпад 2 ширхэг, гэр интернет, хөөрөг, архи 4 ширхэг, виски 1 ширхэг, хэт хутга, цамц, микрофон, мөнгөн аралтай суран бүс зэрэг эд зүйлийг хулгайлан авч 1760550 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Мөн 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хараат” караоке буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хамтран амьдрагч байсан гэх Б.Мөнхтөртэй хувийн таарамжгүй харилцааны улмаар маргалдаж гутлаараа толгойн тус газар нь цохиж, улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, дух баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Яллагдагч М.Гантулга нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хараат” караоке буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Мөнхтөрийн эрүүл мэндэд хамар яс, зүүн нүдний ухархай, дотор ханын хугарал, тархи доргилт, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, дух баруун хацарт зулгаралт, бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Н.У:

... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байх тул дахин мэдүүлэг өгөхгүй...,

 

Шүүгдэгч М.Г:

... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байх тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ. 

 

Эрүүгийн 1934003510121 дугаартай хэрэгт хохирогч Д.Гомбожав /хх-ийн 14-15 дугаар хуудас/, хохирогч Б.Мөнхтөр /хх-ийн 99-100 дугаар хуудас/, гэрч Л.Нарангэрэл /хх-ийн 16 дугаар хуудас/, гэрч Н.Уранчимэг /хх-ийн 17 дугаар хуудас/, гэрч Н.Тэмүүлэн /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч В.Отгонжаргал /хх-ийн 101-102 дугаар хуудас/, гэрч Н.Уранчимэг /хх-ийн 103 дугаар хуудас/, гэрч Т.Азжаргал /хх-ийн 104-105 дугаар хуудас/, гэрч Н.Ууганбаяр /хх-ийн 106-107 дугаар хуудас/, гэрч М.Гантулга /хх-ийн 108 дугаар хуудас/, гэрч С.Отгонбаяр /хх-ийн 109 дүгээр хуудас/, шинжээч Э.Эрхэмбаяр /хх-ийн 157 дугаар хуудас/, яллагдагч Н.Уранчимэг /хх-ийн 67-68, 76-77, 139 дүгээр хуудас/, яллагдагч М.Гантулга /хх-ийн 147-148 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

“Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07/55 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 32-62 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 70 дугаартай дүгнэлт /хх-ийн 111-115 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-12 дугаар хуудас/, хохирогч Б.Мөнхтөрийн Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 92-93 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 94-97 дугаар хуудас/, тохирлын гэрчилгээ, Өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 128-129 дүгээр хуудас/, хохирогч Б.Мөнхтөрийн хохирлын баримтууд /хх-ийн 152-156 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Уранчимэг, М.Гантулга нарын  хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 21-28, 117-126 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.  

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Н.У нь 2020 оны 01 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сум, Өгөөмөр 2 дугаар багийн Дэлтийн 1-0 тоотод хохирогч Д.Гомбожавын өмчлөлийн хувийн байшингийн хаалга, цонхыг хөшиж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан  хамгаалсан байр агуулахад нэвтэрч нөүтбүк, айпад 2 ширхэг, гэр интернет, хөөрөг, архи 4 ширхэг, виски 1 ширхэг, хэт хутга, цамц, микрофон, мөнгөн аралтай суран бүс зэрэг эд зүйлийг хулгайлан авч 1760550 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хараат” караоке буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хамтран амьдрагч байсан гэх Б.Мөнхтөртэй хувийн таарамжгүй харилцааны улмаар маргалдаж гутлаараа толгойн тус газар нь цохиж, улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, дух баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч М.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хараат” караоке буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Мөнхтөрийн эрүүл мэндэд хамар яс, зүүн нүдний ухархай, дотор ханын хугарал, тархи доргилт, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, дух баруун хацарт зулгаралт, бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд талуудын саналаар хэлэлцэгдсэн дараах

хохирогч Д.Гомбожавын ...би 2020 оны 01 сарын 24-ны орой 21 цагийн үед би Наран гээд  залуу руу гал түлсэн эсэхийн асуухаар залгасан. Тэгээд ярих үед би танайд орой 19 цагийн үед гал түлсэн ороход дотор хаалга хөшөөд онгойлгон байсан дотор нь сүх хэвтэж байна гэж надад хэлсэн. Тэгээд би маргааш нь 25 өдөр гэртээ ирэхэд хаалга хөшөөд эвдсэн. Мөн цонхоор орсон байдалтай цонх хөшигдсөн байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Би урд өдөр нь дүү Цэндийг очоод үзээдэх гээд гэртээ хонуулсан... ...Тавиур дээр эл дэлгээд тавьсан байсан нэрийг нь мэдэхгүй санахгүй байна нөүтбүүк нэг ширхэг, ipad 2 ширхэг, гэр интернэт 1 ширхэг залгуурын хамтаар, халтар манан хөөрөг дунд зэргийн, 5 ширхэг архи нэг нь виски байсан. Архины нэрийг нь мэдэхгүй байна. Шүүгээнд байсан хэт хутга 1 ширхэг, ком микрофон 1 ширхэг, нэг цэнхэр өнгийн жинсэн өмд, улаан өнгийн хилэн цамц зэрэг эд зүйлс алдагдсан. Мөн манай дотор бүргэд хаалга эвдэрсэн... ...Би нөүтбүүкээ 300.000 мянган төгрөг 2 ширхэг падаа тус бүрд нь 300.000 мянган төгрөг, гэр интернэт 250.000 мянган төгрөг, халтар манан хөөрөг 300000 мянган төгрөг, 5 шил архи тус бүрд нь 30.000 мянган нэг виски нь 200 000 мянган төгрөг, хэт хутга 100.000 мянган төгрөг, микрофон 50.000 мянган төгрөг хаалгаа 300.000 мянган төгрөгөөр өмдөө 10.000 мянган төгрөг цамц мөн 10.000 мянган төгрөгөөр үнэлж байна... /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

хохирогч Б.Мөнхтөрийн ...би хүлээж байгаад нөгөө хэдтэй цуг 3 хундага уусан. Тэгээд би нэлээн согтсон. Нэг мэдсэн чинь намайг хүмүүс зодоод байх шиг байсан нүүрээ хамгаалж чадахгүй байсан. Тэгтэл манай хүүхдийн дуу нь гарсан. Тэгээд би хүүхдээ дуудсан. Анхбаяр гээд манай хүүхэд байгаа тэрнээс хойш мэдэхгүй байна. Тэгээд миний нүд битүү хавдсан хамар болон нүднээс цус гарсан, толгой хавдсан байсан... ... Уранчимэг байсан 2 дүү нь гээд Маамын Ганаа гээд залуу байсан. Рина эгчийн Улаанаа гээд залуу байсан Бумбаа гээд залуу байсан. Нэгийг нь мэдэхгүй байна. Нийлээд 5-лаа байсан. 2 нь хотоос ирсэн гэсэн би сайн танихгүй байна. Урнаа манай хамаатан гээд орилоод байсан... ...Бид 2 хамтран амьдраад нэг жил гаран болж байгаа. Тэгээд энэ 5 сараас хойш тусдаа байгаа хамт алтанд цуг явж байсан. Өөр ямар нэг холбоо байхгүй... ... Зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хамар яс хугарган тархи бага зэрэг хавантай 2 нүдний эргэн тойрон хаван хавдартай гэх зэрэг гэмтэлтэй байна. Одоо хагалгаанд орох шаардлагатай байгаа хамар болон нүдний хагалгаанд... .. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно... ...Би гомдолтой байна эрүүл мэндээрээ хохирсон зардлаа гаргуулж авна мөн алдсан мөнгөө эргүүлж авмаар байна биеэ эмчлүүлмээр байна... /хх-ийн 99-100 дугаар хуудас/,

гэрч Л.Нарангэрэлийн ...намайг гал түлээрэй гээд би 24-ний орой 19 цагийн үед гэрт очоод шалавчин доороос нь түлхүүр аваад тэгээд хаалгыг нь онгойлгох гэхээр наад хаалга гажаад байгаа доороос нь төмрөөр хөшөөрэй гэж надад зааж өгсөн. Тэгээд би заасных нь дагуу онгойлгоод үүдэнд нь ортол гэрийнх нь хаалгыг хөшөөд онгорхой байсан үүдэнд нь сүх байсан. Тэгээд би зуухных нь тагыг онгойлгоод үнсийг нь буулгах гэтэл зуухан дотроос нэг цүүц, автерик, хутга шатсан байдалтай гарч ирсэн. Тэрийг нь гаргаад түлээний хайрцганд хийгээд модоор гэрийг нь галлаж асаагаад нүүрс хийгээд тэгээд эргэж гараад буцааж цоожлоод түлхүүрийг нь шалан доор нь хийгээд тэгээд гэртээ хариад үхрийнхээ тэжээлийг зуурч үхрээ саагаад эхнэртээ хэлсэн. Чи Гомбожавт хэлээч гээд тэгээд байж байтал Гомбожав гэдэг хүн над руу залгаад галаа түлсэн үү гэж асуусан. Тэгээд би танай хаалга тийм болсон байна гэж хэлсэн. Тэгээд намайг очоод гэрт ороод үзээдэх гээд гэрт нь орсон. Тэгээд дүү Цэндээ нь ирсэн юу алга болсон байна гээд компьютер байна уу гэж асуусан байхгүй байсан. Тэгээд Цэндээ тэр гэрт хоносон... ...Сүхнээс өөр зүйл байгаагүй гал тогооны гэрэл асаалттай байсан. Би ороогүй буцаад явсан... /хх-ийн 16 дугаар хуудас/,

гэрч Н.Уранчимэгийн ...Төв аймгийн Жаргалант сумын Хараат буудалд байсан. Би урьд өдөр нь архи уугаад 24-ний өглөө архи гараагүй шал согтуу байсан. Тэгээд  орой би аавынхаа ах болох Гомбожав гэх айлд очиж хонохоор явсан. Тэгээд гэрийнх нь гадаа очоод хашааг нь давж ороод гэр байшинд амьдардаг тэрнийх нь гадаа үүд нь онгорхой байсан. Тэгээд би ороод хүйтэн байхаар нь гал түлээд дулаацсан. Тэгээд гэрт нь Угаалтуурын хажууд зүбил төмөр байсан. Тэрийг нь аваад хаалгыг нь хөшөөд хөшсөөр байгаад онгойлгосон. Тэр нь бүргэд хаалга байсан. Тэгээд гэрт нь орох үед хүн байхгүй байсан. Ороод би ханын сервант онгойлгоод  нэрийг нь мэдэхгүй байна Виски авч уусан. Нэлээн том байсан. Би талыг уугаад буцаад нэлээн согтсон. Би шүүгээн дээр байсан нөүтбүүк болон ipad 1 аваад хөргөгчөөс нь тор аваад торонд хийсэн. Тал виски аваад мөн том 1 литр соёрхол аваад торондоо хийгээд тавиур дээр нь ил мөнгөн бүс байсныг нь авсан. хажууд нь хэт хутга, байсан тэрийг мөн авсан. Хуурамч тархи манан хөөрөг авсан, жижиг кола авсан, гэр интернэт зурагтын хажууд байсан тэрийг авсан, микрофон ил байсан тэрийг мөн авсан тэгээд би даараад байхаар нь гадуураа өмд цамц шүүгээнээс аваад давхарлаж өмссөн. Тэгээд би гал руу нь нөгөө хөшсөн жижиг төмрөө хийж шатаасан. Тэгээд дээрээс нь мод хийчхээд гараад явсан. Би тэндээс гараад полин дундуур алхсаар байгаад Унгар ахын гэрт очсон. Очоод би ганцаараа нөгөө тал виски уусан Унгар ахын охинтой хамт уусан. Тэр үед Унгар ахын охин нь найзтайгаа ирсэн байсан. Тэгээд цуг Сүмбэр сумын уурхай явсан. Авсан эд зүйлээ Унгар ахын гэрт үлдээсэн. Тэгээд уурхай ороод цагдаад баригдаад машинаа хураалгасан... ...Би согтуу солиороод ороод эд зүйлс авсан байна лээ... ...Би ганцаараа орсон... ...Хөөрөг нь 5 шар дээр таксины жолооч Ганбаа гэх хүний машинд байгаа улсын дугаар нь 56-48 УБЯ би сайн танихгүй СХД-н жудо бөхийн хороонд дасгалжуулагч хийдэг. Мөнгөн бүс болон Хэт хутга нь Хайлаастын Хаан банкны нийтийн байранд 22 тоот өрөөнд байгаа. Би бусад эд зүйлсээ гэртээ аваачиж орхисон. Ямар нэг байдлаар зарж үрсэн асуудал байхгүй... ...Би хууль зөрчсөн асуудал гэдгийг мэднэ. Буруугаа хүлээж гэмшиж байна... /хх-ийн 17 дугаар хуудас/,

гэрч Н.Тэмүүлэнгийн ...намайг төвийн өгөөмөр 2-р багийн нутагт байх гүүрний хажуугаас аваад манай гэрт хүргэж өгөөд надад ҳөөрөг , хэт хутга, бугуйн цаг, Морин хуур /хайрцагтай/, нөүтбүүк, эдгээр эд зүйлсийг өгөөд явсан... ...Манай эгч эд нарыг алтанд яваад олсон мөнгөөрөө  худалдаж авсан гэж хэлж байсан... ...Уранчимэг 2020 оны 01 сарын 28- ний өдөр Сонота-6 маркийн цагаан өнгийн машинтай жолоочийн хамт 2-лаа ирээд аваад явсан. Би жолоочийг нь таниагүй... /хх-ийн 18 дугаар хуудас/,

гэрч В.Отгонжаргалын ...би өдөр 15 цагийн үед ажил дээрээ манай гэрийн гадаа улаан өнгийн машин зогсоод хүмүүс яваад байсан. Би цонхоороо хараад яваад очтол нөгөө буудлын 2 цоожтой өрөө онгорхой байсан. Нэг өрөөнд нь ухаангүй согтуу хүн бөөлжөөд хэвтэж байсан. Тэгээд би тэр хүнийг Ганаа гэж сураглаж олоод эхнэр болох Алтанхуягийн хамаатан гээд эмнэлэгт ажилдаг хүнээс нь тодруулж ирж нөхрөө ав гэж дуудсан. Тэгээд нэг залуу нүдээ цохиулчихлаа гээд зогсож байхад цагдаа ирсэн. Тэгээд маргааш өглөө нь 25-ны өглөө Ганаа гээд залуу нөгөө 2 залуутайгаа ирээд манай өрөөг янзлаад угааж цэвэрлээд хохиролгүй болгоод явсан... ...Би хэзээ ирснийг нь мэдэхгүй байна. Намайг очиход байсан. Зөрөөд эмнэлэг явсан. Хэн зодсон талаар би мэдэхгүй байна... ...Би бүртгэж авсан Уранчимэг гээд эмэгтэйг бүртгэсэн. Нөгөө 3 залууг нь бүртгэл аваагүй... ...25000 мянган төгрөг бэлэн өгөөд өглөө гарна гээд орсон... ...Манай буудлын өрөөнүүдэд байхгүй. Өрөө рүү орж байгаа коридор хэсэгт байгаа. Мөн гадаа байгаа... /хх-ийн 101-102 дугаар хуудас/,

гэрч Н.Уранчимэгийн ...Омбоо нь архи уугаад согтуу намайг цохиж нулимж өшиглөсөн. Тэгээд би өөрийн 3 дүү болох Бумбаа, Улаанаа, Боогий 3-ийг дуудсан. Тэр 3 Жаргалант суманд байсан. Тэгээд уулан дээр ирсэн. Ирээд та нар яагаад манай эгчийг дээрэлхээд байна бид нар өмөөрч хамгаалдаг шуу гээд намайг аваад сумын төв рүү явсан. Тухайн үед шөнө 22 цаг өнгөрсөн байсан. Тэгээд би дүү нартайгаа сум руу очоод Хараат караокед буудалд орж дүү нартайгаа хоносон. Буудалд очих үед хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Тэгээд өглөө буудалдаа сэрээд 07 цагт Мөнхтөр манай дүү болох Бумбаа руу залгаад хаана байна гээд буудалд байна гээд хэлтэл янхнууд та нарыг ална гээд утсаа салгаад архи пиво бариад буудалд ганцаараа ирсэн. Өөрөө халамцуу байсан. Тэгээд ууж байгаад өөрөө манай дүү нар руу агсраад дайрсан. Тэгээд манай дуу Бумбаа ах руугаа залгасан. Манай хамаатны ах Ганаа ах ирсэн. Тэгээд орж ирээд Ганаа ах Мөнхтөр 2 муудалцсан. Миний дүүг 3 жил дээрэлхлээ одоо салсан чигээрээ сал гэсэн. Тэгээд Мөнхтөр уурлаад би атман гээд тэгээд Ганаа ах Мөнхтөрийг нэг удаа нүүр рүү цохисон. Тэгээд Мөнхтөр зөрүүлээд цохисон. Тэр 2 нөгөө өрөөнд зууралдаж ороод зодолдсон. Манай 2 дүү орох гэхээр нь би боль гээд оруулаагүй. Ганаа ах Мөнхтөр 2 өрөөнд ороод хаалгаа түгжээд зодолдсон. Түжигнээд байсан. Тэгээд манай дүү Бумбаа хаалгыг нь бараг эвдэн барин ороод салгасан. Тэр 2 нүүр ам нь 2-лаа нил цус болсон байсан. Тэгээд салгаад байж байтал Мөнхтөрийн 2 хүүхэд ирсэн. Тэгээд машинаасаа юм аа авах гэтэл 2 хүүхэд нь намайг алгадаад унгасан. Тэгээд манай эгч Ожгоо ирээд бид 3-ыг аваад явсан. Ганаа ахыг эхнэр нь ирээд аваад явсан... /хх-ийн 103 дугаар хуудас/,

гэрч Т.Азжаргалын ...уугаад сууж байтал Мөнхтөр араас нь ирсэн. Тэгээд буцаж гарчхаад орж ирэхдээ Ганаа ахтай цуг нэг шил архи пиво авч орж ирсэн тэгээд бөөндөө уугаад суусан Мөнхтөр, Уранчимэг 2 хэрэлдээд байсан. Тэгээд бид нар боль гэж хэлсэн. Хоорондоо чи намайг байнга зоддог биз дээ гээд Мөнхтөр рүү дайрсан. Одоо намайг манай хамаатнуудын хажууд зод гэсэн. Тэгээд би та нар гарч хэрэлдэж гэртээ харьж хэрэлд бид нарт хамаагүй шүү гэж хэлсэн. Тэгээд тэр 2 гараад явсан орж ирэхдээ Уранчимэг нь нэг шил архи авч орж ирсэн. Ганаа ах хэрэлдээд байхаар нь Мөнхтөрийг аваад гарсан. Тэгээд гарах гэтэл Уранчимэг дундуур нь ороод хоорондоо хэрэлдээд байсан. Араас нь Уранчимэг гарсан. Тэгээд Боогийг би араас нь гар гэж хэлсэн. Тэгээд удалгүй буцаж орж ирэхдээ Ганаа ахыг аваад Ууганбаяр орж ирсэн. Араас нь Отгонбаяр орж ирээд буцаад Ууганбаяр гараад Уранчимэг, Мөнхтөр 2 хэрэлдээд байсан. Тэгээд салгаад Уранчимэгийг оруулж ирсэн. Араас нь Мөнхтөр нь цус нүжтэйгээ холилдоод орж ирсэн юу болов гээд нээх тоолгүй Ожгоо эгч орж ирээд юун зодоон бэ гээд загнаад Боогий бид 2 аваад гарсан. Мөнхтөр ахын хүүхэд орж ирээд түлхүүрийг аваад байсан. Тэгээд би ожгоо эгчийнд очоод амарсан... ... Намайг харахад, хөмсөгнөөс нь болон хамраас нь гарсан байсан... ...Би харсан зүйл байхгүй хэрэлдээд гараад явсан би дотор байсан. Гараад орж ирэхдээ цус болоод хашхичаад намайг зодчихлоо гээд орж ирсэн. Ганаа ах би чамайг ямар зодсон юм уу гээд байсан... /хх-ийн 104-105 дугаар хуудас/,

гэрч Н.Ууганбаярын ...Уранчимэг, Мөнхтөр 2 хэрэлдээд зодолдох гээд байсан. Тэгээд Уранчимэг нь байж байгаад Мөнхтөрийг гутлаараа толгой руу нь цохиод байсан. Тэгээд бид нар болиорой та нар гэр бүлийн асуудлаа гэртээ очиж ярь гэж загнасан. Тэгээд байж байгаад Гантулга ах Мөнхтөрийг гаръя гээд аваад гарсан. Тэгээд би удалгүй араас нь гарсан. Тэгтэл гадаа гараагүй нөгөө талын өрөөнд орсон байсан. Би араас нь ортол Гантулга ах Мөнхтөрийн дээр нь гараад дараад орон дээр хэвтсэн байсан. Мөнхтөрийн хөмсөг хэсгээс цус гарсан байсан. Тэгээд би салгаад Ганаа ахыг өрөө рүү оруулсан. Ямар нэг зүйл яриагүй Уранчимэг зөрөөд гарсан. Тэгээд Мөнхтөр дээр ороод би хойноос нь гартал Уранчимэг дахин гутлаараа нүдээд байсан. Тэгээд би бас салгаад боль гээд өрөөнөөс гаргасан. Тэгээд манай ээж ирээд намайг аваад Азжаргал бид 2 явсан... ... Хөмсөг нь сэтрээд цус гарсан байсан. Өөр нээх анзаараагүй... ... Яг хэн цохисон гэдгийг хараагүй намайг орох үед Ганаа ахтай орон дээр хэвтэж байсан ганаа ах дээр дарсан байсан хөмсөгнөөс нь цус гарсан байсан... ...Цуг уусан харахад гайгүй байсан. Нийт 23-ны шөнөөс эхлээд 4 шил архи 3том пиво уусан байсан... ...Яг өрөөнд цуг ороогүй араас нь орсон тэгтэл Ганаа ах дээр нь гараад хэвтэж байсан. Мөнхтөр хөмсөгнөөс цус гарсан байсан... /хх-ийн 106-107 дугаар хуудас/,

гэрч М.Гантулгын ...Би Мөнхтөрийг дагуулаад гарснаа санаж байна. Тэгээд муудалцаж зодолдсон гэдгээ сайн мэдэхгүй байна. Нэг мэдээд ухаан ортол шөнө 22 цагийн үед би гэртээ сэрсэн. Тэгээд эхнэрээсээ асуутал би Мөнхтөрийг зодсон гээд хүмүүс хэлж байна цус нүжтэйгээ холилдсон байна би харсан гэж надад хэлсэн. Би өөрөө тасарсан байсан санахгүй байна. Нэг өрөөнд ороод араас Ууганбаяр, Отгонбаяр 2 орж ирсэн. Тэгтэл дээр нь дараад хэвтсэн. Мөнхтөрийн хөмсөгнөөс цус гараад хэвтэж байсан гэж байсан... ...Би мэдэхгүй байна санахгүй байна. тасарсан байсан... ...Би өглөө ирэхдээ эрүүл ирсэн тэгээд бараг 3 шил том 0.75 гр архи бүгдээрээ уусан тэгээд том пиво бас 3 байсан байх тэгээд тасарсан байсан юу ч санахгүй байна... ... Би хаана нь юугаар яаж цохисон гэдгээ мэдэхгүй санахгүй байна... /хх-ийн 108 дугаар хуудас/,

гэрч С.Отгонбаярын ...би гараад Тал булаг явах гээд унаа зогсож байхаар нь очиж уулзчихаад эргээд иртэл Нөгөө өрөөнд Мөнхтөр, Ганаа ах 2 муудсан юм шиг байна лээ. Мөнхтөр ах нэг тал нь нил цус болсон байсан. Тэгээд Ууганбаяр салгаад гаргаж байсан. Тэгээд Уранчимэг араас нь ороод намайг авч явах унаа ирээд залгасан. Тэгээд би хувцсаа өмсөөд гарах гэтэл Уранчимэг, Мөнхтөр 2 гадаа цусаа угаагаад зогсож байсан. Би яваад өгсөн... ...Би хараагүй. Гаднаас орж ирэх үед Ганаа ахыг салгаад Мөнхтөр ах цустайгаа холилдсон байсан... /хх-ийн 109 дүгээр хуудас/,

шинжээч Э.Эрхэмбаярын ...Б.Мөнхтөрийн биед учирсан ... /хх-ийн 157 дугаар хуудас/,

яллагдагч Н.У ...би 2020 оны 01 дүгээр сарын 24-25-ны шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын мод үржүүлэх газарт байх Гомбодоржийн гэрт орж согтуугаар эд зүйл хулгайлсан нь үнэн болно... /хх-ийн 76-77 дугаар хуудас/,

...өмгөөлөгч аваагүй байна. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхгүй... /хх-ийн 139 дүгээр хуудас/,

яллагдагч М.Г ...өмнө өгсөн мэдүүлэгт би хэргийн талаар үнэн зөвөөр бүгдийг мэдүүлсэн байгаа. Одоо надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй байна... ...Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хараат” караоке буудалд 2020 оны 01 сарын 24-ний өдөр хохирогч Б.Мөнхтөрийг цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 147-148 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

 

“Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07/55 дугаартай ...хохирогч Д.Гомбожавын эзэмшлийн хулгайд алдагдсан эд зүйлийг 1760550 /нэг сая долоон зуун жаран мянга таван зуун тавь/ төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 32-62 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 70 дугаартай ...Б.Мөнхтөрийн биед хамар яс, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, тархи доргилт, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 111-115 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-12 дугаар хуудас/, хохирогч Б.Мөнхтөрийн Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 92-93 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 94-97 дугаар хуудас/, тохирлын гэрчилгээ, Өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 128-129 дүгээр хуудас/, хохирогчийн өмгөөлөгч Б.Батцэнгэлийн хүсэлт болон хохирогч Б.Мөнхтөрийн хохирлын баримтууд /хх-ийн 152-156 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Уранчимэг, М.Гантулга нарын  хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 21-28, 117-126 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.     

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Хууль зүйн дүгнэлт:   

Шүүгдэгч Н.У нь хохирогч Д.Гомбожавын өмчлөлийн хувийн байшингийн хаалга, цонхыг хөшиж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан  хамгаалсан байр агуулахад нэвтэрч нөүтбүк, айпад 2 ширхэг, гэр интернет, хөөрөг, архи 4 ширхэг, виски 1 ширхэг, хэт хутга, цамц, микрофон, мөнгөн аралтай суран бүс зэрэг эд зүйлийг хулгайлан авч 1760550 төгрөгийн хохирол,

Мөн “Хараат” караоке буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хамтран амьдарч байсан гэх Б.Мөнхтөртэй хувийн таарамжгүй харилцааны улмаар маргалдаж гутлаараа толгойн тус газар нь цохиж, улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, дух баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол,

 

шүүгдэгч М.Г нь “Хараат” караоке буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Мөнхтөрийн эрүүл мэндэд хамар яс, зүүн нүдний ухархай, дотор ханын хугарал, тархи доргилт, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, дух баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулжээ.

Шүүгдэгч Н.У нь энэхүү өөрийн хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэхдээ барилгын төмөр багаж ашиглан хаалгыг нь хөшин орж, бусдын эд хөрөнгийг хулгайлан авч байгаа үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан эд хөрөнгийн хохирол нь шүүгдэгчийн хууль бус шинжтэй санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан шинжийг хангасан,

Мөн шүүгдэгч Н.У, М.Г нар нь энэхүү өөрсдийн тус тусын хүнийг зодож, цохиж байгаа үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирогчийн биед хамар яс, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, тархи доргилт, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн зодож, цохисон санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, тэдэнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж тус тус шүүх үзлээ.

 

мөн шүүгдэгч Н.Уранчимэгийн 2020 оны 01 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө хохирогч Д.Гомбожавын өмчлөлийн хувийн байшингаас эд зүйл хулгайлсан,

мөн 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр “Хараат” караоке буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хамтран амьдарч байсан Б.Мөнхтөр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэсэн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Н.Уранчимэгийг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 

Түүнчлэн шүүгдэгч Н.У, М.Г нар болон тэдний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан, П.Ганбаатар нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Н.У бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч М.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.У буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Гомбожав эд хөрөнгийн, хохирогч Б.Мөнхтөрд хөнгөн хохирол,

шүүгдэгч М.Г буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Мөнхтөрд хөнгөн хохирол тус тус учирсан байна.

 

Хохирогч Д.Гомбожав нь мөрдөн байцаалтын шатанд үнэлгээгээр тогтоогдсон 1.760.550 /нэг сая долоон зуун жаран мянга таван зуун тавь/ төгрөгийг нэхэмжилж байснаас шүүхийн шатанд нөүтбүк 1 ширхэг, Ipad 2 ширхэг, гэр интернэт 1 ширхэг, ком микрофон 1 ширхэг, хүрэн хилэн цамц 1 ширхэг, хөөрөг 1 ширхэг нийт 1.295.690 /нэг сая хоёр зуун ерэн таван мянга зургаан зуун ер/ төгрөгийн эд зүйлсээ буцаан авсан бөгөөд үлдэх хэт хутга 1 ширхэг, виски 1 ширхэг, /виски 2 ширхэг гэж байгаа боловч хохирогч өөрөө мэдүүлэгтээ 5 шил архи үүний нэг виски байсан гэж мэдүүлсэн байдаг/, гар утас 1 ширхэг, архи 4 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг нийт 464.860  /дөрвөн зуун жаран дөрвөн мянга найман зуун жар/ төгрөгийг хаалганы үнэ 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг бүгд 744.860 /долоон зуун дөчин дөрвөн мянга найман зуун жар/ төгрөгийг нэхэмжилснээс эвдэрсэн хаалганы үнэ болох 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийг шинжээч үнэлгээнд оруулаагүй бөгөөд энэ талаарх баримтаа бүрдүүлж шүүгдэгч Н.Уранчимэгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж үлдэх 464.860 /дөрвөн зуун жаран дөрвөн мянга найман найман зуун жар/ төгрөгийг гаргуулахаар,

 

Мөн хохирогч Д.Мөнхтөр нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд шүүгдэгч Н.У, М.Г нараас эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд нийт 2 .034.370 /хоёр сая гучин дөрвөн мянга гурван зуун дал/ төгрөг нэхэмжилснийг шүүх шүүгдэгч Н.У, М.Г нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар тус тус шийдвэрлэлээ.

 

Харин шүүгдэгч М.Г нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Мөнхтөрд 1.000.000 /нэг сая/ төгрөг төлсөн болох нь “Хаан” банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2 удаагийн шилжүүлэг хийсэн баримтаар, мөн хохирогч болон түүний өмгөөлөгч нарын мэдүүлэг, тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Н.Уранчимэгээс нийт 1.482.045 /нэг сая дөрвөн зуун наян хоёр мянга дөчин тав/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Гомбожавт 464.860 /дөрвөн зуун жаран дөрвөн мянга найман зуун жар/ төгрөг, хохирогч Д.Мөнхтөрд 1.017.185 /нэг сая арван долоон мянга нэг зуун наян тав/ төгрөг,

шүүгдэгч М.Гантулгаас 17.185 /арван долоон мянга нэг зуун наян тав/ төгрөг гаргуулж, хохирогч Д.Мөнхтөрд тус тус олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.У, М.Гнарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5  дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзсэн болно.

 

Түүнчлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.У хулгайлах гэмт хэрэгт нь 2 жилийн хорих ял, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт нь хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

шүүгдэгч М.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт нь дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял тус тус оногдуулах нь тохирно гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Н.У оногдуулсан 2 жилийн хорих ял дээр хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял буюу 30 хоног ба 1 сарыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч М.Г торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

 

оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцох хорих ялаар солихыг,

 

шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.    

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч С овгийн Н У 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 35 /гучин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохыг,

 

Эрүүгийн 2034001100145 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч нараас тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж нь зүйтэй байна.

 

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг

   хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,

36.6., 36.7., 36.8., 36.10., 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,

   38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг

                        тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овгийн Н У-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч С овгийн М Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С овгийн Н У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

мөн хуулийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Шүүгдэгч С овгийн М Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С овгийн Н У оногдуулсан 2 жилийн хорих ял дээр хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 30 хоног буюу 1 сарыг нэмж нэгтгэн 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С овгийн Н У оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.    

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С овгийн М Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч С овгийн М Г шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С овгийн Н У 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 35 /гучин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

8. Эрүүгийн 2034001100145 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч нараас тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С овгийн Н У-с нийт 1.482.045 /нэг сая дөрвөн зуун наян хоёр мянга дөчин тав/ төгрөгийг гаргуулж, хохирогч ЧК52071278 дугаарын регистртэй, Тайжууд овгийн Доржийн Гомбожавт 464.860 /дөрвөн зуун жаран дөрвөн мянга найман зуун жар/ төгрөг,

хохирогч НМ69072111 дугаарын регистртэй, Бужир овгийн Батдэлгэрийн Мөнхтөрд 1.017.185 /нэг сая арван долоон мянга нэг зуун наян тав/ төгрөг,

шүүгдэгч М.Гантулгаас 17.185 /арван долоон мянга нэг зуун наян тав/ төгрөг гаргуулж, хохирогч НМ69072111 дугаарын регистртэй, Бужир овгийн Батдэлгэрийн Мөнхтөрд тус тус олгосугай.

 

10. Хохирогч ЧК52071278 дугаарын регистртэй, Тайжууд овгийн Доржийн Гомбожав нь эвдэрсэн хаалганы үнэ болох 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийн баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Н.Уранчимэгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг,

хохирогч НМ69072111 дугаарын регистртэй, Бужир овгийн Батдэлгэрийн Мөнхтөр нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, шүүгдэгч Н.Уранчимэг, М.Гантулга нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

11. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С овгийн Н У, С овгийн М Г нарт тус бүр урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Н.У хорих ял эдлэх хугацааг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

12. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

13. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

14. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С овгийн М Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, С овгийн Н У урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ш.ГАНДАНСҮРЭН